| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436001230132 |
| Дугаар | 87 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 87
2024 10 22 2024/ДШМ/87
Б.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, хохирогч Р.Аззаяа, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Батмөнхөд холбогдох эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ам бүл-нэг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгын 2 дугаар гудамж, 110 А тоотод оршин суух, ИСЭТ ХХК-д даамалын ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнх регистрийн дугаар ЦЖ67012573.
2. Шүүгдэгч Б.Батмөнх нь ИСЭТ ХХК-ний даамлын ажил эрхэлж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт ИСЭТ ХХК-ний ажилтнууд болох Р.Аззаяа, Р.Цогоо нарт овор ихтэй ачааг өргөх буулгах ажлын талбай бэлтгэхтэй холбоотой зааварчилгаа өгөхгүйгээр буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Р.Аззаяагийн эрүүл мэндэд баруун хөлийн шилбэ ясны хугарал, баруун хөлийн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал баруун хөлийн шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас Б.Батмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнхийг цагаатгаж,
4.2 Шүүгдэгч Б.Батмөнхөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж
4.4 Шүүгдэгч Б.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд баримтаар хураагдсан зүйл үгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Шүүгдэгч Б.Батмөнх нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38., 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Хохирогч Р.Аззаяа, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол нь хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон. Шүүхийн тогтоолд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, улсын яллагч, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хохирогч Р.Аззаяа нь хэрэг учрал болох цаг хугацаанд "ИСЭТ" ХХК-ийн Ховд аймгийн Манхан суманд гүйцэтгэж байсан шон угсрах ажилд оролцож ажил гүйцэтгэж байсан бөгөөд ажил гүйцэтгэж байсан ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлыг шүүгдэгч Б.Батмөнх хариуцан ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдсон. Шонгийн ажил гүйцэтгэж байсан "ИСЭТ" ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй үйлдлийн улмаас гэмт хэрэг гарч, хохирогч Р.Аззаяагийн биед хүндэвтэр хохирол учирсан. "ИСЭТ" ХХК- нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас тээврийн хэрэгслийн тэвшнээс илүү гаргаж ачсан битон тулгуурыг 09-51 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Отгонбаяр мөргөж, хамгаалалтгүй ачсан шон нурж хохирогч Р.Аззаяагийн хөлийг гэмтээсэн үйл явдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
5.2 Хэрэг гарахад замын хөдөлгөөнд оролцож, шон ачсан тээврийн хэрэгслийг мөргөсөн 09-51 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Отгонбаярын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнхийг цагаатгасугай." гэсэн байх ба анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолын хэвэлмэл хуудсанд хэвлэн ирүүлсэн нь "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хохирогч Р.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Ц.Гал-Одын мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон гэрч Д.Нинжбадгарын ... 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ИСЭТ ХХК-нд Ховд аймгийн Манхан суманд шон угсрах ажилд явахад иргэн Р.Аззаяа нь тухайн ажилд туслах ажилтнаар явж ажилласан юм. Исэт ХХК нь Манхан суманд шон угсрах ажилд ажилчдыг авч явахад иргэн Б.Батмөнх Хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцаж авч явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Р.Аззаяа нь хэрэг учрал гарах цаг хугацаанд "Исэт" ХХК-ний Ховд аймгийн Манхан суманд гүйцэтгэж байсан шон угсрах ажилд оролцож үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн ажилчдын Хөдөлмөр аюулгүй байдлыг шүүгдэгч Б.Батмөнх нь хариуцан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. Мөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээч Г.Гантөмөрийн ... 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан харилцан хамаарал бүхий нотлох баримтаас үзэхэд хэрэг учрал гарах цаг хугацаанд шинжээчийн дүгнэлтэд тусгасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ачаа тээвэрлэх, буулгах, үйл ажиллагааны талбай, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулах зэргээр хяналт тавих үүргийг Манхан суманд гүйцэтгэж буй бетонон тулгуурын угсралтын ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан Б.Батсүх нь хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас тээврийн хэрэгслийн тэвшнээс илүү гаргаж ачсан бөгөөд, тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт газраас хөндий байдлаар ачсан бетонон тулгуурыг 09-51 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Отгонбаяр нь хараагүйн улмаас мөргөсөн үйл баримт хэрэгт тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх нь хэрэг учрал гарах цаг хугацаанд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ачаа тээвэрлэх, буулгах, үйл ажиллагааны талбай, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулахад хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээч Г.Гантөмөрийн ...2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон шүүгдэгч Б.Батмөнхийн эс үйлдэхүй, хохирогч Р.Аззаяагийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
6.2 Анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай цагаатгах тогтоол нь шүүхийн шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсанд хэвлэж ирүүлжээ. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. гэх, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан хэмээн үзэж байна. Учир нь хохирогч Р.Аззаяад хүндэвтэр зэргийн гэмтлийг 09-51 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөр учруулсан байдаг. Шүүгдэгч Батмөнхийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тухайн өдөр өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулан авсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие мах бодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол ...” хэмээн заасан байдаг ба хавтаст хэрэгт хохирогчид хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл үүссэн талаар нотлох баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Б.Батмөнхийг ИСЭТ ХХК-ний даамлын ажил эрхэлж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт ИСЭТ ХХК-ний ажилтнууд болох Р.Аззаяа, Р.Цогоо нарт овор ихтэй ачаа өргөх буулгах ажлын талбай бэлтгэхтэй холбоотой зааварчилгаа өгөхгүйгээр буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Р.Аззаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнхийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.
6. Прокурор эсэргүүцэлдээ “… Манхан суманд гүйцэтгэж байсан бетонон тулгуурын угсралтын ажлын явцад ачаа тээвэрлэх, буулгах, үйл ажиллагааны талбай, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулах зэргээр хяналт тавих үүргийг Хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан Б.Батсүх хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас тээврийн хэрэгслийн тэвшнээс илүү гаргаж, газраас хөндий байдлаар ачсан бетонон тулгуурыг 09-51 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож, зорчих хэсгээр замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Отгонбаяр нь харахгүйгээр мөргөсөн үйл баримт тогтоогдсон байхад шүүгдэгч Б.Батмөнхийн эс үйлдэхүй хохирогч Р.Аззаяагийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх дээрх цагаатгах тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсанд хэвлэж тараасан нь хуулийн шаардлагыг илтэд зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
7. Харин хохирогч Р.Аззаяа, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь “... шүүхийн тогтоолд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн тогтоол нь хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... шүүгдэгч Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнхийг цагаатгасугай...” гэсэн атлаа тогтоолыг шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсанд хэвлэн тараасан нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргасан байна.
8. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Батмөнхийг цагаатгаж шийдвэрлэсэн нь “хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
8.1 Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын үндэслэлд 09-51 ХОЕ улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Отгонбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байсан гэрлийн шонг мөргөж улмаар осол гаргаж, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн байх боловч Д.Отгонбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нь осол гаргах шалтгаан нөхцөлд хамааралгүй байна.
Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас үзвэл Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Отгонбаярыг тээврийн хэрэгслээ жолоодож явсан тухайн цаг үед өөдөөс нь өглөөний нар тусаад үзэгдэх орчин муу, харагдахгүй нөхцөл байдалтай байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд “...үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь жолооч Д.Отгонбаяр нь гэрийнхээ гаднаас автомашинаа жолоодож хөдөлгөөнд оролцоод 300-500 метр газар яваад осол болсон бөгөөд хэргийн 9 дүгээр хуудас дахь гэрэл зургаас харахад шон мөргөсөн байдал, уг мөргөлтийн улмаас машины шил хагарсан боловч дотогшоо цөмөрч ороогүй байгаа нь тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй гэж буруутгах боломжгүй байна.
8.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн “...хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндсэн шинжид хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцлийн дагуу гүйцэтгэх үндсэн чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй эсхүл хангалтгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн аль алиныг нь хамааруулан ойлгоно.
8.3 Шүүгдэгч Б.Батмөнхөд холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтууд болон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ХАБ-01/24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... ИСЭТ ХХК нь “0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт, тохируулгын ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг компани нь Ховд аймгийн Манхан суманд цахилгаан эрчим хүчний бетонон тулгуурын угсралтын ажлыг гүйцэтгэх явцад:
• Ачиж буулгах ажлыг технологийн карт, заавар, тухайн ажлыг гүйцэтгэх үед тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм журам норматив-техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ, ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна гэснийг зөрчиж ачааг буулгах ажлын талбайд анхааруулга бүхий аюулгүй ажиллагааны тэмдэг байрлуулж, тусгаарлаагүй.
• Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт” Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэснийг зөрчиж бетонон тулгуур ачиж явсан тээврийн хэрэгслийн тэвшнээс 3.4 м илүү гарсан хэсэгт онцлог ялгагдах тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй.
• “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм”-д зааснаар ... кранаар ачаа өргөж шилжүүлж буй газарт аюултай хүчин зүйлс үйлчлэх бүсийг кран түүний үйлчлэх орчноос хамгийн багадаа 4 м-ээс дээш буюу гадагш нь тогтоож тусгаарлах шаардлагатай гэж заасан зай хэмжээг баримтлан аюултай хүчин зүйлс үйлчлэх бүсийг тогтоогоогүй.
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтныг тухайн ажил үүрэгтэй нь уялдуулан ажлын талбайд ажиллуулаагүй.
• Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэмд заасныг зөрчиж аюулгүй ажиллагааны сурталтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтан /Р.Аззаяа/- аар ажил үүрэг гүйцэтгүүлсэн.
• Ачиж буулгах ажилд тухайн мэргэжлийн курс төгссөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдлын болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэгээ шалгуулсан хүмүүсийг ажиллуулахыг зөвшөөрнө гэсэн аюулгүй шаардлагууд хангагдаагүй байсан.
• Хохирогч Р.Аззаяа, жолооч Н.Цогоо нарт зааварчилгаа өгсөн гэх боловч тухайн өдрийн ажил үүрэг, ачаа өргөх буулгахад орчны аюулгүй байдлыг хангуулах овор ихтэй ачааг өргөх, буулгах ажлын талбай бэлтгэхтэй холбоотой зааварчилгаа өгөөгүй.
• ИСЭТ ХХК-ны захирал Б.Батсүх нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ачаа тээвэрлэх, буулгах үйл ажиллагааны талбай, ажлын байрны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг асуудлуудын талаар тусгагдсан байхад осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх няцааж үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж бичээгүй, уг үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь заалтад заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын болон шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн... саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-г цагаатгах тогтоолд тусгана гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.
8.4 Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй, ямар учраас үнэлээгүй, үгүйсгэж байгаа талаараа тодорхой тайлбарлахгүйгээр зөвхөн шүүгдэгч Б.Батмөнхийн эс үйлдэхүй хохирогч Р.Аззаяагийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоогүй гэх байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдал”-ыг тогтоох зарчимд нийцэхгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэх үндэслэлд хамаарч байна.
8.5 Дээрх нөхцөл байдлуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийснээр гэмт хэрэг үйлдэгдэх болсон үндсэн шалтгааныг зөв тодорхойлох, хэргийн үйл баримтыг бүрэн эргэлзээгүй тогтоох, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг хэн, хэрхэн яаж зөрчсөн, гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөх эсэх, хэн ямар хариуцлага хүлээхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.
8.6 Мөн хэрэг авагдсан ИСЭТ ХХК-ний Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэрт хэрэг учрал болсон өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Р.Аззаяа болон нэр бүхий хүмүүст Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан нь Б.Батмөнхийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд уг зааварчилгааг тухайн өдрийн хэдэн цагт, хэрхэн өгсөн нь тодорхойгүй байна.
9. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
10. Мөн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Эмчийнхэн овогт Батнасангийн Батмөнхийг цагаатгаж шийдвэрлэсэн “Шүүхийн цагаатгах тогтоол”-ыг “Шүүхийн шийтгэх тогтоол”-ын хэвлэмэл хуудсанд хэвлэж оролцогчдод хүргүүлсэн нь тогтоолд тавигдах шаардлагыг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
11. Түүнчлэн шүүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар товыг тогтоосон атлаа 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг явуулж, хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаанд оролцсон оролцогчдын нэрсийг шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн гүйцэд тусгаагүй зөрүүтэй, шүүх хуралдааны тэмдэглэл дахь шүүгчийн захирамжийг танилцуулсан хэсэг нь шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгээс мөн зөрүүтэй, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тухай тэмдэглэл, нөлөөллийн мэдүүлэг зэрэгт шүүгчийн гарын үсэг зурагдаагүй зэрэг зөрчлүүд байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/177 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч Б.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ