| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00085/э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 89
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.А-д холбогдох эрүүгийн 1826001640094 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* овогт Д.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 9.1-д заасныг зөрчсөний улмаас Д.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байхад би ах Т, дүү А, дүү А, дүү А нарын хамт Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явахаар “Тоёота Приус” маркийн автомашинтай гарсан юм. Манай дүү А машин бариад А урд талын жолоочийн хажуугийн суудал дээр суугаад би А суудлын харалдаа ард талд нь сууж миний баруун гар талд ах Т, ах Т цаана нь А нар суугаад Баянхонгор аймгийн төвөөс гарсан. Замдаа Баянхонгор аймгийн Өлзийт суман дээр ирээд айлаас мотоциклийн дугуй аваад чигээрээ Өвөрхангай аймгийн чиглэлд гарсан. Замдаа зогсоогүй, бүгдээрээ суусан байрлалдаа сууцгаагаад явцгаасан. Тэгээд би замдаа зүүрмэглэсэн байсан. Автомашин яаж унасныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд машин баруун хойд зүг рүү харчихсан миний сууж байсан талаар бөөрөөрөө хазайгаад унасан байсан. Машин дотор бүгдээрээ сууцгааж байсан. Тэгээд бид нар машины урд талын цонхоор гарцгаасан. Зам хальтиргаатай байсан болохоор удаан л явж байх шиг байсан. А архи уугаагүй, эрүүл байсан. Энэ машин нь А-н хадам ээжийнх нь машин гэсэн. Миний биеийн байдал гайгүй, далны араар жаахан өвдөж байна. Өөрөөр өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурданхан шийдүүлмээр байна. А миний төрсөн дүү, дүүдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А Улаанбаатар хотод амьдардаг, би Төв аймгийн Борнуур суманд хөдөө мал малладаг болохоор олон дахин ирээд байж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Э.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өнөөдөр өглөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явахаар гарцгаасан. Саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай А ах машиныг нь жолоодоод урд талын жолоочийн хажуугийн суудал дээр би, арын суудал дээр голд нь Т ах, Тунгалагийн баруун гар талд нь манай дүү А, зүүн гар талд нь эгч О суугаад гарцгаасан. ...Тэгээд Өвөрхангай аймгийн Морины шүтээний наана явж байгаад гэнэт машин дайвалзаад замын урд талын хөвөө рүү унасан. Машин унаад өнхөрсөн үгүйг санахгүй байна. Нэг мэдэхэд машин ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан байрлалтай бөөрөөрөө хараад унасан байсан. Тэгээд би бүсээ тайлаад урд талын салхивчны цонхоор гарсан. Бүгдээрээ салхивчны шилээр гарцгаасан. Тэгээд би дуудлага өгсөн. Цас шуураад зам хальтиргаатай байсан болохоор удаан явж байсан. Би миллийг нь хараагүй. А архи уугаагүй байсан. О эгч гэмтсэн, өөр хүн гэмтээгүй. Энэ машин А хадам ээжийнх нь эзэмшлийн машин гэсэн. Өвдөж зовиурлаад байгаа зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч П.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн үед ******* улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашинтай тавуулаа Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд замдаа Өвөрхангай аймгийн нутаг Морины шүтээний зүүнд талд 17 гэсэн бичигтэй шонгийн урд засмал зам дээр явж байгаад сууж явсан автомашин яах ийхийн зуургүй замынхаа урд талын жалга руу унасан. Нэг мэдэхнээ дөрвөн дугуй нь зам руугаа хараад хажуулдаад уначихсан байсан. Тэгсэн манай машинд хамт явсан хүмүүсийн нэг болох О эгч дал руу эвгүй болчихлоо гээд бусад нь гайгүй байна гэж байсан. Тэгээд хамт явсан хүмүүсээс эмнэлэг рүү дуудлага өгч түргэнээр эмнэлэг дээр ирсэн. Хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна, ямар ч байсан зам гулгаатай байна гээд аажуухан л явж байсан. Зам ер нь хальтиргаа ихтэй, гөлөөнтэй байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. О гурван хавирга хугарсан байна гэсэн, бусад хүмүүс бэртэж гэмтсэн зүйл байхгүй. А нь миний төрсөн дүү Э төрсөн хүү байгаа юм. Манай ээж нас бараад бид нар Баянхонгор аймагт ажил явдлыг нь дуусгачихаад буцаж яваа хүмүүс байгаа юм. О нь миний төрсөн дүү, А, А нар нь А төрсөн дүү, бид нар эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. ...Надад гомдол санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Э.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байсан юм. Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явахаар ах А-н хадам ээжийнх нь Приус-20 маркийн автомашинтай Баянхонгор аймгаас гарсан. Машиныг А ах жолоодоод жолоочийн хажуугийн урд талын суудал дээр А ах, арын суудал дээр О эгч, О-н хажууд Т ах, тэгээд би суугаад явсан юм. Тэгээд явж байгаад Өвөрхангай аймгийн нутаг дэсгэрт орж ирээд замаар явж байгаад морьтой хөшөөний цаана машин замын хажуу руу унасан. Би сэрүүн унтаагүй явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн:
“1.Д.О биед далны дотор шугамаар 5, 6, 7, 9-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43/,
Техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай:
“1. ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Азбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин замын хальтиргаатай хэсэгт автомашинд тэнцвэржилт алдагдаж замын хажуу тал руу онхолдсон.
2. Цагдаагийн Ерөнхий газрын дотоод сүлжээнээс регистрийн дугаараар лавлагаа хийхэд В ангилалтай 1117284 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна.
3. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б гаргасан /Зам тээврийн ослын акт/ гэх зүйлийг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61 хуудас/,
Шүүгдэгч Д.А хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-68/, хүү А.Ө, охин А.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-69-70/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай, “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Д.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай, “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай техникийн шинжээчийн “******* улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин замын хальтиргаатай хэсэгт автомашинд тэнцвэржилт алдагдаж замын хажуу тал руу онхолдсон.” гэсэн дүгнэлт,
Зам тээврийн осол дээр тогтоосон “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Морины шүтээний баруун талд Арвайхээр сумын төвөөс баруун зүгт 17 км зайд засмал замд ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин жолоодож явсан Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан” гэсэн акт,
Тухайн осол болох үед ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд сууж явсан гэрчүүд болох Э.А “...Өвөрхангай аймгийн Морины шүтээний наана явж байгаад гэнэт машин дайвалзаад замын урд талын хөвөө рүү унасан. Машин унаад өнхөрсөн үгүйг санахгүй байна. Нэг мэдэхэд машин ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан байрлалтай бөөрөөрөө хараад унасан байсан”, гэрч Э.А “Өвөрхангай аймгийн нутаг дэсгэрт орж ирээд замаар явж байгаад морьтой хөшөөний цаана машин замын хажуу руу унасан “, гэрч П.Т “Өвөрхангай аймгийн нутаг Морины шүтээний зүүнд талд 17 гэсэн бичигтэй шонгийн урд засмал зам дээр явж байгаад сууж явсан автомашин яах ийхийн зуургүй замынхаа урд талын жалга руу унасан. Нэг мэдэхнээ дөрвөн дугуй нь зам руугаа хараад хажуулдаад уначихсан байсан”, хохирогч Д.О-н “Автомашин яаж унасныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд машин баруун хойд зүг рүү харчихсан миний сууж байсан талаар бөөрөөрөө хазайгаад унасан байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Д.А-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн “Д.О-н биед далны дотор шугамаар 5, 6, 7, 9-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогч Д.О-н амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн карт, гэрч П.Т-н “манай машинд хамт явсан хүмүүсийн нэг болох Ог эгч дал руу эвгүй болчихлоо гээд бусад нь гайгүй байна гэж байсан. О-н гурван хавирга хугарсан байна” гэсэн, гэрч Э.А-н “О эгч гэмтсэн, өөр хүн гэмтээгүй.” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ******* овогт Д.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Асёнь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.А-т мэдэгдэж,
Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.А-н №1117284 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Д.А-т, рентген зургийг хохирогч Д.О тус тус буцаан олгож,
Шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.А-н №1117284 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Д.А-т, рентген зургийг хохирогч Д.О-т тус тус буцаан олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.