| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0086/Э |
| Дугаар | 00091 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00091
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Чинзоригт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1815000340031 дугаартай, 163/2018/0086/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багт түр оршин суух, Э овогт Д.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Д.Ч нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг “Ороох” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
1815000730073 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ч.П өгсөн: Манай Уньт багийн нутаг болох “Ороох” гэдэг газарт хууль бусаар их хэмжээний шургааг мод бэлтгэсэн байна гэхээр нь Хутаг-Өндөр сумын цагдаа Гомбо руу утсаар хэлээд сумын төвөөс цагдаа Гомбо ирсэн. Бид 2 “Ороох” гэх газарт очиход модны хаяанд хуурай нарийхан шургааг модыг 3 метрээр тайрч хөрөөдөн хураасан байсан. Ойр орчимд нь нилдээ цасан бүрхүүлтэй байсан. Тэгээд уг модыг бэлтгэсэн байж болзошгүй гэж сонсогдсон Уньт багт түр оршин суудаг Д.Ч уулзаж “чи Орооход ямар зорилгоор шургааг бэлдсэн бэ, яагаад зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэв” гэж асуухад “тиймээ би бэлдсэн юм” хашаа барих гэсэн юм гэж хэлсэн. Би түүнд зохих зөвшөөрөлгүй мод бэлдсэн талаар нь хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Б.Гомбын өгсөн:...Уньт багийн байгаль хамгаалагч ажилтай Ч.П надруу утсаар залгаад манай багийн нутаг болох “Ороох” гэдэг газарт Д.Ч гэдэг хүн хууль бусаар их хэмжээний шургааг мод бэлтгэсэн байна гэнээ хоёулаа явж үзээд ирье гэхээр нь Хутаг-Өндөр сумаас очсон. Байгаль хамгаалагч Ч.П бид хоёр Уньт багийн нутаг болох “Ороох” гэдэг газарт очиход модны хаяанд 3 метрийн урттай тайрсан нарийхан хуурай шургаагнуудыг хураасан байсан. Тэнд нэлэнхүйдээ цастай байсан ба цасан дээр хуучирсан ул мөр бүдэгхэн харагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Ц.У өгсөн:...нөхөр бид хоёр энэ нутагт бүр мөсөн шилжиж ирэхээр болоод газар авч хашаа байшин барьж, мөн өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор газар авч ногоо тарихаар шийдсэн. Тэгээд амралтын өдөр таарсан байсан тул урьдчилаад хашаанд шургааг модоо бэлтгээд ажлын өдөр эхлэхээр сумын төв рүү орж зөвшөөрөл болон гарал үүслийн бичгээ авъя гээд нөхөр маань багийн төвөөс туслах хүн ирээд олоогүй. Тэгээд Д.Энхбаатарын мал маллаж байгаа айлыг мэдээд нөхөр маань гуйгаад ирье гээд явсан. Тэгээд ирээд Д.Энхбаатартай хамт мод бэлдэхээр явсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч Д.Э өгсөн: 2018 оны 1 дүгээр сард өдрөө сайн санахгүй байна. Хөдөө хониндоо явж байтал Уньтын төвөөс найз Д.Ч утсаар залгаад хоёулаа Орооход хашааны шургааг бэлдье. Чи надад туслаад өг би чамд хөлсөнд нь хэдэн төгрөг өгнө гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн. Маргааш нь Д.Ч намайг ирж аваад бид хоёр шууд Хөтөл усны Ороох гэдэг газарт ирсэн. Д.Ч өөрийнхөө цахилгаан хөрөөгөөр нарийхан хуурай шургаагнуудыг тайрч хөрөөдөн унагасан. Би түүнтэй хамжилдан хураасан. Би түүнээс чи гоожин авсан юм уу гэж асуухад өнөөдөр маргааш 2 завтай байгаа дээрээ модоо бэлдээ авчихъя ирэх 7 хоногоос Хутаг-Өндөр сум руу орж гоожингоо авна гэсэн. Тэгэхээр нь би тийм л юм байх гэж ойлгосон. Бид 2 өдөр гарч уг модыг цагаалж бэлтгэсэн. Хоёр хэсэг болгон хувааж хураасан. Би Д.Чинзоригоос “чи модоо хэзээ авах юм бэ” гэхэд гоожингоо авчихаад цас хайлгахаар авна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуудас/,
Д.Ч яллагдагчаар өгсөн: Би 2015 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суудаг аавындаа түр амьдарч байгаад би 2017 оны зун манай нутгийн ах намайг миний ногоо тарьдаг газарт ногоо тарихгүй юм уу 2-3 жил ногоо тарьсангүй хураагдах гээд байна гэхээр нь би тэр ахад дараа жил ногоо тарья гэж хэлсэн. Тэгээд тэр ах намайг ногооны газар хашаагүй гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд манай багийн “Ороох” гэж газрын уулнаас 3 метр урттай зарим нь 2,80м урттай хуурай шургааг бэлдсэн. Тэгээд бэлдчихээд ууландаа орхичихоод маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө ууландаа бэлдсэн шургаагаа хураах гээд шургааг бэлдсэн уулын ойролцоо өвөлжиж байсан Энхбаатарын гэрт очоод Энхбаатарын хамт ууланд бэлдсэн шургаагаа хуваалцаад өгөөч гэж гуйсан чинь Энхбаатар надаас чи мод бэлтгэх эрхийн бичиг ээ авсан юм уу гэж асуусан би тухайн үед Энхбаатарт мод бэлтгэх эрхийн бичгээ авсан гэж хэлсэн. Тэгээд Энхбаатар бид 2 ууланд бэлдсэн шургаагыг уулнаас буулган уулын арын хаяанд хураасан гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 17 хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/, Нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 47 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-55 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг “Ороох” гэх нэртэй газарт хууль бусаар мод бэлтгэсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Ч...би 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны хооронд манай багийн “Ороох” гэж газрын уулнаас 3 метр урттай зарим нь 2,80м урттай хуурай шургааг бэлдсэн...гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.П...уг модыг бэлтгэсэн байж болзошгүй гэж сонсогдсон Уньт багт түр оршин суудаг Д.Чинзоригтой уулзаж “чи Орооход ямар зорилгоор шургааг бэлдсэн бэ, яагаад зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэв” гэж асуухад “тиймээ би бэлдсэн юм” хашаа барих гэсэн юм гэж хэлсэн...гэх, гэрч Б.Гомбын...Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн бид хоёр Уньт багийн нутаг болох “Ороох” гэдэг газарт очиход модны хаяанд 3 метрийн урттай тайрсан нарийхан хуурай шургаагнуудыг хураасан байсан гэх, гэрч Ц.Удвалын ...нөхөр маань багийн төвөөс туслах хүн ирээд олоогүй...,Энхбаатарын мал маллаж байгаа айлыг мэдээд нөхөр маань гуйгаад ирье гээд явсан..., Д.Энхбаатартай хамт мод бэлдэхээр явсан гэх, гэрч Д.Энхбаатарын...найз Д.Ч утсаар залгаад хоёулаа Орооход хашааны шургааг бэлдье. Чи надад туслаад өг би чамд хөлсөнд нь хэдэн төгрөг өгнө гэхээр нь би тэгье гээд зөвшөөрсөн...гэх мэдүүлэгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 17/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43/, нөхөн төлбөр тооцуулах тухай тэмдэглэл /хх-ийн 47/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 51-55/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг таниулж шинжлэн судлав.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Чинзоригийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2.905.195 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 8706584.7 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Ч гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 3м урттай 1363 ширхэг мод 2.905.195 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг 119.000 төгрөг нийт 3.024.195 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 3.024.195 төгрөгийг тооцож, үлдэх 5682389.7 төгрөгийг шүүгдэгч Д.Чинзоригоос гаргуулж хохирогч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтас хэргийн 78 дугаар талд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст 1973 оны 3 дугаар сарын 20-нд төрсөн гэх шүүгдэгч Эмээл овогт Д.Ч регистрын дугаар ФБ79032072 гэж зөрүүтэй бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Д.Ч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 3м урттай 1363 ширхэг мод 2.905.195 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг 119.000 төгрөг нийт 3.024.195 төгрөгийн эд хөрөнгийг тус тус хураан авч, хохиролд 3.024.195 төгрөгийг тооцож, үлдэх 5682389.7 төгрөгийг шүүгдэгч Д.Ч гаргуулж, хохирогч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН