| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436002930188 |
| Дугаар | 78 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 23.7.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 78
2024 09 10 2024/ДШМ/78
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436002930188 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******ын Энхтүвшин, 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* *******, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* т оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч *******ийг 2024 оны сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант нутаг дэвсгэрт байхдаа өөрийн ******* гэх нэртэй фейсбүүк хаягаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд ын хувийн фейсбүүк чат руу "Чамайг 5 сарын 1-нд ******* суманд нам шаанаа махаа минь, чамд сум зооно хулгайч минь" гэх байдлаар амь насанд нь заналхийлсэн утга бүхий мессеж илгээж нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын ******* ард иргэдтэй хийх уулзалтыг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт
холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн 2436002930188 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ******* ******* *******ын Энхтүвшинийг цагаатгаж,
4.2 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
4.3 Энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, шүүгдэгчийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант Магсаржав ийн 60 айлын 36 тоот 52.06 м.кв байрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
4.4 Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,
4.5 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж,
4.6 Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүх нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэж дүгнэлт хийхдээ шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан болох Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд ыг мессеж бичиж заналхийлсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж дүгнэсэн атлаа хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан "Нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэмт хэргийн объектив, субъектив талын шинж тогтоогдохгүй байна гэж, Эрүүгийн хуулиар хамгаалсан нийтийн албаны ашиг сонирхолд бодитой хохирол, хор уршиг учраагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй шууд буюу бодит хор, хохирол учирсан байхыг шаарддаггүй нь бусад гэмт хэргээс ялгаатай болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Хохирогчийг зөвхөн нэг удаа “нухна” гэж мессежээр заналхийлээд зогсоогүй бөгөөд хэд хэдэн удаа “ална, нухна” гэж заналхийлсэн үйлдэл, хохирол, хор, уршиг учруулж болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор, мөн өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалуулахаар хамгаалалт хүсэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээс дүгнэхэд *******гийн зүгээс хэрэгжүүлж буй "ална, нухна" гэсэн заналхийлэл болох хууль бус шаардлагыг ирээдүйд хэрэгжинэ, хэрэгжих боломжтой байна гэж хохирч өөрөө итгэсэн, аюул бодитойгоор учирна гэх болгоомжлол төрсөн байх ба өөрийн эрх, эрх нь зөрчигдсөн гэж оюун санаандаа тусган авч, гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад хандаж гаргасан нь хохирогчийн анх цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэг, фейсбүүк чатаар харилцсан түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
5.2. Авилгын эсрэг хуулийн 4 зүйлийн 4.1.1-д зааснаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд нь нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамаарч байх бөгөөд хохирогч нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* иргэдтэй Монгол Улсын Их Хурлын гишүүний хувиар ажил хэргийн уулзалт товлож үйл ажиллагааныхаа тайланг танилцуулахаар төлөвлөсөн байсан нь хохирогч ын миний бие энэ оны сарын 30-ны өдөр ажлаар Ховд аймгийн Жаргалант суманд явж байсан. Би тухайн үед ард иргэдтэй тайлан уулзалт хийгээд явж байсан. Тэгтэл миний өөрийн "Бямбацогт Сандаг" нэртэй фейсбүүк чат мессенжерт "*******" гэсэн нэртэй фейсбүүк хаягтай чатаас "Чамайг нухнаа, калибертэй очиж байгаад нухнаа" гэж 1 удаа биш олон удаа чат ирсэн мессенжер бичиж миний амь насанд заналхийлж, намайг дарамталсан. Ингээд би тухайн өдөр Жаргалант суманд уулзалтаа хийчхээд, ******* ард иргэдтэй хийх уулзалтаа дээрх этгээдийн үйлдлээс болж цуцалсан.
Учир нь ******* нь миний амь насанд халдахаар заналхийлж байсан учраас төлөвлөсөн ажлуудаа цуцалсан. ******* гэх хүний дээрх үйлдлээс болж 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "******* иргэдтэй хийх уулзалтаа хойшлуулж 05 дугаар сарын 02-ны өдөр болгосон гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан "Нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэмт хэргийн объектив талын шинжийг, мөн шүүгдэгч ******* нь хохирогчийн нийтийн албан тушаалтны хувиар орон нутгийн иргэдтэй хийх тайлан, уулзалтыг хэзээ, хаана болохыг лавтай сайн мэдэж байсан бөгөөд уг тайлан уулзалтын үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн агуулга бүхий мессеж илгээсэн идэвхтэй үйлдэл нь дээрх гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн хангаж байна. Энэ агуулгаараа шүүгдэгч ******* нь хохирогч ыг "Чамайг нухнаа, калибертэй очиж байгаад нухнаа" гэсэн мессеж илгээж хүний амьд явах эрхэд халдсан, энэ халдлагыг хийх аргаа тодорхойлсон, ална гэсэн заналхийлэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ийг 2024 оны сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант нутаг дэвсгэрт байхдаа өөрийн “*******” гэх нэртэй фейсбүүк хаягаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд ын хувийн фейсбүүк чат руу "Чамайг 5 сарын 1-нд ******* суманд нам шаанаа махаа минь, чамд сум зооно хулгайч минь" гэх байдлаар амь насанд нь заналхийлсэн утга бүхий мессеж илгээж нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын ******* ард иргэдтэй хийх уулзалтыг хүч хэрэглэхээр заналхийлж цуцлуулсан нь нотлогдсон гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх “шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийн субъектив болон объектив талын шинжийг хангаагүй байна” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
5. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ”нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шууд буюу бодит хор, хохирол учирсан байхыг шаарддаггүй нь бусад гэмт хэргээс ялгаатай болохыг анхаарч үзэх нь зүйтэй. ******* нь хохирогчийг “нухна, ална, нухна” гэж заналхийлсэн утгатай мессеж нэг биш хэд хэдэн удаа бичсэн, улмаар хохирогч үүнийг хор уршиг учруулж болзошгүй гэж үзэж энэхүү нөхцөл байдлыг таслан зогсоох, өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалуулах зорилгоор хамгаалалт хүсэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээс дүгнэхэд *******гийн зүгээс хэрэгжүүлж буй заналхийллийг ирээдүйд хэрэгжих боломжтой байна гэж хохирогч өөрөө итгэсэн, аюул бодитойгоор учирна гэсэн болгоомжлол төрсөн байна. Хохирогч нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч нь түүнийг заналхийлсэн үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.1 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн; эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол ” гэж энэ гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг тодорхойлсон байна.
Цагаатгагдсан этгээд ******* нь нийтийн албан тушаалтан болох Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд ын хувийн фейсбүүк чат руу "Чамайг 5 сарын 1-нд ******* суманд нам шаанаа махаа минь, чамд сум зооно хулгайч минь" гэж заналхийлсэн чат бичсэн үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Гэвч цагаатгагдсан этгээд ******* нь дээр дурдсан үйлдлийг хийхдээ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд ыг Монгол Улсын Их Хурлын гишүүн болон Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд “тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан” зорилго агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд тодорхой шийдвэр гаргуулах, эсхүл гаргуулахгүй байх зорилгоор заналхийлсэн биш харин хохирогчийг хувь хүнийх нь хувьд заналхийлсэн агуулгатай чат бичсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Тухайлбал гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургаар “Чамайг 12 онд гишүүн болоход би үхтлээ зүтгэсэн, Түүний хариуд чи надад дунд хуруу өгсөн хогийн сдаа” гэж бичсэн чат хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн гэрчээр өгсөн “... архи ууж байх явцдаа Ховд.мн сайт дээр гишүүний ярилцлага дээр “Анх гишүүн болоогүй байхдаа саятан байсан одоо тэрбумтан болсон” гэх утгатай коммент бичсэн. Тэгээд тэр коммент дээр Оюунбат Баянмөнх гэсэн хаягтай гишүүний ажлын албаны залуу бас сэтгэгдэл бичиж орж ирээд бид хоёр фейсбүүкээр маргалдсан. гишүүн 2012 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд би сонгуульд ******* суманд ухуулагчаар ажиллаж байсан юм, тухайн үед сонгуулийн штабт ажиллаж байхад бие төлөөлөгч нараас нь сургалтын төлбөрт чинь дэмжлэг үзүүлнэ гэж байсан юм, тухайн үед дэмжинэ гэсэн дэмжлэг туслалцаагаа үзүүлээгүй болохоор гомдолтой явдаг байсан. Тухайн үед Таванцэцэг, Оюунбат хоёртой согтуу маргалдаж байгаад гишүүний фейсбүүк хаяг руу чатаар мессеж бичсэн байна” гэх мэдүүлэгтэй тохирч байна.
Иймд цагаатгагдсан этгээд *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан субъектив санаа, зорилго байхгүй байна.
5.2 Мөн хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт буюу “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэргийг хамааруулж хуульчилсан байна. Иймд энэхүү гэмт хэргийн улмаас Нийтийн албаны ашиг сонирхолд тодорхой хэмжээний хохирол учирсан, эсхүл шууд хохирол учирч болох бодит нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх ёстой.
Харин цагаатгагдсан этгээд *******гийн үйлдэл нь Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг чиглэсэн санаа, зорилго байхгүй байна. Өөрөөр хэлбэл *******гийн үйлдэл нь “ын Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд Ховд аймгийн ******* иргэдтэй 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийх уулзалтад саад, уг уулзалтыг хийлгэхгүй байх санаа зорилго агуулаагүй байна.
5.3 Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд нь Нийтийн албан тушаалтан мөн бөгөөд цагаатгагдсан этгээд ******* нь түүнийг заналхийлсэн чат бичсэн үйл баримт тогтоогдсон байна.
Гэвч цагаатгагдсан этгээд *******гийн “Чамайг 5 дугаар сарын 1-нд ******* суманд нам шаанаа махаа минь, чамд сум зооно хулгайч минь” гэж хохирогчийн фейсбүүк хаяг руу чат бичсэн заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Иймээс *******гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хуулийн 2.1 зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэгт тооцохгүй юм.
6. Дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР