| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0508/З |
| Дугаар | 128/ШШ2026/0568 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2026/0568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г*******,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад З.Ө******* нарын хоорондын “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө*******ын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.Г*******, хариуцагч З.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад З.Ө*******аас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар “Л*******” ХХК-ийг “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж байгаа В******* төслийн автозогсоолын барилга байгууламж нь галын аюулгүй байдлын магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон байна.
1.2. Дүгнэлт гаргагчаас шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө*******ын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.
Хоёр. Дүгнэлтийн үндэслэл:
2.1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г******* би тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан 3.Ө******* нь зөрчлийн 26-10 дугаартай “В*******” төслийн авто зогсоолын барилга байгууламж нь галын аюулгүй байдлын магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэх гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч “Л*******” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5000 нэгжээр торгож шийдвэрлэсэн материалыг шалгалтаар хяналаа.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн холбогдогчийн мэдүүлэг, мөн өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар “Л*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахад холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан гэх заалтуудыг хэн, хэзээ, хэрхэн, яаж зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх Шударга ёсны зарчимд нийцэхгүй. Харин материалд цугларсан нотлох баримтуудаар “Л*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй” гэх зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө*******ын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2.2. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө******* нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар хуулийн этгээд болох “Л*******” ХХК-ийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5000 нэгжээр торгож шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хуулийн этгээд гэдгийг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. Холбогдогчоор мэдүүлэг өгсөн байгаа. Мэдүүлэгт галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаагүй барилгын ажил эхлүүлсэн талаараа мэдүүлэг, тайлбар өгдөг. Уг хуулийн заалтыг прокурорын зүгээс Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заавал хийлгэх галын аюулгүй байдлын үнэлгээг хийлгээгүй гэдэг зөрчил гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны шүүхэд гаргасан хариу тайлбарыг уншиж танилцсан. Эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан буюу барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахдаа холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, норматив зөрчсөн байна гэж үзсэн. Энэ нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д заасан барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, Х тайланг өөрчлөхдөө эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадалгаа хийлгэх, зураг төсөл баримтлах ёстой байсан. Энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д заасан галын аюулгүй байдлын шаардлага хангасан талаар магадлал хийлгээгүй зураг төслөөр барилга байгууламжийн ажлыг хийсэн. Галын аюулгүй байдлыг хангаагүй барилга байгууламж барихыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гэж бичсэн байгаа. Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэдэг дээр миний зүгээс санал нэгдэж байгаа. Харин бусад хууль тогтоомжид заасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд тусгалаа олж байж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх ёстой. Галын аюулгүй байдлын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Үүн дээр эрх бүхий албан тушаалтантай санал нэг байгаа. Харин тухайн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн аль заалтад тусгалаа олж байна вэ гэдэг дээр зөрүүтэй байна гэж үзсэн. Миний зүгээс галын аюулгүй байдлын үнэлгээ хийлгүүлээгүй зөрчил байна. Холбогдогч нь ийм мэдээлэл өгч заалтаар зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулсан байдаг. Эрх бүхий албан тушаалтын оногдуулсан шийдвэр буюу Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2-д заасан барилга байгууламж шинээр барих, өргөтгөх норм норматив зөрчсөн байдаг. Энэ нь нэлээд өргөн ойлголт байгаа. Үүн дээр юуг, хэрхэн яаж зөрчсөн бэ гэдэг дээр олон агуулгатай ойлголт байна гэж үзэж байгаа. Нарийвчилсан хуулийн зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 5.14.5-д заасан зөрчил гэж үзсэн” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч З.Ө******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа: ““Л*******” ХХК-ийн захирал Т.Б*******ийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/19 дугаартай албан бичгээр итгэмжлэл олгогдсон тус компанийн барилгын инженер албан тушаалтай Г******* овогтой Г******* нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст өөрийн биеэр ирж “Л*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “В*******” төслийн авто зогсоолын барилга угсралтын ажлыг галын аюулгүй байдлын магадлал хийгдээгүй зураг төслөөр гүйцэтгэсэн гэх зөрчил үйлдсэн талаар мэдэгдсэнийг эрх бүхий албан тушаалтан 3.Ө******* би 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 49 минутад хүлээн авч “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг үйлдэж зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авсан.
Улмаар “Л*******” ХХК-ийн захирал Т.Б*******ийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/19 дугаартай албан бичгийг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оролцогч “Л*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тус компанийн барилгын инженер албан тушаалтай Г******* овогтой Г*******ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож холбогдогчийн эрх, үүргийг танилцуулан холбогдогчоос мэдүүлэг авсан.
Холбогдогч “Л*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г******* нь өгсөн мэдүүлэгтээ манай байгууллага нь “Э*******” групп ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “В*******” төслийн авто зогсоолын барилга байгууламжийг барьж байгаа ерөнхий гүйцэтгэгч бөгөөд галын аюулгүй байдлын магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, барилгын зураг төслийг хянуулах, магадлал хийх ажлыг манай байгууллага хариуцах байсан талаар тусгасан байдаг.
Дээрх нөхцөл байдал нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах” гэж заасан галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын үүргийг биелүүлээгүй, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахад холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Л*******” ХХК-д таван мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 134 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр “Л*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахад холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан гэх заалтуудыг хэн, хэзээ, хэрхэн, яаж зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад хууль буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан нь 1.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна, “Харин материалд цугларсан нотлох баримтуудаар “Л*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгээгүй гэх зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ.
Эрх бүхий албан тушаалтан 3.Ө******* би прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгээгүй гэх зөрчил нь дээрх барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөхдөө галын аюулгүй байдлын магадлал хийгдсэн зураг төслийг баримтлах асуудалтай огт хамааралгүй бөгөөд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5,6,7,8 дахь хэсэгт тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтад орсон, үйл ажиллагаа явагдаж байгаа барилга байгууламжид тусгай зөвшөөрөлтэй, галын аюулын үнэлгээ хийх эрхтэй хуулийн этгээд Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 49 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан гал түймрийн аюулын үнэлгээ хийх журмын дагуу галын аюулын үнэлгээг хийдэг бол Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1,2,3,4,5 дахь хэсгийг тус тус үндэслэн барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төсөлд эрх бүхий иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлын магадлал хийж магадлал хийгдсэн зураг төсөлд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтан хяналт хийж зураг төсөлд “Хянасан” тэмдгийг дарж баталгаажуулан улсын байцаагчийн зураг төсөлд галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлт гаргадаг.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/47 дугаар “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах журам батлах тухай” тушаалаар батлагдсан журмын дагуу Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтан барилга байгууламж, объект шинээр барих, засварлах, хийц, бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэх зураг төсөлд магадлал хийж галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлт гаргадаг.
Иймд эрх бүхий албан тушаалтан 3.Ө******* миний Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахад холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Л*******” ХХК-д таван мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг бүрэн хангаж байна гэж үзэж байна” гэжээ.
3.2. Хариуцагч З.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтэд тухайн зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд үйлдсэн зөрчилд оногдуулсан шийтгэл нь тохирсон хэмжээний шударга ёсны зарчмыг хангахаар шийтгэл биш байна, буруу хуулийн заалтыг хэрэглэж шийтгэл оногдуулсан байна, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах ёсгүй байсан. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулах ёстой байсан гэх дүгнэлттэй танилцсан. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заавал хийлгэх галын аюулгүй байдлын үнэлгээг хийлгээгүй бол гэх заалт байгаа. Үүнд галын аюулгүй байдлын үнэлгээ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай байх гэж үзэж байна. Мөн галын аюулгүй байдлын магадлал гэдэг хоёр зүйлийг тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Галын аюулгүй байдлын үнэлгээ гэдэг нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт зааснаар Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай нэг, хоёрдугаар зэргийн барилга байгууламж нь заавал, бусад аж ахуй нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ гэж заасан. Үнэлгээ гэдгийг энгийн байдлаар ойлговол баригдсан барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн газар, орон, барилга байгууламж нь гал түймрийн ямар эрсдэлтэй вэ гэдгийг үнэлэх, үнэлгээ хийх шаардлагатай гэж заасан. Үнэлгээг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт зааснаар Гал түймрийн аюулын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заасан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасны дагуу онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно гэсэн заалт байгаа. Эрсдэлийн үнэлгээ хийх бүрэлдэхүүн нь тухайн чиглэлээр мэргэшсэн, судалгаа, шинжилгээ, зориулалт бүхий стандарт шаардлага хангасан багаж хэрэгсэлтэй, үнэлгээнд шаардагдах мэдээ, баримт өгөгдөл бүхий мэдээллийн сумтай, эрх зүйн үнэлгээ хийх тогтсон арга аргачлалтай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн хуулийн этгээдэд Онгой байдлын байгууллагаас үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл авсан 42 хуулийн этгээд байдаг. 42 хуулийн этгээдийн заримыг нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын А тушаалаар, зарим хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр эрсдэлийн үнэлгээ хийх зөвшөөрөл олгосон байгаа. Галын аюулгүй байдлын үнэлгээ ярьж байгаад яагаад Гамшгийн эрсдэл, үнэлгээ рүү орж байгаа вэ гэхээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан галын эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байгууллага галын аюулгүй байдлын үнэлгээ хийнэ гэж заасан. Гал түймэр гэдэг нь агуулгаараа гамшгийн нэг хэсэг гэж үзэж байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж байгаа. Гамшиг гэдэг нь аюулт үзэгдэл буюу осол гэж үзэж байгаа. Аюулт үзэгдэл гэдэгт гал түймэр гэсэн ойлголт нь ордог. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ гэдэг нь зөвхөн гал түймэр биш, газар хөдлөлт, үер, малын гоц халдварт өвчин, аюултай бодис алдагдах зэрэг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн газар, орон, барилга, байгууламжид гамшгийн ямар эрсдэл байна вэ гэдгийг ерөнхийд нь үнэлэх үнэлгээний тайланг тусгай эрхтэй мэргэжлийн байгууллага хийдэг. Үүний нэг бүрэлдэхүүн нь гал түймрийн аюулгүй байдлын үнэлгээ ордог. Монгол улсын Шадар сайдын 2017 оны 49 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар гал түймрийн аюулгүй байдлын үнэлгээ хийх журам гэж батлагдсан. Тус журмыг, тайлбарын хамт нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Мөн барилга байгууламжийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээг гаргах зааврыг Монгол улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан. Тус журам болон зааврын дагуу тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага нь баригдсан барилга дээр эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн ойлголт байгаа. Галын аюулгүй байдлын магадлал буюу эрх бүхий албан тушаалтын болох миний зүгээс тухайн үйлдэгдсэн зөрчил нь барилгыг анх барихдаа зураг төсөл боловсруулна, энэ зураг төсөлд Онцгой байдлын зүгээс барилга баригдаж энхлээс өмнө хяналт тавих эрхтэй. Энэ эрхийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилгын зураг төсөлд хийгдсэн магадлал, галын аюулгүй байдалд хяналт тавих эрхтэй гэж заасан. Энэ эрхийн дагуу Онцгой байдлын эрх бүхий албан тушаалтнууд барилга байгууламж баригдаж эхлэхээс өмнө зураг төслөөс нь эхэлж хяналт тавьж явдаг. Зураг төсөлд галын аюулгүй байдлын магадлал хийнэ гэдэг нь тухайн барилга байгууламж зураг төслийн дагуу баригдахад галын аюулгүй байдал хангаж байгаа юу, ямар хийцээр баригдаж байгаа вэ, дулаалгын материал хэр юм, дохиоллын систем яаж төлөвлөгдөж байгаа, автомат систем яаж төлөвлөгдсөн юм, барилга доторх тусламжийн усны цэг нь хаана байрлаж байгаа, улсны хоолой сунгахад барилгын нөгөө үзүүрт хүрэхээр үү зэрэг ийм байдлыг нь хянадаг. Тус зураг төслийн дагуу барилга байгууламжийг гүйцэтгэхэд галын аюулгүй байдлын норм, норматив баримт бичгийн шаардлага хангаж байна гэж үзэж магадлал хийж хянаад. Тухайн эрх бүхий албан тушаалтан магадлал хийсэн тухай дүгнэлт үйлддэг. Үүнийг ямар журмаар зохицуулж байгаа вэ гэхээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны А/47 дугаар тушаалаар батлагдсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах тухай журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан. Энэ нь ямар хуулийн заалтыг үндэслэж байгаа вэ гэхээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, 6.1.3, 21.6, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 5.1-д заасныг үндэслэж Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон барилгын зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах чиг үүргийг энэ журмаар зохицуулсан. Энэ хоёр асуудал нь тусдаа асуудал байгаа. Миний торгох шийтгэл оногдуулсан асуудал нь тухайн хуулийн этгээд нь барилгын зураг төслөө тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар боловсруулаад тухайн зураг төсөлдөө галын аюулгүй байдлын магадлал хийлгэсний дараа зураг төслөө баримталж барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх ёстой байсан боловч ямар нэгэн магадлал хийгдээгүй зураг төслөөр барьж, зураг төсөл хянуулах гэдэг байдлаар өөрсдийн үйлдсэн зөрчлөө сайн дураар эрх бүхий байгууллагад ирж илчилж ирснийг гомдол мэдээллийн бүртгэлд авч хэрэг бүртгэлт, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тухайн хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглахтай холбогдох зэрэг галын аюулгүй байдлын норм, норматив зөрчсөн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан. Прокурорын дүгнэлт дээр дурдсан Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан галын аюулгүй байдлын үнэлгээ хийгээгүй гэдэг нь өмнө нь ярьсан буюу баригдсан барилга дээр гал түймрийн ямар эрсдэл байгаа вэ гэдэг үнэлгээ хийхтэй холбоотой заалт тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт нь өөрөө тухайн зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн үйлдсэн зөрчилд тохирсон шийтгэл байна. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг бүрэн хангаж байна гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г*******ээс Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад З.Ө*******т холбогдуулан “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө*******ын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргаж, үндэслэлээ “оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, ... хэмжээнд тохироогүй, шалгавал зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй” гэх агуулгаар тайлбарласан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Хуульд заасныг зөрчиж барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлах ... бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2.3-т “үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ... “Л*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “В*******” төслийн барихдаа барилгын зураг төсөлд галын аюулгүй байдлын магадлал хийлгээгүй, барилга барьж байгаа зөрчил үйлдэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуулийн холбогдох зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл прокурорын “...оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, ... хэмжээнд тохироогүй, шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
6. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хот тосгоны ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой, барилга байгууламжтай холбоотой, үйлдвэрлэлийн горимтой холбоотой хуульд заасныг зөрчсөн 3 бүлэг зөрчлийг тодорхойлсон байх ба маргаан бүхий шийтгэлийн хуудас нь тус хэсгийн 2.2-т заасан барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ... талаарх хуульд заасан журмыг зөрчсөн агуулгаар гарсан болох нь 0249154 дугаартай шийтгэлийн хуудаст “...5.14-2-2.2” гэж бичигджээ.
7. Мөн зөрчилд холбогдогч “Л*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.Г*******ээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “... манай байгууллага нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “В*******” төслийн баригдаж байгаа автозогсоолын барилга байгууламжийг барьж байгаа ерөнхий гүйцэтгэгч юм. Галын аюулгүй байдлын магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь үнэн” гэж мэдүүлжээ.
8. Энэ тохиолдолд “Лидер бобу” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах” үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээх, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Барилга байгууламж, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны зураг төсөл нь галын аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд эрх бүхий иргэн, хуулийн этгээдээр магадлал хийгдсэн байх”, 21.3-т “Галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэх талаар магадлал хийгдээгүй зураг төслөөр барилга байгууламж барих, галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчилд хамаарахаар байна.
9. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд нь барилга байгууламжийг барихаасаа өмнө зураг төслийн шатанд уг галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх магадлалыг эрх бүхий этгээдээр хийлгэж, онцгой байдлын байгууллагаар хянуулсны үндсэн дээр барилга байгууламжийг барихаар хуульд заасан байхад “Л*******” ХХК нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй, автогараашийн зураг төсөлдөө галын аюулгүй байдлын магадлал хийлгэлгүйгээр гараашийг барьж байсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.
10. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан гэх диспозиц заагаагүй тул прокурорын “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, засварлахад холбогдох хууль, галын аюулгүй байдлын норм, нормативыг зөрчсөн, эсхүл шатах, тослох материалыг зориулалтын бус газар хадгалсан гэх заалтуудыг хэн, хэзээ, хэрхэн, яаж зөрчсөн болох нь тогтоогдоогүй” гэх дүгнэлт үндэслэлгүй, прокуророос Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын агуулгыг мөн хэсгийн 2.3 дахь заалтын агуулгатай хольж андуурчээ.
11. Мөн дүгнэлт гаргасан прокуророос “Л*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Заавал хийлгэх галын аюулын үнэлгээг хийлгүүлээгүй” гэх зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна гэх боловч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “барилга байгууламжийн ангилал, зураг төсөл, хийц, бүтээц, үйлдвэрлэлийн технологи, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн зориулалт, ашиглалт нь норм, нормативын шаардлагад нийцэж байгаа эсэх, гал түймрээс учирч болзошгүй хохирлын хэмжээг тодорхойлж үнэлэх”-дээ гал түймрийн аюулын үнэлгээ хийхээр, 18 дугаар зүйлийн 18.5-д “Барилга байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, галын аюултай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдалд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэх”-ээр, 18.6-д “Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай нэг, хоёрдугаар зэргийн барилга байгууламж нь заавал, бусад аж ахуй нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэх”-ээр зааснаас үзвэл, галын аюулын үнэлгээ хийлгээгүй зөрчил нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах үе шатанд бус, харин баригдсан барилга байгууламж, түүний гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдал зэрэг дараагийн үе шатанд хийгдэхээр хуульд заасан гэж үзэхээр байх тул хариуцагчийн хариу тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
12. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/47 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах журам”-ын 3.1-т “Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, эрчим хүчний эх үүсвэр, хийн хангамжийн системийн угсралт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний зориулалтыг өөрчлөхөд гал түймрийн улсын хяналтын (ахлах) байцаагч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.2, 6.1.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.6, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 5 дугаар зүйл, 5.1, 5.3 дах хэсэгт заасны дагуу галын аюулгүй байдлын дүрэм норм, стандартын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргана” гэж зохицуулж, 3 дугаар хавсралтаар “Галын аюулгүй байдлын магадлал хийх болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст ажиллах чиг үүргийн хуваарь”-ийг баталжээ.
13. Хариуцагчаас дээрх журам болон хуваарийн хүрээнд 100-аас дээш автомашины зогсоолын барилга барих үйл ажиллагаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хяналт тавих эрх хэмжээгүй, дээрх журам, хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч хяналт тавих эрхтэй хэмээн тайлбарлах боловч “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах журам”, “... ажиллах чиг үүргийн хуваарь” нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зөвхөн комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах болон барилга байгууламжийн зураг төсөлд хийсэн дүгнэлт, магадлалд хяналт тавих эрх хэмжээг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон, улсын хяналтын байцаагчид энэхүү хуулиар олгогдсон, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг хязгаарлаагүй байна.
14. Иймд прокурорын “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй” гэсэн тайлбар нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байх бөгөөд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран хэрэгжих боломжтой тул дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г*******ээс Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад З.Ө*******т холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан З.Ө*******ын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0249154 тоот шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ