Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2026/0516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И******* ХХК,

Хариуцагч: Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК,

Хариуцагч: Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: Б******* ХХК,

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Б.М*******, Э.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Анх нэхэмжлэгчээс Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-аас зарласан ИНҮТ/202/06/01 дугаартай Бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Б******* ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Тендерийг дахин хянаж, үнэлэхийг даалгах бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2.2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэхдээ: Үүнд:

1.3.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231 дугаартай мэдэгдлээр манай тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.4.Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.5.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.6.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн болон Б******* ХХК нарын хооронд байгуулсан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО202, ИНҮТ/202 тоот Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах,

1.7.Тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах гэж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И******* ХХК нь ИНҮТ/202/06/01 дугаартай Бүсийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт оролцсон. Тендер шалгаруулалтын зааварчилгааг хангаагүй этгээдийг сонгон шалгаруулсан нь хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тендерийн үнэлгээний хорооноос ирүүлсэн 2026 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 01-6/140 дүгээр мэдэгдлээр манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж, гуравдагч этгээд Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан талаар мэдэгдсэн. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан. Улмаар Сангийн яамны 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/1115 дугаар албан бичгээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож дахин хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгэхийг даалгасан. Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Б******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзэж сонгон шалгаруулсан. Мөн шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03/1473 дугаар албан бичгээр хуулийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж гомдлыг хянаагүй. ТШЗ 16.1-ийн 3-т ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардана. Хүснэгтэд ачааны автомашин 2 ширхэг 5 тонн болон түүнээс дээш гэсэн шаардлага тавьсан. Гэтэл гуравдагч этгээд Б******* ХХК-ийг ажлын гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэж сонгон шалгаруулсан нь хуульд нийцээгүй. Хариуцагч нь тендерийн шаардлага хангаагүй материал ирүүлсэн компанийг сонгон шалгуулсан нь нэхэмжлэгчийн тендерт шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, тендер гүйцэтгэх гэрээ байгуулах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. гэв.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.1.7-д заасны дагуу тендерийн Үнэлгээний хороо хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтын явуулсан. Тодруулбал, даацын асуудал нь .бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэж гуравдагч этгээд Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тендерийг зарлаж, 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн. Нийт 4 оролцогч материал ирүүлсэн. Тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдан хамгийн бага үнийн санал ирүүлсэн Б******* ХХК-д 2026 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01-6/138 дугаартай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн. И******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-т үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 71.4 хувийн саналаар эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн. И******* ХХК болон туслан гүйцэтгэгч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага буюу ТШЗ 17.4 дэх хэсгийн 7-т БА-4.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл гэсэн шаардлагыг хангаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т үнэлгээний хороо нийт гишүүний дөрөвний гурваас багагүй тооны гишүүний ирцтэй хуралдсанаар хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан тул үнэлгээний хороо үнэлэх хурлыг танхимаар 100 хувийн ирцтэй хуралдсан. Иймд Тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлгүй.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Тендерийн Үнэлгээний хорооны үйл ажиллагааны журамд үнэлгээний хорооны гишүүн болгон нэг саналын эрхтэй байдаг. Олонхын шийдвэрийг үндэслэн тухайн шийдвэрийг гаргасан. гэв.

2.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтын зохион байгуулсан. Гуравдагч этгээд Б******* ХХК нь тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан материалыг ирүүлсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулж, ихэсгэсэн бөгөөд дараах байдлаар:

4.1.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231 дугаартай мэдэгдлээр манай тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

4.2.Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

4.3.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

4.4.Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн болон Б******* ХХК нарын хооронд байгуулсан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО202, ИНҮТ/202 тоот Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах,

4.5.Тендерийг дахин хянаж, үнэлэхийг хариуцагчид даалгах гэж шаардлагаа тодорхойлжээ.

Шүүхээс хийсэн дүгнэлт, үйл баримтын тухайд:

5.Хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/685 дугаар тушаалаар захиалагчийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, өгөгдлийн хүснэгтийг баталсан байна.

6.Үнэлгээний хороо 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахим тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг ажлын гүйцэтгэгчээр Б******* ХХК-ийг шалгаруулжээ.

7.Уг тендер шалгаруулалт оролцсон И******* ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянаад 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/1115 дугаартай албан бичгээр ... Б******* ХХК-аас цахим системээр 9*******, , улсын дугаартай, өөрийн өмчлөлийн өөрөө буулгагчийг санал болгосон байх бөгөөд 9******* улсын дугаартай өөрөө буулгагчийн даац 3,565 кг, улсын дугаартай ердийн тэвштэй автомашины даац 1,000 кг гэж Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байхад дээр дурдсан 2.Ачааны автомашин 5 тонн болон түүнээс дээш 2 ширхэг гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. ...Тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. гэжээ.

8.Үнэлгээний хороо дээрх албан бичгийн дагуу 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлгээ хийсэн байна. Ингэхдээ И******* ХХК-ийн ирүүлсэн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага хангахгүй, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, харин Б******* ХХК-ийн тендерийг шаардлага хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж дахин шалгаруулжээ.

9.Тус шийдвэрийг И******* ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасныг тус яам хянаад 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03/1473 дугаартай албан бичгээр ... ижил агуулгатай гомдлыг өмнө хянасан, өөр агуулгаар гаргасан гомдол нь гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэлэлцээгүй буцаасан байна.

10.Улмаар Үнэлгээний хорооноос 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хэвээр үлдээх зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК нь 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО202, ИНҮТ/202 дугаартай Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ-г байгуулсан үйл баримт тогтоогдов.

11.Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг зөрчиж, хуулийн 26.7.1-д заасныг үндэслэн ачааны машины даац нь чанар болон гүйцэтгэлд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж Б******* ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус. ТШЗ16.1.3-т ачааны автомашин 5 тонн болон түүнээс дээш 2 ширхэг байхаар тусгайлан шаардсан байхад хангаагүй этгээдийг шалгаруулсан. Манай компанийн хувьд ТШЗ 17.4-т заасан туслан гүйцэтгэгчийн материалыг ирүүлсэн бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 36 дугаар тушаалтаар БА-3.1-БА-3.6-д чиглэл нь БА-4.1-БА-4.6 заалттай адил өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар заасан байхад манай тендерийг хассан нь үндэслэлгүй гэж,

12.Хариуцагч нараас Сангийн яамнаас ирүүлсэн бичгийн дагуу тендерийг 2026 оны 2 дугаар сарын 26-ний өдөр дахин үнэлж, цахим системээр оролцогчдод хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-ийн 7-д заасан БА-4.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл гэсэн шаардлагыг хангаагүй, туслан гүйцэтгэгч Д******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь БА-3.5 байсан тул татгалзсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн зөрчил ачааны машины даацаас илүү гүйцэтгэл, чанарт сөрөг нөлөөтэй гэж үзсэн. гэж тайлбарлан тус тус маргасан.

Гуравдагч этгээд Б******* ХХК-ийн тендер хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх тухайд:

13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, мөн зүйлийн 26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх. гэж тус тус заасан.

14.Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 16.1-д Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана гэж заасан бөгөөд 16.1.3-т ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүснэгтийн 2-т Ачааны автомашин, 5 тонн болон түүнээс дээш, 2 ширхэг байхаар тусгайлан шаардлага тавьжээ.

15.Гуравдагч этгээд Б******* ХХК-иас уг шаардлагын дагуу цахим системээр 3*******, 9*******, , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг илгээсэн болох нь tender.gov.mn цахим хуудасны хариуцагчийн эрхэд шүүхийн үзлэг хийж баталгаажуулсан баримтаар[1] тогтоогдож байна.

16.Дээрх автомашинуудаас 9******* улсын дугаартай Hino Ranger маркийн автомашины даац 3.6 тонн, улсын дугаартай Hyundai маркийн автомашины даац 1 тонн байгаа нь тендерийн баримт бичгээр захиалагчийн шаардсан 5 тонн болон түүнээс дээш даацтай 2 ширхэг ачааны автомашин гэх шаардлагыг хангахгүй байна.

17.Үнэлгээний хороо нь "Б*******" ХХК-ийн ирүүлсэн даацын шаардлага хангахгүй автомашинуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй; үнэлгээнд нөлөөлөхгүй алдаа гэж үзсэн үндэслэлгүй юм.

18.Тухайлбал, тендерийн баримт бичигт тусгайлан заасан техник хэрэгслийн даацын үзүүлэлт нь тухайн барилгын дуусгал ажлыг хугацаанд нь, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэх чадавхыг илэрхийлэх үндсэн шаардлага тул үүнийг хангаагүй тохиолдолд тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй.

19.Гуравдагч этгээд нь маягт 3 буюу Үндсэн тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл-дээ 2******* улсын дугаартай, 11.5 тонн даацтай шаардлага хангасан автомашин зэрэг нийт 9 автомашин бүртгүүлсэн гэх боловч тэдгээрээс зөвхөн 4 автомашины мэдээллийг цахим системээр илгээж, бусдыг нь ирүүлээгүй байна.

20.Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д ... Оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй... гэж тодорхой заасан тул цахим системд илгээгээгүй техник хэрэгслийг үнэлгээнд тооцох боломжгүй юм.

21.Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн материалын шаардлага хангасан боловч цахим систем гацдаг үүний улмаас дутуу илгээгддэг гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хороо Б******* ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь хууль бус байна.

Нэхэмжлэгч И******* ХХК-ийн тендерийн тухайд:

22.Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-т Зөвшөөрөл эсхүл гэрчилгээ: Шаардана гэж зааж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог: БА-4.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл гээд Эрчим хүчний яамны: 0.4-15 кВ цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ-ний зөвшөөрөлтэй байхыг шаарджээ.

23.Нэхэмжлэгч И******* ХХК нь уг тендерт оролцохдоо Д******* ХХК-тай гадна цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн БУ17-877/23 дугаартай, БА-3.5, БА-6.3, БА-6.4 чиглэлийн тусгай зөвшөөрлийг хавсаргасан байна.

24.Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлага-ын 3.2.2-т Дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил. *БА-3.1-БА-3.6-д хамаарагдах заалт нь БА-4.1-БА-4.6-р заалттай адил буюу өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна. гэж заажээ.

25.Маргаан бүхий тендерийн зүйл нь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал (дотор засал, холбогдох угсралт) ажил байх тул туслан гүйцэтгэгчийн БА-3.5 заалт бүхий тусгай зөвшөөрөл нь тухайн тендерийн баримт бичгээр шаардсан БА-4.5 заалттай адил буюу өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн цахилгаан угсралтын ажилд хамаарахаар байна.

26.Үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн ирүүлсэн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаал болон бодит нөхцөл байдалтай уялдуулан үнэлэлгүй, БА-4.5 шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

27.Мөн Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ээс үзэхэд, гишүүнд гуравдагч этгээд Б******* ХХК-ийн ирүүлсэн техникийн зөрчлийг (автомашины даац) чанар, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж зөвтгөсөн атлаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг шаардлага хангаагүй гэж татгалзсан байна.

28.Энэ нь Сангийн яамны тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа хуульд нийцүүлэн дахин хийх тухай албан бичгийн агуулгыг бодитоор хэрэгжүүлээгүй, тендерт оролцогчдод тэгш бус байдал үүсгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

29.Иймд Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж нь хууль бус байх бөгөөд түүнийг үндэслэн гарсан захиалагчийн татгалзсан мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, улмаар 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ-г тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй байна.

30.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 50, 51 дүгээр зүйлд зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, шалгаруулах эрх нь захиалагч болон тендерийн үнэлгээний хороонд хуулиар олгогджээ.

31.Нэхэмжлэгч И******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тендерт ирүүлсэн материалыг хуульд нийцүүлэн дахин хянан үзэх, үнэлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч И******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231 дугаартай мэдэгдлээр манай тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт Б******* ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн болон Б******* ХХК нарын хооронд байгуулсан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО202, ИНҮТ/202 тоот Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ-г тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч И******* ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагаа явуулах, зохих шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ