| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2021/04240/И |
| Дугаар | 210/МА2022/00811 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/00811
Б.Д-, Д.М- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/00606 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-, Д.М- нарын хариуцагч “Э-” ХХК, Т.Т-нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 27,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгон, хариуцагч Т.Төрхүүгийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагч “Э-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сүх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Д- нь 76 настай. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 100 айлын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр “Daewoo BS106” маркийн 06-17 УНБ дугаартай автобуснаас бууж байх үед жолооч Т.Т-нь автобусаа хөдөлгөсний улмаас унаж гэмтсэн. Дээрх ослын улмаас Б.Д- биеэ дааж явж чадахгүй, хэвтрийн байдалтай асаргаанд байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9602 дугаартай дүгнэлтээр Б.Д-ыг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл авсан болохыг тогтоосон. Жойнт мед эмнэлгийн их эмч С.М-гийн үзлэг, дүгнэлтээр нийт 12 курс эмчилгээ шаардлагатай, гэмтэл бэртэл нь удаан хугацааны эмчилгээний дараа сайжирна гэсэн. Дээрх 12 удаагийн курс эмчилгээний 1 удаагийн курс эмчилгээнд нь аппаратын эмчилгээ, бариа засал, шарлага, зүүн эмчилгээ, туяа эмчилгээ, хануур, шивүүр гэх зэрэг эмчилгээнүүд багтах ба нийт 2,330,000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Бид 12 удаагийн эмчилгээнд нийт 27,960,000 төгрөг төлж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Төлбөрийн боломжгүй нөхцөлөөс шалтгаалан эмчилгээ удааширч, улмаар Б.Д-ын биеийн байдал хүнд, өөрийн биеэ дааж босож суух чадваргүй, хүү Д.М-ын байнгын асаргаанд байгаа. Иймд эмчилгээний зардалд нийт 27,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Т.Төрхүүгийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн одоогийн байдлаар төлбөрийг төлөх боломжгүй байна. Анх нэхэмжлэлийн шаардлага дээрээ 27,960,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж бичсэн байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 27,960,000 төгрөгийн эмчилгээ шаардлагатай гэсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч “Э-” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Осол гарах үед манай компанийн жолооч төлбөр төлөх боломжгүй байсан учир байгууллагын зүгээс 2,000,000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан. Одоо шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэжээ.
4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Жолооч Т.Төрхүүгийн төлбөрийг “Э-” ХХК-аас гаргуулж Б.Д-ад олгох саналтай байна гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Төрхүү, “Э-” ХХК-аас 27,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-, Д.М- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-, Д.М- нарт олгуулахаар шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
6.а.Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Д- нь 76 настай. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 100 айлын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал дээр автобуснаас бууж байх үед жолооч Т.Т-нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогддог ба хариуцагч Т.Т-нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэгч талаас хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол буюу гэмтэлд шаардагдах эмчилгээний зардлыг шаардсан болно. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Т.Төрхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Д-ын эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр дагавар учирч хохирсон байна гэж дүгнэж, нэхэмжилсэн эмчилгээний зардлын төлбөрийг үгүйсгэсэн байр суурьтай хандсан мөн нэхэмжлэгчийн насны байдалтай холбогдуулан цаашид хийгдэх шаардлага эмчилгээнүүдийг даах уу? гэж асуусанд гомдолтой байгаа. Уг асуултаараа шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэсэн болно.
6.б.”Э-” ХХК нь өөрийн ажилтан болох Т.Төрхүүг ажил үүргээ гүйцэтгэж явах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тул түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хариуцахаа илэрхийлсэн. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Д-ад учирсан эрүүл мэндийн хохиролд цаашид шаардагдах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан байдаг ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухлаар үнэлэгдэх баримт мөн болно. Гэтэл шүүх үүнийг шийдвэрт харгалзаж үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч 27,960,000 төгрөгөөс 1 удаагийн эмчилгээг хийлгэсэн ба тус эмчилгээнд 2,330,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн байдаг. Уг эмчилгээ нь 12 удаагийн курсын давтамжтайгаар хийгдэх шаардлагатай эмчилгээ байдаг боловч нэхэмжлэгч төлбөрийн чадваргүйн улмаас шаардлагатай эмчилгээг хийлгэж чадахгүй нөхцөл байдалтайгаар шүүхэд хандсан. Гэтэл шүүх эмчилгээний зардалд төлөгдсөн 2,330,000 төгрөгийн баримтыг хүлээн авагч тодорхойгүй байна гэж үзсэн. Мөн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлдээ ирээдүйд гарах зардал гэж тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Т.Төрхүүгийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад анхан шатны шүүх нэг бүрчлэн дүгнэлт өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид эмчилгээ хийхээр заавар бичсэн байдаг. Уг зааврын дагуу дахин эмчилгээ хийх гэж байна гэж нэхэмжилсэн. Гэтэл зам тээврийн осол нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Уг осолтой хамааралгүйгээр, нэхэмжлэгч нь өмнө харвалт авсан байсан бөгөөд түүнтэй холбоотой нөхөн сэргээх эмчилгээ хийгдсэн гэж үзэхээр баримт хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн бол эмнэлгийн данс руу мөнгө шилжүүлэх ёстой. Эсвэл бэлэн мөнгийг кассанд тушаасан баримт байх ёстой. Мөнгө шилжүүлсэн гэх дансыг шалгаад үзэхээр данс эзэмшигчийнх нь нэр байдаггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Б.Д-, Д.М- нар нь хариуцагч “Э-” ХХК, Т.Т-нарт холбогдуулан гэм хорын хохиролд 27,960,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.а.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “осолтой холбоотойгоор Б.Д- нь хэвтрийн байдалтай хүү Д.М-ын асаргаанд байгаа бөгөөд “Жойнт мед” эмнэлгийн эмчийн дүгнэлтээр 12 курс /зүү эмчилгээ, инфра улаан туяа, хануур, шивүүрийн эмчилгээ/ эмчилгээ хийх шаардлагатай болсон тул эмчилгээний зардлыг гаргуулна” гэсэн бол хариуцагч Т.Т-нь “миний бие гэм буруутай үйлдэлдээ зохих ял шийтгэлийг хүлээсэн, эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг нөхөн төлсөн, нэхэмжлэлээр шаардаж буй төлбөр нь бодит зардал биш байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч “Э-” ХХК нь “компанийн зүгээс нэхэмжлэгч Б.Д-ад 2,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн” гэж тус тус тайлбарласан байна. /хх-ийн 59, 81-р тал/
3.Хариуцагч Т.Т-нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 100 айлын автобусны буудал дээр “Э-” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 06-17 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасныг зөрчиж, тээврийн хэрэгслийн хаалга бүрэн хаагдаагүй байхад хөдөлсний улмаас нэхэмжлэгч Б.Д- унаж, түүний биед баруун чөмөгний төвгөр дайрсан хугарал буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 51-56-р тал/
3.а.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй хэдий ч гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон хохирогчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.
3.б.Нэхэмжлэгч Д.Доржханд нь “Жойнт мед” эмнэлгийн эмчийн тэмдэглэл, дүгнэлтээр өөрт учирсан хохирлоо тодорхойлсон байх боловч тус эмнэлгийн эмчилгээний карт нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр огноологдсон буюу цаг хугацааны хувьд осол гарсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх огноотой байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилэн төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй дээрх баримтыг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлага эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 10-12-р тал/
Өөрөөр хэлбэл, осол болохоос өмнө нэхэмжлэгч Б.Д- нь зүү эмчилгээ, инфра улаан туяа, хануур, шивүүрийн эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх эмчилгээний карт хэрэгт авагдсан байгааг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн осол хэргээс учирсан зайлшгүй гарах зардал гэх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай тул нэхэмжлэгч нар нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй гэж үзэхээр байна.
4.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцвол зохих этгүүдүүдийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх шаардлагатай.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон Д.М- нь нэхэмжлэгч Б.Д-ыг асардаг болох нь Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичгээр тогтоогдож байх боловч Д.М-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгч гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Д-ын хувьд иргэний эрх зүйн чадамжгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад Д.М- нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон нь үндэслэлгүй. /хх-ийн 58-р тал/
Түүнчлэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул уг хэргийн хариуцагч нь дангаараа “Э-” ХХК байх боломжтой. Дээрх байдлаар дүгнэлтийг залруулах нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “хариуцагч “Э-” ХХК нь цаашид шаардагдах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй” гэх боловч энэ нь нэхэмжлэлийг шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э-” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “цаашид шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн байх тул уг тайлбар болон нэхэмжлэгч талаас гаргасан цаг хугацааны хувьд зөрүүтэй баримтуудыг үндэслэн хохирлыг “хариуцагч “Э-” ХХК-нд шууд хариуцуулах боломжгүй.
7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Жолооч Т.Төрхүүгийн төлбөрийг “Э-” ХХК-аас гаргуулж Б.Д-ад олгох саналтай байна” гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцэж байх боловч нэхэмжлэлийн шаардлага эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй байгаа тохиолдолд хариуцагч “Э-” ХХК-аас эмчилгээний төлбөрийг гаргуулах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Г.ДАВААДОРЖ