| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436002040228 |
| Дугаар | 83 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 83
2024 09 17 2024/ДШМ/83
Н.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Н.Баянмөнх түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Н.Баянмөнхөд холбогдох эрүүгийн 2436002040228 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Зуутраг ургийн овогт Норжмаагийн Баянмөнх, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны Гандан уул 5 дугаар гудамжны 42 тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сум, Рашаант багийн 1 дүгээр 36 айлын 1-07 тоотод оршин суудаг. Урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн
- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар "согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох" албадлагын арга хэмжээ авсан
- Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800'000 төгрөгөөр торгох ял, мөн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, тухайн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
2. Шүүгдэгч Н.Баянмөнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт Toyota corollg fielder загварын 27 улсын дугаартай автомашин жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Н.Баянмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Зуутраг ургийн овогт Норжмаагийн Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил (хоёр) 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Баянмөнхөд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасах, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 52 (тавин хоёр) хоногийн ялыг, мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хорих ялын 53 (тавин гурав) хоногоор тооцож, мөн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялын 119 (нэг зуун арван ес) хоногоор тус тус тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар, 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянмөнхөд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.5 Энэ хэрэгт шүүгдэгч Н.Баянмөнх нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.6 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэрийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Баянмөнх түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А138, А131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журам байдаг. Тус журамд зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.4 дүгээр хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан зориулалтын багаж ашиглана гэж заасан. Шүүгдэгчийн согтуурлын зэргийг тухайн үед бол зэргийг 2024 оны 3 сарын 25-ны өдөр алкодест 7510 маркийн драгер багажаар үлээлгэж шалгахад 2 бүхлийн согтолттой гэж гарсан байдаг. Гэхдээ уг багажийн стандартчилал хэмжил зүйн төв байгууллагаас 26-ны өдөр баталгаажуулсан байдаг. Энэ багажаар өмнө нь 25-ны өдөр шүүгдэгчийн согтуурлын зэргийг үлээлгэж тогтоолгох үед яг баталгаажсан эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байдаг. Хавтаст хэрэгт зөвхөн 26-ны өдөр баталгаажуулсан баримт нь авагдсан.
Тиймээс согтолтын зэргийг шалгаж баталгаажуулсан асуудал эргэлзээтэй, журам зөрчсөн баталгаажаагүй багажаар согтолтын зэргийг тодорхойлсон гэж үзэж байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид өмнө нь авсан 800 мянган төгрөгийн торгуулийн 200 мянган төгрөгийг нь төлчихсөн гэдгээ шүүх хуралдааны явцад хэлсэн байдаг. Гэтэл энэ талаар шүүхээс анхаарч үзэлгүйгээр төлөөгүй гэж үзэн, төлөгдсөнөөр оруулалгүйгээр шууд эдлэх ялд нь тооцоод явчихсан.
5.2 Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байсан. Гэтэл шүүх хэрэглээгүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд хэдийгээр урьд нь ингээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай байсан хэдий ч торгуулийн ял шийтгэлээ бол цаг хугацаанд нь төлж байсан хязгаарлалтын бүсээсээ гарсан гэх мэт ямар нэг зөрчил бол гаргаж байгаагүй. Ямар нэгэн зөрчилгүй ял шийтгэлээ эдлээд явж байсан. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгч явж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлах боломжтой байсан гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
6.1 Шүүгдэгчийн хувьд драгер багажаар үлээлгэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулга бүхий гомдлыг гаргаж байгаа. Гэтэл гэм буруутай эсэх дээрээ шүүгдэгч маргаагүй гэж байна. Энэ нь өөрөө агуулгын хувьд зөрөөтэй байна. Гэм буруутай эсэх дээрээ маргаагүй гэх ойлголт чинь хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа хууль зүйн ойлголт. Тиймээс өмгөөлөгчөөс гаргаж байгаа давж заалдах шатны гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял нь хууль зүйн үндэслэлтэй, шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатын шүүх хийж чадсан гэх тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгчийн амьсгал дахь спиртийн агууламжийг бол алкотест 7510 гэдэг багажаар бол тухайн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь бол шалгасан. 2%-ийн согтолттой байсан байна гэх баримтыг хэрэгт ямар нэгэн эргэлзээгүйгээр баримтжуулж хавсаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Н.Баянмөнх болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
3. Шүүгдэгч Н.Баянмөнх нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад 2024 оны 03 дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт Toyota corolla fielder загварын 11-27 ХОЕ улсын дугаартай автомашиныг согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон хэргийн үйл баримт нь Жолоочийн согтуурлыг “Аlcotest 7510” багажаар шалгасан тэмдэглэл (хх-5х), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-6х), физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хх-8х), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-28-33х), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-69х), Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын албан бичиг (хх-100х) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу,хэргийн зүйлчлэлийн талаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.
4. Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Баянмөнхийн үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5.Шүүгдэгч Н.Баянмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
6.Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Баянмөнхөд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 7 (долоо) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар хасаж, үндсэн хорих ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 22 (хорин хоёр) хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянмөнхөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.Шүүгдэгч Н.Баянмөнх түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар “...”2024 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар уг багаж нь албан ёсны баталгаажилт хийгдээгүй согтуурлын зэргийг үнэн зөв бодитой тогтоосон эсэхэд эргэлзээтэй, шүүгдэгч нь 800 000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 6 дугаар сарынхаа төлөлтийг хийчихсэн одоо 7-р сарын төлөлт болох 200 000 төгрөгийг хийнэ” гэж хэлсэн байхад энэ нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг хэрэглээгүй байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
7.1.Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдог.
Тодруулбал шүүхээс оногдуулж буй ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд шүүгдэгч Н.Баянмөнхийн гомдолд дурдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүний боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7.2.Хэрэгт авагдсан баримтаар эрх бүхий албан тушаалтан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Н.Баянмөнхийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгаж тогтоохдоо С.Пүрэвхүү, Д.Бүдхүү нарыг байлцуулан шалгасан, мөн шүүгдэгч өөрөө “...2 найзтайгаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад дахиад 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архины талыг уусан байсан тэгээд цагдаагийн байгууллага дээр ирж согтолт тодорхойлох багажаар шалгуулахад 2.00 хувийн согтолттой гарч байсан” гэж согтуурах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлсэн байх тул түүний согтолтын зэрэглэлийг үнэн бодиттой тогтоогоогүй эргэлзээтэй гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар хэрэгт шүүгдэгч Н.Баянмөнхийн согтолтыг тогтоосон “Аlcotest 7510” тандагч багажийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сунгасан баримт хэрэгт авагдсан боловч 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу шүүгдэгчийн согтолтыг шалгадаг өдөр тухайн багаж нь баталгаажуулалт хийгдээгүй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
7.3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Баянмөнхийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуу) мянган төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг торгох ялаас шүүгдэгч түүний өмгөөлөгч нар 200.000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн гэж гомдлоо тайлбарлан гомдолдоо баримтыг хавсаргаж ирүүлсэн байна.
Гэтэл Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн даргын 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1000 тоот албан бичигт “...тус ангид хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа Н.Баянмөнхийн ялын тооцоог 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар торгох ялын 800.000 төгрөгийн үлдэгдэлтэй” гэсэн байх тул түүнийг 200.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих, түүнчлэн тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.”гэж заасны дагуу ялтан Н.Баянмөнх нь 800.000 төгрөгийн торгох ялын 200.000 төгрөгийн торгуулийг төлснөө тооцуулж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баянмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа торгох ялын биелэлтийн тодорхой хэсгийг анхаарч үзээгүй орхигдуулсан гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
7.4 Шүүгдэгч Н.Баянмөнх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй хэдий ч өмнө нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч тэнссэн байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 төгрөгөөр торгох ял, мөн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, тухайн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг нь түүний хувийн байдлыг илэрхийлэх хүчин зүйл болж байна.
8.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Баянмөнхийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 37 (гучин долоо ) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Баянмөнх түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баянмөнхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 (гучин долоо ) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА