Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 79

 

 

2024     09        10                                             2024/ДШМ/79

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Очирбат, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 26ы өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436000000153 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******ын Өлзийбаяр, 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт ******* аймгийн ******* ******* ******* багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн Жаргалант ******* Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сонголт" худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч *******ы гэрт нууцаар нэвтрэн орж "Asics" брэндийн 1 хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч хохирогчид 144'000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.******* аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч ******* ******* ******* *******ын Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

4.4 Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Хэргийн хамт ирсэн дуу-дүрсний бичлэг бүхий нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор “эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1-д Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно. 2-д гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана, 2-д гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргана, 3-д гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно гэж тус тус заажээ.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж зааж өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас шүүгдэгч *******ын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж заримыг нь хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, 18 настай ******* хэдэн настай хүний сэтгэхүйтэй байгаа талаарх сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан байна гэж бопож байна. Уг ажиллагаануудыг хийсний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байжээ. Анхан шатны шүүх рүү буцаалгаж, дээр дурдсан ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг учрал 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гараад, шүүгдэгчид 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр солиорлын хам шинж, олон шинж дутмагшилтай гэх F23 гэх онош тавигдсан. Шүүгдэгчийн хувьд хий юм хардаг, солиорол явагддаг бөгөөд солиорлынхоо улмаас айлд ороод ах, дүү, хамаатан садан чинь байна гэж хэлээд гарахдаа пүүз аваад гарсан үйлдэл харагддаг. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар өөрийнхөө үйлдлийг мэдэх боломжтой, санаатай гэмт хэрэг үү, эсхүл солиорлынхоо шатанд гэмт хэрэг үйлдсэн үү гэдгийг тогтоох боломжтой. Бид нарын зүгээс дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулсан үндэслэлийн хувьд шүүгдэгчээс 10-15 минутын хугацаанд ярилцлага хийж, баримтжуулаад хэрэг хариуцах чадвартай гэдэг байдлаар дүгнэлт гаргаад байсан. Шүүгдэгчийн F23 гэх оноштой хүний баримтыг дутуу харсан уу, эсхүл солиорлын шатандаа гэмт хэрэг үйлдээд явж байсан байж болзошгүй байхад хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гаргасан н.Хосбаяр эмчийг ойлгоогүй. Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр бүх зүйлээ санахгүй байсан. Мөн хэргийн талаар үйл баримтаа мэдэж ярьдаггүй бөгөөд өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн үйл баримтын талаар санахгүй байна. Миний хувьд шүүгдэгчтэй ойлголцож чадахгүй байсан учраас арга ядаад адилхан эрэгтэй хүн гэдгээр нь Н.Очирбат өмгөөлөгчийг оролцуулсан боловч ойлголцож чадаагүй. Бид нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар сэтгэцийн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа талаар хүсэлтээ гаргасан боловч анхан шатны шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад шүүгдэгчийн сэтгэхүйн насыг тогтоох байдлаар ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй. Мөн шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тогтоосон дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д сэтгэцийн өвчтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь бүрэн хөгжөөгүйн улмаас үйлдэл холбогдлыг ойлгож чадахгүй байвал дүгнэлт гаргуулах зохицуулалттай. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн байдал, сэтгэцийн дүгнэлт гаргуулах эсэх, сэтгэхүйн насыг тогтоох эсэхтэй холбоотой асуудлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтүүдийг хийж чадсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зохих журмын дагуу хэрэглэсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байгаа тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

4. ******* аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******ыг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн Жаргалант ******* Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонголт худалдааны төвийн гурван давхарт байрлах хохирогч  *******ы гэрт нууцаар нэвтрэн орж “Asics” брендийн 1 хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар авч хохирогчид 144,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь  нотлогдсон гэж дүгнэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн байна.

5. Шүүгдэгч ******* нь хохирогч  *******ы гэрт нууцаар нэвтрэн орж “Asics” брендийн 1 хос пүүзийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

6. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “... ******* нь шизофренийн шинж тэмдэггүй олон хэлбэрт цочмог солиоролт гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэх, хэдэн настай хүний хэмжээнд сэтгэх чадвартай  байгаа талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

6.1  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд дээрх 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдсон хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг хуульд тусгайлан хуульчилсан.

6.2 Дээрх зохицуулалтад хамаарах 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх сэтгэцийн дүгнэлтэд ******* нь Сэтгэцийн /одоогоор/ ямар нэгэн өвчин байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн,

уг дүгнэлтийг гаргасан сэтгэцийн болон мэдрэлийн их эмч нар нь дүгнэлт гаргахдаа *******ыг биечлэн үзэж, түүнээс амьдралын түүх, болсон явдлын талаар, цаг хугацаа, орон зайн баримжааг тодруулах зорилгоор өөрөөс нь тодорхой асуултуудын дагуу асуумж авахад түүний хариулсан байдал,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд,

- мөн 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Баярсайханы гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний маргааш өдөр буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлэх үед нээсэн өвчний түүх дэх эмчлүүлэгчийн анамнез, сэтгэцийн үзлэгийн тэмдэглэл, клиникийн оношийн үндэслэл, асуултад хариулсан байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадваргүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

6.3 Өөрөөр хэлбэл  шүүгдэгч *******ыг 18 насанд хүрсэн ба насанд хүрсэн хүний оюун ухаан, сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй харьцуулахад өөрийн үйлдлийн нийгмийн аюулын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгох хэмжээнд хөгжөөгүй,  оюун ухааны хөгжлийн хувьд өсвөр насны хүнд тооцох нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                    ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ