Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0747/З |
Дугаар | 221/МА2018/0211 |
Огноо | 2018-04-04 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2018/0211
Г.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.М-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэрээр:
1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.11, 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.М-ийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 3 сар 4 хоногийн цалин 1,945,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Г.М-ийн гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” 936 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж бүтэц зохион байгуулалтын хувьд шинээр өөрчлөгдөхөд дээрх 936 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тухайн ажлын байр, албан тушаалд нь үргэлжлүүлэн томилсон болно.
2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан Ж.Б-ийн ажилдаа эргэж орох тухай хүсэлтийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар Г.М-ийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” Б/556 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.6 дахь хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн үйлд ажиллагаанд тэмдэг хэрэглэх журам”-ыг тус тус үндэслэж хууль ёсны дагуу гарсан байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн гаргасан хүсэлтийн дагуу хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон тул албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.М-ийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь 2014 онд амаржсаны болон хүүхэд асрах чөлөө хүссэн тухай өргөдлөө огт гаргаж байгаагүй, чөлөө олгосон тухай эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хүүхдээ төрүүлсэн болох нь жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, хүүхэд төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч нь 2014 оноос хойш ажилдаа эргэж орох талаар хүсэлтээ гаргаж байгаагүй, үүрэгт ажлын байрандаа ажиллаж байгаагүй болно. Мөн 2015 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар мэдэж байсан боловч гурван жилийн дараа 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Монгол Улсын дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 08 дугаар тогтоолын 20.2-т заасан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргана гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0929 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн төв архивын Эд хөрөнгийн бүртгэлийн архивт архивчаар, 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 756 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан үүргийг орлон гүйцэтгэгчээр, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 516 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтнээр Г.М-ийг тус тус томилон ажиллуулж байжээ.
Харин нэхэмжлэгч Г.М нь Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралтаа авч 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүүхдээ төрүүлсэн болох нь түүний жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн архивын мэргэжилтэн Г.М-ийг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралтаа авснаас хойш 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхэд асрах чөлөөтэй тус хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн ажил, албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 936 дугаар тушаал хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тодруулбал, жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил үүргийг хэвээр хадгалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг зөрчиж түүнийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтний ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн, нөгөөтэйгүүр хүүхэд асрах чөлөөтэй байсан Ж.Б-ийн ажил, албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр жирэмсний амралттай байгаа Г.М-ийг томилсон зэргээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаал хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй захиргааны акт юм.
Тиймээс нэхэмжлэгч Г.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
2. Нэхэмжлэгч Г.М-ийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн гаргасан хүсэлтийг харгалзан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон тул ...” гэсэн үндэслэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд асрах чөлөөтэй байсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчийг томилсон хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр тушаал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөгдсөн хэдий боловч нэхэмжлэгч Г.М-ийн өмнө эрхэлж байсан Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтний орон тоо нь улсын бүртгэгчийн орон тоо болон өөрчлөгдсөн болох нь тогтоогдсон.
Харин “... Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаж, харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн орон тоо 14 болж нэмэгдсэн, нэхэмжлэгчийн жирэмсний амралт авах үед ажиллаж байсан архивын мэргэжилтний чиг үүрэг, албан тушаалын ангилал, зэрэглэл нь түүний өмнө ажиллаж басан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалтай дүйцэхүйц дэс түшмэлийн ангиллын ТЗ-6-2 зэрэглэлийн байх тул Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эгүүлэн томилох боломжтой байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй байх тул дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэж заасны дагуу Г.М нь ажил, албан тушаалыг хариуцагч хэвээр хадгалах үүрэгтэй байсан боловч уг хугацаанд түүний өмнө ажиллаж байсан орон тоо нь цомхтгосон байх тул адил чанарын өөр ажил, албан тушаалд нэхэмжлэгчийг ажиллуулах үүрэгтэй байжээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхдаа хүүхэд асрах чөлөө хүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө эдлэх эрхтэй гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч “... хүүхэд асрах чөлөөний талаар хүсэлт гаргаагүй, ажлын байрыг хадгалах үүрэггүй ...” гэх боловч нэхэмжлэгч нь тухайн үед хүүхэд төрүүлсэн гэдгээ хариуцагч байгууллагын холбогдох хүмүүст мэдэгдсэнээр хуулийн дагуу жирэмсний тэтгэмж тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага төлж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР