Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 962

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е*******, Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, С.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” нээлттэй тендер зарласан.

 “А*******” ХХК, “А*******” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендер шалгаруулалтын Багц-21 (Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн)-т оролцсон.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтыг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр явуулж “М*******” ХХК-ийг “хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгосон.

Энэхүү тендер шалгаруулалтыг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендер шалгаруулалтын Багц-21 гэдэгт натрийн хлорид, рингер лактат, глюкоз гэсэн 3 төрлийн давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэнүүд хамаарах юм.

Гэтэл тендерт шалгарсан “М*******” ХХК нь Багц-21-т хамаарах рингер лактатын оронд рингерийн уусмал санал болгосон. Рингерийн уусмал болон рингер лактат нь химийн бүтцээрээ хоорондоо харилцан адилгүй өөр өөр бүтээгдэхүүнүүд юм.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Багц-21-т хамаарахгүй бүтээгдэхүүн болох рингерийн уусмал санал болгосон “М*******” ХХК-ийг сонгон шалгаруулсанд гайхан эргэлзэж байна.

2. Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн нэгдүгээр бүлэг буюу "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 12.1 (а) - (ё)-гийн 2-т “Гэрээний дагуу нийлүүлэх эм нь Монгол Улсын эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн байх ба эмнэлгийн хэрэгслэлийн хувьд сертификатыг хавсаргаж ирүүлнэ” гэж заажээ.

“М*******” ХХК-ийн санал болгосон “Э” ХХК-ийн нийлүүлэх рингерийн уусмал 250 мл, 500 мл нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн болно. Энэ нь Эрүүл мэндийн яамны Эмийн бүртгэлийн нэгдсэн сангийн лавлагаагаар нотлогдоно.

Тендерт оролцогч “М*******” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй буюу “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 12.1 (а) - (ё)-гийн 2-т заасан шаардлагыг хангаагүй байхад “М*******” ХХК-ийг сонгон шалгаруулсанд гомдолтой байна.

3. “М*******” ХХК-ийн санал болгосон “Э” ХХК-ийн нийлүүлэх бүтээгдэхүүн нь “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 12.1 (а) - (ё)-гийн 9-т “Эм, эмнэлгийн хэрэгсэл нь техникийн тодорхойлолтод тусгайлан заагдсан стандартуудыг болон ДЭМБ-ын GМР, ISO шаардлагын аль нэгийг хангасан болохыг нотлох баримт ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй.

“М*******” ХХК ДЭМБ-ын GМР, ISO шаардлагын аль нэгийг хангасан бүтээгдэхүүн санал болгоогүй, өөрийн гэсэн чанарын лабораторгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторид эмээ шинжлүүлдэг оролцогч байхад энэхүү компанийг “хамгийн сайн” гэж үнэлсэн тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна.

4. “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 18.2 (д) - 0)-(в)-д “тендерийн баримт бичиг заагдсан эм, эмнэлгийн хэрэгслийг 2-оос доошгүй жил үйлдвэрлэж, борлуулсан байна” гэсэн шаардлага тавьсан. Гэтэл “М*******” ХХК-ийн санал болгосон натри хлорид, глюкоз, рингерийн уусмалууд нь 2016 онд үйлдвэрлэгдсэн, “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 18.2 (д) - 0)-(в)-д заасан шаардлагыг хангахгүй бүтээгдэхүүн. Мөн түүнчлэн “М*******” ХХК-ийн үйлдвэр нь ДЭМБ-ын GМР шаардлагыг хангаагүй байгааг анхааран үзээгүй байна.

5. “М*******” ХХК тендерийн баримт бичигт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг “2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр” гэж дутуу тооцсон. Энэ тохиолдолд захиалагч “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 20.1-д заасны дагуу “үндсэн шаардлага хангаагүй тендер гэж үзэж, татгалзах ёстой” байсан.

“Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 27.3-д “Тендер хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш аливаа тендерт ямар нэг нэмэлт өөрчлөлт хийх, солих, эсвэл буцааж авахыг зөвшөөрөхгүй” гэж заасан байхад нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар үнэлгээний явцад тендерт оролцогч “М*******” ХХК-иас тендерийн баталгааг залруулан авч үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд “хамгийн сайн” үнэлгээ авсан “М*******” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүхэлд нь хангаагүй гэж үзэж байна.

Учир нь “М*******” ХХК Монгол Улсад бүртгэлгүй бараа санал болгосон, тендерийн баримт бичигт заагдсан барааг санал болгоогүй, санал болгосон бүтээгдэхүүнүүд нь “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа” болон “Тендерийн баримт бичиг”-т заасан шаардлагуудыг огт хангаагүй, тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг буруу тооцсон зэрэг олон зөрчил гаргасан байна.

Тийм учраас “М*******” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу “шаардлагад нийцсэн тендер” гэж үзэх боломжгүй юм.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “М*******” ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон шаардлага хангасан эсэхийг хянан үзэх үүргээ огт биелүүлээгүйн улмаас тендерт оролцсон “А*******” ХХК, “А*******” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөөд байна.

Бид дээр дурдсан асуудлуудыг дахин хянан үзэхийг хүсэж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 193 тоот албан бичгээр Сангийн яаманд хандан гомдол гаргасан.

Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/5555 тоот “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хандан "... захиалагчийн зүгээс хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, дээрх зөрчлийг арилган хууль, журамд нийцүүлэх нь зүйтэй байна” гэсэн үүрэг даалгаварыг хүргүүлсэн боловч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас дээрх алдаа дутагдлаа хууль, журамд нийцүүлэн залруулахын оронд “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

Иймд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендер шалгаруулалтын Багц-21 (Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн)-т оролцсон “А*******” ХХК, “А*******" ХХК нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендер шалгаруулалтын: Багц-13 - Ходоод гэдэс, элэг цөсний эмүүд, /НХААГ-16/0141-13/

Багц-21-Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн, /НХААГ-16/0141-21/ гэсэн 2 багцыг нээлттэй цахим тендер шалгаруулалтын журмаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарласан.

Тендер шалгаруулалтын Багц-21- Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах багцад “А*******” ХХК, “М*******” ХХК-иуд оролцох хүсэлт ирүүлсэн болно.

Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад нээж, тендерийн нээлт дээр:

• “А*******" ХХК, “А*******” ХХК-ийн түншлэл - 627,855,870 төгрөгийн үнийн санал

• “М*******” ХХК - 607,883,100 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн болно.

“А*******” ХХК, “А*******” ХХК-тай түншлэлээр оролцсон бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.3-т заасан түншлэлийн гишүүн тус бүр 18.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх шаардлагыг биелүүлээгүй тул гэрээ хэрэгжүүлэх чадварын шаардлагыг хангаагүй гэж үзэж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу тендерээс татгалзсан.

“М*******” ХХК-ийн тендерийг тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан гэж үзэж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасны дагуу шаардлагад нийцсэн ганцхан оролцогч байсан тул “М*******” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, “Хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэж шалгаруулан,

зөвлөмжийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/535 дугаар албан бичгээр нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хамгийн сайн” үнэлэгдсэн “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, “А*******” ХХК, “А*******” ХХК-ийн

түншлэлд мөн энэ тухай болон шалгараагүй үндэслэлийг нэгэн зэрэг бичгээр мэдэгдсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт “А*******” ХХК, “А*******” ХХК-ийн түншлэл 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан ба гомдлыг Сангийн яам хянан үзээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5/5555 дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, “М*******” ХХК-ийн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан өмнөх шийдвэрээ хэвээр үлдээн шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэдэгдэл хүргүүлсэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “М*******” ХХК-тай гэрээ байгуулан гэрээний дагуу дуслын шингэнүүд эмнэлгүүдэд хугацаандаа нийлүүлэгдэж байгаа болно.

“А*******” ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үйлдвэрлэгчээс шалтгаалж эмийг янз бүрээр нэрлэдэг ба ерөнхий нэршил нь адил бөгөөд гол үйлчлэгч бодисууд адил байдаг, фармокологийн ижил үйлдэл үзүүлдэг, ижил өвчинд хэрэглэдэг, хордлого тайлах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд тул тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэж байсан болно.

Энэхүү 21 дүгээр багцад багтаж байгаа “Э” ХХК-ийн үйлдвэрлэсэн натрийн хлорид, рингер, глюкоз гэсэн 3 төрлийн дуслын шингэнүүд эмийн бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй болно. Ер нь нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслэлийн захиалгын тоо ширхэгийг гаргаж ирүүлсний дагуу тендер зарлагддаг ба Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм захиалгад ордоггүй болно. /Эрүүл мэнд, спортын яамны эмийн бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудыг хавсаргав./

“М*******” ХХК-ийн санал болгосон “Э” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон “Эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох” тусгай зөвшөөрөлтэй ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Мөн тус 21 дүгээр багцад санал болгосон дуслын шингэнүүд үйлдвэрлэгчийн фармокопейн шаардлагыг хангаж байгаа нь өөрийн дотоод хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байгаа. 

Мөн эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход өөрийн гэсэн чанарын лабораторитой байх шаардлага тавигддаг ба “Э” ХХК нь өөрийн гэсэн чанарын лабораторитой байх шаардлагыг хангасан болно.

“М*******” ХХК-ийн хувьд 2012 оноос “Тунфарм” эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулан капсултай эм, шахмал эм, үрлэн эм, тосон түрхэц, нунтаг эм, дусал эм зэрэг эмнүүдийг үйлдвэрлэдэг туршлагатай компани бөгөөд ТОӨЗ-ны 18.1-ийн г-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын шаардлагыг хангаж байгаа болно

Тендерийн үнэлгээний хороо тендерийн баримт бичигт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал гэж зааж өгсний дагуу “М*******” ХХК тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг ирүүлсэн байсан.

Захиалагч шаардлагад нийцсэн тендер бэлтгэхтэй холбоотойгоор тендерт оролцогчдод шаардагдах бүрэн мэдээлэл, түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх, “хамгийн сайн” тендерийг шалгаруулах болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-Г чанд мөрдөнө.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дэх мэдээлэл нь тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны холбогдох зүйл, заалтын мэдээллийг гүйцээх, нэмэлт оруулах, эсхүл өөрчлөх зорилготой. Хэрэв “ТОӨЗ-ны зүйл, заалттай зөрчилдвөл энэхүү хүснэгт дэх мэдээллийг зөв гэж үзнэ” гэж Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн 2 дугаар бүлгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт хэсэг дээр тайлбарласан байдаг.

Иймд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр ирүүлсэн нь “М*******” ХХК-ийн буруу биш байсан бөгөөд захиалагчийн өгсөн өгөгдлийн дагуу ирүүлсэн тул тендерээс татгалзах үндэслэлгүй байсан Мөн “М*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь бусад оролцогчдод шударга бус байдал үүсгэх нөхцөл байдал байхгүй болно.

Иймд тендер шалгаруулалтад шударга бус байдал үүсээгүй, дуслын шингэнийг эмнэлгүүд хямд үнээр яаралтай худалдан авах зайлшгүй шаардлагатай байгаа тул тендер шалгаруулалтыг зогсоох нь нийтийн эрх ашиг хөндөгдсөн, ард түмний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, цаашлаад улс орны эдийн засагтай холбоотой хүндрэл үүсэх нөхцөл байдлууд байгаа тул “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 07-р сарын 04-ний өдөр зарласан НХААГ-16/0141 дугаартай “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах’’ тендерийн Багц-21 буюу “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн худалдан авах ажил”-д манай компани шалгарсан билээ. Энэхүү багцанд заасан эмийн бүтээгдэхүүн нь “Э” ХХКомпанийн дуслын шингэний үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн бөгөөд Монгол улсын холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдэж чанарын шаардлага бүрэн хангасан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, эмнэлэг, бусад эрүүл мэндийн байгууллагуудад тогтмол түгээгдэж байгаа бүтээгдэхүүн учир манай хоёр байгууллага “Бараа нийлүүлэх тухай” гэрээ байгуулж хамтран ажиллах болсон билээ.

“А******* Интернэшнл” ХХКомпаний Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2016 оны 9-р сарын 21-ний 197 тоот нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна:

1. Тендерийн материалд заасан “Рингер лактат” бүтээгдэхүүний оронд "Рингерийн уусмал” санал болгосон гэж тус компанийн нэхэмжлэлд дурджээ. Тус тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нэр заасан 8 төрлийн дуслын шингэн, эдгээртэй дүйцэхүйц бүтээгдэхүүн худалдан авна гэж заасан /хуулбарыг хавсаргав/. Рингер лактатын уусмал, Рингер уусмал нь фармакологи /эмчилгээн/-ийн үйлдэл, хэрэглэх болон хориглох заалт, гаж нөлөө, хэрэглэх арга тунгийн хувьд ижил байдаг.

            Иймээс манай компаний нийлүүлж буй Рингерийн уусмал болон бусад бүтээгдэхүүнийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүд өнөөдрийг хүртэл эмчилгээндээ хэрэглэж байгаа бөгөөд ямар нэг гомдол санал гаргаагүй болно. Мөн рингэрийн лактат болон рингерийн уусмал нь фармакологи /эмчилгээн/-ийн үйлдэл, хэрэглэх болон хориглох заалт, гаж нөлөө, хэрэглэх заавар ижил болохыг эмчилгээний лавлахууд нотолж байна. Тухайлбал, 2015 оны И.Чүлтэмсүрэн нарын хэвлэсэн “Эмийн Лавлах(\/ эмхтгэл)”-ийн 879-р хуудсанд Рингер локк гэсэн нэг бүтээгдэхүүн байгаа болохоос биш ялгаж салгаж бичсэн зүйлс байхгүй тухай тодорхой бичсэн байна /Эмийн лавлах номыг нотлох баримтаар хуудсыг хавсаргав/.

2. Нэхэмжлэлд “Э" ХХКомпанийн үйлдвэрлэдэг 250мл болон 500мл савласан Рингерийн уусмал нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гэжээ. “Э” ХХКомпанийн үйлдвэрлэдэг 100 мл, 250мл болон 500мл-ийн савлагаатай дуслын шингэн нь 2016 оны 4-р сарын 13-ний өдөр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамнаас Эмийн бүртгэлийн гэрчилгээ авсан болно. /хуулбарыг хавсаргав/. Мөн эмийн бүртгэлийг хариуцдаг төрийн байгуулагын албан ёсны мэдээллийн эх сурвалж болох Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд хандаж “Эмийн бүртгэл” цэс руу орон хайх хэсгийн “худалдааны нэршил”-д Рингер гэж бичихэд хамгийн доод тал “Э” ХХК-ийн бүтээгдэхүүний нэр шууд гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл манай компаний нийлүүлж буй бүтээгдэхүүн нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн эрхий бүхий байгууллагад бүртгүүлсэн бүтээгдэхүүн бөгөөд үүнийг нотолсон баримтыг тендерийн бичиг баримтад хавсарган хүргүүлсэн болно.

3. Нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийг ДЭМБ-ын GМР, 150 шаардлагын аль нэгийг хангасан болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй мэтээр тайлбарласан гэтэл тендерийн оролцогчид өгөх зааварчилгааны 35.5-д “Дотоодын үйлдвэрлэгч 35.4.2, 35.4.3 дахь хэсэгт заасан гэрчилгээтэй гэж үзэн харгалзах оноог өгнө” хэмээн зохицуулсанаас үзэхэд дотоодын үйлдвэрлэгч заавал ДЭМБ-ын GМР, ISO шаардлагын аль нэгийг хангасан болохыг нотолсон баримтыг хавсаргах шаардлагагүйг харуулж байна.

Мөн нэхэмжпэгч манай компаний нийлүүлж буй бүтээгдэхүүнийг ДЭМБ-ын GМР, 150 шаардлага хангаагүй, өөрийн лабораторгүй мэтээр үндэслэлгүй тайлбарыг шүүхэд гаргасан байна Эрүүл Мэндийн Яамнаас 2020 он хүртэл эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох эрх бүхий үйлдвэрлэгч нарт ДЭМБ-ын GМР шаардлага хангуулахаар төлөвлөгөө гарган шат дараалсан арга хэмжээ авч байгаа болно.

Түүнчлэн манай “Мөнхийн Тун” ХХК -ийн тус тендерт санал болгосон бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох “Э” ХХК нь иж бүрэн тоноглогдсон үйлдвэр болон Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дугаар тушаалын 3-р хавсралтад заасан шалгуурыг хангасан чанарын хяналтын лаборатортой, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь Монгол улсын стандарт болон лабораторийн шалгалтаар баталгаажсан болно. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагууд үүнийг нотолно. Зарчмын хувьд өөрийн лабораторгүйгээр үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй гэдгийг адил төрлийн тарилгын шингэн үйлдвэрлэгч “А*******” компани сайн мэдэх учиртай.

4. Түүнчлэн нэхэмжлэлийн 4-р зүйлд ТОӨЗ 18.2 \Д\-\Д\ I заалтын \в\-д заасныг зөрчсөн бүтээгдэхүүнийг манай компани нийлүүлж байгаа мэтээр дурьдсан нь үндэслэлгүй юм. Учир нь тус заалтад заасан хоёроос доошгүй жил үйлдвэрлэж борлуулсан байна гэсэн шаардлага нь өөрөө үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр эцсийн хэрэглэгч нарт нийлүүлж буй тендерт оролцогчид хамаарахгүй юм. Мөн манай компаний үйлдвэр ДЭМБ-ын GМР шаардлагыг хангасан эсэх нь энэхүү маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй болно.

5. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 5-р зүйлд манай “М*******” ХХК-ийг тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2016 оны 9-р сарын 15-ны өдөр гэж дутуу тооцсон буруутай мэтээр тайлбарласан байна. Манай компаний зүгээс тус хугацааг буруу тооцсон зүйл огт байхгүй бөгөөд захиалагчийн буруутай үйл аижплагааны улмаас буюу тендерт оролцогчидод хүргүүлсэн “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн баримт бичиг”-ийн Хоёрдугаар бүлэгт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал байхаар ирүүлсэнээс шалтгаалсан билээ.

Өөрөөр хэлбэл манай компаний ямар нэг буруутай үйл ажиллагаанаас огт болоогүй энэ нь захиалагчаас манай компанид 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2/514 тоот албан бичигт “тендерийн баримт бичгийг боловсруулах явцад Үнэлэгээний хороо техникийн алдаа гаргаж тендерийн урилга болон зар дээр тендерийн хүчинтэй байх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гэж зөв оруулсан боловч тендерийн баримт бичигт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал гэж ташаа оруулсан байна.

Үүнээс үүдэн танай компани тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр ирүүлсэн тул Үнэлгээний хорооны хурлаар тендерийн баталгааны хугацааг залруулж авахаар шийдвэрлэлээ. Иймд тендерийн баталгаат хүчинтэй байх хугацааг залруулж 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн дотор ирүүлнэ үү” хэмээсэн тул бид тендерийн баталгааны хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болгон шинэчилж өгсөн юм.

Мөн хариуцагч буюу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх албан тоотын хувийг нэхэмжлэгч “А*******" ХХК, тус тендерт оролцогч “Инээмсэглэл” ХХК-д хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед дээрх албан тоот болон манай компанийг тендерийн баталгааны хугацааг уг албан тоотын дагуу залруулж өгсөн талаар маргаан үүсгээгүй болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А*******” ХХК тус шүүхэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0441 дүгээр “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох”  гэж тодорхойлсон.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан тусгай журмаар хэрэг хянан шийдвэр ажиллагаа явуулж, хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажил” тендерийн багц №21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн худалдан авах”-г зарлажээ.

Тендерт “А*******” болон “А*******” ХХК-иудын түншлэл, “М*******” ХХК, “Инээмсэглэл-Эрдэнэ” ХХК-иуд оролцсон байна. Тендерийн үнэлгээний хорооноос 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тендерт оролцогч нараас ирүүлсэн тендерүүдийг нээж, хянан үзээд “А*******” болон “А*******” ХХК-иудын түншлэл болон “Инээмсэглэл-Эрдэнэ” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар дээрх 2 компанийн ирүүлсэн тендерээс татгалзжээ.

Харин үнэлгээний хороо нь  “М*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлж, зөвлөмж  гаргасны дагуу хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/580 дугаар  албан бичгээр нийслэлийн Эрүүл мэндийн газарт “М*******” ХХК-тай гэрээ байгуулж ажиллахыг даалгасан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон “М*******” ХХК-ийн хооронд “Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” НХААГ-16/0141-21/ тоот  гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж нийслэлийн харьяа эмнэлэгүүдэд дуслын шингэнүүдийг нийлүүлж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Нэг. Маргаан бүхий тендерээр хүний давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх Натрихлорид 0,9 %, Глюкоза 5%, Рингер лактат гэх гурван дуслын шингэнүүдэд тендер зарлажээ. Гэтэл тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн “М*******” ХХК нь Рингер лактат дуслын шингэний оронд “Э” ХХК-ийн үйлдвэрлэж буй Рингерийн уусмалын дуслын шингэнийг санал болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасан  “техникийн тодорхойлолт” нийцээгүй эм нийлүүлэх тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Тодруулбал, Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын өдрийн 24-ний өдрийн 16/14 дүгээр  албан бичгээр Рингерийн уусмал нь натрийн хлоридын 8,6гр, калийн хлоридын 0,3гр, калцийн хлоридын 0,33 гр, тарилгын нэрмэл ус зэрэг 4 бодисын найрлагаас бүтэж байхад Рингер лактат нь натрийн хлоридын 6,0гр, калийн хлоридын 0,3гр, калцийн хлоридын 0,2гр, натрийн лактатын 5,17 гр, тарилгын нэрмэл зэрэг 5 бодисын найрлагтай ажээ. 

Хэдийгээр дээрх албан бичигт давс, ус хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх фармакологийн үйлдэл, хэрэглэх заалтын хувьд ялгаагүй гэж байгаа боловч Рингерийн уусмал, Рингер лактат хоёр нь химийн бүтэц, орц найрлагын хувьд өөр эмийн бэлдмэл гэж дүгнэжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасны дагуу “Э” ХХК-д Эрүүл мэнд, спортын яамнаас /хуучин нэрээр/ Эмийн бүртгэлийн 0014077 дугаар  гэрчилгээгээр 100, 250, 500 мл савлагаатай “Рингер” тарилгын шингэн үйлдвэрлэх эрхийг, харин “А*******” ХХК-д Эмийн бүртгэлийн 0014077 дугаар  гэрчилгээгээр 100, 250, 500, 1000 мл савлагаатай “Рингер лактат” тарилгын шингэн үйлдвэрлэх эрхийг тус тус олгосон байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т ““фармакопейн өгүүлэл” гэж эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартыг” заасны дагуу эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт нь хүний эрүүл мэндтэй холбоотой тул чанга мөрдөж ажиллах, онцгой анхаарал шаардах ажиллагаа тул  зөвхөн техникийн тодорхойлолтод заагдсан нэр төрлийн эмийг тендерээр сонгон шалгаруулах шаардлагатай байтал эмийн үйлдэл болон хэрэглэх заалт нь ижил гэж дүгнэн тендерийн тодорхойлолтоос өөр эм санал болгосон компанийн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлсэн нь хууль бус болно.

Хоёр. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт  ТОӨЗ 12.1/а/-/ё/-хэсгийн 9-д “Эм эмнэлгийн хэрэгсэл нь техникийн тодрхойлолтонд тусгайлан заагдсан стандартуудыг болон ДЭМБ-ын GMP, ISO шаардлагын аль нэгийг хангасан болохыг нотлох баримт ирүүлнэ, ТОӨЗ18.2 /д/ хэсгийн /i/-н /г/-д “ДЭМБ-ын GMP-ийн сертификат эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсад худалдаанд гаргах эрхийг тухайн орны зохицуулах эрх бүхий этгээдээс авсан, эсхүл PIC-ийн гишүүн орны эрх бүхий этгээдээс баталгаажсан бөгөөд тендер ирүүлэх хүртэлх сүүлийн 2 жилд чанарын стандартын шалгалт хийгдсэнийг”, мөн хэсгийн /ii/-н /в/-д “Санал болгож буй үйлдвэрлэгч нь ДЭМБ-ын GMP-ийн дагуу олгосон сертификат, эм эмнэлгийн хэрэгслийг олон улсад худалдаанд гаргах, эрхийг тухайн орны зохицуулах эрх бүхий этгээдээс авсныг” гэх шаардлагыг тендерт оролцогч нарт тусгайлан тавьсан байна. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар  тушаалаар батлагдсан “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” хэрэгжүүлэх хөтөлбөр ёсоор 2015-2020 онуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын GMP стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж мэтгэлцсэн.

Тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн “М*******” ХХК-нд давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн нийлүүлэх үйлдвэрлэгч “Э” ХХК нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан олон улсын стандартын гэрчилгээ аваагүй болох нь хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл тендер шалгаруулалтанд оролцсон “А*******” ХХК-ийн үйлдвэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын GMP стандартыг хангаж байгаа талаар зохих батламж авсан байхад “Э” ХХК-ийн үйлдвэр хугацаа нь болоогүй гэх үндэслэлээр дээрх стандартыг хэрэгжүүлээгүйг зөвтгөж болохгүй юм.

Иймд хариуцагч тендер зарлахдаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан олон улсын стандартын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх технологитой байх тусгай шаардлага тавьсан бөгөөд “М*******” ХХК-нд ус хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн нийлүүлж буй үйлдвэрлэгч нь энэхүү нөхцөлийг хангаагүй байна.

Гурав. “М*******” ХХК нь “Голомт банк” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 190DOUPF160079 тоот гэрээний гүйцэтгэлийн баталгааг  гаргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “”гүйцэтгэлийн баталгаа" гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” хэлнэ гэж заасныг зөрчиж “М*******” ХХК нь нийслэлийн Эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ-16/0141-21/ дугаар гэрээ байгуулсны дараа банкны гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан байна.

Түүнчлэн Сангийн яамны 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/5555 дугаар албан бичгээр “М*******” ХХК-ийн тендер нь техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад “хамгийн сайн” гэж үнэлсэн нь хууль бус болохыг тогтоож хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үнэлгээний хорооноос гаргасан зөрчлийг арилгуулан хууль, журамд нийцүүлэн ажиллахыг даалгасан байна.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасныг хариуцагч зөрчиж нийслэлийн Эрүүл мэндийн газарт гэрээ байгуулах эрхийг олгожээ.  Хуулийн зохицуулалт ёсоор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Сангийн яамны дээрх шийдвэрийг биелүүлж “М*******” ХХК-ийн тендерээс татгалзах үүрэгтэй байжээ.  

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүх хуралдаанд ““М*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн үнийн санал “А*******” ХХК болон “А*******” ХХК-ийн түншлэлийн саналаас бага тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан үндсэн шалгуур нь “тендерийн үнэ”  тул “М*******” ХХК-ийн тендерийг  “хамгийн сайн” гэж үнэлсэн нь үндэслэлтэй” гэж тайлбар гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д “эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу төрийн өмчийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад хүний эрүүл мэндэд аюулгүй, чанартай эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зарчимд нийцүүлэн “тендерийн үнэ” тендер шалгаруулалтын гол үзүүлэлт биш тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх мэтгэлцээн үндэслэлгүй юм.

Тав. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага биш хэдий ч  “А*******” ХХК болон “А*******” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхий байсан нь хэрэгт нотлох баримт болон хэргийн оролцогч нарын төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Дүгнэхэд, “М*******” ХХК-ийн НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21-д тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй ирүүлсэн тендерт үнэлгээ хийж “хамгийн сайн” гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг зөрчсөн гэж шүүхээс үзлээ. Зүй нь тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар бусад оролцогчдын нэгэн адил “М*******” ХХК-ийн тендерээс мөн татгалзах ёстой байсан болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын    Багц-21 “Давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ