| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0080/Э |
| Дугаар | 00084 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 00084
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч, хохирогч Н.Н , Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н , Ц.Н нарт холбогдох эрүүгийн 1815001160082 дугаартай, 163/2018/0080/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, Булган аймгийн Булган суманд оршин суух, У овогт Ц.Н
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёлын төвд галч ажилтай ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт Н.Н
Холбогдсон хэргийн талаар:
Н.Н , Ц.Н нар нь /яллах дүгнэлтээр/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Н өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Нэргүйбаатарын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлоо нэхэмжилнэ. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
1815001160082 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч У.Н өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 6-нд Өлзийхутаг гэх хамаатныхаа ахын гэрээр орсон чинь Н.Н , Ө, А нар архи уугаад байж байсан. Ингээд тэнд хэсэг сууж юмнаас нь уулцсан. Ингээд тэр хэдийг хамтдаа манайд очих уу гээд манайд очиж бас дахин нэг шил архи гаргаж уусан. Энэ явцад Өлзийхутагтай “та яагаад ээж дээр ирж золгож болдоггүй юм гэж хэлэхэд” чи ч гэсэн ах дээрээ ирж золгодоггүй юм уу гээд үг хаяаж байсан чинь Н.Н хажуунаас орж ирээд “чи ах дээрээ очиж золгох ёстой” биз дээ гэхээр нь “чамд хамаагүй” хамаатан хүмүүс хоорондоо яриж байна гээд маргалдсан. Улмаар Н.Н д хандан “чи зүгээр айлд ууж чадахгүй юм бол зайл, яв чи” гэж хэлсэн. Ингээд бид 2-ыг муудалцахаар А ах Н.Н г дагуулаад гэрээс гарсан. Ингээд Өлзийхутаг ахтай юм яриад байж байтал араас цохиод авсан. Энэ үед Өлзийхутаг ах Н.Н г барьж авч надаас салгасан. Н.Н руу хартал гартаа 50 см орчим урттай 5 см өргөнтэй цул төмөр бариад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс гарт нь байгаа төмрийг нь булааж авах гэж Н.Н тай ноцолдож ганц нэг удаа цохилцсон. Үүнээс хойш нээх юм санахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/,
Хохирогч Н.Н н өгсөн:...Ц.Н Ө манай ээж, аавтай ирж золгоогүй энэ тэр гээд маргаад байх шиг байсан...,тэгэхээр нь би “чи ч гэсэн ахдаа золгох ёстой” юм байгаа биз дээ гэхэд чамд хамаагүй гээд маргалдсан. Ингээд миний хамар луу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь гадаа бие засаад зогсож байтал хөлд 50 см орчим урт бөөрөнхий төмөр таарахаар нь түүнийг авч гэрт нь орсон чинь цаашаа хараад сууж байхаар нь толгой руу нь нэг удаа цохиод авсан чинь босч ирээд намайг зөрүүлээд нэг удаа цохиж авсан. Улмаар орон дээр дарж байгаад дээрээс гараараа нүүр лүү цохиж аваад байсан. Улмаар бид хоёрыг Өлзийхутаг салгаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч С.Ө өгсөн:...Ц.Н урд тал нь сандал дээр суучихсан, Н.Н ар талд нь орон дээр сууж байснаа араас нь толгой руу нь төмрөөр нэг л удаа цохиж авсан байх..., Нэргүйбаатар, Н.Н хоёр бие бие рүүгээ үсчээд байсан. Н.Н г хэн нэгэн хүн цохиж авсан бол Ц.Н л цохиж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Гэрч Л. А өгсөн:...би шээж дуусаад араас нь ороход Нэргүйбаатарын толгой, Н.Н нүүр ам хүртэл цус болчихсон Өлзийхутаг голд нь ороод салгаад зогсож байсан..., Нэргүйбаатарын хөл нь доголсон, толгой нь хагарсан байсан..., маргааш нь билүү нөгөөдөр нь Н.Н тай уулзсан чинь нүүр ам нь хөхөрчихсөн нүдний шилтэй явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 86 тоот дүгнэлтээр: 1. Нэргүйбаатарын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 85 тоот дүгнэлтээр: 1. Н.Н н биед хамрын таславчний мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хамрын таславчний мурийлт гэмтэл нь эдгэсэн, хуучин гэмтэл тул, хуучин гэмтэл дээр цаг хугацаа тогтоох боломжгүй байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 58 хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 39-56 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69,77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Яллагдагчаар өгсөн: Н.Н н Би Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суудаг. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн найз Аюурзана, Өлзийхутаг нарын хамтаар Өлзийхутагийн гэрт нь очиж сар шинэ хийгээд хоол идэж, 2 шил 0,75 граммын Соёрхол нэртэй архи хуваан уусан юм. Ингээд байж байтал гаднаас Ц.Н орж ирээд сүүлийн архинаас уулцаж байгаад манайд очиж ганц шил архи уух уу гэхээр нь бид зөвшөөрч Нэргүйбаатарын гэрт очсон. Ц.Н нь 0,75 граммын Соёрхол гэх архи гаргаж ирсэн бөгөөд бид хэд бүгд л адилхан тэр үед архинаас ууцгаасан юм. Энэ үед Өлзийхутагтай Ц.Н нь сар шинэ болж байх үед та яагаад манай ээж дээр ирж золгодоггүй юм гээд маргалдаад байсан. Өлзийхутаг хариуд нь чи чинь миний дүү юм байгаа биз дээ, чи өөрөө надтай ирж золгодоггүй юм уу гээд маргалдаад байхаар нь би тэр хоёрын дундуур нь орж чи ч гэсэн ах дээрээ очиж золгож болно биз дээ гэж Н хандан хэлэхэд “чамд ямар хамаатай юм, пизда чинь, чи гарч зайль” гэж хэлээд намайг нэг удаа хамар луу цохиод авсан. Тэр үед хамраас цус гараад гэрээс гарч бие засаад, цусаа цэвэрлээд зогсож байтал миний хөлд дугуй хэлбэртэй 40 см орчим урттай төмөр таарахаар нь нь түүнийг аваад гэрт буцан ороод Нэргүйбаатарыг сандал дээр цаашаа хараад сууж байхаар нь араас нь толгой руу нь нэг удаа цохиж авсан. Энэ үед Ц.Н босч ирээд надтай барьцалдаад авсан. Нүүр лүү цохиж аваад орон дээр унагаасан. Дээрээс дараад гараараа нүүр, хамар зэрэг газарт 5-6 удаа цохиж авсан. Энэ үед Өлзийхутаг бид хоёрыг салгах гэж оролдсоор байсан. Ингээд би гэрээс гарч ганцаараа гэр лүүгээ явган явж харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,
Яллагдагчаар Ц.Н өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 6-нд Өлзийхутаг гэх хамаатныхаа ахын гэрээр орсон чинь Н.Н , Өлзийхутаг, Аюурзана нар архи уугаад байж байсан. Ингээд тэнд хэсэг сууж юмнаас нь уулцсан. Ингээд тэр хэдийг хамтдаа манайд очих уу гээд манайд очиж бас дахин нэг шил архи гаргаж уусан. Энэ явцад Өлзийхутагтай “та яагаад ээж дээр ирж золгож болдоггүй юм гэж хэлэхэд” чи ч гэсэн ах дээрээ ирж золгодоггүй юм уу гээд үг хаяаж байсан чинь Н.Н хажуунаас орж ирээд “чи ах дээрээ очиж золгох ёстой” биз дээ гэхээр нь “чамд хамаагүй” ах дүү нар хоорондоо юм ярьж байна, чи одоо яв, зайль гэж хэлээд маргалдсан..., А ах Н.Н д хандан та хоёр маргалдаад байх юм би чамайг гэрт чинь хүргээд өгий гэж хэлээд дагуулаад гарсан..., удалгүй сандал дээр хойшоо хараад Өлзийхутаг ахтай юм яриад сууж байтал толгой руу хүнд юмаар цохиод авсан энэ үед би сөхрөөд унасан. Ахиад дээшээ өндийсан нь чинь дахиад нэг цохиж авсан. Газар мөлхөөд хана түшээд босч ирэх үед Өлзийхутаг ах Н.Н г хориод зогсож байсан. Энэ үед миний ухаан орж Н.Н г хартал гартаа 60-70 см орчим урттай бөөрөнхий хасуур хийж байсан цул төмөр гартаа бариад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс гартаа барьсан төмөрийг нь булааж авах гээд цохиод авсан минь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/,
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н , Ц.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багийн нутагт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Н , Ц.Н нарт холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Н , Ц.Н нарыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардалд 15800 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтаа хэрэгт ирүүлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н эмчилгээний болон шатахууны зардал 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан болон “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн 725.000 төгрөг, толгойн тор 1500 төгрөг, эмийн үнэ 3900 төгрөг, шатахууны үнэ 40.000 төгрөг, эмийн үнэ 3500 төгрөг, эмийн үнэ 1200 төгрөг, эмийн 3500 төгрөг, эмийн үнэ 31589 төгрөг, эмийн үнэ 2000 төгрөг, Витамин С эмийн үнэ 1404 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгийн эмчилгээний төлбөр 15000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгийн эмчилгээний төлбөр 62500 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгийн эмчилгээний төлбөр 50000 төгрөг, толгойн тор 1500 төгрөг, шархны боолт 10000 төгрөг, шатахууны үнэ 20000 төгрөг, эмийн үнэ 6800 төгрөг, шатахууны үнэ 10000 төгрөг, шатахууны үнэ 50000 төгрөг, шатахууны үнэ 20000 төгрөг, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эмчилгээний төлбөр 15000 төгрөг, Байдраг Гурван сайхан ХХК-ний эмийн үнэ 43900 төгрөг, Монос эмийн сан толгойн боолт 500 төгрөг, Дуб ХХК толгойн зураг авах 120000 төгрөг, МТ шатахууны үнэ 10000 төгрөг, Цаа-Од эмийн сан толгойн тор 1500*2=3000 төгрөг, Сод монгол шатахууны үнэ 10000 төгрөг, Монос эмийн сан эмийн үнэ 2831 төгрөг, БЭРИШ фарм эмийн үнэ 12480 төгрөг, ЭМЖЖ эмийн сан эмийн үнэ 12000 төгрөг, Монос эмийн сан эмийн үнэ 31440 төгрөг, Цаа-Од Алтанзул салбар эмийн сан эмийн үнэ 1500 төгрөг нийт 1.322.044 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Н.Н гаас гаргуулж хохирогч Ц.Нэргүйбаатарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Н , Ц.Н нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Н гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ц.Н, Б овогт Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.Н 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Н.Н нарыг нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Н.Н , Ц.Н нар ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Н , Ц.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч нар гомдол саналгүй, хохирогч Н.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Н гаас 1.322.044 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгторшин суух хохирогч У овгийн Ц.Нт олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н , Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН