| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436000000165 |
| Дугаар | 82 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 82
2024 09 17 2024/ДШМ82
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000165 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, ******* ******* ******* *******ийн Нэргүй.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 2-26 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ той маргалдаж, түүний суганы доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* овгийн *******ийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн *******ийн Нэргүйг 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.4 2436000000165 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* нь хохиролд 1,030,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгуулахаар Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж, хохирогч ын өмсөж явсан гэх хар өнгийн хүрэм /як/-1ш, цагаан өнгийн футболк 1 ширхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.7 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь орон гэргүй бөгөөд ойр хавынхаа таньдаг, мэддэг хүнээс тусламж гуйж хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч *******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялаас хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.
6. Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь бичиг үсэг мэдэхгүй, амьдралын боломж муутай, нийгмийн эмзэг бүлгийн иргэн байсан учраас үнэ төлбөргүй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Улаанбаатар хот руу явдаг автобусны жолооч нар шүүгдэгч *******гээр ачаа зөөлгөх ажил хийлгэдэг. Харин шүүгдэгч ******* нь дулааны улиралд гол орчмоор, өвлийн улиралд дулаан орц, хонгилоор амьдардаг, орон гэргүй хүн байсан. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Нямдоржийн хувьд нэлээн санаачилгатай ажиллаж хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн биеийн байдал сайжирсан. нь Улаанбаатар хот руу хоёр удаа явж эмчилгээ хийлгэсэн бөгөөд уушгины сиймхийгээ оёулаад биеийн байдал нь сайжирсан. Шүүгдэгч ******* нь өвчтэй бөгөөд хүйтэнд даарч чаддаггүй, халуунд ажил хийж чаддаггүй эрүүл мэндийн асуудалтай хүн байсан. Мөн тус хэргийн хувьд хоёр согтуу хүн бие биетэйгээ ойлголцохгүйгээр нэгэндээ гэмтэл учруулсан гэж харж байгаа тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Шүүгдэгч *******н хувьд хэрэгт бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатнаас эхлэн түүнд холбогдох хэрэгт хяналт тавьж ажилласан. Мөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Түүнчлэн өөрт холбогдох хэргийг хохирогчид хохирол төлбөрөө төлөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлж байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй талаар хувийн байдал тогтоосон баримтуудаас харагддаг бөгөөд өмгөөлөгчийнхөө хамт ажил хийж олсон хөлс, мөнгөний талаар болон хохирол төлөхөө илэрхийлээд явж байсан. Мөн өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогчид хохирлоо бүрэн төлөөд орж ирж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа тул хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс ямар нэгэн санал, тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 2-26 тоотод байрлах У.Лхагвасүрэнгийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ той маргалдаж, түүний суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, шүүгдэгч нь хохиролд 1,030,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нар нь “... шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 1,030,000 төгрөг, давж заалдах шүүх хуралдааны өмнө 1,000,000 төгрөг төлж, хохирлоо бүрэн барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... “ гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
6.1 Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ той маргалдаж, түүний суганы доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6.2 Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаараа тогтвортой, зөрүүгүй мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал,
- шүүгдэгч нь хохирогч од мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,030,000 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 1,000,000 төгрөг, нийт 2,030,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх мэдүүлэг, тайлбар өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлөх, хор уршгийг арилгахад шүүгдэгч идэвхитэй байр сууринаас хандаж байгаа байдал,
шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөхөд хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэсэн байр суурийг илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7. Түүнчлэн анхан шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... Увс аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд...” гэж техникийн шинжтэй алдаа гарсныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн *******ийн Нэргүйг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж бүхэлд нь өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын "5 /тав/ жилийн хугацаагаар" гэснийг " 3 /гурав/, жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар" гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн ял шийтгэл хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ