| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0077/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.О-т холбогдох эрүүгийн 1820001500073 тоот хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, 2003 оны 88 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 09 сарын 15-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, М овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт өөрийн гэртээ эхнэр У.Ө-тай маргалдаж, гараараа түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 13-нд би гэртээ байж байхад миний үе мөчний өвчин хөдлөөд байхаар нь жаахан пиво уучихвал зүгээр болох байх гэж бодоод дэлгүүрээс 6 ширхэг лаазтай пиво, 100 гр-ын архи 2 ширхгийг аваад гэртээ ганцаараа уусан. Орж гаран ажил хийнгээ уусан. Үе мөч, нуруу нугас өвдөөд байхаар нь өвчнийг нь намдаах гэсэн л бодлогогүй алхам. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан, эхнэр охин 2 гадуур явж байсан, 2 бага хүүхэд хөдөө явчихсан байсан. Нэг мэдсэн тасарчихсан байсан, ямар ч ухаан байдаггүй, унтсан ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй. Эхнэр, охин хоёрыг хэзээ эргэж ирснийг нь ч мэдээгүй. Оройхон болж байхад ухаан сэргээд хартал цагдаа ирчихсэн байсан. Согтуудаа машин барих гэхэд эхнэр Ө хориглоод, би явна гэж зүтгээд л зууралдаж байхдаа эхнэрийнхээ нүүр лүү цохчихсон юм. Эхнэрийн уруул, шанаа хэсгээс цус гарсан байсан. ...Би согтуудаа эхнэртээ гар хүрч биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 25-26/
- Шүүгдэгч Б.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул өгөх шаардлагагүй. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
- Хохирогчийн У.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 сарын 13-нд орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр Б.О архи уучихсан согтуу байсан. Тэгээд би архи уулаа гэж загнасан. О юм хэлээгүй. Өөр маргасан зүйл болоогүй. О гэрээс гарч бие засчхаад машинаа унаад явах гэхээр нь боль гэсэн. Тэгтэл О явна гээд зүтгээд би явуулахгүй гээд бид 2 хоорондоо зууралдсан. Зууралдаад газар унасан, зууралдаж байхдаа О миний нүүрний зүүн шанаа орчим баруун гараараа 1 удаа цохисон. Уруулын хэсгээс цус гарсан ба би уйлаад гадаанаа сууж байтал цагдаа ирсэн. Нөхөртөө ямар нэг гомдол байхгүй. Одоо бид 2 эвлэрээд урьдын хэвийн харьцаандаа орчихсон байгаа. О надаас уучлалт гуйсан, их гэмшсэн байна лээ гэжээ. /хх-ийн 08-10/
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
- Шинжээчийн 04/095 дугаартай дүгнэлт: 1.У.Ө-н биед баруун хацар, шанаа, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, уруулын зүүн дээд талд язарсан шарх, дээд уруулын баруун талд зулгаралт, уруулын баруун гадна буланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн баруун хацар, шанаа, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл болон уруулын зүүн дээд талд язарсан шарх гэмтэл нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын баруун талд зулгаралт, уруулын баруун гадна буланд цус хуралт гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17/
- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 28-29/
- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-31, 35/
- 2003 оны 88 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 37-38/
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-41/
- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 43-44/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.О нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 13-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт өөрийн гэртээ эхнэр У.Ө-тай маргалдаж, гараараа түүний нүүрэн тус газар цохиж баруун хацар, шанаа, баруун нүдний эргэн тойронд, хамрын нуруу хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, уруулын зүүн дээд талд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.Ө-н “.... О гэрээс гарч бие засчхаад машинаа унаад явах гэхээр нь боль гэсэн. Тэгтэл О явна гээд зүтгээд би явуулахгүй гээд бид 2 хоорондоо зууралдсан. Зууралдаад газар унасан, зууралдаж байхдаа О миний нүүрний зүүн шанаа орчим баруун гараараа 1 удаа цохисон. Уруулын хэсгээс цус гарсан” гэх мэдүүлэг, хохирогч У.Ө-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 04/095 дугаартай дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 28-29/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.О-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн болно.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б