| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0083/Э |
| Дугаар | 00088 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00088
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0083/Э индекстэй, 1815000890078 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо “Мандал овоо” 18 дугаар гудамж 28а тоотод оршин суух хаягтай, 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэгдсэн гэх, Б овогт Э.Э
Холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” багийн нутаг дэвсгэрт “Honda FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Наранбаатар бид 2 Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт явж байгаад осол гаргаж аваарт орсон. Тэгээд би сэрэхдээ хэдийн үед сэрсэнээ санахгүй байгаа мөн хэдий үед эмнэлэгт хэвтсэнээ мэдэхгүй байна. Миний хувьд осол гаргасандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1815000890078 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Наранбаатарын өгсөн:...2018 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай өвөөгийн төрсөн дүүгийн хүүхэд болох Э.Э манай гэрт “H-FIT” гэх маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Тэгээд бид хоёр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Баяннуур сумын шар тал багийн нутаг Бор булан, Төв аймгийн Лүн сумын нутаг ногоон хоолой зэрэг газруудаар адуугаа хайгаад олдохгүй болохоор нь буцаад Булган аймгийн Дашинчилэн сум руу гэрлүүгээ явж байгаад өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Антены ар” гэдэг газар асфальтан замын зорчих хэсэг дээр явж байгаад зам тээврийн осолд орсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Д.Э өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 0010 цагийн үед Баяннуур сумаас Шар тал багийн нутаг “Хар нүдэн” гэх газар гэрлүүгээ явж байтал Антены ар гэдэг газар “H-FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон байсан юм. Тэгээд шууд цагдаагийн газар дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Гэрч Б.Ц өгсөн: Намайг очиход Э.Эрхэмбаярын биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош ямар нэгэн мэдээгүй, хөдлөж чадахгүй байдалтай байсан. Харин Б.Наранбаатарын биеийн байдал хүндэвтэр биеийн аюулхай хэсэг газар дарж үзэхэд маш их өвдөлттэй, зүүн хөл нь шагайн хэсгээрэй хугарч эргэсэн байдалтай байсан юм. Тэгээд хэргийн газраас тэр 2 залууг сумын эмнэлэг дээр авчирч үргэлжлүүлэн эмчилгээ хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Б.Г өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Э.Э миний машиныг аваад Булган аймгийн Дашинчилэн сум руу мал байдаг айл руугаа явсан юм. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн үед Э.Э Баяннуур суманд зам тээврийн осолд орсон байна гэж Э.Э эхнэрээс мэдсэн юм гэх мэдүүлэг /хх 27 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны
04 дүгээр сарын 03-ны өдрийн 4132 тоот шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Наранбаатарын биед зүүн шилбэний гадна ба дотор хавчаар ясны ил хугарал, мултрал, зүүн хөлийн шагай хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун уушгины няцрал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун эгэмний далд хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун мөр, хэвлийн цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх зүүн шилбэний гадна ба дотор хавчаар ясны ил хугарал, мултрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр /35%-аас дээш/ тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,
Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэнд: Жолооч Э.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмын 9.2 заалт “Жолоо хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт мөн ЗХД-ийн 2.3.а заалт “Хамгаалах бүсээр тоногдогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. “Honda FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг боломжгүй замын зорчих хэсэг дээр ямар нэгэн тоормозны ул мөр үүсээгүй байна.
Жолооч Э.Э нь Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Антений ар” гэх газарт асфалтан зам дээр “Honda FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 9.2 заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчиу тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын зорчих хэсгийн баримжаа алдсанаас замын хажууруу орж онхолдсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх 42 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 хуудас/,
Түргэн тусламжийн хуудас /хх-ийн 34, 39 хуудас/,
Эд зүйлийн үнэлэгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 24 цагийн орчим Булган аймгийн Баяннуур сумын “Шар тал” багийн нутаг дэвсгэрт “Honda FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, 9.1 дэхь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүгээр сонгож явна” гэсэн заалтыг 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж Ж.Наранбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрхэмбаярын... Наранбаатар бид 2 Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг дэвсгэрт явж байгаад осол гаргаж аваарт орсон...,миний хувьд осол гаргасандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранбаатарын өгсөн:...Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Антены ар” гэдэг газар асфальтан замын зорчих хэсэг дээр явж байгаад зам тээврийн осолд орсон гэх, гэрч Д.Энхбаярын...гэрлүүгээ явж байтал Антены ар гэдэг газар “H-FIT” маркийн 50-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон байсан гэх, гэрч Б.Цэрэнпагмагийн...намайг очиход Э.Э биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош ямар нэгэн мэдээгүй, хөдлөж чадахгүй байдалтай байсан. Харин Б.Наранбаатарын биеийн байдал хүндэвтэр биеийн аюулхай хэсэг газар дарж үзэхэд маш их өвдөлттэй, зүүн хөл нь шагайн хэсгээрэй хугарч эргэсэн байдалтай байсан гэх мэдүүлэгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4132 тоот дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан байх ба хохирогч эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, биүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Эрхэмбаярын №917532 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч Э.Э оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, биүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Э №917532 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН