2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/05719

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 27 191/ШШ2025/05719

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:УС64030216/-ы нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Миний бие 1981 онд Говь-Алтай аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1981.07.01-ний өдөр Улаанбаатар хотын Батлан хамгаалах яамны Улиастай цэргийн гарнизоны харьяа Гадаадын цэргийн сургалтын төвд 56 хоног карантилагдан цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилт хийж 1981.08.16-ны өдөр цэргийн тангараг өргөсөн.

Карантинд байх хугацаанд орос хэл, математик, физикийн шалгалт өгч авсан онооны жагсаалтаар МУИС-ын Барилга архитектурын факультетд цэргийн барилгын инженерийн ангид элсэн суралцсан. МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1979 оны 182 дугаар тогтоол /маш нууц/-ын дагуу МУИС-д цэргийн барилгын инженер, АУДС-д цэргийн эмчээр, мөн гадаадад /ЗСБНХУ/ цэргийн боловсон хүчин бэлтгэж байсан юм.

1981 оноос МУИС-ын цэргийн тэнхимд харьяа цэргийн барилгын инженерийн ангид суралцан 1983 онд ахлагч цолоор шагнагдаж сонсогч хувцас, цолны мөнгө олгогдож байсан. Суралцах хугацаанд тусгай зориулалтын сапёр инженерийн цэргийн анги нэгтгэлүүдэд сургалт дадлага хийж байсан.

Батлан хамгаалах яамны сайдын 1986.07.09-ний өдрийн н/295 тоот тушаалаар дэслэгч цол олгож Барилгын цэргийн ерөнхий газрын Туршин нэвтрүүлэх төвд инженерээр томилогдон ажиллаж байгаад 1992.05.14-ний өдрийн 1489 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ахмад цолтойгоор офицерийн албанаас бэлтгэлээр халагдсан.

Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно. гэж заасныг үндэслэн ахмад насны тэтгэвэрт гарахад Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор сурч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор суралцаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  1. Нэхэмжлэгч Б.******* нь ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь ажилласан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой, Монгол улсын их сургуульд Батлан хамгаалах яамны коллегийн хурлын шийдвэрээр Ардын армийн нэр дээр тусгай мэргэжил эзэмшүүлэхээр цэргийн сонсогчоор суралцуулсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ы хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч Б.******* нь Батлан хамгаалах яамны коллегийн хурлын шийдвэрээр Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор суралцсан болох нь

а. 1986.05.10-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн БАФ-ын цэргийн барилга инженерийн мэргэжлээр төгсөгч ******* овогтой *******ы ажил байдлын тодорхойлолтод Н.******* нь 1981 онд ...шалгалтанд орж тэнцэн тус сургуулийн цэргийн барилга инженерийн салбарт элсэн суралцсан... гэснээр,

б. Политехникийн дээд сургуулийн 1984-1985 оны хичээлийн жилийн оюутан Б.*******ы тодорхойлолтоор,

в. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024.06.17-ны өдрийн 01/303 дугаар лавлагаанд Б.******* нь Батлан хамгаалах яамны коллегийн 1981.08.10-ны өдрийн 23 дугаар хурлын протоколоор Ардын армийн нэр дуур суралцуулахаар хэлэлцүүлэн Монгол улсын их сургуулийн Барилга инженерийн ангид хуваарилагдсан... гэснээр,

г. Батлан хамгаалах яамны Коллегийн хурлын 1981.08.10-ны өдрийн 23 дугаар протоколд Доорх хүмүүсийг Монгол улсын их сургуулийн барилга инженерийн ангид суралцуулахаар тогтоов. Үүнд: 10. Б.******* гэснээр,

д. Монгол улсын их сургуулийн 1981.10.02-ны өдрийн Оюутнаар суралцуулах тухай тушаал, түүний хавсралтад ...22. ******* ******* ... гэснээр,

е. Политехникийн дээд сургуулийн ректорын 1986.06.30-ны өдрийн 333 дугаар Төгсөгчдөд мэргэшил, мэргэжлийн цол, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаалд Цэргийн дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд заасан бүрэн курсийг амжилттай дуусгаж, сургуулиа Онцсайн дүнтэй төгсөж байгаа нэр бүхий 10 төгсөгчид Цэргийн дээд сургуулийг Онцсайн төгссөн диплом, төгсөгчийн энгэрийн тэмдэг, дор дурдсан мэргэшил, мэргэжлийн цол олгосугай. Үүнд: 5. Бэгзжавын *******д Иргэний ба үйлдвэрийн барилга-ын /1202/ мэргэшил, Барилгын инженер мэргэжлийн цол гэснээр,

ж. 1981.08.07-ны өдрийн Б.*******ы Батлан хамгаалах яамны Боловсон хүчний газарт гаргасан өргөдөлд ...Иймд намайг МУИС-ын барилгын инженерийн ангид суралцуулж өгнө үү... гэснээр,

з. Политехникийн дээд сургуулийн Б.*******ы оюутны 824492 дугаар үнэмлэх болон Монгол улсын их сургуулийн 810416 дугаар онц сурлагын дэвтэр зэргээр,

и. Б.*******д нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цэргийн инженерийн оюутнаар элсүүлсэн, томилсон талаар бичилт хийгдсэн байдлаар,

й. 114202 дугаар дипломд ...Монгол улсын их сургуульд 1981 онд элсэж, Политехникийн дээд сургуулийн бүрэн курсийг иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлээр 1986 онд төгссөн ******* овогтой *******д Барилгын инженер мэргэшлийн цол олгосон билээ... гэснээр,

к. Гэрч *******ын Б.*******тай Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор хамт суралцсан талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгээр,

л. Б.*******тай Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор хамт суралцсан талаар бичсэн тодорхойлолт, гэрэл зургууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судлахад нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийг хангаж, цэргийн сургуулийн сонсогчоор суралцсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /РД:УС64030216/-ы Батлан хамгаалах яамны коллегийн хурлын шийдвэрээр Монгол улсын их сургуулийн Политехникийн дээд сургуулийн цэргийн барилга инженерийн ангид 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сонсогчоор суралцсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ОЮУНТУЯА