Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2022/00023

 

 

 

   Б.Ш-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00102 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч *** оршин суух хаягтай, **** оршин суудаг  Б. Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух үндсэн хаягтай, одоогоор **** түр оршин суух  Ж. Х-т холбогдох,

“Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 14,693,676 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн агуулга:

1. Нэхэмжлэгч Б.Ш болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нараас хариуцагч Ж.Х-т холбогдуулан 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 4,880,424 (813,404х6 сар) төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусталх 13 сарын хугацааны цалин хөлсний зөрүү 525,404 (813,404-288,000 Нийгмийн халамжийн тэтгэвэр ) төгрөг ба 13 сарын цалин хөлсний зөрүүд 6,830,252 (525,404х13 сар) төгрөг, эрүүл мэндийг сайжруулахын тулд эмийн сангаас худалдаж авсан эмийн үнэ 2,983,000 төгрөг бүгд 14,693,676 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2. Үүнд: Хариуцагч Ж.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Боззоло дэлгүүрийн урьд талын замын явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч Б.Ш биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

3. Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг гурван шатны шүүх тогтоосон бөгөөд одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4. Хариуцагч Ж.Х нь шүүхээр гэмт хэргээ шийдвэрлүүлэх үед нэхэмжлэгч Б.Ш-д 5,500,000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн. Тухайн үед шүүхээс Б.Ш-д хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 432 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Улсын дээд шүүх тухайн эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянаж үзээд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулж, Ж.Х-т оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.

6.Ж.Х нь Улсын дээд шүүхийн тогтоолоор суллагдсаны дараа хохирол төлөх талаар арга хэмжээ авч, хохирогчид хохирол төлж өгөөгүй учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7. Нэхэмжлэгч Б.Ш гэмтэл бүрэн эдгэрээгүй, зовуурьтай, одоо хүртэл эм ууж байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 13,831,173 төгрөг, 14,168,179 төгрөг гэж хоёр янзаар бичсэн байна. Б.Ш нь 2020 оны 7 дугаар сараас эхлэн одоо хүртэл хөдөлмөрийн чадвар алдсаны групп тогтоолгосон.

8. Тэрээр авто осолд орохоос өмнө Улаанбаатар хотод “МИ” ХХК-д зөөгчийн орон тоонд хөдөлмөр эрхэлж байсан. Уг ажлаас нь энэхүү авто осолд орсны дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тус зөөгчийн орон тоонд ажиллаж байх үеийн буюу 2019 оны 10,11,12-р дугаар саруудын цалингаар дундаж цалин тооцоход 813,404 төгрөг болж байна. Нэхэмжлэгч Б.Ш 2020 оны 01 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөөлөгдсөн тул уг сараас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 4,880,424 (813,404х6 сар) төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн халамжийн тэтгэвэрт 288,000 төгрөг тогтоолгосон ба зөрүү нь 525,404 төгрөг гарч байгаа бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал 13 сарын хугацааны цалингийн зөрүү 6,830,252 (525,404х13 сар) төгрөг нийт цалингийн хохирол 11,710,676 (4,880,424+6,830,252) төгрөг гарч байна.

9. Харин анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эрүүл мэндээ сайжруулахын тулд эмийн сангаас худалдаж авсан эмийн үнийг 2,457,500 төгрөг гэж буруу бичигдсэн байх тул эмийн үнэ 2,983,000 төгрөг нийт 14,693,676 (11,710,676+2,983,000) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсье.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал:

1. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэх 14,168,179 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.Х-н өмнө нь учруулсан гэмтэл болон одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн хоорондоо шалтгаант холбоогүй гэж үзэж байна.

2. Хариуцагч Ж.Х нь Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг бөгөөд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай иргэн.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эмийн үнэ гэж нэхэмжилж буй мөнгийг эмчилгээнд зарцуулсан болох нь түүний өвчний түүх, карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4. Мөн нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсний зөрүү гэж нэхэмжилж буй мөнгийг зөвшөөрөхгүй. Учир нь Б.Ш ажиллаж байсан гэх “МИ” ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-19 дугаар тушаалаар Б.Ш сарын цалинг 450,000 төгрөг байхаар тогтоосон.

5. Б.Ш гэмт хэрэгт өртсөний дараа хариуцагч Ж.Х нь 5,500,000 төгрөг төлж өгснөөс гадна өөрийн эгчийн **** тоот дансаар Б.Ш **** тоот дансанд нийт 4 удаагийн гүйлгээгээр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөг тус тус шилжүүлж нэхэмжлэгчийн хохирлыг төлж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: Б.Ш нэхэмжлэлтэй Ж.Х-т холбогдох хохирол болох 14,168,179 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00102 дугаар шийдвэрээр: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Х-с гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 9,273,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5,420,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч Ж.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 163,328 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр буруу үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2. Нэхэмжлэгч Б.Ш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “...Миний бие цаашид бариа засал, уламжлалт эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хэдий ч гэмтлээс үүдэлтэй зовуурь бага, биеийн ерөнхий байдлын хувьд тогтвортой байгаа, Ж.Х-т гомдол саналгүй, хохирлыг маань төлж байгаа... “ гэсэн агуулга бүхий хүсэлтийг тухайн үед гаргаж байсан ба миний бие тухайн үед 5,500,000 төгрөгийг төлснөөс гадна өөрийн эгчийн Хаан банк дахь *** тоот данснаас 1,000,000 төгрөг нийтдээ 6,500,000 төгрөгийн хор уршгийг арилгахад зарцуул хэмээн нэхэмжлэгчид төлсөн. Тухайн үед Б.Ш нь эмчилгээ хийлгэнэ, мөн бусад хохирол, хор уршгийг арилгахад зарцуулна, дахин мөнгө нэхэмжлэхгүй хэмээн мөнгийг авч байсан.

3. Эм тарианы үнэ хэмээн дахин 2,983,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Үүнийг хор уршгийг арилгахад хэрэглэсэн эсэхэд эргэлзээтэй байхад шүүх тухайн мөнгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.  Шүүх хэргийг шийдэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой гэвч шүүхээс нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй.

6. Нэхэмжлэгч нь 13 сарын цалин хөлсний зөрүү 6,830,252 төгрөг хэмээн нэхэмжилсэн нь доорх нотлох баримтуудаар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл “МИ” ХХК-д зөөгчийн орон тоонд ажиллаж байсан ба тус компанийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 19/1-9 дүгээр тушаалаас харахад нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 450,000 төгрөг байсан нь харагдана. Гэвч шүүхээс дундаж цалин хөлсийг тооцоолохдоо буруу тооцоолсон. Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.А-н 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаар албан бичгээс харахад нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан гэж байгаа боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр сургуульд ажиллаж байсан нь нотлогдож байгаа ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

7. Ж.Х миний бие эхнэр хүүхдийн хамт Өлгий сумын төвд хашаа байшин түрээслэн амьдарч байна. Тухайн багийн нэн ядуу өрхөд тооцогддог. Ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, ажилгүй. Эхнэр ч гэсэн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй. Би зах дээр хар бор ажил хийдэг тул 675,518 төгрөгийн цалин хөлсийг Б.Ш-д өгч байхаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

8. Би Б.Ш-ыг санаатай мөргөж гэмтэл учруулаагүй. Тухайн үед шүүхээс намайг буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн. Би оногдуулсан хорих ялын тодорхой хэсгийг биеэр эдэлсэн. Мөн Б.Ш тухайн үед шаардсан мөнгийг төлж барагдуулж гомдол саналгүй болгосон. Эрүүгийн хэргийн шүүхээс Б.Ш-д цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэсэн болохоос цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэр гаргаж байгаагүй. Хэрэв Б.Ш нь цалин хөлсөө нэхэмжлэх байсан бол Эрүүгийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл цалин хөлс нэхэмжлэх эрхээ дараа нь эдлүүлэх талаар хүсэлтээ тавих ёстой байсан. Би одоо Б.Ш-ыг насан туршид сар тутам 675,518 төгрөгийн цалин өгөх ёстой юм шиг шийдвэрийг шүүхээс гаргаж, жишиг болгосонд гомдолтой. Зөвхөн нэг жилд өчнөөн сая төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан байхад удахгүй дараа дараагийн жилийн цалингуудаа ийм байдлаар гаргах нь тодорхой болж байна.

9. Миний бие эрхээ хамгаалуулахаар 2 өмгөөлөгч авсан. Миний өмгөөлөгчид зөвхөн шүүхийн журмаар цуглуулах нотлох баримтуудаа хэрэгт хавсаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч миний болон өмгөөлөгчдийн хүсэлтүүдийг бүгдийг нь үндэслэлгүйгээр татгалзсан. Тухайн хүсэлт шийдвэрлэсэн захирамжууд болгон гомдол гаргах эрхгүй.

10. Хариуцагч миний эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуульд заасан эрх, татгалзлын үндэслэлээ нотлохоор хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах эрхийг удаа дараа ноцтой зөрчиж, шүүх тэгш бус, ялгамжтай байдлыг бий болгож хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой.

11. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү, эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв шийдвэр гаргасан. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч нийтдээ 14 сая төгрөг нэхэмжилснээс шүүх 9,217,000 төгрөг гаргуулж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Бид шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандсан. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолд орсон зарим тооцоонуудыг хассан байгаа. Эмийн сангийн тодорхой баримтууд байгаад байхад төлбөр тооцоонд оруулахгүйгээр хассан.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

                                                                  

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 14,693,676 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,420,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Ж.Х-т холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 14,693,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

4. Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардсан, гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.  

           

5. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд түүнийг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс нь хариуцагч Ж.Х-н учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.   Гэм хор учруулснаас учирсан  хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

 

6. Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Ж.Х-т холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Хариуцагч Ж.Х-н  гэм бурууг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 310 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.  Тухайлбал, нэхэмжлэгчийн гэмтэл авсан үеийн нөхцөл байдал, эмчилгээнд зарцуулсан зардлын хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн үндэслэл болж буй үйл баримтын талаар шүүх нотлох баримтын хэмжээнд дүгнэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

8.  Шүүх нэхэмжлэгч Б.Ш Толбо сумын Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангаас худалдаж авсан 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 75,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 169,500 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 614,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 604,000 төгрөгийн эмийн үнэ, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс нь 3,773,392 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуустал 13 сарын цалин хөлсний зөрүү 5,037,734 төгрөгийг тус тус буруутай этгээдээс гаргуулж, Б.Ш-д олгуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж дүгнэсэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, дундаж цалин хөлсийг буруу тооцсон, нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах эрхийг маань ноцтой зөрчсөн...” гэх утгатай гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдоогүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

10. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийг үндэслэлгүй” гэж дүгнэсэн хууль зүйн болон бодит үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана...” гэж заажээ. Иргэдийн төлөөлөгч нь “учирсан хохирол болох 14168179 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна гэж дүгнэж нэхэмжлэл үндэслэлгүй” гэснээс үзвэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй байна.

 

11.  Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах  гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2022/00102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.329 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ