Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00878

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00878

Улаанбаатар хот



2025 10 13 103/ШШ2025/00878

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1975 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 13 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* малчнаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь малчнаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн иргэн ******* миний бие олон жил малчнаар ажилласан тул 50 настай тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж тэтгэврээ тогтоолгох материалуудаа бүрдүүлж өгтөл миний бичиг баримтууд бүрдүүлбэр дутуу учир нийгмийн даатгалын байгууллагаас шууд тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж үзсэн. Учир нь миний бие анх 1993 оны 6 дугаар сард Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ээж маань малчин байсан тул ээжийнхээ хамт өөрийн сум болох Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт мал маллаж эхэлсэн. 1994 онд гэр бүлтэй болж тусдаа гаран нөхрийн хамт малаа маллаж байгаад манай гэр бүлийн хүн 2000 онд Багануур дүүргийн харъяат болсон. Бид гэхдээ тухайн нутагтаа малаа маллаж байсаар байгаад 2021 онд гэр бүлийн хүн маань нас бараад би малаа зараад Багануурын төвд орж ирсэн. Энэ хугацаанд би малаа маллаж жил бүр малаа тоолуулаад явж байсан. Гэтэл 1998,1999,2000 онуудад мал тоолуулсан баримт байхгүй байгаа тул тухайн жилүүдэд малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй гэж Нийгмийн даатгалын газраас үзээд байгаа юм. 2001 онд малаа тоолуулсан баримт гарч ирээд байгаа. Миний бие нөхрийн хамт 1994-2002 он хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт Их цантын энгэр гэх газарт малаа маллаад л амьдарч байсан. 2000 онд Багануур дүүрэгт малаа тоолуулсан. Иймд намайг 1998-2000 онуудад Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт малчнаар ажиллаж байсан нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Төв аймгийн Архивын хэлтсийн тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, лавлагаа, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Баяндэлгэр сумаас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******,*******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******ийн шүүхэд хандаж гаргасан малчнаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь малчнаар ажиллаж байсан үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Мал аж ахуйн салбарт тасралтгүй 6 жил малчнаар ажилласан, 50 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэсэн хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

2.******* нь 1998, 1999, 2000 онуудад мал маллаж байсан нь үнэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Төв аймгийн Архивын тасгийн 2025.09.01-ний өдрийн 06-55 дугаартай тодорхойлолтод: Тус сумын архивт 1998-1999 оны Байдлаг багийн малын А данс тушаагдаагүй болохыг тодорхойлов, 2025.09.04-ний өдрийн 475 дугаартай тодорхойлолтод: Төв аймгийн Баяндэлгэр сумын 1998-2000 оны малын А данс нь тус архивын хэлтэст шилжиж ирээгүй тул иргэн лавлагаа олгох боломжгүй байна гэжээ. /хх-ийн 5- 6 дугаар тал/

-Үндэсний төв архивын 2025.09.04-ний өдрийн 912 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын малын А данс байгууллагын 1998-2000 оны баримт шилжиж ирээгүй тул холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 7 дугаар тал

-Үндэсний төв архивын 2025.09.04-ний өдрийн 03-08/6072 дугаартай лавлагаанд: өрхийн тэргүүн , эхнэр ******* , охин , гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/

-Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 2025.09.19-ний өдрийн 10/1014 дугаартай тодорхойлолтод: Тус дүүргийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Багануур дүүргийн 1 дүгээр хорооны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримт нь 2006-2024 оны хязгаартай шилжиж ирсэн тул Бат-Очирын холбогдох 2000 оны баримт гарахгүй болохыг үүгээр уламжилж байна гэжээ. /хх-ийн 14 дүгээр тал/

-Баяндэлгэр сумаас малчин даатгуулагчид олгосон Архивын 2025.08.08-ны өдрийн лавлагаанд: Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч ын 1995,1996,1997, 2001 онуудад мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог гаргаж ирүүлсэн байна. /хх-ийн 15,16-21 дүгээр тал/

-Гэрч*******гийн шүүхэд өгсөн: Миний бие Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг бригадад 1968-2000 он хүртэл мал маллаж байсан юм. ******* аав нь Буд, ээжийг нь Бадамгарав гэдэг байсан. Би ******* эцэг, эхтэй нэг бригадад мал малладаг байсан юм. Түүний охин нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд аав, ээж дээр ирж мал маллаж байсныг сайн мэдэж байна. 1994-2001 оны хооронд мал маллаж байсан. Үхэр хариулж, үнээ саадаг байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал

- Гэрч *******ын шүүхэд өгсөн: Миний бие 1987 онд цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг бригадад 2005 он хүртэл мал маллаж байсан. нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1994 оноос эцэг, эх дээрээ мал маллаж байгаад Бадарчийн Ширбазар гэж хүнтэй гэр бүл болж тусдаа гарч мал малладаг байсныг мэднэ. Нөхөр ай би найз нөхөд байсан учир гэр орноор нь ордог байсан. 2021 он хүртэл мал маллаж байсан. Нөхөр нь нас бараад 4 жил болж байна. Үхэр, хонь малладаг байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/

-Гэрч *******ын шүүхэд өгсөн: Би Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт 1984-1998 он хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан. ******* аав Буд, ээж Бадамгарав нар нь малчин хүмүүс байсан юм. Охин нь сургуулиа төгсөөд эцэг, эх дээр мал маллаж байгаад хүнтэй суун гэр бүл болон тусдаа гарч мал маллаж байсан. 1994 оноос хойш, нөхрийгөө нас барах хүртэл малчинаар ажиллаж байсныг мэднэ. Би малын эмч болохооор нь малдаа тарилга, туулга хийлгүүлэх гэж дууддаг байсан. 2001 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Би нэгдэл тарж хувиараа мал маллаж, малын эмчийн ажлаа хийдэг байсан учир малын үйлчилгээ болох тарилга туулга хийлгэж, мал өвдлөө гэхэд аваачиж үзүүлж зөвлөгөө авдаг байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

3.Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд хүсэлт гаргагч ******* нь 1994-2001 онуудад ээж аав, нөхрийн хамт маллаж байсан, 1994-2001 онуудад малаа мал тооллогод хамруулсан боловч 1998, 1999, 2000 онуудад малаа тоолуулсан баримт нь үрэгдэж алга болсон, архивын тухайн баримт материал нь холбогдох архивуудад тушаагдаагүй, 1997 оны мал тооллогоор 83 толгой малтай байсан, 2001 оны мал тооллогоор 142 толгой малтай болсон үйл баримтууд тогтоогдож байх тул *******ийг 1998-2000 онуудад Төв аймгийн Баяндэлгэр суманд мал маллаж байсан нь үнэн гэх үйл баримтыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* ийг 1998, 1999, 2000 онуудад Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багт мал маллаж байсан нь үнэн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ