Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2022/00033

 

Б.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00169 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Б.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух М.Б-д холбогдох,

1330000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч Б.Е-, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Иргэн Б.Е- би өөрийн хашаанаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жолооч М.Б-ы ачааны машинд нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор-8550, хөнгөн цагаан-5025 кг, зэс-345 кг, гялгар зэс-132.9 кг, радиатор-237 кг-ыг Улаанбаатар хот руу ачуулсан.

1.2. Гэтэл Улаанбаатар хотын “Г” ХХК-нд хүлээлгэн өгөх үед М.Б- нь 5025 кг хөнгөн цагаанаас 475 кг-ыг дутуу хүлээлгэн өгсөн. Тухайн үед ачаа ачсан тухай падаанд бичиж, нэг хувийг нь надад өгч байсан.

1.3. Миний ачааг замдаа алга болгосон, хулгайд алдсан эсэх, шилжүүлэх ачих үед үлдээсэн эсэхийг мэдэхгүй байна. Иймд жолооч М.Б-аас 475 кг хөнгөн цагааны үнэ буюу 1330000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Е-, М, А нарын 3 хүний ачааг очиж Улаанбаатар хот явах замдаа машин маань эвдэрч эдгээр хүний ачааг өөр машинд ачих зайлшгүй шаардлага гарсан тул Говь-Алтай аймгийн харьяат Б гэдэг /утас нь ********/ жолоочид ачиж өгсөн. Ачаа ачсан хоёр хүний ачаа зөв гарч Е-ын ачаа дутсанд гайхаж байна.

2.2. Иргэн Б.Е- өөрөө жинлэж ачиж байсан, би тэр хүнд итгэж нэг бүрчлэн хараагүй, надад 14290 кг болсон гэсэн бичиг өгсөн. Би хажууд нь байж нэг бүрчлэн жинлэж аваагүй.

 

2.3. Ачааг өөр машинд ачих болоход Б.Е-ад хэлсэн чи өөрөө ирж ачаагаа тэр жолоочид хүлээлгэж өгч, А, М нартай хамт ирээд ачаагаа хүлээлгэж өгөөрэй гэсэн боловч Б.Е- ирээгүй. Би тэр жолоочид Б.Е-ын ачааг бүрэн бүтэн ачиж өгсөн.

2.4. Б.Е-ын ачааг Эмээлтэд очоод хүлээлгэж өгөхдөө хүлээн авсан хүн нь жинлэж аваагүй шууд ачаад явсан гэсэн. Дараа нь 4-5 цагийн дараа ачаа дутлаа гэсэн байна.

2.5. Иймд Б.Е- өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн гэж үзэж байна. Би Б.Е-ын ачаанд хар буруу зүйл хийгээгүй, бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн учраас Б.Е-ын нэхэмжилсэн мөнгийг төлж өгч чадахгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б-аас 1330000 /нэг сая гурван зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Е-ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36230 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Б-аас 36230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Е-ад олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Ачааг Б.Е-аас Улаанбаатарт хүлээлгэж өгөхөөр авч явсан нь үнэн. Б.Е- нь нэхэмжлэлдээ бичсэн дээрх ачааны төрлөөр, жин килограммаар бичиж падан өгсөн нь үнэн.

4.2. Би ачааг ачаад 2022 оны ... дугаар сарын ... ны өдөр Говь Алтайд очоод байхад машин эвдэрч тэр аймагт Б гэх ********дугаарын гар утастай 50 тонны иНорд Бенз” маркийн ачааны шаланз машины жолоочтой уулзан миний машинд ачсан ачааг Улаанбаатар хотод падаанд бичигдсэн тодорхой хаяг дээр байгаа эзэн буюу хүлээн авах хүнд хүлээлгэж өгөхийг хүсэж түүнтэй тохирч тээврийн хөлсийг нь Бд өгсөн.

4.3. Бын улаан өнгийн уг шаланз машинд миний машиныг зэрэгцүүлэн тавьж байгаад түүний аавын гэрийн хажууд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний машины ачааны бэхэлгээнүүдийг суллан, бүрхүүлийг сөхөн авч дээр нь ачсан ачааг Бын өөрийг нь байлцуулан бүгдийг нь түүний машинд шилжүүлэн ачсан.

4.4. Ачааг ачихад би Бд "Ачаанд байгаа төмрүүдийн жинг үзэх үү, хиллэх үү?” гэж асуухад тэр "Ачааг ачсан байдал хэвээрээ байгааг мэдлээ. Миний дэргэд бэхэлгээ бүрээснүүд нь тайлагдлаа. Бүтээлэг чинь шороо тоостой байна. Ачааг бүгдийг нь машинаас миний машинд шууд ачаад бүтээж бэхэлье. Тэгээд би ачааны падааныг бүрэн хүлээн авсан гэж аваад хүлээн авагч хүнд нь хүлээлгэж өгье” гэж хэлэхээр нь би уг ачааг Бын машинд бүрэн бүтэн ачиж, ачааг нь бүтээлгээр боож, олс татлагыг нь татаж өгч ачааны “Б.Е- өгсөн падаан”-ыг түүнд хүлээлгэн өгч Улаанбаатар хот руу явуулсан. Энэ байдлын талаар Б.Е- мэдсэн бөгөөд тэр тухай анхан шатны Шүүх хуралд тайлбар өгөгдсөн.

4.5. Харин жолооч Б нь ачааг бүрэн ачиж авч, падааны хамт Улаанбаатар хотод ачааг хүргэж хүлээн авагчид ачааг падааны хамт хүлээлгэж өгсөн байна.

4.6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380.1. 393.1-д заасныг буруу тайлбарлан хэргэлж хуулийг ноцтой зөрчсөн.

4.7. Ачааг Б.Е-аас би машинд ачаад аваад явсан ч гэсэн миний машин замд эвдэрч өөр машинд ачааг шилжүүлэн ачсан ба уг ачааг падааны хамт надаас үүрэг хүлээж аваад явсан Говь Алтай аймгийн иргэн шаланз машины жолооч Б нь хариуцагч мөн байсныг тогтоолгүй намайг хариуцагчаар тогтоож харьяалал зөрчсөн.

4.8. Нэхэмжлэгч Б.Е-ын ачааг алдагдсан жин хэмжүүрээр дутагдсан нь бодит үнэн эсэхийг тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгчийн дутуу гаргаж өгсөн нотлох баримт, амаар хэлсэн, нэхэмжлэл шаардлагад итгэж надад үндэслэлгүйгээр төлбөр тогтоосон.

4.9. Хэргийн хариуцагч би биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний бие уг ажлыг 25 дахь жилдээ тасралтгүй хийж байгаа. Сард нэг удаа ачаа ачуулдаг. Тэгэхэд нэг ч килограмм дутаж байгаагүй. Би Х.Б-д нэг бүрчлэн электрон хилээр хиллэж өгсөн. Тухайн үед өөрөө миний хажууд байсан бөгөөд дэвтэртээ тэмдэглэн авч, гарын үсэг зуруулсан.

5.2. Миний барааг шилжүүлэн ачих үед тухайн жолооч хажууд нь байгаагүй юм байна. Тэр талаар утсаар тодруулсан. Тухайн жолооч хэлэхдээ замд эвдэрсэн байхад нь сайн дураараа ачсан гэдгийг хэлж байсан. Тээврийн хөлс авсан эсэхийг мэдэхгүй.

5.3. Улаанбаатар хот руу очсоны дараа хүргэх ёстой газарт нь хүргэж өгөөгүй бөгөөд хотын наана 30 километрийн зайтай Эмээлт гэх газраас ирж авбал ав гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод байсан хүү маань авдаг хүмүүсийг дагуулан очиж, шилжүүлэн ачих үед хиллэж үзэхэд дутсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Б.Е- нь нэхэмжлэлийн үндэслэлээ “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр жолооч Мельс овогтой Б-ы ачааны машинд нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор-8550, хөнгөн цагаан-5025 кг, зэс-345 кг, гялгар зэс-132.9 кг, радиатор-237 кг-ыг Улаанбаатар хот руу ачуулсан. Гэтэл Улаанбаатар хотын “Г” ХХК-нд хүлээлгэн өгөх үед М.Б- нь 5025 кг хөнгөн цагаанаас 475 кг-ыг дутуу хүлээлгэн өгсөн” гэж, хариуцагч М.Б- нь татгалзлын үндэслэлээ “Улаанбаатар хот явах замд машин эвдэрч Говь-Алтай аймгийн харьяат Б гэх жолоочид ачааг ачиж өгсөн. Б.Е- өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн, ачаанд хар буруу зүйл хийгээгүй, бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн учраас мөнгийг төлж өгч чадахгүй” гэж тус тус тайлбарлажээ.

8. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

9. Дээрх гэрээний дагуу хариуцагч М.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл нэхэмжлэгч Б.Е-ын нийт 14290 кг хаягдал төмөр болох аккумлятор 8550 кг, хөнгөн цагаан 5025 кг, зэс 345 кг, гялгар зэс 132.9 кг, радиатор 237 килограммыг тээвэрлэхээр үүрэг хүлээсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогджээ.

10. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж хуульчилсан байх тул  нэхэмжлэгч Б.Е- нь тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлтийг болон өөрт учирсан хохирлоо тээвэрлэгчээс шаардах эрхтэй.

11. Хариуцагч М.Б- нь “ачааг Б.Е- өөрөө дутуу жинлэсэн эсвэл ачаа хүлээн авсан хүн дутуу жинлэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд хариу тайлбараас өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч М.Б- нь ачааг хүлээн авагчид нэхэмжлэгч Б.Е-аас хүлээлгэж өгсөн тоо хэмжээгээр нь хүлээлгэж өгсөн болохоо нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

12. Хариуцагч М.Б- нь “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж хуулийг ноцтой зөрчсөн, хариуцагч Б байхад намайг хариуцагчаар тогтоож, харьяалал зөрчсөн, нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт нь бодит үнэн эсэхийг тогтоолгүйгээр надад үндэслэлгүй төлбөр тогтоосон” гэх гомдол гаргасан байх бөгөөд гомдолд дурдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч М.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хүртэл нэхэмжлэгч Б.Е-ын нийт 14290 кг хаягдал төмрийг тээвэрлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, энэ үйл баримттай хариуцагч өөрөө маргаагүй байх тул түүний “энэ хэргийн хариуцагч биш” гэх гомдол үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гомдлын хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2022/00169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ