| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 101/2025/00145/И |
| Дугаар | 191/ШШ2025/05588 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05588
| 2025 06 24 | 191/ШШ2025/05588 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхиимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 0 тоотод байрлах Алтан шургуул ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
39,710,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алтан шургуул ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь манай байгууллагаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 22,200,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авахаар зээлийн гэрээ байгуулсан байдаг.
Ингээд хариуцагчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 5,050,500 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5-д заасны дагуу 22,200,000 төгрөгөөс сарын 3.5 хувийн хүү тооцоход сарын 777,000 төгрөг нийт 12 сарын хугацаанд 9,324,000 төгрөгийн хүүг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл зээлдэгч нь 5,050,500 төгрөг төлж зээлийн хүүгийн 4,273,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээл 22,200,000 төгрөг, хүү 9,324,000 төгрөг нийт 31,524,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 5,050,000 төгрөгийг төлж 26,474,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний 1.7-д зээлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсоны дагуу 26,474,000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцоход өдрийн 132.368 төгрөгний алданги төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 970 хоногийн хугацаа хэтрүүлээд байх тул Иргэний хуулийн 232 дугаар сарын 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 13,236,500 төгрөгийг алдангийг нэхэмжилж байна.
Зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаа удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан боловч өнөөдөр төлнө маргааш төлнө гэж худал үнэн шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд сүүлдээ утсаа авахаа болж хаана байгаа нь мэдэгдэхгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж зугтаж байх тул арга буюу шүүхэд хандаж байна.
Түүний гэрээ байгуулахад амьдарч байсан хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/01389 дүгээр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 0 тоот хаягт оршин суудаг болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс олж тогтоосон болно.
Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22,200,000 төгрөг, хүү 4,273,500 төгрөг, алданги 13,236,500 нийт 39,710,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч талтай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ үнийн дүнг 24 сарын хугацаанд сар бүр 1,657,593.75 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн. Эвлэрлийн гэрээний дагуу сар бүр төлөх 1,657,593.75 төгрөгийг 7 дугаар сараас төлж эхлэнэ гэв.
Эвлэрлийн гэрээнд: Алтан шургуул ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 39,710,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 39,710,250 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүр 1,654,593.75 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алтан шургуул ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 39,710,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.******* нь Алтан шургуул ХХК-ийн нэхэмжилсэн 39,710,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сараас эхлэн 24 сарын хугацаанд сар бүр 1,654,593.75 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь Алтан шургуул ХХК-ийн нэхэмжилсэн 39,710,250 /гучин есөн сая долоон зуун арван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сараас эхлэн 24 сарын хугацаанд сар бүр 1,654,593.75 төгрөгөөр төлж барагдуулахыг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтан шургуул ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.*******аас 356,502 /гурван зуун тавин зургаан мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алтан шургуул ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА