Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00812

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00662 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Ч.С-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 25,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, түүний өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ч.С- нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авахыг хүсэж, өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Манай компани Ч.С-тай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бөгөөд зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү 225,000 төгрөг төлснөөс хойш хүү болон зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй. Тэрээр 15,000,000 төгрөгийн зээл, зээлийн 12 сарын хүү болох 2,700,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 25,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй учир энэ хэмжээгээр Ч.С-гаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 12 дугаар сард нөхрийн дүү Ж.Төгсжаргалд байраа банкинд барьцаалж зээл авах гэж байгаа талаар хэлэхэд “байраа банкинд барьцаанд тавиад хэрэггүй, манайхаас зээл авчих” гэж хэлээд 12 дугаар сарын 04-ний өдөр Ж.Төгсжаргал өөрийн данснаас 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Ж.Төгсжаргалаас 15,000,000 төгрөгийг зээлж авах үед түүнтэй зээлийн хүү, алданги болон байрыг барьцаанд тавих талаар яриагүй. Сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Төгсжаргал нөхөр бид хоёрыг дуудаж гэрээг нөхөж хийхдээ зээлийн хүүг 1,5 хувиар, барьцаанд нь байраа тавихаар тохиролцож зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Харин алдангийн талаар ярилцаж тохиролцоогүй, өмнө нь мөнгийг нь авчихсан болохоор алданги тооцно гэж ойлгоогүй, гэрээний нэг хувийг ч надад өгөөгүй. Ийм учраас алданги 7,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Х-” ХХК нь Ж.Төгсжаргалд гэрээ байгуулах эрх олгосон талаар надад мэдэгдээгүй. Тиймээс төлөөлүүлэгч “Х-” ХХК нь энэ гэрээтэй холбоотой хэлцлийн үр дагавар шаардах эрх үүсэхгүй. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ, хэлцэл хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.С-гаас 24,975,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Ч.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 354,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 24,975,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний зарим хэсэг буюу 7,475,000 төгрөгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хавтас хэргээс харахад 2019 оны 12 дугаар сарын 04-нд Ж.Төгсжаргалын “Хаан банк” дахь 5039616305 дугаарын данснаас 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг үүгээр аман зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Зээлсэн 15,000,000 төгрөг, хүү 1.5 хувь байхаар амаар тохиролцсон энэ тохиролцоонд зохигчид маргадаггүй, тухайн үед иргэн Ж.Төгсжаргал, Ч.С- хоёрын хооронд аман зээлийн гэрээ хийгдсэн байдаг. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №2 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулагдаж, уг гэрээг зээлдэгч Ч.С-д 15,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр гэрээг нөхөн хийж, зээлдүүлэгчийг төлөөлөн Ж.Төгсжаргал, зээлдэгчийг төлөөлөн Ч.С- гарын үсэг зурж “Х-” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. “Х-” ХХК-нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Энэ нь зээлдэгчийг төөрөгдөлд оруулж нөхөж гэрээ хийсэн гэх үндэслэл байна. Иргэний хуулинд зээлийн гэрээг 189 дүгээр зүйл 189.1, 189.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 282.3 дах хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байтал хууль буруу тайлбарлаж, хариуцагч Ч.С-гаас 24,975,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх цаг үеийн нөхцөл байдал, зээлдэгчийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр өөрөөс шалтгаалахгүй орлогын эх үүсвэргүй болсон шалтгаан нөхцөл, түүний тайлбар нь нийтэд илэрхий болсон үйл баримтаар тогтоогдож байхад анхаарч үзэлгүй зөвхөн хуулийн заалт, гэрээний тохиролцоог баримтлан алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. “Ковид-19” цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг дээрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэд хэдэн удаагийн шийдвэр гаргасны дотор банк, санхүүгийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцолтыг зогсоосон, энэ шийдвэр ч амьдрал дээр бодит биелэлээ олсон байтал иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэгт алданги тооцон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Ч.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 25,200,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

2.Анхан шатны шүүх хариуцагч Ч.С-гаас 24,975,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 225,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.  

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.

            3.а.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд ““Х-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал би нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 7,475,000 төгрөгийг хасаж, 17,500,000 төгрөгийг хариуцагч Ч.С-гаас гаргуулахаар эвлэрч байна. Хариуцагч Ч.С- нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3,750,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,750,000 төгрөгийг тус тус “Х-” ХХК-ийн “Хаан банк” дахь 5039616305 тоот дансанд төлж барагдуулна” гэж эвлэрсэн байна.

            4.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч “Х-” ХХК, хариуцагч Ч.С- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/00662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 7,475,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,500,000 төгрөгийг хариуцагч Ч.С- нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3,750,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,750,000 төгрөгийг тус тус “Хаан банк” дахь “Х-” ХХК-ийн 5039616305 тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.С-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                               ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

       Г.ДАВААДОРЖ