Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00087

 

    Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Э.С , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаата Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэбатын холбогдох эрүүгийн 1815000810079 дугаартай, 163/2018/0082/Э индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай,  Э.С   

Холбогдсон хэргийн талаар:

Э.С  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Жагаат” гэх нэртэй газар Ж.Б хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 09-ны оройн 20 цагийн алдад Батмөнх манайд ирээд Ж.Б  дээр очье гээд Ж.Б ынд очоод байж байтал Ж.Б ын ах Батбаярынд очье тэднийх монгол архи нэрсэн гээд бид 3 дээшээ мотоциколтой явж тэднийд литр монгол архи уучихаад гарч ирээд байж байтал Мөнхөө бид 2-ыг гэртээ харих гээд байж байтал дээшээ Цогтбаяр ахынд архи байж магадгүй гэж Мөнхөө, Ж.Б  хоёр очье гээд нэг мотоциклио үлдээгээд бид 3 тэднийд очсон. Тэднийд 0,75 литрийн “Алтан түрүү” архи уусны дараа шөнийн 24 цаг өнгөрөөгөөд тэдний гэрээс явсан ба гараад бид 3 төөрсөн юм. Тухайн үед манайх Жагаатад өвөлждөг байсан ба тэр өвөлжөө рүүгээ очихоор болсон. Бид 3 манай өвөлжөөг багцаагаар мод бараадаад явбал очно байх гээд бид гурав замдаа явж байгаад хэрэлдэж зодолдсон. Тухайн үед Батмөнх бид 2 маргалдсан ба би Батмөнхийг түрүүлж цохитол хажуунаас Ж.Б  намайг жийж унагааж дээр гарч ирээд хоолойг маань боосон. Тэр үед  Ж.Б ын нэг гар нь миний доор орсон байсан. Тэгээд би Ж.Б т “би үхлээ” босооч ээ гэж хэлтэл намайг тоосон шинжгүй байхаар нь өөрийнхөө бүсэнд байсан хутгаар айлгах санаатай хутгаа гаргаж ирээд ар нуруу руу нь цохисон. Дараа нь намайг “чи хутгаа хаячих” тэгвэл зодолдье гээд Ж.Б  бид 2 босож ирээд зодолдох гэтэл  Ж.Б  “Батмөнхөө би цус алдаад байна гээд мөн миний нэрийг дуудаж болье” гэж байсан. Тэгээд би дээлийг нь тайлуулж хартал цус алдсан байсан. Тэгээд бид босож ирээд жоохон байж байтал Ж.Б  байхгүй болсон байсан.  Тэгээд өглөө нь хайтал Ж.Б  айлд очиж унтсан байсан гэв.

1815000810079 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

            Хохирогч Ж.Б ын өгсөн:... Э.С  нь Мөнхөөг цохиод хаячихсан юм. Мөнхөөгийн хамраас цус гараад байсан. Тэгээд би Сэрдамбыг яаж байгаа юм гээд гараас нь бариад холдуулсан юм. Тэгээд байж байтал ар нуруу хэсгээс халуу төнөөд явчихсан юм. Тэгээд хутгалуулснаа мэдсэн. Э.С д “чи намайг хатгачихлаа ш дээ” гэсэн чинь “худлаа яриад бай” дээлээ тайлаадах гэж байсан тэрнээс өмнө Э.С тай газар ноцолдож байгаад больсон юм. Мөнхөө, Э.С  2 маргаад ноцолдохоор нь салгах гэж байгаад хутгалуулсан...гэх мэдүүэг /хх-ийн 32-33 хуудас/,

            Гэрч Б.Б өгсөн:...Э.С  намайг цохиод авсан. Тэгтэл хажуу талаас Ж.Б  яагаад цохиж байгаан гээд тэр хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байсан юм. Тэгтэл удалгүй хэсэг байж байгаад Мөнхөө гээд дуудаад байхаар нь яасан бэ? гэтэл цус алдаад байх шиг байна. Э.С  хутгаар хатгачих шиг боллоо гэхээр нь “яадаг хүүр вэ” гэтэл Э.С  хутгалаагүй гээд хоорондоо ноцолдоод байсан юм. Өглөө нь би хутгаа яасан аваад ир гэтэл Э.С  хутгаа хаячихсан гэж байсан. Ж.Б ын нурууны хэсэг газарт цус болчихсон байсан ба зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,

Гэрч Р.Б өгсөн:...нуруу болохгүй байна гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал нуруу хэсэг нь хатчихсан цустай байсан юм..., тухайн үед ингэлээ, тэглээ гэж хэлээгүй. Сүүлд нь Э.С  миний нуруу хэсэг газар цохих шиг болсон юм. Тэгээд нойт оргиод байхаар нь хартал цус гараад байсан гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч Б.Т өгсөн:...доошоо хараад хэвтчихсэн ухаан саруул, зүс царай цонхигордуу байсан. Нуруун тус газраа хатгагдсан шархтай, цус нь тогтчихсон харлаад хатчихсан байсан. Э.С  буюу Сэржээ хатгачихсан гэж Ж.Б  хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч Ч.Т өгсөн:...очиход Ж.Б  нь орондоо хэвтэж байсан. Ж.Б үзэхэд нуруун баруун талдаа L4-L5 түвшинд халдаа 4,5 см хатгагдсан цус тогтсон, цус бага зэрэг шүүрсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3906 дугаартай дүгнэлтэнд: Ж.Б ын биед баруун өгзөгний шарх, дух, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 51 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 556 тоот дүгнэлтээр: Ж.Б ын биед баруун өгзөгний шарх, дух, баруун шанааны зулгаралт гэмтэл хэрэг болсон үед үүсчээ. 2. Баруун өгзөгний дээд хэсгийн шарх нь хатгагдаж зүсэгдсэн байна. 3. Баруун өгзөгний шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үүсчээ. 5. Дээрх гэмтэл нь тухайн үедээ хохирогчинй амь насанд аюул учруулахгүй. 6. Гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 7. Эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэх /хх 55-56 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 66-69 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.С  нь 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Жагаат” гэх нэртэй газар Ж.Б хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сэрдамбын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.       

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Иймд шүүгдэгч Э.С  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.С гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээтэй холбоотой 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй болно.    

Шүүгдэгч Э.С д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар саарал өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, цагаан өнгийн гэрэл ойлгогч бүхий хөндлөн канттай ногоон өнгийн оруулгатай хар хантааз 1 ширхэг, саарал өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Улсын яллагч яллах дүгнэлтээр 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал оруулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С ...хохирогчид 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэх 1.400.000 төгрөгийг өвс, мал оруулан хохирлыг барагдуулсан гэж мэдүүлж байгаа нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүх уг торгуулийн ялыг багасгах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.     

Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Э. С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С  нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн саарал өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, цагаан өнгийн гэрэл ойлгогч бүхий хөндлөн канттай ногоон өнгийн оруулгатай хар хантааз 1 ширхэг, саарал өнгийн зузаан дотуур өмд 1 ширхэг, ногоон эрээн өнгийн өмд 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүгдэгч Э.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН