Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0349

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ю.К*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* /цахимаар/, гуравдагч этгээд Ю.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жы ны хаягт байрлах нэгж талбарын 186******* дугаар бүхий 700 м.кв газрыг Ю.К*******д өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ю.К*******д өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэж гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаартай татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К*******д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэж тодруулжээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жы ны хаягт байрлах нэгж талбарын 186******* дугаар бүхий 700 м.кв газрыг Ю.К*******д өмчлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамжаар хүчингүй болж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн Ю.А*******д холбогдох хэсгийг сэргээснийг хүчингүй

болгуулах хүсэлтэй байна. 2014 онд ээж М.Ж******* нь өөрийгөө хамтран өмчлөлөөс хасагдах өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар Ю.А******* газрыг өмчилж байгаа. Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жы ны хаягт байрлах нэгж талбарын 186******* дугаар бүхий 700 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна гэсэн. 2023 оны 6 дугаар сарын 14-ний шийдвэрээр 2017 оны гэрчилгээг хүчингүй болгосон. 2017 оны гэрчилгээ хүчингүй болсон тул үүнтэй хамт 2014 оны гэрчилгээ хүчингүй болох ёстой гэж үзэж байна. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт байдаг. Тухайн тодорхойлолт дээр Ю.А******* энэ хаяг дээр бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн байдаг. гэв.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жы ны хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газарт эхнэр О*******, хүү Т болон хоёр ач нарын хамт 1977 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэдгээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан байдаг. Тухайн хаягт оршин суудаггүй Ю.А******* нь дээрх 700 м.кв газарт хоёр хүн амьдарч байсан мэтээр хуурамч бичиг баримтыг бүрдүүлж Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжуудаар газрыг өмчилж авсан. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хяналтын шатны шүүхийн 19 дугаар тогтоолоор тухайн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэж, гуравдагч этгээд Ю.А*******д газар өмчлөх эрхийг олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522, 2014 оны А/518 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны А/1275 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийг гуравдагч этгээд Ю.А******* эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэгдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 529 дүгээр шийдвэрээр шинэ захиргааны акт гаргахаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээсэн. Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор хяналтын журмаар тухайн гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Иймд эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүх бичиг баримтуудыг хавсарган газар өмчлөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Ю.А*******ийн өмнөх 2014 оны захирамжаар эзэмшүүлсэн газрын өмчлөх эрх нь сэргэсэн тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн шийдвэр нь хууль бус гэж үзэж, хуульд нийцүүлэн гарга гэх агуулгаар шүүхийн шийдвэрүүд гарсан. 2014 онд үүссэн газар өмчлүүлэх захирамжийг хууль бус байна гэж дүгнэсэн. Тухайн захирамжийн дагуу өмчлөх эрх сэргэх боломжгүй, хуульд нийцэхгүй байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд өөрт хамаарах биелэлтийг нь хангуулаад өргөдлөө гарга гэж мэдэгдсэн. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд газар өмчлөх өргөдөлд хавсаргах баримтыг тодорхой заасан. Эдгээр бичиг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл хуулиас давсан шаардлагыг тавьж, бүрдлийг хангаагүй гэж хариу өгсөн. Хариуцагчийн зүгээс ямар бичиг баримт дутуу талаар нэхэмжлэгчид тодорхой хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Дээр дурдсан хоёр үндэслэлээр өмчлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жы ны хашааны газрыг иргэн Ю.А*******д өмчлүүлсэн байна. Иргэн Ю.К*******, Ю.В, Ю.Э нараас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн Ю.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолоор хариуцагч Нийслэлийн Засаг даргад дахин захиргааны шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Улмаар хяналтын шатны шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолыг биелүүлэн Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/1275 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жы ны 50 тоот хашааны газрыг иргэн Ю.Э, Ю.К*******. Ю.А******* нарт хамтран өмчлүүлсэн захиргааны актыг гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Тус захиргааны акт гарсантай холбогдуулан тус газрын анхны өмчлөгч иргэн Ю.А*******ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/1275 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 529 дүгээр шийдвэрээр тус захирамжийн биелэлтийг дахин шинэ акт гартал зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй нөхцөлд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамжийг хүчингүй болсон тооцохоор шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд захиргааны шинэ акт гараагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамж хүчингүй болж, 2014 оны 518 дугаар захирамжийн иргэн Ю.А*******д холбогдох хэсэг нь сэргэсэн бөгөөд одоогоор тус газар нь иргэн Ю.А*******ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Ю.К*******д 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01-08/1942 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч иргэн Ю.К*******д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан баримтын бүрдлийг тогтоосон хугацаанд өгөөгүй. Иймд Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан хүсэлт, тухайн иргэний нотолсон баримт бичгийн бүрдлийг хангаагүй тул иргэн Ю.А*******д газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахтай холбоотой бүх төрлийн ажиллагааг хуульд заасан дүрэм журмын дагуу хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

2.4.Гуравдагч этгээд Ю.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 1977 оноос хойш амьдарч байгаа гэж худал хэлж, төрсөн ах дүүгээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн газар өмчлөх эрх авсан мэтээр зөрүүтэй тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 онд манай ахтай гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед аав, ээж, ах дүүсийн хамт ярилцаж, надад хашаа байшинг өгсөн. Миний бие гадаад улсад байхад дахин төлөвлөлт болсон. Уг маргаан үүсээд 5-6 жил болж байна. Нэхэмжлэгч Ю.К******* нь эрх зүйн чадамжгүй, эмчилгээ хийлгэдэг. гэв.

2.5.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийг хүчингүй болгуулах, дахин шинэ акт гаргахыг даалгах гэж тайлбарлаж байна. 2014 оны захирамжийг хүчингүй болгуулах гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Үүнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн газар нь гурван хүний нэр дээр байгаа. Дөрвөн хүний нэр дээр дахиж гаргахыг даалгасан агуулгатай харагдаж байна. Гэтэл яагаад зөвхөн Ю.К*******гийн нэр дээр дахиж шинээр гэрчилгээ гаргах шаардлага гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг биелүүлэх үүрэгтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Энэ тохиолдолд тусад нь нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан гэж үзэж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр бий. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль бус болох нь Ю.А*******ийн нэхэмжлэлээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ойлгомжгүй байна. Шинээр гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа хууль бус үйлдлийг тогтоолгох гэж байна гээд ойлгож байсан. 2026 оны 1 дүгээр сард бичгээр өгсөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагчийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн байна. Уг албан бичгийг хүчингүй болгосноор Ю.К*******д дахиж шинээр газар эзэмших эрх олгох эрх зүйн үндэс яаж бүрдэх эсэх нь ойлгомжгүй байна. Албан бичиг хүчингүй болсноор зөрчигдсөн гэж буй эрх ашиг нь яаж сэргэх нь тодорхойгүй байна. Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ албан бичгийг хүчингүй болгуулсны үндсэн дээр Ю.К*******д дахин шинээр гэрчилгээ гаргахыг даалгах гэсэн байна. Албан бичгийг хүчингүй хэвээр үлдээсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргээгдэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөвхөн албан бичгийг хүчингүй болгох талаар тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нь нэхэмжлэгч Ю.К*******гийн зөрчигдөөд байгаа эрх ашиг сонирхлыг сэргээх боломжгүй гэж үзэж байна. Хэрэв хяналтын шатны шүүхийн 19 дүгээр тогтоолыг үндэслэвэл Ю.Э, Ю.К*******, Ю.А******* нар гурвуулаа нэхэмжлэгчээр орж ирэх ёстой. Гэтэл зөвхөн Ю.К*******гийн нэр дээр гэрчилгээг дахин гаргаж өгнө үү гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон талуудын тайлбарыг харьцуулан судалж, үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Нэхэмжлэгч Ю.К******* нь анх Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Жы ны хаягт байрлах, нэгж талбарын 186******* дугаар бүхий 700 м.кв газрыг Ю.К*******д өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлага гаргажээ.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаартай татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ю.К*******д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэж тодруулсан байна.

6.Маргаан бүхий газрын асуудлаар өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 86 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хэргийг эцэслэн хянан шийдвэрлэжээ.

7.Улсын дээд шүүхийн 2022 оны 19 дүгээр тогтоолд: ... хариуцагч нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жы ны 700 м.кв хашааны газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий гэж маргаж буй нэхэмжлэгч Ю.К*******, Ю.Э, Ю.В нар болон гуравдагч этгээд Ю.А*******ийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж хяналтын шатны шүүхээс үзлээ гэж дүгнэж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.А*******д холбогдох хэсгийг тус тус Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

8.Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Ю.А*******, Ю.К*******, Ю.Э, Ю.В нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жы ны хашааны газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг Ю.А******* эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

9.Шүүх Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1275 дугаар захирамжийг ...бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, иргэдийн оролцоог хангаагүй гэх үндэслэлээр дахин түдгэлзүүлжээ.

10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 529 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 632 дугаар магадлалд хариуцагч нь шүүхийн тогтоолд заасан ажиллагаа явуулаагүй болохыг тодорхой дурдсан байна.

11.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг зэргийг хавсаргасан хуульд заасан өргөдлийг хүлээн авч бодит байдлыг тогтоосны үндсэн дээр хуульд заасны дагуу газрыг түүнд өмчлүүлэх тухай захирамж гаргах...үүргийг биелүүлээгүй гэж,

12.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд ... Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ю.А*******, гуравдагч этгээд Ю.К*******, Ю.Э, Ю.В нарыг тус маргаан бүхий газрыг өмчлөх эрх бүхий этгээд гэж эцэслэн тогтоогоогүй бөгөөд Ю.А*******, Ю.К*******, Ю.Э, Ю.В нарт газар өмчлүүлэх эсэх шийдвэр гаргахдаа эдгээр иргэдийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гаргасан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж үзэн маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч хариуцагчаас дээрх тогтоолд дурдсан ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байна... гэж тус тус дүгнэсэн байна.

13.Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагад нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг тодорхой зааж өгсөн байна. Газар өмчлөх шийдвэрийг гаргахдаа дээрх иргэдийг оролцуулах, бодит нөхцөл байдлыг тодруулах, улмаар хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэжээ.

14.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс захиргааны байгууллагад дараах байдлаар хандсан.

15.Нэхэмжлэгч Ю.К******* нь 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт[1] гаргасан байна. Тус хүсэлтийн хариуд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 01-08/1009[2] дүгээр албан бичгээр шаардлага хангаагүй гэж хариу өгчээ.

16.Үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******ээс 2024 оны 3 дугаар сарын 06[3] болон 18-ны[4] өдөр нэмэлт тайлбар хүргүүлсэн боловч хариуцагч байгууллагын зүгээс татгалзсан хариуг удаа дараа өгсөн. Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01-08/1942[5], 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/4128[6] дугаар албан бичгүүд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298[7] дугаар албан бичгээр ...шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн Ю.А*******д холбогдох хэсэг сэргэсэн, одоо тус газар Ю.А*******ийн нэр дээр бүртгэлтэй гэх агуулгаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байна.

17.Гуравдагч этгээд Ю.А******* нь шүүхийн шийдвэрт заасны дагуу 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад газар өмчлөх хүсэлт гаргасан байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/1821[8] дүгээр албан бичгээр хүсэлтийг мөн л ...шаардлага хангаагүй гэж,

18.Улмаар Ю.А******* нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахин хандсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/3805[9] дугаар албан бичгээр ...хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу судалж байна гэх хариуг өгсөн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

19.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу шинэ акт гарган маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байна. Хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас хүсэлт холбогдох материалыг хүргүүлсээр байхад шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагааг хийгээгүй, шаарлагдах захиргааны актыг гаргаагүй нь хууль бус, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг зөрчсөн байх тул хариуцагчийн шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тул өмнөх Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаартай захирамж шууд сэргэсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

20.Нэхэмжлэгч Ю.К******* болон гуравдагч этгээд Ю.А******* нараас маргаан бүхий 700 м.кв газрыг өмчлөх тухай хүсэлтээ хариуцагч Нийслэлийн Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргасан байхад шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагааг огт хийгээгүй, шаарлагдах захиргааны актыг гаргаагүй нь хууль бус, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг зөрчжээ.

21.Иймд шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

22.Харин нэхэмжлэгчийн Ю.К*******д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд, захиргааны байгууллага хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, талуудын хэн нь газар өмчлөх эрхтэй болох нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны шатанд эцэслэн тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчид уг газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгах боломжгүй юм.

23.Ю.Э, Ю.В нар шүүхийн шийдвэрийн дагуу эрх бүхий байгууллагад хандаагүй бөгөөд шүүхэд ирүүлсэн тайлбартаа маргаан бүхий газрын асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5, 107.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Ю.К*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05-02/4298 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ