| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2336003600162 |
| Дугаар | 88 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 88
2024 10 22 2024/ДШМ/88
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/224 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2336003600162 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од оршин суудаг, урьд
-Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
-Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 5400000 төгрөгөөр торгох ял,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ ШЦТ/ 895 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, ******* ******* ын Алтанхуяг, регистрийн дугаар: *******.
2. Шүүгдэгч ын Алтанхуяг нь Ховд аймгийн ******* сумын Наран ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" шатахуун түгээх станцаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр д 3 тонн дизель түлш зээлээр авч өгсөн ба П.Наранхүүгээс 12.500.000 төгрөгийг "" шатахуун түгээх станцын эзэмшигчид шилжүүлэн өгөхийг хүсэж итгэмжлэн хариуцуулсан 12.450.000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогчид ба хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* ын Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ын Алтанхуягт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3.Алтанхуягт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 2336003600162 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч 3.Алтанхуягаас 12.450.000 /арван хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Өргөн бадрах далай ХХК-ийн захирал П.Цогбадрахад олгож,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3.Алтанхуягт өмнө авсан хувийн баталгаа raprax таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч 3. Алтанхуяг нь "Өргөө далай бадрах" ХХК-ний шатахуун түгээх станцаас 12,450,000 /арван хоёр сая дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн шатахуун зээлж аваад үнийг нь төлөөгүй гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн талаар маргадаггүй, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял оногдуулахаар хуульчилжээ. 3.Алтанхуяг нь гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байгаа ба учруулсан хохирлоо нөхөн төлсөн.
Яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 3.Алтанхуягт оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж хүсэж байна.
Хэргийн бодит байдал, шударга ёсны зарчим, яллагдагчийн хувийн байдал, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан
үзэж, 3.Алтанхуягт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдалд нийцсэн тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Шүүгдэгч 3.Алтанхуяг нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруутай эсэхдээ маргаагүй болох нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Хэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед шүүгдэгч нь хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан хэдий ч давж заалдах шатны хуралдаанд хохирол нөхөн төлөгдсөн байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хөнгөрүүлэн өөрчлөхөд хууль хэрэглээний алдаа үүсэхгүй гэсэн тайлбар гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******ийг Ховд аймгийн ******* сумын Наран ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцаас 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр П.Наранхүүд 3 тонн дизель түлш зээлээр авч өгсөн ба П.Наранхүүгээс 12,500,000 төгрөгийг “ шатахуун түгээх станцын эзэмшигчид шилжүүлэн өгөхийг хүсэж, итгэмжлэн хариуцуулсан 12,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг “хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж” шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдолдоо “гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байгаа ба учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэжээ
5.1 Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын Наран ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцаас 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр П.Наранхүүд 3 тонн дизель түлш зээлээр авч өгсөн ба П.Наранхүүгээс 12,500,000 төгрөгийг авсан атлаа “ шатахуун түгээх станцын эзэмшигчид шилжүүлэн өгөхгүйгээр өөртөө завшсан үйл баримт тогтоогдсон байна.
Прокуророос түүний дээрх үйлдлийг П.Наранхүүгээс 12,500,000 төгрөгийг “ шатахуун түгээх станцын эзэмшигчид шилжүүлэн өгөхийг хүсэж, итгэмжлэн хариуцуулсан 12,450,000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Тухайлбал шүүгдэгч ******* нь “” шатахуун түгээх станцаас 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр П.Наранхүүд 3 тонн дизель түлш зээлээр авч өгөхдөө уг шатахуун түгээх станцын эзэмшигч буюу “Өргөн бадрах далай” ХХК-ийн захирал П.Цогбадрахтай “3 тонн түлш хэрэгтэй байна, хайгуулын хүмүүст авч өгөх гэсэн юм, цаад хугацаа нь 7 хоног болох байх. ...Баянхонгороос түлш авах машин гарчихлаа. ...түлш авах хайгуулын машин ирчихлээ” гэж 3 удаа утсаар ярьсан, шатахуун түгээх станцын “зээлээр олгосон жагсаалт” гэх баримтад Алтан гэж бичээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн,
Мөн ” шатахуун станцын эзэмшигч буюу “Өргөн бадрах далай” ХХК-ийн захирал П.Цогбадрах нь “******* гэдэг хүнийг хэдэн жилийн өмнөөс таньдаг байсан, ээж нь манай нутгийн хүн байгаа юм, Дөргөн сумаар ирж очоод явдаг байх үеэс нь таньдаг байсан. ...урьд өмнө ******* надаас зээл авч байгаагүй, би *******т зээл өгөх болсон шалтгаан нь ээжийнх нь ах дүү нар худал хэлээд байдаггүй хүмүүс байдаг болохоор би итгээд зээл өгсөн” юм гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд ******* нь ” шатахуун станцын эзэмшигч буюу Өргөн бадрах далай ХХК-ийн захирал П.Цогбадрахын итгэлийг эвдэж түүнийг залилсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч П.Цогбадрахаас өөрийн нэрийн өмнөөс түлш зээлээр авсан бөгөөд харин П.Наранхүүгээс уг түлшний үнийг 2023 оны 2 сард багтаан 3 хувааж авсан 12,500,000 төгрөгийг П.Цогбадрахад шилжүүлэн өгөхгүйгээр покер тоглосон буюу өөртөө завшсан үеэс түүний “итгэлийг эвдсэн” гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчлөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
5.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийг тогтоосон хууль зүйн үндэслэлийн талаар.
Хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн П.Наранхүү нь “” шатахуун түгээх станцаас *******аар зуучлуулан зээлээр авсан 3 тонн түлшний үнэ 12,500,000 төгрөгийг 2023 оны 2 дугаар сард багтааж шүүгдэгч *******т бэлнээр болон дансаар бүрэн шилжүүлэн өгснөөр *******ийн өмнө түүний хүлээсэн үүрэг дуусгавар болсон бөгөөд П.Наранхүүгийн өмчлөх эрх ямар нэг байдлаар зөрчигдөөгүй тул тэрээр гэмт хэргийн хохирогч биш байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “” шатахуун станцын эзэмшигч буюу “Өргөн бадрах далай” ХХК-ийн захирал П.Цогбадрахыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан мөрдөгчийн ажиллагааг прокурор “хууль бус” гэж үзэж хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх “энэ гэмт хэргийн хохирогч нь П.Наранхүү биш харин түүний шилжүүлэн өгсөн 12,500,000 төгрөгийг ******* нь “” шатахуун станцын эрхлэгч П.Цогбадрахад шилжүүлэн өгөхгүйгээр хувьдаа авч ашигласан байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, хохирогчийг зөв тогтоосон боловч хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өөрчлөөгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “бусдын эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан субъект” биш бөгөөд харин “Өргөн бадрах далай” ХХК-ийн захирал П.Цогбадрахаас түлш зээлээр авсан бөгөөд түүний итгэлийг эвдсэн этгээд гэж үзнэ.
5.3 Ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлын талаар.
Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч “Өргөн бадрах далай” ХХК-нд учруулсан хохирол 12,450,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул “шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авч *******т 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг багасаж, 6 сарын хугацаагаар хорих ял болгож өөрчлөх нь “Эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг агуулгын хувьд хангаж, “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* ******* ын Алтанхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хөрөнгө завших” гэснийг “17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “17.4 дүгээр зүйлийн” гэснийг “17.3 дугаар зүйлийн” гэж, Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтын “1 /нэг/ жилийн” гэснийг “6 /зургаа/ сарын” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР