| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04530/И |
| Дугаар | 191/ШШ2025/05330 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05330
2025 06 10 191/ШШ2025/05330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Кыргызын бүгд найрамдах улсын иргэн ******* ******* /******* *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* овогтой ******* нь 2023 оны 11-р сарын 15-ны өдөр Кыргызын БНУлсын иргэн ******* *******-тай орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 1-р хороо 0 тоот орон сууцыг нэг сарын 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр, сар бүр төлбөрийг төлөхөөр тохиролцож орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хөлслөгч ******* ******* нь 2024 оны 05-р сарын 10-ны өдөр хүртэл нийт 16,432,763 төгрөгийг төлөөгүй учраас төлбөр төлөх тухай хэлцэлийг нотариатаар батлуулж байгуулсан. Уг хэлцлээр хөлслөгч ******* ******* нь хөлслүүлөгч ******* овогтой ******* надад түрээсийн төлбөр болох 16,432,763 төгрөгийг долоо хувааж буюу долоон удаагийн шилжүүлгээр 2024 оны 06-р сарын 08-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж 2024 оны 05-р сарын 10-ны өдөр буюу хэлцэл хийсэн өдрөө орон сууцыг минь хүлээлгэн өгсөн. Хэлцлийн дагуу ******* ******* нь түрээсийн төлбөрийг хэлцлээр тохирсон хуваарийн дагуу огт төлөөгүй, шаардсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг үл биелүүлэн төлөөгүй байна. Иймд хөлслөгч ******* *******-д холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* нь хаана байгаа, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэл гаргах боломжгүй байдал үүсээд байна. Тиймээс орон сууц хөлслөх гэрээний үүрэг 16,432,763 төгрөгийг шаардах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Кыргызын бүгд найрамдах улсын иргэн ******* ******* /******* *******/ /ПД:АС3145462, ОСЗД:KGZ0000000098/-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч П.******* нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /******* *******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч П.******* нь ******* ******* /******* *******/-тэй 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт ******* ******* /******* *******/-г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
******* ******* /******* *******/ нь Монгол улсад оршин суух үнэмлэхтээ Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 0 тоотод оршин суухаар бүртгэлийг хийлгэсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй байна.
Кыргызын бүгд найрамдах улсын иргэн ******* ******* /******* *******/ нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй, тус улсад амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч П.******* нь хариуцагч болох ******* ******* /******* *******/-гийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Кыргызын бүгд найрамдах улсын иргэн ******* ******* /******* *******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй, Кыргызын бүгд найрамдах улсын иргэн ******* ******* /******* *******/ /ПД:.../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /******* *******/ /утасны дугаар:/-гийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /******* *******/ /ПД:.../-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч П.******* /утас:/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА