| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0099/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 109
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурд овогт Ш.Т-д холбогдох 1735002270034 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 11-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух Бурд овогт Ш.Т. РД:ОМ95121115.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь 2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Г-ийн өвөлжөөнөөс хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ы 4, Г.Г-н 1, Г.Б 2, нийт 9 тооны ямаа хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ш.Т-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох браимтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Г-ийн өвөлжөөнөөс хохирогч Г.Гийн 2, Ж.Г-ы 4, Г.Г-н 1, Г.Б 2, нийт 9 тооны ямааг алж арьсыг нь авсан хэрэг гарчээ.
Хохирогч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Г.Г “ Өвөлжөөнөөс 9 ямаа нядлаж, арьсыг нь аваад явчихсан байна” гэж утсаар хэлсэн. Тэр өдөртөө өвөлжөөнд байсан гэртээ очиход том саравчинд 3 ямааны мах, пүнзэнд 4 ямааны мах, жижиг хашаанд 2 ямааны мах байсан. Ямаануудын толгойг таслаад арьсыг нь авч явсан байсан. Ул мөрийг нь харахад мотоциклоо хол орхиод явган ирж ямаа алж, арьсыг өвчиж авсан байсан. Тэр 9 ямааны 2 нь Г.Гийн , 1 нь Г.Гн , 2 нь Г.Б, 4 нь минийх байсан. Миний ахын хүү Т арьснуудыг Тээлийн голын гүүрний дэргэд цасанд булсан байсныг хэсгийн төлөөлөгч илрүүлсэн гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/,
Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө миний эхнэр Улаангомоос ирэхдээ “Аавын өвөлжөөнөөс ямаа нядалж арьсыг нь авсан байна” гэж хэлж байсан. Аав Ж.Г өвөлжөөндөө очиж үзэхэд 9 ямаа нядлаж арьсыг нь авсан байсны дотор миний 5 настай, улаан зүстэй, эм ямаа алагдсан байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р тал/,
Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай аав Ж.Г 2018 оны 12 дугаар сарын 15-ны над руу “Өвөлжөөнөөс 9 ямаа алж арьсыг нь авсан байна. Чиний хоёр нас гүйцсэн хоёр эх ямаа нядлагдсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 121-р тал/,
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би дүү Г.Гээс 2018 оны 12 дугаар сарын сүүлээр аавын ахын хүүхэд Т манай аавын өвөлжөөнөөс 9 ямаа нядалж арьсыг нь авсан болохыг сонссон. 9 ямаан дотор миний 2 тооны 5 настай эх байсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 123-р тал/,
Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09-10 цагийн үед миний нөхрийн дүү Ганболд 94348861 дугаараас миний 94840177 дугаар руу залгаад “Өнгөрсөн шөнө манай хот /өвөлжөө/ руу хулгай орж 9 ямаа нядлаад арьсыг нь авсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Эрдэнэгийн хамт мал хашаанд оруулчихаад өөрийн мотоциклио пүнзэнд оруулчихаад гэрт орж амарсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өглөө босоод мотоциклио авахаар пүнзэнд ороход 4 тооны ямааг ялаад арьсыг нь авсан байна. Пүнзнээс гараад ирэхэд саравчин дотор бас 3 ямааг алж арьсыг нь авсан байсан. Мөн өвөлжөөний булангийн хашлаганы хоёр талд нэг, нэг ямааг алж арьсыг аваад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 127-128-р тал/,
шүүгдэгч Ш.Т-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 14-нд манай мал байдаг айл болох Б.д борц хийхээр өөрийн хоёр ямааг нядлаж аваад өөрийнхөө мустанг-5 загварын 55-18 УВЗ улсын дугаартай мотоциклиор бүрэнхий болж байхад Наранбулаг сумын “Баруун Савх” гэдэг газраас Улаангом орохоор явсан. Замдаа Хамар даваа гэх газар явж байгаад мотоциклио хээр үлдээгээд Г гэдэг айлын өвөлжөө рүү алхаж очоод 9 ямаа алж махыг нь хаячихаад, арьсыг нь авсан. Арьсаа мотоциклиороо Тээлийн гүүрний баруун урд зүгт засмал замын урд хэсэгт ирж 9 ямааны арьсаа цасанд булчихаад өөрийн 2 ямааны мах болон арьсаа аваад харьсан. Хүнд өртэй байсан болохоор өрөө төлөх гэж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. ” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.Т энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Т нь хохирогч нарын 9 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар алж арьсыг авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ш.Тгмал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Т нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ш.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 36-ны өдрийн УВ/01/256 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 130-р тал/-ээр хохирогч нарын 9 тооны ямаа нь 420.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Г, Г.Г, Г.Г, Г.Б нар мөрдөн байцаалтын шатанд өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээр төлүүлж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор 300 /гурван зуу/ цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдэхдээ багаж, зэвсэг болгож ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уналга болгож ашигласан, битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Ш.Т-ийн өмчлөлийн мустанг-5 загварын 55-18 УВЗ улсын дугаартай , улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Бурд овогт Ш.Т-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Тд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.Т-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 загварын улаан өнгөтэй, 55-18 УВЗ улсын дугаартай мотоциклийг хурааж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ