Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 212/МА2021/00069

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00643 дугаар шийдвэртэй, Б.Ц-гийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаас 13.500.000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний танил Д.Б нь надад Баян-Өлгий аймгаас сонгино нийлүүлж өгнө гэхээр нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр өөрийн **** тоот данснаас Д.Б-ын эхнэр Е-н **** тоот данс руу 12500000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Н.С **** тоот данснаас Д.Б-ын эхнэр Е-н **** тоот данс руу 1000000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм. Гэтэл Д.Б над руу Улаанбаатар хот руу сонгино ачуулаагүй бөгөөд надаас шилжүүлж авсан 13500000 төгрөгийг буцааж өгөөгүй юм. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Д.Б-аас нийт 13500000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Б.Ц гэдэг хүнийг огт танихгүй. Харин Г гэдэг хүнийг сайн танина. Г ах бид хоёр ах дүү шиг сайн харьцаатай байсан. Нэг л өдөр Г ах БНКазахстан улсаас сонгино авхуулж чадах уу чи танил хүмүүс судалж үзээд надад хэлээч гэж хүсэлт тавьсны дагуу би БНКазахстан улсад амьдарч байгаа найз болох А гэдэг хүнээс асууж лавласан. Тэрээр Казахстан улсын Шымкент хотоос сонгино авхуулах боломжтой гэдгийг сонсож мэдээд Г ахад мэдэгдсэн.

Ингээд 1кг сонгиныг 700 төгрөгөөр тооцож нийт 20тн сонгино ачуулж авхуулахаар болж Х.Г нь эхлээд 12500000 төгрөгийг, дараа нь 1000000 төгрөгийг миний эхнэрийн данс руу шилжүүлж өгсөн. Тэрээр Г ахын шилжүүлсэн мөнгийг би БНКазахстан улс руу шилжүүлж өгөөд удалгүй сонгиныг наашаа ачуулсан. Тухайн үед би сонгино ачуулж байсан бүх бичлэгийг Х.Г-ын мессенжер хаяг руу явуулсан. Тэгээд уг сонгиныг Шымкент хотоос ачуулаад Алма-ата хотод ирэх үед нь тээврийн хэрэгслийн жолооч над руу холбогдож ачсан байгаа сонгиныг үзүүлж, бичлэг хийгээд явуулсан. Тухайн үед уг сонгиноос ногоон өвс мэт зүйл ургасан байсан. Энэ яагаад ийм болсон вэ гэж асуухад халуун болохоор тэгж байна. Улаанбаатар хотод аваачиж өгөх боломжгүй байна. Учир нь, хөлдөөгчтэй машин биш бүрхүүлтэй хучлагатай машинд ачсан болохоор ингэж байна гэдгийг хэлсэн. Тэрээр би уг бичлэгийг бас Х.Г ахын мессенжер хаяг руу явуулсан.

 

Би уг нь сонгиныг ачуулах үед Х.Г-с хөлдөөгчтэй машинд ачуулах уу бүрхүүлтэй машинд ачуулах уу гэхэд хөлдөөгчтэй машин үнэтэй болохоор бүрхүүлтэй машинаар ачуулсан. Тэрээр Х.Г нь миний дээрх явуулсан бичлэгийг үзээд, Улаанбаатар хот руу ирэх хүртэл наад сонгино муудах юм байна. Буцааж мөнгийг авъя гэж хэлсэн. Тэгээд би нөгөө сонгиныг ачуулсан компани хүмүүстэй холбогдож Х.Г-н хүсэлтийг хэлсэн боловч хүлээж аваагүй. Учир нь, бидний буруутай үйл ажиллагаа болоогүй. Та нар өөрсдөө зориулалтын хөлдөөгчтэй машинд ачуулсан бол ийм зүйл болохгүй байсан гэдгийг хэлсэн. Тэгээд би буцаад энэ асуудлын хүрээнд Х.Г-тай ярьсан. Тэгсэн Г нь тэгвэл сонгиныг буцааж наашаа ачуулах арга хэмжээ аваад өг гэхээр нь би нөгөө хэд хоног холбогдсон боловч тэд нар тээврийн хөлсийг өөрсдөө гаргаж өгөх талаар санал тавьсан. Учир нь, бид нар Шымкент хотоос Алма-ата хот руу ачиж ирсэн байхад та нар буцааж байсан гэж хэлсэн гэдгийг ярьсан.

 

Ингээд би болсон бүх асуудлыг Х.Г-д хэлсэн. Уг нь би Г ахыг холбож өгсөн болохоос залилсан асуудал байхгүй. Болсон бүх асуудлыг тухай бүрд Г-д мэдэгдэж байсан. Г над руу залгаж айлган сүрдүүлж байсан. Би санаатайгаар дээрх зүйлийг үйлдээгүй. Х.Г-н хүсэлтийг хүлээн авч сонгиныг ачуулж өгөхөөр болсон боловч дээрх асуудлын хүрээнд бүтэлгүйтсэн. Би БНКазахстан улсад оршин сууж байгаа хүмүүсийг холбогдох байгууллагад хандах гэхээр Кобид-19 цар тахалтай холбоотойгоор хойшилж байна. Х.Г нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 12500000 төгрөг, дараа нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн. Би энэ мөнгийг удалгүй Төрийн банкны фастер гуйвуулгаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, дараа нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус тус БНКазахстан улсын Халых банкаар дамжуулан гуйвуулга хийсэн. Уг мөнгийг миний найз болох С.А-д явуулсан. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар намайг шалгаж, энэ хэрэгт холбоотой бүх нотлох баримтууд аймгийн Прокурорын газарт байгаа. Одоо энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00643 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Н овогт Д.Б-аас сонгинын үнэ болох 13.500.000 (арван гурван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шандас овогт Б. Ц-д олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б.Ц бид хоёр бие биенээ танихгүй бөгөөд иргэн Гар дамжуулан миний эхнэрийн дансанд сонгино авах мөнгө гэж дурдсан мөнгийг шилжүүлсэн нь үнэн бөгөөд би мөнгийг Казакстан улсын иргэн А-д сонгинын үнэ гэж банкаар гуйвуулсан. Гэтэл Казахстанаас ирж байсан сонгинын иш нь ургасан байна гэсэн шалтгаанаар Ц  нь сонгиныг аваагүйгээс болж А-н ачсан сонгино нь эрсдэлд орж борлогдоогүй буцсан байна.

 

Үүнд нь би буруугүй. Захиалагч, нийлүүлэгч нар хоорондоо утсаар ярьж, хэлэлцэн тохирч байсан зэрэг нь тодорхой бөгөөд Г бид хоёр бараа өгөгч ба авагч нарыг танилцуулах, мөнгө шилжүүлэх зэрэг зуучлал хийж байснаар буруутгагдах үндэслэл байхгүй. Би Ц  дээрх мөнгийг сонгино бэлтгэн нийлүүлэгч А-д шилжүүлсэн ба завшиж ашиглаагүй бөгөөд үүргээ биелүүлсэн болно. Би энэ хэрэгт хариуцагч биш. Шүүх нь хуулийг буруу тайлбарлаж намайг хохироож шийдсэн гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Б-д холбогдуулан сонгинын үнэ болох 13.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийт 13.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан  нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Б.Цд хариуцагч Д.Б нь Казахстан улсаас сонгино нийлүүлэхээр тохирч, Б Ц-гийн ХААН банк дахь 0000000000 тоот данснаас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр сонгинын үнэд 12.500.000 төгрөгийг 5197116015 дугаарын данс руу, мөн интернэт банкны хуулгаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Б-ын эхнэр Е-н ХААН банк дахь 0000000000 тоот данс руу 1.000.000 төгрөгийг сонгинын үнэ гэж тус тус шилжүүлсэн нь банкны дансны хуулгаар тогтоогдсон бол хариуцагч нь уг мөнгийг БНКазахстан Улсын иргэн С.А-д 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, мөн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус тус Төрийн банкны гадаад гуйвуулгын үйлчилгээгээр шилжүүлсэн бөгөөд тэрээр БНКазахстан Улсын Шымкент хотоос сонгино нийлүүлэх тухай С.А тохирч байсан нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Түүнчлэн талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай тогтоолд тусгагдсан гэрч Х.Г  “Би 2017 оноос хойш Д.Б-ыг таньдаг болсон...нисэх онгоцны буудал дээр Д.Б-тай танилцаад түүнээс хойш фейсбүүкээр харилцаа холбоотой болсон. Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод ирсэн ба энэ үед надтай уулзаад бид хоол цайнд орсон. Энэ үед Б.Ц зарж байсан сонгино дуусаад Казахстанаас сонгино авч өгч чадах эсэх талаар Д.Б-тай ярьсан. Б.Ц надтай хамт бизнес хийдэг манай найзуудын дүү нь юм. Би Д.Б-аас улаан хальстай бөөрөнхий сонгино байдаг юм байна. Түүнийг авч ирж өгч чадах уу гэхэд Д.Б нь над руу интернэтээр сонгинын зураг явуулж энэ мөн үү гэж асуусан. Би зургийг хараад мөн байна гэж хэлсэн. Д.Б нь Казахстан улсаас 600 км зайтай Шымкент гэх хотоос оруулж ирж болох юм байна гэж хэлсэн. Д.Б нь мөнгийг хурдан шилжүүлчих ээ, яаралтай авч ирж өгнө, би цаанаас Казахстанаас захиж машинаар хүргүүлж ирнэ Баян-Өлгийгөөс ус ундаа ачсан АПУ-ийн машинаар хямдхан ачуулаад явуулна, нэг килограммыг 700 төгрөгөөр оруулж ирнэ гэж хэлсэн. Б.Ц өөрийн дансаар 12.500.000 төгрөгийг Д.Б-ын өгсөн эхнэрийн дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч Д.Б нь сонгинын үнэ болох 13.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч сонгино нийлүүлээгүй, нийлүүлэх боломжгүй болсныг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгч Б.Ц худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн барааны үнэ 13.500.000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 249 дугаар зүйлийн 249.1-д нийцжээ. Нөгөө талаар гэрээний нэг тал болох хариуцагч Д.Б нь сонгино нийлүүлэх үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч болох худалдан авагч Б.Ц нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан өөрт учирсан хохирлыг арилгуулахаар, урьдчилж төлсөн барааны үнээ буцаан шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2021/00643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                    ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                С.ӨМИРБЕК