Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ө-ын хариуцагч “Б-” ТӨХХК-д холбогдуулан гаргасан “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө-од холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/11 тоот тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр өөр ажлын байранд шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/55 тоот тушаал гаргаж намайг ажлаас бүрэн чөлөөлсөн. “Б-” УТҮГ нь 100 жилийн түүхтэй байгууллага. Мал эмнэлгийн зориулалттай вакцин, оношлуур үйлдвэрлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2018 онд Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоол гарсантай холбоотой улсын төсөвт байгууллага болсон. “Б-” ТӨААТҮГ татан буугдсан учраас таныг үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэсэн ажлын байранд ажиллуулах боломжгүй гэх хариуг хэлснээр гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх ажлын байранд Монгол Улсын 70,000,000 малыг гоц халдварт болон халдварт өвчнөөс хамгаалах эм тариа үйлдвэрлэдэг. Үндсэн үйлдвэрлэлийн 11 цех, туслах үйлдвэрлэлийн 3 цех, нийт 14 цехийг мэргэжлийн удирдлагаар хангадаг, 2,000 технологийн дамжлагын зөрчлийг хянадаг албан тушаал юм. Энэ ажлын байр байхгүй бол  “Б-” УТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолыг далимдуулан тус ажлын байрыг татан буулгасан. “Б-” УТҮГ-ын захирал хэзээ ч бүтцийг баталдаггүй. Өмнө ч тийм байсан, одоо ч тийм байгаа. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй яамны сайд “Б-” УТҮГ-ын дүрэм болон бүтцийг баталсан. Тус дүрэм дээр өмнө нь миний удирдаж байсан 11 цехийг 3 алба болгож, хуваагаад 5 албатайгаар байгуулсан боловч Б.Ц- захирал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/11 тоот тушаал гэж гаргаж, Хөдөө аж ахуй яамны сайдын баталсан бүтцээс үйлдвэрийн албаны даргыг устгасан. Үүний нэг дээр Ц.Ө- таныг томилсон байсан, иймээс одоо таныг ажлаас халлаа гэсэн. Ингээд миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Ц.Урангуа “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалуудын надад холбогдох заалтыг хүчингүй болгож, үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологичийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энэ хоёр тушаал дээр огт байхгүй Хөдөө аж ахуйн яамны дарга Д.Совд гэх хүн өөрийн тань ажлыг алга болгосон байна гэх асуудал гарч ирээд хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Улмаар өмгөөлөгчтэй ярилцан бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын дарга, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын томилсон ажлын хэсгийн ахлагч Б.Совд нь “Б-” УТҮГ-ын 254 ажилтан, мэргэжилтэн нарыг нэг дор ажлаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг нэхэмжлэгчид хамаарах хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.Совдын гаргасан тушаал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаыг хэрэгсэхгүй болгосон. Харин Улсын дээд шүүх энэ асуудал нь захиргааны акт биш байна. Ц.Ө-ыг ажлаас халсан Б/55 тоот тушаалтай, Б.Совдын гаргасан Б/172 тоот тушаалтай огт хамааралгүй байна. Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. “Б-” УТҮГ-ын захирал өөрийн эрхийн хэмжээнд шийдвэр гаргаагүй. Сайдынхаа гаргасан бүтцийг дур мэдэн өөрчлөөд намайг ажлаас халахын тулд уг тушаалыг гаргасан. Би 3 жил гаруй ажилгүй байна. Харин “Б-” УТҮГ нь 3 жил гаруй мэргэжлийн удирдлагагүй байна. “Б-” УТҮГ нь 254 ажилтантай байсан. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 254 ажилтантайгаар дахин баталсан. Үүнээс хойш дарга Б.Ц- хоёр удаа дур мэдэн бүтэц баталсан. Мөн л 254 ажилтантайгаар баталсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Ө-ыг ажлаас нь халаад 253 ажлын байр батлаагүй. Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоон дээрээс намайг халсан. Би өмнө нь анхан шатны шүүх дээр ийм ажлын байр байхгүй гэдгийг хэлж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сард тухайн үед “Б-” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.Онолбаатартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарах хүртлээ тэр цалингаа авч, ажил үүргээ биелүүлж байсан. Гэтэл намайг ажлаас халсны дараа нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг “Б-” УТҮГ-аас гаргуулахад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоон дээр томилоод 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр халсан мэт хуурамч бичиг баримт үйлдсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх ажлын байр байхгүй болсон бол өмнөх ажлын байртай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулж өгнө үү. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор хариуцагч нь Б- төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2019 онд 251 ажлын хоног, 2020 онд 249 ажлын хоног, 2021 онд 251 ажлын хоног, 2022 онд 5 хоног, нийт 756 хоног ажилгүй миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 2018 оны 10 сарын цалин 1,695,705 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын цалин 1,400,448 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 2,290,082 төгрөг, нийт 5,386,235 төгрөг байна. Нэг өдрийн цалин 84,689 төгрөг, үүнийг ажлын 756 ажлын хоногт хуваахад 64,024,884 төгрөг болж байгаа юм. Иймд “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын иргэн Ц.Ө-од холбоотой хэсгийг, “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар ажлаас чөлөөлүүлэх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилтай адил чанарын албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 64,024,884 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 188 тоот тогтоол гарч “Б-” ААТҮГ-ыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанаас гаргаж улсын төсөвт байгууллага болгож шинээр байгуулсан. Үүний дараа Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор “Б-” УТҮГ-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр болгосон. Харин 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, гурван удаа төрөл хэлбэрээ өөрчилсөн, үндсэн чиг үүрэг үйл ажиллагаагаа явуулж байгаа эрх залгамжлагч мөн, үүнтэй маргах зүйлгүй. Анхны Засгийн газрын тогтоол буюу аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг, улсын төсөвт үйлдвэрийн газар болгосонтой холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Д.Совдын тушаал гарч нийт ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгосон. Уг тушаалын нэгдүгээр хавсралтын дээрээсээ 2 дахь мөрөнд үйлдвэрлэлийн албаны дарга буюу ерөнхий технологич Ц.Ө- нь үндсэн ажилтан байна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн 2 дугаар хавсралтын 2 дахь мөрөнд үндсэн цалин 837,700 төгрөг, гарт олгох 671,061 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 тоот тушаалаар “Б-” УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, уг бүтцэд бактерийн вакцин үйлдвэрийн алба, үүн дотроо 3 цех шинээр нэмэгдэж, улмаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар Б-ын орон тоог 254 байхаар тогтоосон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А/177 тоот тушаал гарч, уг тушаалаар “Б-” УТҮГ-ын орон тоог 254 байхаар тогтоосон. Шинэчлэн байгуулагдаад бүтэц батлахад үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх орон тоо сайдын батлагдсан тушаал дээр байхгүй. Ажил олгогч бүтцээ хэрхэн батлах, ямар үед үүсгэн байгуулахыг хуулиар зохицуулсан хэдий ч энэ бол ажил олгогчийн эрхийн асуудал юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаал гарснаар нэхэмжлэгчийн ажлын байр цомхотгогдсон гэж үзэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц- Б/01 тоот тушаалаар ажилд томилсон. Уг тушаалаар ажилд томилохдоо вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх албан тушаалд томилсон. Гэвч энэ албан тушаал нь сайдын баталсан бүтэц дээр байхгүй буюу орон тооноос гадуур албан тушаалд томилсон юм. Сайдын баталсан бүтцээс харахад вакцин үйлдвэрлэлийн гурван цех байна. Нэгдүгээр цехийн эрхлэгч, их эмч гэх албан тушаал байгаа. Үүнтэй холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А11 тоот тушаал гарсан. Тус тушаалаар намайг өөр ажлын байранд шилжүүлсэн гэж маргаж байгаа. Гэвч энэ тушаал дээр Ц.Ө- гэдэг нэр огт байдаггүй. Улсын төсөвт үйлдвэрийн газрын тушаалыг Б.Ц- гаргасан. Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоог хасч, вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоог шинээр бий болгосон. Өөрөө тушаалыг буруу гаргасан учраас сайдын тушаалтай нийцүүлж байна гэсэн үг юм. Сайдын тушаал гарснаас хойш Б.Ц- гэх хүн дөрвөн удаа орон тоо баталсан байдаг ба тэрээр орон тоо батлах эрхтэй субьект мөн. Гэтэл “Б-” УТҮГ болгож байгаа Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоол дээр бүтэц орон тоог хэн батлах тухай заагаагүй. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ө-ыг ажлаас халах тухай Б/55 тоот тушаалаар “Б-” УТҮГ-ын дарга вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч албан тушаалтай Ц.Ө-ыг ажлаас халсан. Өөрөөр хэлбэл энэ тушаалтай маргаж буй бол уг тушаалд заагдсан албан тушаалд томилуулах ёстой. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тайлбарлаж байна. Өнөөдрийн тухайд 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсон. 2021 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд хуучин Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед үүссэн маргааныг эргэн шийдвэрлэхээр зохицуулаагүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөнө. Хамгийн анхны буюу хөдөлмөрийн гэрээг цуцалж буй 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш сайдын бүтэц батлагдахад үйлдвэрийн албаны дарга, ерөнхий технологич гэх албан тушаал байхгүй, уг тушаалтай ижил төрлийн албан тушаал ч байхгүй. Нэхэмжлэгч энэ албан тушаалд томилогдоё гэж байгаа бол энэ тушаалыг хүчин төгөлдөр эсэхийг тодруулах ёстой. Анх 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус маргаан явагдаж эхлээд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-т заасан нөхцөл байдал арилснаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу 4 сар орчмын дараа дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах хугацаа нь хуульд нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Ө-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд ажиллуулахыг “Б-” ТӨХХК-д үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б-” ТӨХХК-иас 63,048,177 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Б-” ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б-” ТӨХХК-аас 473,191 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл баримтыг зөв тоочин бичсэн боловч уг дарааллын 38 дугаарт эцэст нь дүгнэхэд Ц.Ө-ын урьд эрхэлж байсан үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичийн албан тушаал сайдын бүтцээс хасагдаж, шинэ бүтцийн дагуу “Б-” УТҮГ-ын дарга хуульд нийцүүлэн тушаал шийдвэрээ гаргах байтал ажилтны ажилтны эрх ашгийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт “... ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн гэдэг дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг маргааныг хянан шийдвэрлэхийн тулд “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц- нь уг байгууллагын орон тоог хасах эрхтэй этгээд мөн эсхүл биш эсэхийг заавал тогтоож шүүх дүгнэлт өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-168 дугаар тушаалаар батлагдсан “Б-” УТҮГ-ын дүрэм, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31 -ний өдрийн А-130 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамж болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгээс үзэхэд тус байгууллагын орон тоог хэн батлах нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл “Б-” УТҮГ-ын бүтэц орон тоог батлах талаар зохицуулалт огт байдаггүй. “Б-” УТҮГ болон өөрчлөн байгуулагдсаны дараа тус үйлдвэрийн газрын бүтэц орон тоог дараах байдлаар тус тус өөрчлөн баталсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 18 -ны өдрийн А-177 тоот орон тоо батлах тухай Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн А-11 тоот орон тоо хасах тухай “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц-гийн тушаал, 2019 оны 02 дугаар сарын 18 -ны өдрийн А/33 тоот “Орон тоо, цалингийн сан батлах тухай”  “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц-гийн тушаал, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/129 тоот “Орон тоо, цалингийн сан батлах тухай” “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц-гийн тушаал, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Б-” УТҮГ-ын дарга Б.Ц- нь бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна. Дээрхээс үзэхэд “Б-” УТҮГ-ын бүтэц орон тоог тус үйлдвэрийн дарга батлах эрхтэй этгээд гэж үзэхээр байна. Энэ ч утгаараа дарга Б.Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А-11 тоот “Орон тоо хасах тухай” тушаал гаргаж нэхэмжлэгч Ц.Ө-ын ажиллаж байсан “Вактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч” гэсэн орон тоог хассан байна. Орон тоог хассан тухай нэхэмжлэгч Ц.Ө-од 2018 оны 11 дүгээр сарын 30 -ны өдрийн 01/48 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал гарч, таны ажлын орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдье. Хэрэв та өөрийн хүсэлтээ гаргасан тохиолдолд шинээр тогтоосон вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн орон тоонд болон үйлдвэрлэлийн албанд зөвлөх технологичоор албан тушаалд томилох боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Ц.Ө- 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09:45 цагт өөрийн биеэр хүлээн авсан нь “Монгол шуудан” ХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14/283 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 159 дүгээр хуудас/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасны дагуу Ц.Ө-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр цуцлах болсныг нэхэмжлэгчид 1 сарын өмнө мэдэгдэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасны дагуу түүнд 2 ажлын байр санал болгоход нэхэмжлэгч Ц.Ө- нь дээрх ажлын байруудад ажиллах тухай хүсэлт ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/55 дугаар тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх энэхүү үйл баримт буюу нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг, түүний буруутай үйл ажиллагаанд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт “... ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй ...” гэж заасныг зөрчсөн гэдэг дүгнэлт үгүйсгэгдэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ц.Ө- нь Б- УТҮГ-т үйлдвэрийн газарт ерөнхий технологичоор ажиллаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цомхотгол хийгдсэн гэх асуудал яригддаг. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А11 дугаар тушаалд ямар ч бүтэц дээр байхгүй, тухайн байгууллагын шинэ, хуучин урьд өмнө байсан аль ч бүтэц дээр байхгүй албан тушаалд томилсон гэж байлгаж байгаад сарын дараа Б.Ц- захирал нь өөрөө байхгүй болж энэ үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн асуудал юм. Учир нь үйлдвэрлэлийн технологийн даргаар ажиллаж байсан ажилтныг байхгүй ажил албан тушаалд томилсон гэж өөрт нь танилцуулахгүй байж байгаад цомхотгосон гэдэг байдлаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анх удаа мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. Иймээс байхгүй ажилд түр томилогдсон хэлбэрийн тушаал гаргасан ба уг тушаалыг танилцуулсан баримт байхгүй. Тэр үед Ц.Ө- ажлаа хийж байсан. Ажлаа хийгээд байж байхад нь оршин суух хаягаар таны ажлыг цомхотгосон гэж өөрийнх нь ерөнхий технологчийн албан тушаалыг биш, бүтцэд байхгүй өөр албан тушаалыг цомхотгосон байдлаар хийсэн. Цомхотгосон тушаалд 2 ажил санал болгосон. Нэг нь одоо өөрийнх нь дор ажиллаж байсан н.Отгонжаргалын хийж байгаа ажил буюу 1 дүгээр цехийн эрхлэгч гэж тухайн үед тэр ажлыг хийж байгаа хүний ажлыг санал болгосон. Хоёрт байгууллагын аль ч бүтэц байхгүй, зөвлөхийн ажлыг санал болгосон. Ц.Өлзийсайханы гол маргасан асуудал нь Б.Ц- нь 5 удаа бүтэц баталдаг. Ажлаа хийж байхад нь бүтэц орон тоо баталж байсан. 2018 оны 10 дугаар сард Б.Ц- захирал томилогдсон байхад 2018 оны 10 дугаар сарын 18-нд бүтэц хийгдсэн. Тэгэхээр бүтэц хийх эрхгүй байж бүтэц баталж, ажилтныг ажлаас халах зорилгоор шинэ бүтэц хийдэг. 254 ажилтны орон тоо хэвээр байгаа атлаа Ц.Ө- ажилгүй болсон. Бүтцээр ямар орон тоо бий болж ямар ажилтан авсан нь мэддэггүй. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ц.Ө- нь хариуцагч “Б-” ТӨХХК-д холбогдуулан “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө-од холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч Ц.Ө- нь 2002 оноос эхлэн хариуцагч “Б-” ТӨААТҮГ-ын ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргаар 2018 он хүртэл ажилласан болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна. /хх-ний 92-100-р тал/

3.а.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Б-” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, “Б-” УТҮГ болгон Мал эмнэлгийн Ерөнхий газрын харьяанд байгуулан, шинээр байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр /цаашид ХХААХҮ гэх/-ийн Сайдад болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгажээ. /хх-ийн 106-107-р тал/.

3.б.Дээрх Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаал гарч, уг тушаалаар “Б-” УТҮГ-ын орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Ө-ын эрхэлж байсан ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргын ажил, албан тушаал шинэ бүтцээс хасагдсан байна. /2хх-ийн 68-73-р тал/.

4.“Б-” ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.Совд нь 2018 оны 10 дугаар сарын 18-ын өдөр Б/172 дугаар тушаал гаргаж, хавсралтад дурьдагдсан ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсний дотор нэхэмжлэгч буюу ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Ө-ын нэр багтжээ. /хх-ийн 156-157-р тал/

4.а.Нэхэмжлэгч Ц.Ө- нь дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүх хянаж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 352 дугаар тогтоолоор иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тушаалтай холбоотойгоор иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. /хх-ийн 8-39-р тал/

5.Ажлын хэсгийн ахлагч Д.Совд 2018 оны 10 дугаар сарын 18-ын өдөр Б/172 дугаар тушаал гаргасны дараа “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тушаалаар нэхэмжлэгч Ц.Ө-ыг Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 125-127-р тал/. Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Ө-той Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан дээрх ажил албан тушаалд ажиллуулсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

5.а.ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар “Б-” УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, батлагдсан бүтцийн дагуу албан хаагчдыг томилон, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг “Б-” УТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц-д даалгасан байхад тус газрын дарга Б.Ц- нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Орон тоо хасах” тухай А/11 тоот тушаал гаргаж, бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгч гэсэн орон тоог хасч вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоожээ. /хх-ийн 128, 2хх-ийн 79-ртал/.

5.б.Улмаар хариуцагч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ц.Ө-од хүргүүлсэн мэдэгдэлдээ “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал гарч, таны ажлын орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье, хэрэв та зөвшөөрч хүсэлтээ гаргасан тохиолдолд шинээр тогтоосон вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн орон тоонд болон үйлдвэрлэлийн албанд зөвлөх технологичоор томилох боломжтой болохыг мэдэгдэж байна” гэжээ. /хх-ийн 51-р тал/.

5.в.Уг мэдэгдлийг хүргүүлсний дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б-” УТҮГ-ын дарга нь Б/55 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Ц.Ө-ыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил албан тушаалаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт нийцээгүй байна. /хх-ийн 52-р тал/. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан.

5.г.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Ө-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа “хэрэв та зөвшөөрч хүсэлтээ гаргасан тохиолдолд өөр ажил, албан тушаалд ажиллуулах боломжтой” гэж хязгаарлалт тогтоосон нь дээрх хуулийг хэрэгжүүлсэн гэх боломжгүй байна.

Мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэлд заасан хоёр албан тушаал нь нэхэмжлэгч Ц.Ө-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаал мөн эсэх, энэ талаар ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсон талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

  Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцох байдлаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогч нь ажилтантай тохиролцохгүйгээр зөвхөн түүний хүсэлтийн хүрээгээр хязгаарлаж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлгүй.

5.д.Түүнчлэн, ХХААХҮ-ийн Сайдын тушаалаар батлагдсан бүтцийн дагуу албан хаагчдыг томилохыг “Б-” УТҮГ-ын даргад үүрэг болгосон байхад тус газрын дарга нь орон тоог дахин хасах байдлаар нэхэмжлэгч Ц.Ө-ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан үндэслэл мөн тодорхой бус байна. Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Ө-ыг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг баримталсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.Анхан шатны шүүх “Б-” УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 63,048,177 төгрөгийг хариуцагч  “Б-” ТӨХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө-од олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

6.а.Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр албан тушаал” гэж ерөнхий байдлаар бичсэн, мөн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг буруу баримталсан зэргийг өөрчлөн, нэхэмжлэгч Ц.Ө-ыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч “Б-” ТӨХХК-д даалгах байдлаар өөрчлөх нь зүйтэй.

Дээр дурдьсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө-ыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч “Б-” ТӨХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б-” ТӨХХК-аас төлсөн 473,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА  

 

                                                                                    Г.ДАВААДОРЖ