Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч М.Б

Иргэний нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь- Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ын П-д холбогдох 1716001560009 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ДЮ00000000 регистрийн дугаартай, Б овогтой Д-ын П

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед 00-00 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа уруудаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.1 дүгээр заалтуудыг зөрчсөний улмаас машин онхолдож, иргэн М.Б-ийн биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч С.Б-н эзэмшлийн 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркийн автомашин 6.026.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Давааны цаана цасанд суучихаад хөдлөөд явахдаа замын хажуу тал руу машинаа оруулах гээд байхаар нь би машиныг чинь барих уу? гэж асуухад зөвшөөрсөн. Мөн хамт явж байсан хүмүүс чи жолоочоороо машиныг нь бариад яв гэж хэлсэн. Даваа өөд гарч ирэхэд тормоз нь муу бариад байхаар нь гар карданыг хагас татчихаад зөөлөн явж байхад тойрог руу дөхөж явахад гялаан орж ирээд замын хажлага руу унагаачихсан... Тухайн үед машиныг би барьж явсан... С.Б согтчихсон жолоодож чадахгүй байсан. Тэгээд би машиныг чинь жолоодох уу? гэхэд тэг гэж хэлсэн. Мөн хажууд явж байсан хүмүүс мөн чи бариад яв гэхээр нь машиныг жолоодсон...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...12 дугаар сарын 15-ны өглөө С.Б ах бид хоёр гарах гэж байсан. Урд орой нь О ирж уулзаад өвлийн идшээ хийсэн. Хамт явах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хамт явахаар болоод тэгээд явж байгаад Дөтийн давааны цаадаад өгсөж байгаад цасанд суусан тэрнээс өмнө 2 шил архи уусан байсан. Машин цасанд суухад нэг шил архиа уусан. Тэндээс хөдлөөд явахдаа С.Б ах машинаа замаас гаргаад байсан. Тэгээд бид хэд машинаас буугаад Д.П-ийг чи барьчих юм уу? С.Б ах согтоод байх шиг байна гэж О бид хоёр хэлсэн.  Тэгээд Д.П машиныг жолоодож яваад даваан дээр гарч ирээд халтиргаа гулгаа ихтэй байгаа учир зөөлөн явна шүү гэж ярилцаад маш зөөлөн явж байсан гэнэт замын хажуу тал руу 3 давж унасан. Тэгэхэд би сэрүүн байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цээл сумд М.Б-тэй очоод 2 хоносон. Алтайн уул руу чоно хөөцөлдөж яваад нойргүй хоносон. Тэгээд аймаг руу гарахын өглөө М.Б-ийн хадам аавынх нь дүү хүүхэдтэйгээ ирээд аймаг явах унаа байна уу?  гэж хэлээд ирсэн. Тэгэхээр нь тэгье, маргааш явахдаа аваад явъя гэж хэлсэн. Өглөө босоход үхрийн махаа аваад ирсэн. Тэгээд ачаагаа ачиж байхад манай хоёр найз Алтайн хүдрээс ирсэн байна та аваад яваач гэж хэлэхээр нь ах нь ачаа ихтэй багтахгүй байх гэж хэлэхэд гуйгаад байхаар нь авч явахаар болоод уулзахад өмнө харж байсан зүс таних хүмүүс байсан. Цээл сумаас гарахад ах дэлгүүрийн үүдэн дээр нэг зогсоод өг гэж хэлэхээр нь дэлгүүрийн үүдэн дээр зогсоход дэлгүүр ороод гарч ирэхдээ нэг ундаа 4 шил архи авч гарч ирсэн. Тэгээд би машинаа бариад явсан. Замдаа араас архи өгөөд байсан би архи уудаггүй амсаад согтчихдог. Тэгээд Цагаан голын доод руу орж иртэл машинаа барьж явсан. Тэгээд зогсоод бие засах хооронд унтсан байсан. Би машин тэрэг бариад яваач гэж хэлээгүй. Тэгээд даваа уруудаж яваад тийм зүйл болсон байсан ... Ажилгүй, унаа тэргээрээ нааш цааш явж хоолоо олж иддэг. Нийтдээ 6.026.000 төгрөгийн үнэлгээ гаргасан, үнэлгээний зардал 250.000 төгрөг, хохирогчийг эмнэлэг дээр очиход нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн, нийт  6.511.900 төгрөгийг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатан өгсөн гэрч Б.О-ийн “... П машин унаад хөдөлсөн юм. Тэгээд явж байгаад би түр зуур зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд дослоод би сэрэх шиг болсон чинь замын хажуу талын хөвөө рүү унаад машин өнхрөөд дугуй дээрээ зогсчихсон байсан. Тэгээд би буугаад ирсэн чинь машины урд шил болон хажуу талын шилнүүд хагарчихсан машин унаад босоод ирчихсэн эвдэрсэн байдалтай машин асаалттай байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ28-30/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай “...1. Иргэн Б-ийн биед зүүн эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ51-52/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ3-8/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-10/,  шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Бөхбаярын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зам тээврийн ослын дүгнэлт /ХХ63/, Ашид Билгүүн ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1834 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /ХХ67/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн үед 00-00 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа уруудаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Бийн биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч С.Б-н эзэмшлийн 76-83 ГАҮ улсын дугаартай Nissan navara маркийн автомашинд 6.026.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд тухайн үеийн цаг агаарын байдал, тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоогоо шилжүүлэхийг зөвшөөрсөн эсэх нь хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор тус тус хуульчилжээ. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн гэх ойлголтонд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байхаас үл шалтгаалан хамааруулан авч үздэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь тухайн үед 76-83 ГАҮ улсын дугаартай “Nissan navara” маркын автомашин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Дөтийн даваа гэх газар замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү? гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч, гэрч, хохирогч нар архи хувааж уусан гэж мэдүүлж байгаа боловч хэн нь ямар хэмжээтэй уусан, Д.П тээврийн хэрэгсэл жолоодоход саад болохуйц согтолттой байсан эсэх нь нотлох баримтаар тогтоогтоогүй, тийм нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялын өдөрт үргэлжлэх хугацааг 4 цагаар тогтоож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ. Иймд шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учирсан тул иргэний нэхэмжлэгч С.Б-н нэхэмжилсэн 6.511.900 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Д.П-с гаргуулж шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч С.Б-н нэхэмжилсэн 6.511.900 төгрөгийн нэхэмжлэл нь “эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжилгээ хийлгүүлсэн төлбөрийн баримт, хохирогчид мөнгө төлсөн тухай иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 76-83 ГАҮ улсын дугаартай Тоёота Навара маркын ногоон өнгийн автомашиныг №01530862 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч С.Бд буцаан олгож, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн ДН00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын өдөрт үргэлжлэх хугацааг 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.П-д сануулсугай.

6. Шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч С.Б-н нэхэмжилсэн 6.511.900 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Д.П-с гаргуулсугай.

8.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00-00 ГАҮ улсын дугаартай Тоёота Навара маркын ногоон өнгийн автомашиныг №00000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч С.Бд буцаан олгож, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн ДН00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА