| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/00141/Э |
| Дугаар | 00085 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 00085
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн Ө.Оюумаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,
шинжээч Ч.Болдбаатар,
иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0141/Э индекстэй, 1715000580019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймагт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О. С
Холбогдсон хэргийн талаар:
О.С нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Устын ам” гэх нэртэй газарт УАЗ 390942-018 маркийн 08-97 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан ”тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл буюу “худны хайрцагны араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл” жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Устайн ам” гэх газарт түймэр гарч осол болохын өмнө 3-4 удаа түймэрт ууланд түймэр унтрааж байгаа хүмүүст ус зөөж ачиж гарахад зүгээр байсан ба тэдгээр хүмүүс унтраадаг багажаар унтрааж байсан. Хамгийн сүүлийн уул руу УАЗ маркийн машинаараа ус ачиж гаргахад уг осол гарсан. Сүүлд уул руу гарах гаралтанд Шижирбаатар, Моломжамц бид гурав Сансарын тусгай хамгаалалтын машинд хагас усаа хийж суллаж өгчихөөд 500 литр усаа уул руу гаргах гэтэл Баттөр, Эрхбат хоёр түймэр гарч байсан газраас бууж ирсэн байж байгаад хамт машинд суусан. Яах гэж байгаа юм бэ гэж асуухад “хамт гараад ирье, хүмүүсийн хоол унд бэлтгэх хонь мал авчирна” гээд суусан. Тухайн үед Баттөрийг манай тамгын газрынхан дуудсан тул уулнаас буусан гэсэн. Тэгээд “би ус буулгаж байж л явна” гэж хэлэхэд “хамт явж ирье” гээд Баттөр явсан. Дээшээ уул руу явж байтал уул өөд гарахын даваан дээр хүндрүүлэгч мултарч, арагшаа савахад нь тоормоз гишгэсэн боловч зөөлөн хөрстэй, элсэрхэг газар байсан тул тоормозтойгоо гулсаж байгаад арагшаа савж унасан. Машин дотроос Шижирбаатар бид 2 түрүүлж гарч ирж Моломжамц, Эрхбат хоёрыг гаргаж ирээд байж байтал Баттөр байхгүй байсан. Түүнийг хайтал машинаас 2-3 метрийн зайтай ухаангүй хэвтэж байсан ба цээжин дээр нь дарж хиймэл амьсгал хийтэл амьсгалж ухаан орсон. Сансарын түргэн тусламж ирж анхны түргэн тусламж үзүүлж бид тавыг авч явсан. Миний хувьд толгой маань хагас сантиметр газар ярагдсан байсан. Бүр тодорхой тайлбарлавал уулын бэлд Шижирбаатар Моломжамц бид 3 байсан ба тэгээд бид 3 усаа аваачиж өгөхөөр хөдлөх гэж байтал нөгөө 2 ирж, бид 5 дээшээ явсан. Тухайн үед манай машин давхар кабинтай фермер гэх 5 хүний нормтой, 1 тонны даацтай машин юм. Тухайн үед машин бүрэн бүтэн, тоормоз эвдрэл гэмтэл байгаагүй. Сүүлийн уул руу гарахын даваан дээр хүндрүүлэгч гэнэт мултарч гар тоормоз татаж, тоормоз гишгэсэн ч арагшаа гулсаж өөд газар тэгээд газрын хөрс нь элсэрхэг зөөлөн хөрстэй газар байсан болохоор зогсоогүй. Тухайн үед тэнд ажиллаж байсан машинууд осолдсон байсан ба тухайлбал Онцгой байдлын газрын машин, Сансарын машин тоормозтойгоо уулын уруу осолдсон. Машин үзлэг, оношлогоонд орсон тоормоз бүрэн, араа нь мултарч байгаагүй, газар орныхоо байдалтай холбогдож хүндрүүлэгч мултарсан өмнө нь манай машин зүгээр уул руу гарч байсан гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Д.Эрдэнэтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газрын 19 албан хаагч 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Хөгнө багийн “Устын ам” хэмээх газарт гарсан ойн түймэрийг унтраахаар явсан. Түймэр уулын оройн хэсэгт гарч байсан учир ЗДТГ-ын УАЗ 390942-018 маркийн 08-97 БУА улсын дугаартай авто машинтай усны саваар ус зөөх явцад машин осолдож Хулст багийн Засаг дарга ажилтай Л. Баттөр хүндэвтэр гэмтэл авсан. Уг автомашин нь 2017 оны Авто тээврийн улсын үзлэг оношлогоонд бүрэн хамрагдсан эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан. Эхний шүүх хуралдаанд хохирогч Л.Баттөрийн нэхэмжилсэн 1212334 мянган төгрөгийн нэхэмжлэлийг тайлбарлахад:
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сумын ЗДТГ-т аймгийн онцгой байдлын газраас хуваарилсан төсвөөс нэхэмжлэгч Л.Баттөрийн эмчилгээний зардалд 3000000 төгрөгийг олгосон ба энэ мөнгийг хэрхэн зарцуулсан тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. ЗДТГ-ын зүгээс дараах арга хэмжээг авч ажилласан байна. Үүнд: 8-р сард амралтын цалин 569372 төгрөг, 9-р сарын цалин 482073 төгрөг, 10-р сараас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 100%-иар тооцон НДС-аас 2018 оны 3-р сарыг дуустал нийт 4219757 төгрөг, Аймгийн ОБГ-аас 3000000 төгрөг, Аймгийн ЗДТГ-аас 300000 төгрөг, сумын ЗДТГ-ын хамт олноос 200000 төгрөг нийт 3500000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд олгосон. Иргэний хуулийн 498.1 “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу ажил олгогч буюу ЗДТГ нь Аймгийн Онцгой байдлын газар, Аймгийн Засаг дарга, орлогч даргад “Хохирогчид эмчилгээний зардал олгох тухай” хүсэлт явуулж удаа дараа хандсаны үндсэн дээр Аймгийн ОБГ-аас 3000000 төгрөг, Аймгийн ЗДТГ-аас 300000 төгрөгийг шийдвэрлүүлж хохирогчид олгосон. Мөн сумын ЗДТГ-ын хамт олноос 200000 төгрөг нийт 3500000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд шийдвэрлэн олгосон байна. Иймээс Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу ЗДТГ нь ажил олгогчийн үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзэж одоо нэхэмжилж буй 1212330 төгрөгийн зардлыг ажил олгогчийн зүгээс ахин шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Түрүүчийн шүүх хуралдаанд 11009379 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь хохирогч Баттөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөхөд гарсан зардал 2119265 төгрөг, хохирогч Л.Баттөрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан алдсаны улмаас ажиллаагүй хугацааны цалин 3733899 төгрөг, хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан ажил олгогчийн олгох нөхөн төлбөр 4356215 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800000 төгрөг нэхэмжилсэн ба нийтдээ 11900379 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 2119265 төгрөгийг өмнөх 3500000 төгрөгт багтаж байна гэж үзэж байна. Учир нь хохирогч Л.Баттөр нь манайхаас олгосон мөнгийг холбогдох баримт эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаж өгөөгүй учраас 1200000 төгрөгтэй нийлээд 3500000 төгрөгөнд эмчилгээ хийлгэсэн байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2119265 төгрөгийг өмнө нь эмчилгээний зардалд олгосон 3500000 төгрөгт багтаж байгаа тул олгосон гэж үзэж олгох боломжгүй байна. Мөн Л.Баттөр нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 2017 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын сангаас 100% хувиар тооцон олгогдсон тул ажлаагүй үеийн цалин хөлсийг давхардуулан олгох боломжгүй байна. Хөндөгдсөн эрх ашгаа хамгаалах шаардлагатайн улмаас нэхэмжлэгч нь өмгөөлөгч хөлсөлж байгаа тул өмгөөлөгчийн хөлсийг олгох боломжгүй байна. Дараагийн нэг асуудал хохирогчийн гаргасан шатахууны баримт, хоолны зардал Е баримтууд байсан. Тэгвэл эмчийн картанд дээр байсан эмчийн зааврын дагуу өгсөн эмийн баримтууд мөн эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гаргаж өгсөн баримтуудын хугацаа нь ойр ойрхон их дүнтэй байсан. Харин хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэж төлнө гэх мэдүүлэг,
Шинжээч Ч.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд эвдрэл гэмтлийн талаар дүгнэлт гаргасан. Бүрэлдэхүүн бид 3 ярилцаад машиныг газар дээр нь очиж үзэх шийдвэр гаргатал тухайн тээврийн хэрэгслийг газар дээрээс нь хөдөлгөсөн, хугацаа их алдагдсан байсан учраас бид нар ярилцаж шийдээд жолоочийн мэдүүлэг болон тухайн хэрэг гарах үед хамт байсан хүмүүсийн мэдүүлгээс харж дүгнэлт гаргасан. Уг тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй, бүрэн бус байсан гэж үзсэн. Машин техникийн эвдрэл гэмтлээс гарсан ... дүгнэлтийг гурван шинжээч санал нэгтэйгээр гаргасан... гэх мэдүүлэг,
1715000580019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Л.Баттөрийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөгнө хан ууланд гарсан түймрийг унтраахаар хэсэг хүмүүс явсан. Тэгээд ууланд очоод УАЗ машинаар ус ачаад /жолооч нь Сэргэлэн/ бид хэд уул өөд явсан. Уул өөд өгсөж явсаар яг очдогтоо хүрэх үед гэнэт машин уулын уруу ухраад явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн хүмүүс бужигналдаад эмнэлэгийн машинд явж байсан. Миний 2 гар хугарсан, аарцагны яс цуурсан. Толгой хагарсан... гэх /хх-ийн 21-22 хуудас/, ...хохирлын баримтыг тухай бүрт нь гаргаж өгнө, одоогийн байдлаар 4 сая төгрөгийн хохирол учирсан.../хх-72 тал/ гэх сэдүүлэг,
Гэрч Ц.Эрхбатын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед сумын орлогч дарга Шижирбаатар машины урд талд жолоочийн эсрэг талд, жолоочийн ард талд би суугаад, миний баруун талд Засаг дарга Моломжамц, цаад талд нь Хулст багийн Засаг дарга Баттөр суугаад С жолоо барьж явсан. Бид нар түймэр гарч байгаа газарт очоод уул өөд хэд хэдэн удаа ус зөөсөн. Сүүлийн ус зөөлтөн дээр уул руу яг гарах гэж байхад машины хүндрүүлэгч так гэж дуугараад машин буцаж ухарсан. Тэгээд ухарч байгаад уначихсан. Яг хөрвөөсөн юм уу би сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд машин дээшээ харчихсан байсан. Надад ямар ч нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч А.Ууганцэцэгийн өгсөн: ...Бид нар уул өөд явган гарч түймэр унтрааж байхад 18 цагийн орчимд байсан байхаа жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /ферме/-тай доороос ус ачиж яваа харагдсан. Тэгтэл хүмүүс орилж хашгираад машин өнхөрөөд явчихлаа ш дээ гэхээр нь харахад шороо манараад машины бараа дөнгөж харагдаад алга болсон. Бид нар гүйж очиход машин хажуут талаараа харсан байдалтай, дотор нь явсан хүмүүс бүгдээрээ гарчихсан байсан, машинд хүн байгаагүй. Рашаант сумаас эмч нар ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Гэрч Х.Санжаагийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөгнө багийн Устын аманд цурамнаас гал алдагдан түймэр гарлаа гэх мэдээлэл ирсэн. Тэгээд маргаааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Истана маркийн машинтай тамгын газрын хүмүүс очсон. Бид нар уул өөд явган гарч түймэр унтрааж байхад 18 цагийн орчимд байсан байхаа жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /фермер/-тай доороос ус ачиж яваа харагдсан. Тэгснээ гэнэт ухраад бөөн шороо манараад явчихсан. Хүмүүс орилж хашгираад нөгөө машин маань хэд хэд өнхөрөөд доор очоод тогтчихсон, ...уул өөд өгсөж явсан. Их өндөр, өгсүүр газар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Ж.Шижирбаатарын өгсөн: ...Жолооч О.Сэргэлэн, нярав И.Эрхбат, Л.Баттөр, Т.Моломжамц бид нар УАЗ машинаар усанд явсан, усаа ачаад уул өөд өгсөөд явж байтал гэнэт машин унтрах шиг болоод ухраад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, санахгүй байна гэх /хх-ийн 29-30 тал/, ...надад ямар ч нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэх /хх-31 тал/ мэдүүлэг,
Гэрч Г.Моломжамцын өгсөн: ...Бид нар машинтайгаа усанд яваад уул өөд өгсөж явтал гэнэт машин ухраад уулын уруу хурдаараа явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...харин жолооч сайн байсан тулдаа бид нар бүгдээрээ эсэн мэнд гарлаа гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны
8 дугаар сарын 03-ны өдрийн 9814 тоот:
1. Хохирогч Л.Баттөрийн биед баруун, зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 35 тал/,
Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот:
1. Жолооч О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалт “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. 08-97 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангаж явсан эсэхийг тодорхойлох боломжгүй.
3. Уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч О.Сэргэлэнгийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 48 хуудас/,
Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №51 тоот:
Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямбаярын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 45 тоот:
Хэргийн газрын үзлэг хийсэн “Уг осол болсон гэх газар нь Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт ...гал түймэр гарч уулын ар нь нийтдээ шатаж утаа униар ихтэй, харгана чулуутай, огцом өгсүүр газар байх ба өгсүүр явсан автомашины шинээр гарсан шороон замтай, өгсүүр хэсэгт уг осол гарсан ...тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн хойд зүг харсан, хажуу талаараа онхолдсон байдалтай байв...” гэх тэмдэглэл /хх-6 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Уг тээврийн хэрэгсэл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ маркийн 08-97 БУЛ улсын дугаартай, бүхээгтэй бор ногоон өнгийн ачааны автомашин нь ...хэлбэр дүрсээ алдаж салхины шилнүүд хагарсан, ...жолооны хүрд хэвийн ажиллагаатай, хурдны хайрцаг нэгдүгээр шатлалтай, мост залгаатай, хүндрүүлэгч салгаатай, хянах самбар бүрэн бүтэн, гар болон хөл тормоз шалгах боломжгүй хөдөлгүүр асахгүй болсон байв” гэх тэмдэглэл /хх-11 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн б79 хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 639 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ, иргэний нэхэмжлэлийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.С “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн Устайн аманд цурамнаас гал алдагдан түймэр гарлаа гэх мэдээллийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид уг түймрийг унтраахаар ажиллаж байх үед шүүгдэгч О.С жолоодон уулын өөд ус зөөж явсан УАЗ маркийн 08-97 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч мултарсаны улмаас уулын уруу ухрах явцдаа онхолдож, түүнд зорчин явсан Хулст багийн Засаг дарга Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С гэм буруугийн талаар маргаж “осол болохын өмнө түймэр унтрааж байгаа хүмүүст 3-4 удаа уул руу усыг зөөж гарахад зүгээр байсан, ...хамгийн сүүлийн уул руу ус ачиж гаргахад уг осол гарсан. Дээшээ уул руу гарахын даваан дээр хүндрүүлэгч мултарч, гар тормозоо татаж, тоормоз гишгээд ч зөөлөн хөрстэй элсэрхэг, их өгсүүр өөд газар тоормозтойгоо гулсаж 2 удаа чанх арагшаа савж унасан. ...Тухайн үед машин бүрэн бүтэн, тоормоз эвдрэл гэмтэл байгаагүй. Сүүлийн уул руу гарахын даваан дээр хүндрүүлэгч гэнэт мултарч тоормоз гишгээд ч арагшаа гулссан. Машин үзлэг, оношлогоонд орсон тоормоз бүрэн, араа нь мултарч байгаагүй, газар орныхоо байдалтай холбогдож хүндрүүлэгч мултарсан. Өмнө нь манай машин зүгээр уул руу гарч байсан” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн “...гал түймэр гарч уулын ар нь нийтдээ шатаж утаа униар ихтэй, харгана чулуутай, огцом өгсүүр газар байх ба өгсүүр явсан автомашины шинээр гарсан шороон замтай, өгсүүр хэсэгт уг осол гарсан” гэх, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн “...жолооны хүрд хэвийн ажиллагаатай, хурдны хайрцаг нэгдүгээр шатлалтай, мост залгаатай, хүндрүүлэгч салгаатай, хянах самбар бүрэн бүтэн, гар болон хөл тормоз шалгах боломжгүй хөдөлгүүр асахгүй болсон байв” гэх тэмдэглэл, гэрч Ц.Эрхбатын “..бид нар түймэр гарч байгаа газарт очоод уул өөд хэд хэдэн удаа ус зөөсөн. Сүүлийн ус зөөлтөн дээр уул руу яг гарах гэж байхад машины хүндрүүлэгч “так” гэж дуугараад машин буцаж ухарсан. Тэгээд ухарч байгаад уначихсан” гэх, гэрч А.Ууганцэцэгийн өгсөн: “...Бид нар уул өөд явган гарч түймэр унтрааж байхад жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /ферме/-тай доороос ус ачиж яваа харагдсан...машин өнхөрөөд явчихлаа ш дээ гэхээр нь харахад шороо манараад машины бараа дөнгөж харагдаад алга болсон” гэх, гэрч Х.Санжаагийн “...жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /фермер/-тай доороос ус ачиж яваа харагдсан. Тэгснээ гэнэт ухраад бөөн шороо манараад явчихсан. Хүмүүс орилж хашгираад нөгөө машин маань хэд хэд өнхөрөөд доор очоод тогтчихсон, ...уул өөд өгсөж явсан. Их өндөр, өгсүүр газар байсан” гэх, гэрч Ж.Шижирбаатарын “...жолооч О.Сэргэлэн, нярав И.Эрхбат, Л.Баттөр, Т.Моломжамц бид нар УАЗ машинаар усанд явсан, усаа ачаад уул өөд өгсөөд явж байтал гэнэт машин унтрах шиг болоод ухраад явсан...” гэх, гэрч Г.Моломжамцын “...Бид нар машинтайгаа усанд яваад уул өөд өгсөж явтал гэнэт машин ухраад уулын уруу хурдаараа явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна...харин жолооч сайн байсан тулдаа бид нар бүгдээрээ эсэн мэнд гарлаа” гэх, шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хүндрүүлэгч мултрахад “так” гэх мэт их хэмжээний дуу гардаг” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж болон тухайн цаг хугацаанд болсон үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч хэргийн материалыг уншиж судлаад 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлтэд “08-97 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангаж явсан эсэхийг тодорхойлох боломжгүй”, жолооч О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь уг осол гарах шалтгаан болсон гэснийг хэрэгт цу гларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд эргэлзээтэй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснын дагуу прокурорын тогтоолоор шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №51 тоот дүгнэлтийг дахин гаргуулсан байна. Уг дүгнэлтэд “О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас уг осол гарсан байна” гэж ослын шалтгааныг тогтоожээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Болдбаатар дүгнэлтийг гаргахдаа тээврийн хэрэгслийг газар дээр нь очиж үзэх гэтэл тухайн тээврийн хэрэгслийг газар дээрээс нь хөдөлгөсөн, хугацаа их алдагдсан байсан учраас шинжээчид ярилцаад жолоочийн мэдүүлэг болон тухайн хэрэг гарах үед хамт байсан гэрч /хүмүүс/-ийн мэдүүлэг зэрэг хэргийн материалын хүрээнд санал нэгтэй гаргасан гэж тайлбарлаж байгаа нь шинжилгээний объект нэг байгаа тохиолдолд “Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн буюу жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй гэх дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ?” гэсэн оролцогчдын асуултад “тухайн тээврийн хэрэгсэл зогсоогүй гэх жолоочийн мэдүүлэг байсан” гэж, “хурдны хайрцагийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас уг осол гарсан байна гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ гэсэн асуултад “гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн, тухайн цаг үед уруудаж өгсөж байхад гэнэтийн тохиолдлоор эвдрэл гарсан байх боломжтой, энэ тохиолдолд таарах тодорхой заалт байхгүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн маш олон заалт уншиж үзсэн ба уг заалтанд тохируулж, уг заалтыг хэрэглэсэн” гэж, өөрөөр хэлбэл “дүгнэлтээ замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталж гарга гэсэн учраас бид дээрхи заалтад тохируулж гаргасан” гэж мэдүүлж байгаагаас үзэхэд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай байна.
Түүнчлэн шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “өгсүүр, өөд газар тээврийн хэрэгслийн хүндрүүлэгч мултарахад гар тоормоз татаж, тоормоз гишгэхээс өөр ямар нэгэн байдлаар зогсоох ямар ч боломж байхгүй, боломжгүй”, “хөрснөөс шалтгаалж нойтон гулсалттай, их чийгтэй тохиолдолд дугуй барьцалдахгүй тухайн тээврийн хэрэгсэл зогсохгүй гулсаж явна” гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч О.Сэргэлэнгийн шаардлагатай бүх арга хэмжээг авсан боловч тухайн замын нөхцөл байдлаас болж зогсоогүй гэх мэдүүлгийг үгүйсгээгүй, түүнчлэн шинжээчийн “гар тоормоз татаж, тоормоз гишгэсэн тохиолдолд тоормозны мөр гарна, тус тусдаа мөр гарахгүй нэг мөр гарна” гэх мэдүүлгээс үзэхэд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тоормозны мөр байсан эсэх талаар огт дурдаагүй, тээврийн хэрэгслэлд үзлэг хийсэн тэмдэглэлд гар болон хөл тоормоз шалгах боломжгүй хөдөлгүүр асахгүй болсон байв” гэсэн нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг бодитой тогтоосон эсэх нь мөн эргэлзээтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрхи нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч О.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч О.С холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч О.С цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар эд зүйл, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 4685000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин энэ хэрэгтэй хамтатган ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон хохирогч Л.Баттөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2119265 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин 3733899 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу олгох нөхөн төлбөр 4356215 төгрөг, өмгөөллийн хөлсний 800000 төгрөг, нийт 11009379 төгрөгийг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн 66 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараас дүгнэлт хийхэд 08-97 БУА улсын дугаартай, УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болон эзэмшигч нь Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газар болох нь тогтоогдож байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад эмчилгээний зардалд хэргийн 113-124 талд авагдсан 23 ширхэг нотлох баримтаар 1212330 төгрөг, хэргийн 221-224 дүгээр талуудад авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтын хүрээнд /30000₮, 32500₮, 40000₮, 7400₮, 74008₮, 80000₮, 235200₮, 84397₮/ 583505 төгрөг буюу нийт 1795835 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байх ба Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газар нь Аймгийн онцгой комиссын даргад хүсэлт гаргаж Гамшигаас хамгаалах сангаас 3000000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Баттөрд олгосон байх тул дээрхи хохирлыг төлөгдсөн гэж үзэж, тухайн хэрэгт хамааралгүй /хоолны үнэ 17800₮, 17500₮, 25380₮, барааны үнэ 26000₮/ болон нотлох баримтын шаардлага хангаагүй /зочид буудлын төлбөр 135000₮ гэх мэт/ гэх үндэслэлээр 323430 төгрөгийг, түүнчлэн эрх зүйн туслалцаа авах гэрээний үнэ буюу өмгөөллийн зардлын 800000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгов.
Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3733899 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь хохирогч Л.Баттөр уг ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авч 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Үйлдвэрлэлийн ослын акт” тогтоолгон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас 100 хувиар тооцон /2017.10.03-ны өдөр 158215₮, 2017.11.29-ний өдөр 573549₮, 2017.12.21-ний өдөр 1054976₮, 2017.02.09-ний өдөр 659360₮, 2017.04.04-ний өдөр 1615432₮/ нийт 4061532 төгрөгийг авсан нь иргэний хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байх тул ажиллаагүй үеийн цалин хөлсийг давхардуулан олгох үндэслэлгүй байна.
Нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт” болон 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 6 сарын хугацаагаар тогтоосон “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” /хх-228-229 тал/, Гурванбулаг сумын “Хулст” багийн Засаг даргаар авч ажиллуулсан тухай тэмдэглэл бүхий “Нийгмийн даатгалын дэвтэр”-ийн хуулбар /хх-225 тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ...31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын, ... цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасны дагуу /дундаж цалин болох 622316₮х7 сар/ нийт 4356212 төгрөгийг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, хохирогчид олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.С холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Энэ хэрэгт шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 4685000 /дөрвөн сая зургаан зуун наян таван мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг тус тус дурдсугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас 4356212 /дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж хохирогч Л.Баттөрд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу эмчилгээний зардлын 323430 /гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг, эрх зүйн туслалцаа авах гэрээний үнэ буюу өмгөөллийн зардлын 800000 /найман зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны цалин 3733899 /гурван сая долоон зуун гучин гурван мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Баттөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч О.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД