Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 594

 

 Ц.Б-, Д.С-, Б.М-, М.Г-, Д.Ш-, Г.Т-,

Ц.О-, З.Н-,Т.Б-, Г.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Ц.Б-, Д.С-, Б.М-, М.Г-, Д.Ш-, Г.Т-, Ц.О-, З.Н-, Т.Б-, Г.Х- нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, ***,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийх ялаар,

Мөн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Мөн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х овогт Ц-н Б-,

2. Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***,

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Мөн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Мөн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт М-н Г-,

3. Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, ***,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Б-н овогт Д-н Сугар-Адъяа,

4. Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, ***,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2,106,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б-н овогт Г-н Т-,

5. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ***, ял шийтгүүлж байгаагүй, Д-н овогт З-н Н-,

6. Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ***,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Мөн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/80 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Мөн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Д овогт Т-н Б,

7. Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, ерөнхий цэргийн тактикийн офицер мэргэжилтэй, ам бүл 1, ***, 2006 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар энхийн төлөө медиалаар шагнуулж байсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1/49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Д-н Ш-,

8. Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 ***, ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Г-н Х-,

9. Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,

Мөн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар, 09 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Ш овогт Ц-н О-,

10. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3 ах, ээж нарын хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг 07-03 оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Б-н М-.

Ц.Б- нь ганцаараа 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд, 20 удаагийн үйлдлээр 19,192,000 төгрөгийн,

Д.С-, Ц.О-, М.Г-, Т.Б-, Г.Т- нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд 25 удаагийн үйлдлээр 49,0583,00 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, бусдын орон байранд нэвтэрч, хулгайлан нэр бүхий 44 хохирогчид, 45 удаагийн үйлдлээр нийт 68,250,300 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г- нь ганцаараа 2014 оны 01 дүгээр сарын 07-ноос 2016 оны 05 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр 3,700,000 төгрөгийн,

Д.Ш-, Ц.Б-, Ц.О-, Т.Б-, З.Н-, Г.Х- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 23 удаагийн үйлдлээр 42,251,100 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, бусдын орон байранд нэвтэрч, хулгайлан нэр бүхий 27 хохирогчид, 27 удаагийн үйлдлээр нийт 49,951,100 төгрөийн хохирол учруулсан,

З.Н- нь ганцаараа 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2017 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 8,380,500 төгрөгийн,

Г.Х-, Т.Б-, Д.Ш-, М.Г-, талийгаач Т.Э- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын мал болон эд зүйлийг орон байранд нэвтэрч хулгайлан 8,000,000 төгрөг нийт 16 удаагийн үйлдлээр бусдад 16,380,500 төгрөгийн хохирол учруулсан,

Д.С- нь ганцаараа 2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 16,655,300 төгрөгийн,

Ц.Б-, Г.Т-, Т.Б-, Г.Х-, талийгаач Т.Э-, Д.Ш-, З.Н- нартай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын мал болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэн 7,071,000 төгрөг нийт 16 удаагийн үйлдлээр бусдад 23,726,300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М- нь Г.Т-, Р.Б- нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж нийт 7,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т- ганцаараа  2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйлийг хулгайлж 3,000,000 төгрөгийн,

Р.Б-, Б.М-, Д.С-, Ц.Б- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдын мал болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэж 8,130,000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 11,130,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х- нь 2013 оны 01 дүгээр сарын 05-наас 2014 оны 05 дугаар сарын 20-нийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 8,381,200 төгрөгийн,

М.Г-, З.Н-, талийгаач Т.Э-, Д.С-тай нартай бүлэглэн  2013 оны 12 дугаар сарын 13-наас 2015 оны 08 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын малыг болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэн 3,800,000 төгрөг нийт 6 удаагийн 12,181,200 төгрөгийн,

мөн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч.З-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.О- нь Т.Б-, М.Г-, Ц.Б- нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө бусдын орон байранд  нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Т.Б- нарын бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 21-08 тоот хашааны гаднаас Н.Төмөрчөдөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг завшсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ц.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгож,

шүүгдэгч М.Г-ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

шүүгдэгч З.Н-г прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзаасныгжурамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүугийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

шүүгдэгч Д.С-г прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

шүүгдэгч Т.Б-ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгож,

шүүгдэгч Д.Ш-ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгож,

шүүгдэгч Г.Т-ийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

шүүгдэгч Б.М-ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож,

шүүгдэгч Г.Х-г прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож,

шүүгдэгч Ц.О-ыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилж,

шүүгдэгч Ц.Б-г дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Г-ыг дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гээгдэл буюу санамсаргүй олдсон          эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З.Н-г дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.С-г дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Б-ыг дангаар болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Ш-ыг бүлэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Т-ийг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М-ыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Х-г бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.О-ыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Ш-, М.Г- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар,

шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,

шүүгдэгч З.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

шүүгдэгч Д.Ш-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1сар хорих ялаар,

шүүгдэгч Г.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар,

шүүгдэгч Б.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар,

шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 -д зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар,

шүүгдэгч Ц.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Г.Х-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 2 жил 10 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоног хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар хоног хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.Г-, З.Н-, Д.С-, Д.Ш-, Ц.О-, Г.Т-, Г.Х-, Т.Б-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ад оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Ганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ  “...Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй болжээ. Учир нь прокуророос Р.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн 201515000278 дугаартай Ц.Б- нарт холбогдох хэргээс эрүүгийн 201515000275 дугаартай Р.Б-д холбогдох хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарлаж улмаар эрүүгийн 201515000278 дугаартай Ц.Б- нарт холбогдох 10 яллагдагчтай, 80 гаруй хэрэг нэгтгэсэн 130 гаруй хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй хэргийг Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байх хугацаанд Р.Б-ы байгаа газар нь мэдэгдэхгүй мөрдөн байцаалтаас оргон зайлсны улмаас хэргийг тусгаарлан, прокурорын тогтоолоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн 20151500278 дугаартай хэрэг нь 2013 оноос 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд давтан үйлдлүүдээр үйлдэгдсэн Архангай, Дундговь, Булган, Өвөрхангай аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “хулгайлах”, “малын хулгайлах”, “дээрэмдэх”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” зэрэг 80 гаруй үйлдэлтэй гэмт хэргийг өөртөө нэгтгэсэн хэрэг бөгөөд яллагдагч нарын цагдан хорих хугацаа дууссан, цагдан хорих хугацаа дуусч гармагц дахин гэмт хэрэг үйлддэг, өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах сонирхолтой, удаа дараа мэдүүлгээсээ буцдаг мөн яллагдагч нар мөрдөн байцаалтаас болон шүүхээс удаа дараа оргон зайлж дахин гэмт хэрэг үйлддэг, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх ямар ч сонирхолгүй зэрэг нөхцөл байдлууд нь хэргийг удаашрах нөхцөл байдал болсоор байна.

Нэгэнт хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжийг хуульчилж өгсөн атал хэргийг буруу тусгаарласан гэж үзэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэх шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т заасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэсэн зорилт ...” тус тус алдагдаж олон иргэний нэхэмжлэгч, хохирогч нарыг удаан хугацаанд чирэгдүүлэх, хуулийн байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлэх, 2013 оноос 2018 он хүртэлх 5 жилийн хугацаанд үйлдэгдсэн 11 холбогдогчтой, 80 гаруй үйлдэлтэй гэмт хэргийг өөртөө нэгтгэсэн 100 гаруй иргэний нэхэмжлэгч, хохирогчтой хэрэг 6 жил гаруй хугацаанд эцэслэн шийдвэрлэгдэхгүй хохирогч нар цөхөрсөн байдалд хүрч байна.

Р.Б- нь Г.Т-, Б.М- нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь яллагдагч  Р.Б-, Г.Т-, Б.М- нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогддог тул хэргийг тусгаарлан шиийдвэрлэх боломжтой.

Мөн Эрүүгийн 20151500275 дугаартай хэргийг эрүүгийн 201515000278 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг прокуророос гарган улмаар Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамжаар нэгтэн шийдвэрлэж 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 79 эрүүгийн дугаартай албан бичгээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсэн боловч тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харъяалах шүүхэд шилжүүлнэ гэсэн байхад тус хэргийг шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэлгүй шууд нэгтгэсэн асуудал нь хууль зөрчиж байх тул Р.Б-д холбогдох хэргийг буцаан хүргүүлэв...”гэсэн албан тоотоор Р.Б-д холбогдох хэргийг буцаан хүргүүлж эрүүгийн 201515000278 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Р.Б-тай хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх Г.Т-, Б.М- нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харъяалах шүүхэд шилжүүлнэ гэсэн заалтын дагуу хэргийг шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэн нэгтгүүлэх арга хэмжээ авсан бол өнөөдөр шүүхээс хэрэг прокурорт буцах, яллагдагч нар гэмт хэрэг үйлдэх мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах зэрэг хэрэг эцэслэн шийдвэрлүүлэхэд ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нөхцөл боломж бүрдэхгүй байх байх боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 358 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасныг эс зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр прокурорын эсэргүүцэл бичсэн ба одоогоор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна.

Яллагдагч Ц.Б-н М.Г-той бүлэглэн Архангай аймгийн Өндөр улаан сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба бусад нотлох баримтууд хавтас хэргийн 23-24 дүгээр хавтсанд авагдсан мөн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Г-оос бусад 9 шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан эцсийн үг дээрээ хэлснийг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ц.Б-н О.Н-той хамт хулгай хийсэн тул шалгаж өгнө үү гэх мэдүүлэг үнэн зөв эсэхийг дахин шалгаж мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Учир нь О.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгасан боловч Ц.Б-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, 2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр улаан сумын Баянгол багийн нутагт оршин суух иргэн Т.Бат-Эрдэнэ, Баянбулаг багийн нутагт оршин суух иргэн М.Бат-Өлзий, Ц.Зоригтбаатар Ц.Даариймаа, Ч.Цэрэнчимэд, М.Насантогтох, Б.Энхбаяр нарын гэрээс М.Г-, Ц.Б- нарын бүлэглэн хулгайлсан хулгайн эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан болох нь тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгг зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон.

2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хамгийн доод тал нь 1 жил байхаар тогтоосон ба энэ нь иргэн О.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2002 оны эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолоор зарим яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 24 дүгээр магадлалаар Өвөрхангай айгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн 201515000278 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаан шийдвэрлэхдээ ”шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж байгаа эсэх, шүүгдэгч Ц.Б- нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт оршин суух хохирогч нарын эд зүйлийг хулгайлахдаа Нямдоржтой хамт явсан эсэхийг шалгах зэрэг мөрдөн ажиллагааг хийх шаардлагатай талаар дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана...” гэсэн заалтыг биелүүлсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн шиидвэрт дараах зүилийг тусгана, 2 дахь хэсгийн 2.7-д “давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл” гэж тус тус заасан бөгөөд магадлалын “...шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж байгаа эсэх, шүүгдэгч Ц.Б- нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт оршин суух хохирогч нарын эд зүйлийг хулгайлахдаа Нямдоржтой хамт явсан эсэхийг шалгасан байхад чухам яагаад мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай талаар...” заалтын үндэслэлийг дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдол дүгнэлт хийгээгүй атлаа шүүхэд ирүүлээгүй хэргийг урьдчилан шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Учир нь Р.Б-д холбох хэргийг эдгээр шүүгдэгч нартай бүлэглэж үйлдсэн гэж буцаасан нь хууль буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно, 29.8 дугаар зүйлд прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно гэж заасан.

Гэтэл Р.Б-ы хэргийг тусгаарласан баримт хэрэгт байгаа. Шүүгдэгч нар одоо 1000 гаруй хоног цагдан хоригдоод байгаа бөгөөд Өвөрхангай аймагт байгаа хамгийн удаан шийдвэрлэгдсэн хэргүүдийн тоонд Ц.Б-, Д.Сугар-Адьяа, Б.М-, М.Г-, З.Н-, Г.Т-, Т.Б-, Д.Ш-, Г.Х-, Ц.О- нарт холбогдох хэрэг явж байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана, давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасныг зөрчсөн. Тийм учраас магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Д.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн нэр бүхий 10 шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б- нь ганцаараа 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд, 20 удаагийн үйлдлээр 19,192,000 төгрөгийн, мөн Д.С-, Ц.О-, М.Г-, Т.Б-, Г.Т- нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд 25 удаагийн үйлдлээр 49,058,300 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, бусдын орон байранд нэвтэрч хулгайлан нэр бүхий 44 хохирогчид 45 удаагийн үйлдлээр нийт 68,250,300 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г- нь ганцаараа 2014 оны 01 дүгээр сарын 07-ноос 2016 оны 05 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр 3,700,000 төгрөгийн, мөн Д.Ш-, Ц.Б-, Ц.О-, Т.Б-, З.Н-, Г.Х- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-наас 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд 23 удаагийн үйлдлээр 42,251,100 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, бусдын орон байранд нэвтэрч хулгайлан нэр бүхий 27 хохирогчид 27 удаагийн үйлдлээр нийт 49,951,100 төгрөгийн хохирол учруулсан,

З.Н- нь ганцаараа 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2017 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 8,380,500 төгрөгийн, мөн Г.Х-, Т.Б-, Д.Ш-, М.Г-, талийгаач Т.Э- нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын мал болон эд зүйлийг орон байранд нэвтэрч хулгайлан 8,000,000 төгрөгийн нийт 16 удаагийн үйлдлээр бусдад 16,380,500 төгрөгийн хохирол учруулсан,

Д.С- нь ганцаараа 2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 16,655,300 төгрөгийн, мөн Ц.Б-, Г.Т-, Т.Б-, Г.Х-, талийгаач Т.Э-, Д.Ш-, З.Н- нартай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын мал болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэн 7,071,000 төгрөгийн нийт 16 удаагийн үйлдлээр бусдад 23,726,300 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М- нь Г.Т-, Р.Б- нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж нийт 7,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т- ганцаараа  2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйлийг хулгайлж 3,000,000 төгрөгийн, мөн Р.Б-, Б.М-, Д.С-, Ц.Б- нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэлх хугацаанд бусдын мал болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэж 8,130,000 төгрөгийн нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 11,130,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Х- нь 2013 оны 01 дүгээр сарын 05-наас 2014 оны 05 дугаар сарын 20-нийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 8,381,200 төгрөгийн, мөн М.Г-, З.Н-, талийгаач Т.Э-, Д.С-тай нартай бүлэглэн  2013 оны 12 дугаар сарын 13-наас 2015 оны 08 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр бусдын малыг болон эд зүйлийг хулгайлж, дээрэмдэн 3,800,000 төгрөгийн нийт 6 удаагийн 12,181,200 төгрөгийн, түүнчлэн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ч.З-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.О- нь Т.Б-, М.Г-, Ц.Б- нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө бусдын орон байранд  нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Ц.Б-, Д.С-, Б.М-, М.Г-, Д.Ш-, Г.Т-, Ц.О-, З.Н-, Т.Б-, Г.Х- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлаж, зарим шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-, Г.Т- нарыг Р.Б-тай бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлж нийт 7,030,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч тус бүрээс 2,343,333 төгрөг буюу хохирлыг 3 хувааж гаргуулсан үндэслэлгүй байна.

Учир нь Р.Б-д холбогдох хэргийг шалгах явцад тэрээр мөрдөн байцаалтаас оргон зайлсны улмаас хэргийг тусгаарласан байх бөгөөд түүний гэм бурууг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад дээрх хохирлыг 3 хүнээс хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.М-, Г.Т- нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

Харин давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, бүрэн эрхээ хэрэгжүүлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг ханган, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Б.М-, Г.Т- нараас дээрх хохирлыг гаргуулахаар тооцсон заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Ганцэцэгийн бичсэн  “...давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчсөн тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад шүүгдэгч Г.Т-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6,515,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Батбилэгт 3,000,000 төгрөг, хохирогч Н.Батчулуунд 300,000 төгрөг, хохирогч Ө.Баттуяад 2,765,000 төгрөг, хохирогч Т.Батзаяад 450,000 төгрөгийг,

шүүгдэгч Б.М-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,515,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Батчулуунд 300,000 төгрөг, хохирогч Ө.Баттуяад 2,765,000 төгрөг, хохирогч Т.Батзаяад 450,000 төгрөгийг тус тус олгуулахаар өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН