| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00893/И |
| Дугаар | 103/ШШ2025/00922 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00922
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00922 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1964 онд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчин ..... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* би 1964.07.08-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1980 оны 05 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад тууварчнаар ажиллаж байгаад 1982.06.21-ний өдрөөс 1985.08.10-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хаасан.1980 оны 5 дугаар сард 300 гаруй сарлаг тууж намар нь мах бэлтгэлд тушаах үүрэг авч, гурвуулаа малаа туусаар намар нь буюу 1980.10.08-нд мах бэлтэлд 4 тонн мах тушааж байсан. Одоо тэр үед хамт тууварт явсан хүмүүсээс Бадарч гэх хүн Улаанбаатар хот орчим Рашаант өртөөнд 61 гармын ойролцоо амьдарч байгаа. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 1 дүгээр сараас Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Тэгээд нэгдэл тарж мал хувьчилсан. Би удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах ба нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авахад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул өргөдөл гаргаж байна. Ажилласан үеийнхээ талаар нотлох баримтуудыг бүрдүүлэх гэсэн боловч холбогдох тушаалууд олдохгүй байна, цалингийн түүвэр зэрэг зарим ач холбогдол бүхий баримтууд архиваас бүрэн хэмжээгээр гарахгүй байна. Иймд ******* ******* намайг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад 1980.05.01-ний өдрөөс 1982.06.20-ны өдрийг хүртэл малчин, тууварчнаар, 1987.01.01-ний өдрөөс 1990.12.31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсан зам нэгдлийн даргын 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Батлан хамгаалах төв архивын лавлагаа, 1981, 1982, 1987, 1988, 1989 онуудын хөдөлмөр хөлсний цалингийн лавлагаа, 502179 дугаартай цэргийн батлахын хуулбар, Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн 321,327 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх И.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. ******* нь 1964 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 61 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч И.******* хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, түүний ажилд орсон, ажлаас халагдсан талаар тушаал эх хувиар холбогдох байгууллагаас бүрэн гарч ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ
4.******* нь 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчин, тууварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Говь-Алтай аймгийн төрийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 321 дугаартай архивын лавлагаагаар Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад тууварчин байсан ******* ******* 1981,1982,1987,1988,1989 онуудад авч байсан цалингийн түүвэр гарсан байна. /хх-ийн 19-20 дугаар тал/
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай ажилд томилох тушаалаар шинээр 16 нас хүрч нэгдэлд гишүүнээр элссэн нэр бүхий 17 хүнийг малчнаар авч ажиллуулсан байх бөгөөд хавсралтын 8 дугаарт ******* *******г малчнаар томилсон байна. /хх-ийн 7 дугаар тал/
- Говь-Алтай аймгийн төрийн архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаартай тодорхойлолтоор: Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1989-1990 оны тушаалыг шүүж үзэхэд *******г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа олгох боломжгүй болно гэжээ. /хх-ийн 6 дугаар тал/
-Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 879 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдэл байгууллагын баримт шилжиж ирээгүй тул Ичинхорол овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
-Батлан хамгаалах төв архивын 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд ******* ******* БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдсан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 502179 дугаар цэргийн батлахтай халагдсан болно гэжээ./хх-ийн 8 дугаар тал/
5.Дээрх баримтуудыг үндэслэн *******г Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчин, тууварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* *******г Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цагаан-Уул бригадад 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчин, тууварчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоон, 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 14, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ