| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2025/0049/з |
| Дугаар | 119/ШШ2026/0043 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 119/ШШ2026/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, шүүгч Д.Сарангэрэл, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **
Гуравдагч этгээд: “**” ХХК /гүйцэтгэх захирал **/
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10682 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “**” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа
- “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10682 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10682 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг тус тус мэдэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг,
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгох гэж тус тус тодруулсан болно.
2. “**” ХХК-ийн Монгол Улсын Сангийн яаманд гаргасан гомдлыг Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж зааснаар буцаасан тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102714 дугаар бүхий “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтын Багц 1, Багц 2-т оролцсон.
Улмаар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9849 тоот албан бичгээр багц 1-т оролцсон манай тендерийн саналаас ТБОНӨХБАҮХАтХ-н 26.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзаж, Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бид Сангийн яаманд хандан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/114 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамнаас хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/8833 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.10.2-т заасан үндэслэлээр гомдлыг хангаж, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
Улмаар, үнэлгээний хороо үнэлгээг дахин хийж, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 тоот албан бичгээр Багц 1-т оролцсон манай тендерийн саналаас ТБОНӨХБАҮХАтХ-н 26.4-т заасан үндэслэлээр татгалзаж,
Багц 2-т оролцсон манай тендерийн саналаас ТБОНӨХБАҮХАтХ-н 27.5 дахь хэсэгт зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Дээрх шийдвэрийг бид эс зөвшөөрч дахин Сангийн яаманд хандан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/127 тоот албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яамнаас Багц 1-т гаргасан гомдлыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/9554 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.1-т заасан үндэслэлээр буцааж,
Багц 2-т гаргасан гомдлын хариуг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.10.2-т заасан үндэслэлээр хангаж, дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн.
Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 тоот албан бичгээр манай компанид хандан 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-2/10683 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохоо мэдэгдсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 тоот албан бичгийг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд дээд шатны захиргааны байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/10218 тоот албан бичгээр ТБОНӨХБАҮХАтХ-н 59.5 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага .... эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу манай компанийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/137 тоот гомдлыг буцаасан. Тиймээс
1. Сангийн яамны 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 02/9779 тоот албан бичгээр шаардлага хангахгүй тендер болохыг нь тогтоосон этгээдийг дахин шалгаруулсан,
2. Нэхэмжлэгч компанийн ТБОНӨХБАҮХАтХ-д заасан тендер шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, шаардлага хангасан тендер ирүүлсэн этгээдийн хувьд тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа боллоо.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендертэй холбоотой нэхэмжлэл гаргасан байгаа. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний дагуу бид нэхэмжлэлээ дахин шинэчлэн найруулж өгсөн байгаа. 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын манай компани гомдол гаргасан. Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүнийг нь дахин үнэл гэдэг шийдвэр гаргасан. “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгаруулсан. ГОСТ болон ТУ гэсэн стандартыг нэгэн зэрэг хангаагүй байхад “**” ХХК болон Азтай гариг түншлэлийг шалгаруулсан байна гэдгээр нь Сангийн яам манай гомдлыг хангаж шийдвэрлэсэн байх. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээсэн байгаа. Энэ хоёр шийдвэрт манай компани гомдол гаргасан байгаа.” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо “Төрөл бүрийн гагнуурын электрод”-ын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 минутад цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн.
Тус тендер шалгаруулалтад Багц-1-т 3 (гурав) компани, Багц-2-т 7 (долоо) компани тендер ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь Багц-2 тендер шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 01, 09 дүгээр сарын 4-ний өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу ирүүлсэн тендерийг хянан үзэж Багц-2-т “**” ХХК-ний ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үзэж зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн тул Захиалагчаас тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн.
Гэвч тендерт оролцогчдоос уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9779 дугаар албан бичгээр “**” ХХК-ийн гомдлын заримыг үндэслэлгүй гэж үзсэн.
Харин Сангийн яам “**“ ХХК-ийн тендерийг хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргаагүй ба дараах асуудлыг нягтлан үзэхийг үйлдвэрийн газарт даалгасан. Үүнд:
-Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй болон AWS стандартад дүйцэх эсэхийг нягтлан үзэх,
-Үйлдвэрлэгч “**” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС RU.HE06.HO8556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх.
Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар хурлаар Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерт шалгарсан компанийн ирүүлсэн тендерийг дахин нягтлан үзэж үйлдвэрийн газрын баталсан техникийн тодорхойлолтод заасан стандарт бүхий барааг “**” ХХК нь санал болгосон тул захиалагчид зөвлөмж хүргүүлж, Захиалагчаас “**” ХХК-нд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай албан бичиг, “**” ХХК-д М-ДБ-112-12/11198 дугаартай албан бичгүүдийг илгээсэн.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу
-чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан, (Хуулийн 26.4.1-т заасан шаардлага)
-техникийн тодорхойлолт дахь стандартыг санал болгон ирүүлсэн (Хуулийн 26.4.2-т заасан шаардлага)
-захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн (Хуулийн 26.4.3-т заасан шаардлага)
-тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан (Хуулийн 26.4.4-т заасан шаардлага) тендерүүдийг шалгаруулж, өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн “**” ХХК-ийг “Хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж Үнэлгээний хороо үзэж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл хууль заасан шаардлагыг бүрэн хангасан, харьцуулах бага үнийн саналыг ирүүлсэн тендерт оролцогчийн шалгаруулсан тул Үнэлгээний хорооны шийдвэр, Захиалагчийн мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
2. Захиалагчийн баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 тендер шалгаруулалтын баримт бичгийн Багц-2-ын барааны техникийн үзүүлэлт хүснэгтийн 2 дахь дэс дугаарт тавигдсан шаардлагын нийлүүлэх бараанд тавигдах нэг үзүүлэлт Стандарт байсан ба тендерт оролцогчийн нийлүүлэх бараанд тавигдах стандартын төрлүүдийг тусгасан. (Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр стандарттай холбоотой тайлбар хүргүүлсэн болно.)
Тендерт шалгарсан “**” ХХК-ийн тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерийн 41 дэх талд тус компани нь захиалагчийн баталсан стандартыг санал болгож, тохирлын гэрчилгээг ирүүлсэн.
Иймд захиалагчийн баталсан техникийн тодорхойлолтод дурдсан ОХУ-ын стандарт бүхий барааг санал болгож, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан тендерээс Үнэлгээний хороо татгалзах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээ байгуулах эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
3. Үйлдвэрийн газрын захиалагчаас “**” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дүгээр мэдэгдэл нь тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн
Шийдвэрлэсэн хэсгийг үндэслэсэн, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэлд дурдсан асуудлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шийдвэрлээгүй, харин тендерийн Үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй.
Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “хүчингүй болгох” нэхэмжлэлийн зүйл болохгүй, улмаар хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр тендер шалгаруулалтад хоёрт эрэмбэлэгдсэн тендерт оролцогчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичгүүдийг захиргааны акт гэж үзэн хууль бус болохыг тогтоох боломжгүй, захиалагчийн шаардсан стандартыг санал болгосон тендер оролцогчийг огт шаардлага хангаагүй стандарт ирүүлснээр дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т заасан худалдан авах ажиллагаанд шударга, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Төрөл бүрийн гагнуурын электрод шалгаруулах тендер нь 2 багцтай зохион байгуулагдсан. 2-р багц дээр “**” ХХК шаардлага гаргаж байгаа. Эхний буюу 1-р багц дээр маргаан байхгүй гэж ойлгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Гэвч 1-р багцын асуудлыг нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээд байдаг учраас үүнийг тодотгож тайлбарлаж байгаа юм.
2-р багцад 7 компани оролцсоноос 5 компани шаардлагад нийцээгүй, “**” ХХК болон “**” ХХК гэсэн 2 компани шалгарсан. Шаардлагад нийцэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын байгуулсан Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзсэн. Ингэхдээ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 26.4.3, 26.4.4 гэсэн 4 шаардлагыг авч үзсэн. 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж байна. Техникийн тодорхойлолт дотроо нэлээд олон асуудлыг тусгасан байдаг. Хуулийн 12 дугаар зүйлд техникийн тодорхойлолтын томьёоллыг хуульчилсан байдаг. 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэсэн байна. Техникийн тодорхойлолтын зөвхөн нэг үзүүлэлт нь стандарт байгаа. Хуулийн 26.4.3-т “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэсэн. Энэ 4 шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж хуулийн 26.9-д заасан. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн техникийн тодорхойлолтод байгаа ганцхан үзүүлэлт болох стандартад заасан хэд хэдэн стандартыг зэрэг хангасан байх ёстой гэж тайлбарладаг. Гэтэл мөн хуулийн 26.4-т зааснаар энэ 4 шаардлагыг Үнэлгээний хороо шаардлага нэг бүрээр нь ирүүлсэн тендерийг хянан үзээд үнэлэх ажиллагаа хийнэ гэж заасны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хянан үзэж 7 компаниас 2 компанийг шаардлагад нийцсэн гэж үзсэн. Улмаар хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-тай гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага зөвхөн техникийн тодорхойлолтод тавигдсан стандартыг нэгэн зэрэг хангах ёстой гэдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа товчхон тайлбарласан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагадаа 2 үндэслэл дурдсан байдаг. Нэгдүгээрт 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9779 тоот албан бичгээр шаардлага хангахгүй тендер болохыг Сангийн яам тогтоосон этгээдийг дахин шалгаруулсан гэж дурдсан. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер шалгаруулалтад шударгаар өрсөлдөж шаардлага хангасан тендер ирүүлсэн этгээдийн хувьд тендер шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгохыг зөрчсөн хууль бус үйлдэл боллоо гэж ерөнхийлж бичсэн байна. Нэгдүгээр үндэслэлийн хувьд Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай албан бичгээр тухайн Сангийн яаманд гаргасан гомдлын хүрээнд захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Нийт 4 шаардлага гаргасны эхний 2 дээр захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Сүүлийн 2 дээр энэ үзүүлэлтүүдийг дахин хянаж үз гэсэн. Өөрөөр хэлбэл манай Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийн Сангийн яам үндэслэлгүй гэж үзээгүй, тендерийн дахин хянаж үзээч гэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Сангийн яам тогтоосон гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 02/9779 дугаартай албан бичгийг судлахад тодорхой болох юм. Сангийн яамны шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг шаардлага болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын М-ДБ-112-12/10682 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гуравдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11-д “Үнэлгээний хороо тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар захиалагчаас бусад этгээдтэй харилцахыг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо шийдвэр гаргахад шийдвэрийг захиалагч бусад компаниудад мэдэгдлийн шинж чанартай хүргүүлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдэгдлүүд нь захиргааны актын шинжийг агуулахгүй. Иймд захиргааны актыг хүчингүй болгох, хууль бус болохыг тогтоолгох үндэслэлгүй юм. Үнэлгээний хорооны шийдвэрүүдийн хувьд хуульд заасан үе шаттай ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталсан шийдвэр байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Тендерийн баталгааны асуудал бас яригдана. “**” ХХК тендерийн баталгаа цуцлуулах хүсэлтээ 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргаад 12 цаг 21 минутад тендерийн баталгааг цуцлах хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журмын 2.7.1-д захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баталгааг цуцлуулах хүсэлт гаргахаар заасан байдаг. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баталгаагаа цуцлуулах хүсэлт гаргасан нь баримтаар нотлогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Стандарттай холбоотой баримтыг манайхаас гаргаж өгсөн. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичиг нар оролцож байгаа бөгөөд яаж энэ стандартыг тусгаж өгсөн, ямар эх сурвалж ашигласан талаар тайлбар хэлнэ.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ худалдан авалтыг 3-4 жилийн өмнөөс цахим хэлбэрээр ажиллуулж эхэлсэн. Гагнуурын электродтой холбоотой ямар стандарт тавих ёстой, ямар байдлаар тендерт оролцогч нар бүрэн хангах ёстой вэ гэдэг талаар анх үүсгэсэн хүмүүстэй нь холбогдсон. Бид электродыг сүүлийн 30-40 жилийн хугацаанд дандаа ОХУ-аас авдаг. Энэ стандартыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 90 гаруй хувь нь хэрэглэж байгаа учраас энэ стандартыг тавиад ард нь дүйцэхүйц гэж дандаа оруулж байгаа. Өрсөлдөөнийг хязгаарлахгүйн үүднээс БНХАУ, АНУ орох боломжтой бол стандартыг нь бид сонголттойгоор өгсөн. Стандарт болгоны ард дандаа дүйцэхүйц гэдэг үг оруулж өгсөн. Нэхэмжлэгч тал тендер зарлаж байх хугацаанд аль стандартыг барих талаараа биднээс тодруулга авч болох байсан. Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд бид 3 хуудас тайлбар хүргүүлсэн. Энэ тайлбартаа ОХУ-ын ГОСТ стандартыг линкээр нь орж шалгаж болохоор оруулж өгсөн байгаа. Үүнийг бас харсан байх. Мөн “Монгол улсад хэрэглэгддэг гагнуурын электродын утас, хэрэглээ” гэдэг номыг бас авч ирсэн байна. Жишээ нь энэ 422 гэдэг электрод Хятад, Орос, Олон улсын, Европын стандартаар ийм ийм байна гэж заасан байгаа. Оролцогчийн оролцох эрхэд сонголт өгсөн байгаа. 4-5 стандартуудыг нэг зэрэг хангана гэж байхгүй учраас сонголттойгоор тавьсан байхад нэхэмжлэгч тал заавал бүгдийг нь хангасан байна гэсэн шаардлага тавиад байдаг. Энэ байдлаар цаашид ажил хийх боломжгүй, удаашруулах, хаацайлах жишиг цааш явчих вий гэж хардаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүхий л худалдан авах ажиллагаанд хуулийн дагуу оролцох эрх тэгш боломжоор хангаж өгөөд байхад нэхэмжлэгч өөр өнцгөөс харах байдал гаргаж байна. Иргэдийн төлөөлөгч болон та бүхэн бас энэ ном, линкийг үзэж болно. Бид сүүлд худалдан авалтаар Оросын холбооны улсын электрод авсан нь чанарын дүн шинжилгээгээр бүгд таарсан. Итгэмжлэгдсэн байгууллагаас чанарын дүгнэлт акт гаргасан байгаа.” гэв.
8. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.... Дээрх нэхэмжлэлтэй холбогдуулан манай компанийг гуравдагч этгээдээр тогтоосон баримт хэргийн материалд байхгүй байна.
Мөн дээрх нэхэмжлэлд дурдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын талаар 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын М-ДБ-112-12/10682, М-ДБ-112-12/10683, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197, М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэлэлцээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6.4-т "...нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй албан бичгүүд (хожим уг албан бичгүүдийн дагуу захиалагч, гуравдагч этгээд нарын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу бараа нийлүүлэгдэж, гэрээг дүгнэсэн) нь хэрэгжээд дууссантай холбогдуулан нэхэмжлэгч дан ганц тухайн албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч захиалагч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээ, маргаж буй албан бичгүүдээс салгаж үл болох үнэлгээний хорооны шийдвэрүүдтэй холбогдуулан шаардлага гаргаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд “онцгой ашиг сонирхол” хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэж дүгнэсэн.
Гэтэл нэхэмжлэгч шинээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх асуудлыг тодорхой болгоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн чухам ямар “онцгой ашиг сонирхол” зөрчигдсөн нь тодорхойгүй хэвээр байна.
Хэрэгт авагдсан материалаар Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт хуралдаж 02 дугаартай тэмдэглэл хөтлөн хурлын шийдвэрээ гаргажээ.
Тус хурал 86 хувийн ирцтэйгээр явагдаж, “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Багц 2-д шаардлагад нийцсэн материал ирүүлсэн “**” ХХК-ийг DDР-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.746.000.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэсэн шийдвэр гаргажээ.
Хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэнээр Багц-2 тендер сонгон шалгаруулалтад оролцсон 7 аж ахуйн нэгжээс “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК-иудын тендерийн материал шаардлагад нийцсэн гэж дүгнээд “...хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох саналыг захиалагчид хүргүүлье” гэсэн санал дээр санал хурааж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Өөрөөр хэлбэл, Багц-2 тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон 7 аж ахуйн нэгжээс шаардлага хангасан тендерийн материал ирүүлсэн “**” ХХК 1.746.000.000.00 төгрөгний, “**” ХХК 2.518.980.800.00 төгрөгний, "**” ХХК 2.482.700.000.00 төгрөгний үнийн санал ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар үнэлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлснээр тооцож, шийдвэр гаргасан.
Манай компани нь “**” ХХК-ний ирүүлсэн үнийн саналаас 772.980.000.00 төгрөгөөр буюу 30.6 хувиар, “**” ХХК-ний ирүүлсэн үнийн саналаас 736.700.000.00 төгрөгөөр буюу 29.6 хувиар тус тус бага үнийн санал хүргүүлсэн байгаа юм.
“**" ХХК-аас үнэлгээний хорооны Багц-1-д гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 01/114 дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 02/8833 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн.
Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, 05 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна.
Тус хурал гишүүдийн 86 хувийн ирцтэйгээр хуралдаж “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Багц-2-д шаардлагад нийцсэн, материал ирүүлсэн “**” ХХК-ийг DDР-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.746.000.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэх шийдвэрийг 100 хувийн саналтайгаар дахин гаргажээ.
Дээрх шийдвэрийг хүргүүлсэн М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгээр “**” ХХК-д тус компанийг ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн, мөн “**” ХХК тендерт нэгдүгээрт шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон талаар тус тус мэдэгдсэн.
Манай компаний зүгээс ЭҮТӨҮГ/20250102714 дугаар сонгон шалгаруулалтын багц-1-д тендерийн материал хүргүүлээгүй, харин багц-2-т шаардлагад нийцсэн тендерийн материал хүргүүлсэн.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгээр манай компанийг ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай тендерт “Хамгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 хоногийн дараа худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлэхээр заасан.
Гэтэл “**” ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/127 дугаартай албан бичгээр Сангийн яаманд дахин гомдол гаргаж, улмаар Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/3554 дугаартай албан бичгээр тэдний багц-1-д оролцсон тендерийн саналтай холбоотой гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
Харин “**” ХХК-аас баг-2-д холбогдуулан гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай албан бичгээр дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгасан байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай албан бичигт дурдсан асуудлаас дүгнэхэд “**” ХХК-ний “...түншлэлийн тендерт үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй, санал болгосон Т-650 4мм, 5мм хэмжээтэй электрод захиалагчийн техникийн тодорхойлолтын ГОСТ 9467-75, ТУ25.93.15-45-16302447-2018 стандартыг, УОНИ 13/45 3мм, 4мм, 5мм, ЦОНИ 13/55 3мм, 4мм, 5мм, АНО-4 3мм, 4мм, 5мм хэмжээтэй электродууд захиалагчийн техникийн тодорхойлолтын ТУ 25.93.15-045.16302447-2018 стандартыг, ОЗЛ-8 3мм, 4мм, 5мм хэмжээтэй электродууд захиалагчийн техникийн тодорхойлолтын ТУ 25.93.15-045- 16302447-2018 стандартыг тус тус хангахгүй ...” гэх гомдлыг хянаж үзээд гаргасан шийдвэрээ тусгасан байна.
Сангийн яамны дээрх албан бичигт “1.Түншлэлээс үйлдвэрлэгч “**” ХХК-с гэрээт борлуулагч “** **” ХХК-д олгосон гэрээт борлуулагчийн гэрчилгээ, “** **” ХХК-с “**" ХХК-д олгосон борлуулагчийн зөвшөөрлийн албан бичигт тус тус үндэслэн тендер шалгаруулалтын баримт бичгийн хүснэгтийн ТШЗ 20.1-д заасан “2.Борлуулагчийн зөвшөөрөл: Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үүнд: 2.1.Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар, албан бичиг. 2.2.Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, эсхүл албан бичиг” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлээгүй тухай “**” ХХК-ний гомдол үндэслэлгүй” гэж тодорхой дүгнэсэн байна.
Манай компаний зүгээс “**” ХХК-аас гэрээт борлуулагч “** **” ХХК-д олгосон гэрээт борлуулагчийн гэрчилгээ, “** **” ХХК-аас “**” ХХК-д олгосон борлуулагчийн зөвшөөрлийн албан бичиг зэрэг материалыг тендерийн материалдаа хавсаргасан тул Сангийн яамнаас үнэн зөв хянасан байсан.
Харин Сангийн яамнаас дээрх ирүүлсэн бичигтээ дараах асуудлуудыг дахин хянан үзэх нь зүйтэй гэж дүгнэсэн байсан. Үүнд:
1. Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч дээр дурдсан захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй байгааг болон AWS стандартад дүйцэх нийцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй;
2. Түншлэлээс ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолтод санал болгож буй бүтээгдэхүүний мэдээллийг тусгаж, захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан гэсэн боловч эдгээр өгөгдлийг нотлох үйлдвэрлэгчийн тохирлын гэрчилгээнээс өөр баримт бичиг ирүүлээгүй байна;
3. Үйлдвэрлэгч “**” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС RU.HE06.H08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй гэж 3 асуудлыг дурдсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд 4.1.2-т “"стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг;” ойлгохоор заасан бөгөөд мөн зүйлийн “Тайлбар хэсэг”-т “Энэ зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх баримт бичиг” гэж хүчин төгөлдөр стандартаас хэрэглэхэд тохирох стандартыг сонгохыг ойлгоно” гэж заасан.
Иймд манай компани дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ОХУ-ын ГОСТ стандартыг сонгож, тухайн стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг санал болгосон.
Нөгөөтэйгүүр, захиалагчаас тавьсан хэд хэдэн стандартаас ОХУ-ын ГОСТ стандартыг сонгосон нь бусад стандартыг үгүйсгээгүй бөгөөд хуульд зааснаар сонгон хэрэглэсэн гэж ойлгохоор байна.
ОХУ болон дэлхийн улс орон бүр өөр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ стандарт тогтоодог бөгөөд ЗХУ-ын хувьд анх 1925 онд ОСТ стандарт буюу “общесоюзный стандарт", 1940 оноос ГОСТ стандарт буюу “государственный общесоюзный стандарт” гэх стандартууд хэрэглэгдэж байсан бол тэдгээрийг өвөлсөн буюу Росстандарт гэх өөр өөр бичиглэлтэй болсон байна. Гэвч ГОСТ стандарт хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Захиалагч техникийн тодорхойлолтдоо хэд хэдэн улсын (ОХУ, АНУ гэх мэт) стандартыг бичиж, дунд нь тавьсан байгаа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “сонгон хэрэглэх” утгыг агуулсан гэж үзнэ. Учир нь Монгол хэлний дүрэмд “...зэрэгцсэн тусгагдахууныг таслалаар зааглана” гэж заасан байдаг.
Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар хуралдааны 14, 15 дахь хуудсанд “**-Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс: ”...”** компаний санал болгож байгаа тендер дээр бол ГОСТ стандартаа санал болгож байгаа учраас энэ бусад AWS болон ТУ-тай стандартууд нь хамаарахгүй гэж ойлгох уу? Энэ дээр манай мэргэжлийн гишүүд нэг сайн тодорхой тайлбар хэлээд явчихвал энэ нь цаашдаа үргэлжлээд явчих учраас нэг юм бараан дээр нь нилээн сайн тайлбар хэлчихье” гэхэд **-Ерөнхий инженер, Удирдлага: “За яахав, миний хувьд бол одоо энэ тендер анх зарлахдаа энэ олон стандартуудыг тавиад аль 1-тэй нь нийцэх ёстой гэдэг ийм шаардлага л тавьсан шүү дээ” гэжээ.
Иймд захиалагч байгууллагаас тавьсан техникийн тодорхойлолтод нийцсэн бараа, бүтээгдэхүүн санал болгосон гэж үзэхээр байна.
Захиалагчийн техникийн тодорхойлолтын “нэмэлт шаардлага” хэсэгт “Хэрэв өөр стандарт хэрэглэсэн тохиолдолд бараа материалын шинж чанар нь энэ стандартад нийцэж буйг илэрхийлсэн нотлох бичиг баримтыг ирүүлнэ” гэж заасны дагуу бид нэгэнт өөр стандарт хэрэглээгүй тул ГОСТ стандартын барааны шинж чанар нь техникийн тодорхойлолтод заасан ТУ болон AWS стандартад хэрхэн дүйцэж буйг нотлох шаардлагагүй байсан болно.
Мөн тендерийн баримт бичгийн стандарт хэсэгт ГОСТ, AWS стандартуудыг тусгасан байсан. Харин үйлдвэрлэгчийн ТУ нөхцөл бол стандарт хэсэгт бичигдэх ёсгүй нөхцөл юм. ТУ бол стандарт биш юм.
Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Үйлдвэрлэгч “**” ХХК-ийн бүтээгдэхүүнд олгосон РОСС RU.HE06.H08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх шаардлагагүй юм. Мөн ОХУ-ын хүчин төгөлдөр үйлчилж байгаа стандартуудыг шүүж үздэг https://etr-torqi.ru/ сайтад захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгагдсан ГОСТ 9467-75 зэрэг ГОСТ стандартуудыг шүүж үзэхэд хүчин төгөлдөр гэж харуулж байсан бөгөөд ТУ25.93.15-45-16302447-2018 зэрэг ТУ стандартыг шүүхэд хүчин төгөлдөр төлөв илрэхгүй байна.
Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, 07 дугаартай тэмдэглэл үйлдсэн бөгөөд “Төрөл бүрийн гагнуурын электрод тендерийн Сангийн яаманд гаргасан гомдлыг үнэлгээний хороо хянаж үзээд өмнөх шийдвэрийг оролцогчдод хүргүүлэхээр шийдвэрлэлээ” гэсэн шийдвэрийг гаргасан.
Дээрх хурлын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар албан бичгээр “**" ХХК-д “...’’Төрөл бүрийн гагнуурын электрод” тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Танай компанид 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар албан бичгээр “**” ХХК-д “...тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Танай компанид 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн байна.
Иймд Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-т зааснаар худалдан авах ажиллагаанд шударга, ил тод, өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримталж үнэлсэн гэж манай компаний зүгээс үзэж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай мэдэгдэл нь Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсэгт дурдсан асуудлыг дамжуулан мэдэгдсэн агуулгатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, хурлын тэмдэглэлдээ тусгасан, харин тухайн мэдэгдлээр зөвхөн шийдвэрийг уламжилсан гэж ойлгоно. Нэхэмжлэгч “**” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “**” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд тайлбараа гаргасан. Уг тайлбарт дурдсан агуулгатай давхцуулалгүйгээр дараах зүйлийг нэмэлтээр тайлбарлая.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасан. 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тусгасан байна гэж заасан. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүний үндэслэлд энэ асуудлыг тусгаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, ялангуяа энэ асуудлаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрлэсэн болон энэхүү захиргааны хэргийн маргааны зүйлийг тодорхойлж, шийдвэрлэгдсэн болон шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагууд ялгаатай эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн эрх нь сэргэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 6.4-т “...Нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй албан бичгүүд нь хэрэгжээд дууссантай холбогдуулан нэхэмжлэгч дан ганц тухайн албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч захиалагч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан гэрээ, уг маргаж буй албан бичгүүдээс салгаж үл болох Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой маргаагүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд онцгой ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй, шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ...” гэж дүгнэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч шинээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх асуудлыг тодорхой болголгүйгээр шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн чухам ямар онцгой ашиг сонирхол зөрчигдсөн, хууль бус байсан болохыг тогтоосноор чухам ямар эрх хэрхэн сэргэх талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй байна.
Манай компанийн зүгээс багц 2 шалгаруулалтад оролцсон. Тендер шалгаруулалтад оролцсон нийт 7 аж ахуйн нэгжээс шаардлага хангасан тендерийн материал ирүүлсэн “**” ХХК нь 1,746,000,000 төгрөг, “**” ХХК 2,518,000,000 төгрөг, “**” ХХК 2,482,700,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлснээр тооцож шийдвэр гаргасан. Манай компани нь “**” ХХК-ийн ирүүлсэн үнийн саналаас 772,980,000 төгрөгөөр буюу 30.6 хувиар, “**” ХХК-ийн үнийн саналаас 736,700,000 төгрөг буюу 29.6 хувиар тус тус бага үнийн санал ирүүлсэн байна. Ингэснээр манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 97 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг дагуу 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай албан бичгээр ирүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэрэгжүүлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дугаар бүхий гэрээг байгуулж, тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэрээг хэрэгжүүлэх үүднээс ОХУ-н компанитай 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, гэрээг хэрэгжүүлээд 2025 оны 12 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Монгол улсын хилээр оруулаад, улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулахад 2025 оны 12 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүрэн хүлээлгэн өгч, зарлагын баримт үйлдэж гарын үсэг зуруулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн бараа, материал нэг бүрээр чанарын хяналтын хэлтсийн дүгнэлт гарч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогод авч 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээг дүгнэж тооцоо дууссан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар учир шалтгаанаар үүнийг удаашруулж, ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага удаа дараа гаргаад байгаа нь тодорхойгүй. Өмнөх шүүх хурал дээр тайлбарлаж байсанчлан стандарт гэсэн баганад ОХУ-ын ГОСТ стандартыг заагаад таслал тавиад ТУ гэх техникийн нөхцөл, АНУ-ын AWC стандарт гэж бичсэн илт ойлгомжтой байхад энэ бүх шаардлагыг бүгдийг нь хангасан байх ёстой гэж нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь сонин байна. Энэ гэрээний хэрэгжилтийг удаашруулснаар Монгол улсын төсвийн 30 орчим хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа тасалдаж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байсныг дурдах нь зүйтэй.” гэв.
9. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч анхны хуралдаан дээр л ТУ, ГОСТ стандарт гэж яриад байгаа. Энэ дэлхий дээр ТУ гэдэг стандарт байхгүй. Үйлдвэр тус бүр техникийн нөхцөлөө гаргадаг, үйлдвэр бүрд ТУ нь өөр өөр байдаг. Зөвхөн ГОСТ гэдэг стандартыг дагаж мөрддөг. Иймд ТУ гэдгийн учир шалтгаан, ялгааг сайн олох хэрэгтэй байгаа юм.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар болон тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны М-ДБ-112-12/10683 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болохыг тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “**” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа
1.“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10682 дугаартай албан бичиг,
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11198 дугаартай албан бичиг,
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10682 дугаар албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг,
4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11197 дугаар албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг,
5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102714 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “**” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг тус тус мэдэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/10683 дугаартай албан бичгийг,
6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/11198 дугаар албан бичигтэй холбогдох Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/57 дугаар бүхий тушаалаар байгуулжээ.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан. Хариуцагч Үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэй, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан захиргааны байгууллагад хамаарах ба тус Үнэлгээний хороог байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцана.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь маргаан бүхий тендерийг захиалагчийн хувьд Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааг явуулдаг онцлогоороо захиргааны байгууллагад тус тус хамаарна.
2.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас захиалсан ЭҮТӨҮГ/20250102714 дугаартай “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг шалгаруулах нээлттэй тендерт “**” ХХК, “**” ХХК болон бусад нэр бүхий компаниуд оролцсон.
2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр тендерт оролцогч “**” ХХК, “**” ХХК-уудын тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг хамгийн бага үнийн санал ирүүлсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
2.5. “**” ХХК нь захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9849 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яам гомдлын дагуу маргаан бүхий тендерийг хянаад 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/8833 дугаартай шийдвэрээр “тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэх”-ээр шийдвэрлэсэн байна.
2.6. Үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10882 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10883 дугаартай “Тендерт шалгараагүй тухай” мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлжээ.
2.7. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “**” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаад Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай шийдвэрээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн байна.
2.8. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзээд өмнөх шийдвэрийг оролцогчдод хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн.
2.9. Захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2025/15-Н-0484 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан.
2.10. “**” ХХК нь захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11198 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/10218 дугаартай албан бичгээр “...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
2.11. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 2025/15-Н-0484 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” нь хэрэгжиж, гэрээнд заасан барааг нийлүүлэн, гэрээг дүгнэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:
3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “**” ХХК-ийн тендерийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэр /тэмдэглэл/-үүд, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682, М-ДБ-112-12/10683, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197, М-ДБ-112-12/11198 дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна.
3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.18-д “Техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан.
3.5.Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж зааснаар “Төрөл бүрийн гагнуурын электрод” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах хүчин төгөлдөр Тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг явуулжээ.
3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж зааснаар тендерт оролцогчийн нийлүүлэхээр санал болгож буй гагнуурын электрод тус бүр нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлтод заасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тухайн электрод тус бүрийн техникийн үзүүлэлтээр харьцуулан хянан үзэхээр байна.
3.7. “**” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдлыг хянасан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/9779 дугаартай шийдвэрт “...Түншлэлээс ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн хэдий ч дээр дурдсан захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан ОХУ-ын “ГОСТ”, “ТУ” стандартыг нэгэн зэрэг хангаагүй байгааг болон “AWS” стандартад дүйцэх эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй..., ...РОСС RU.HE06.H08556 дугаартай тохирлын гэрчилгээнд заасан мэдээлэл захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг нотлох эсэхийг нягтлан үзэх...” гээд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/10682 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосон.
3.8. Захиалагч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” гэсэн хэсэгт нийлүүлэх бараа буюу төрөл бүрийн гагнуурын электродын техникийн үзүүлэлтийг барааны нэр төрөл, түүний диаметр, уртын хэмжээ, стандарт, С-Нүүрстөрөгчийн агуулга, гүйдэл зэрэгт хамаарах стандартын үзүүлэлтүүдийг зааж баталсан байх ба тендер шалгаруулалтын баримт бичигт тендерт оролцогч нараас гомдол гаргаж, маргаагүй.
3.9. Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;...” гэж зааснаар бараа тус бүрийн техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтээр харьцуулан хянан үзэхээр хуульчилсан.
3.10. Нэхэмжлэгч нь “**” ХХК-ийг ОХУ-ын “ГОСТ” стандартыг хангаж байгаа боловч ТУ стандартыг хангахгүй байгаа, нийлүүлэх бараа тус бүрд ГОСТ, ТУ гэсэн стандартууд тавигдсан, Сангийн яамны шийдвэрт зааснаар энэ хоёр стандартыг нэгэн зэрэг хангасан эсэхийг хянан үзээгүй” гэж, хариуцагчаас “ГОСТ гэсэн стандартыг хангаж байгаа, ТУ гэдэг стандарт нь тухайн барааг үйлдвэрлэгчийн өөрийнх нь стандарт учраас өөр өөр байгаа, ГОСТ гэсэн ерөнхий стандартаа хангасан” гэж, гуравдагч этгээдээс “Манай нийлүүлэх бараа нь тохирлын гэрчилгээнд заасан ГОСТ гэсэн стандартыг бүрэн хангаж байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан.
3.11. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-д “ 1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн Захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. /ТБОНӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ” гэж тусгасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж заасан.
3.12.Тендерийн баримт бичгийн “техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага” гэсэн “техникийн үзүүлэлт” гэсэн хүснэгтүүдийн стандарт, үзүүлэлт гэсэн баганад “ГОСТ”, “ТУ”, “AWS” гэсэн нэр томьёонуудыг тусгасан байна.
3.13.“ГОСТ” стандарт нь “нүүрстөрөгчит, бага хайлштай болон хайлштай бүтээцийн ган, мөн хайлштай халуунд тэсвэртэй ганг гар нуман гагнуураар гагнахад зориулагдсан бүрхүүлтэй металл электродод хамаарна” гэсэн улс хоорондын 1975 оны 780 дугаар ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Стандартын улсын хорооны тогтоолоор батлагдсан стандарт болох нь, “AWS” нь Америкийн гагнуурын нийгэмлэгийн бүх стандартууд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.14.Тодруулбал, Техникийн үзүүлэлт, стандартыг гагнуурын электрод тус бүрээр заахдаа “ГОСТ”, “ТУ”, “AWS” стандарт шаардлагыг хангасан байхаар нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтээ баталсан боловч “ТУ” нь стандарт биш учраас “ техникийн нөхцөл” , “ТУ”, “ГОСТ” стандартын шаардлагуудыг зэрэг хангах шаардлага тавигдах боломжгүй ба харин ОХУ-ын үйлдвэрлэгдсэн гагнуурын электрод нийлүүлэхээр бол “ГОСТ” стандартын, АНУ-д үйлдвэрлэгдсэн гагнуурын электрод нийлүүлэхээр бол “AWS” стандартын шаардлагыг техникийн үзүүлэлтээр хангасан эсэхийг хянан үзэхээр байна.
3.15.Мөн гуравдагч этгээд “**” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-д заасан “ ... техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон ...” гэж заасны дагуу “****” ХХК-ийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, тохирлын гэрчилгээний хавсралт болох тохирлын гэрчилгээнд хамаарах тусгайлсан бүтээгдэхүүний жагсаалтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.
3.16. Иймд Үнэлгээний хороо тендерийг дахин хянан үзэхдээ ОХУ-ын ГОСТ, ТУ стандартыг нэгэн зэрэг хангаагүй “**” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан гэж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан ирүүлнэ” гэсэн шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж дүгнэв.
3.17.Тендерийн баримт бичигт нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн техникийн харьцуулсан хүснэгтэд “Магнитогорскийн элекродын завод”-ын УОНИ13/45 3мм гагнуурын электродын харьцуулсан техникийн тодорхойлолт дээр УОНИ13/45 4мм гагнуурын электрод нийлүүлэхээр техникийн тодорхойлолт ирүүлсэн, ОХУ-ын гагнуурын электродыг санал болгосон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч санал болгож байгаа техникийн тодорхойлолт дээр аль улсын электродыг санал болгож байгаа нь тодорхойгүй, “ОХУ-ын “ГОСТ”, Америкийн гагнуурын нийгэмлэгийн “AWS” стандартыг тус тус санал болгосон нь хоёр стандартыг зэрэг хангах боломжгүй, нэхэмжлэгч компанийн техникийн үзүүлэлтийн талаар санал болгож буй бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт нь захиалагчийн техникийн тодорхойлолтын үзүүлэлттэй гагнуурын электродын техникийн үзүүлэлт болох барааны диаметр, уртын хэмжээ зэрэг тоон бүх үзүүлэлтүүд нь зөрүүгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.18.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.
3.19. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж зааснаар хамгийн сайн тендер гэж үнэлэхээр хуульд зохицуулсан.
3.20. Дээрх хуулийн дагуу Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх шатанд тендерийг зохих журмын дагуу хянан үзэж шийдвэр гаргасан, шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх, хамгийн бага үнийн санал бүхий тендерийг шалгаруулах зэргээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчмыг хангасан гэж шүүх үзлээ.
3.21. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих”, 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороо шийдвэр, зөвлөмжөө гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” А/252 дугаар тушаалын “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-ын хавсралтын 2.7-д “Хуулийн 28.1.3-т зааснаар тендерээс татгалзах шийдвэр хүлээн авсан оролцогч дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр өөрийн тендерт холбогдох тендерийн баталгааг цуцлуулах хүсэлтийг цахим системээр гаргаж болно”, 2.7.1-д “захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ба хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч “**” ХХК нь тендерийн баталгаагаа цуцалсан нь захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч тендерийн баталгааг цуцалснаа хүлээн зөвшөөрсөн болно.
3.23 Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;” гэж зааснаар “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, “**” ХХК-д тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн мэдэгдлүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчээс уг захиргааны шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.24. Иргэдийн төлөөлөгч ** нь “Хариуцагч байгууллага, нийлүүлэгч компани гэрээнд заасны дагуу, стандартын дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал 18 стандартын 12 нь шаардлага хангасан, 6-г хангаагүй гэж үзэж байгаа. Тендерийн сонгон шалгаруулалтад ороод шаардлагын дагуу ялсан, бараа материалаа нийлүүлсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан тул шүүхийн шийдвэрийн үндэслэлд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.
3.25. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох https://www.tender.gov.mn, https://odoo.erdenetmc.mn/ тус тус үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу нотлох баримт шинжлэн судлах хүрээнд тус сайтуудад үзлэг хийсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 болон 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шийдвэрүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/10682 болон М-ДБ-112-12/10683 дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн М-ДБ-112-12/11197 дугаар, М-ДБ-112-12/11198 дугаар мэдэгдлийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.САРАНГЭРЭЛ
Б.БАТЧИМЭГ