Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0196

 

2018 оны 3 сарын 28 өдөр           

Дугаар 221/МА2018/0196

Улаанбаатар хот

     

Ш.Ж нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Г, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээд Д.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О-ийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Г-ын давж заалдах гомдлоор, Ш.Ж нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ө, П.Ц нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ... “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг тус тус баримтлан Ш.Ж-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ... “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 5 дугаартай шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хоёр хүсэлт гаргасан болно. Гуравдагч этгээд Л.Д-ын Ш.О-д олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр биш учир /Хх-76 хуудас/итгэмлжэлийн хуулийн шаардлага хангуулах, эсвэл хуралдаанд оролцуулахгүй байх талаар хүсэлт. /3-р Хх-181 хуу, шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р нүүрт/ Уг итгэмжлэлд “... ЗХХШТХ-ийн 27-р зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4, 27.2.5, 27.2.6, 27.2.7, 27.2.8-д заасан эрх эдэлж, үүрэг ...” гэж заасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 27 дугаар зүйлд дээрх заасан 27.2.1-27.2.8 хуулийн заалтууд байдаггүй, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд, мөн өмгөөлөгч нь оролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т “... шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг ... шалгах” гэсний дагуу шүүх шалгасан, мөн нэхэмжлэгч талаас итгэмжлэлийг хуулийн шаардлага хангуулах талаар хүсэлт гаргаад байхад хуралдаан даргалагчаас “... дараа нь нөхөөд хийчихнэ биз ...” гээд хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн иргэн Л.Д-ын газар дээрх “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаанд гарах үйлдвэрийн хог хаягдал, төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун хүйтэн уур, тоосжилт, химийн бодисын ууршилт нь иргэн П.Ц, Г.Ө нарын орон сууцанд амьдрах иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эсвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээч томилж, тогтоолгож өгнө үү /3-р Хх-169 хуудас/ гэсэн хүсэлтийг гаргасан.

Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн /3-р Хх-ийн 183-р хуудас, хуралдааны тэмдэглэлийн 6-р нүүрт/ нь нэхэмжлэгчид хуулиар олгосон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, хэрэгт хамаарал бүхий нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Тодруулбал, шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хуулийн 6-р зүйлийн 6.1-д “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ ...” гэж, 6.3-т “... хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ ...” гэж, 7-р зүйлийн 7.1-т “... шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь ... хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй ...” гэж, хуулийн 20-р зүйлийн 20.1.3-т нотлох баримт гаргаж өгөх, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах ... эрхтэй гэж, мөн 30-р зүйлийн 30.3.2-т “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх ... хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах эрхтэй ...” гэж заасан хуулийн заалтуудыг эдлүүлээгүй, хангаагүй, захиргааны шүүх үүргээ биелүүлээгүй, дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хэрэг шийдвэрлэсэн хавтаст хэрэгт дээрх 2 хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж авагдаагүй, гарсан эсэх нь эргэлзээтэй, зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг анхаарч үзнэ үү. /3-р Хх-183-р хуудас/ Мөн хуралдааны тэмдэглэлийн захирамжлах хэсэгт: шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа итгэмжлэлийн талаарх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байдаг.

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хуулийн 20-р зүйлийн 20.1.1-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан. /3-р Хх-ийн 171-хуудас/ Хуулийн 57 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, бичгээр хариу тайлбар авах ёстой. Гэвч энэ ажиллагаа хийгдээгүй, хариуцагч, гуравдагч этгээд нараас бичгээр хариу тайлбар аваагүй шийдвэрлэсэн. Хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “... удиртгал хэсэгт ... шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана ...” гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж-ын өмгөөлөгч С.Г ... гэж тусгагдсан.

С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ш.Ж, П.Ц, Г.Ө нараас итгэмжлэл авсан, хууль зүйн туслалцаа авах гэрээтэй нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувиар оролцсон. Дээрх баримтууд нь хэрэгт авагдсан болно.  Хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “... тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, ... тэдгээрийн тайлбарыг тусгана ...” гэж заасан.

Нэхэмжлэгч талаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн. /3-р Хх-ийн 171 хуудас/ Харин шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ талаар ерөөсөө нэг ч өгүүлбэр байхгүй, тусгагдаагүй, анх нэхэмжлэл гаргасан /1-р Хх-ийн 1 хуудас/ нэхэмжлэлийг тэр чигээр нь хуулаад бичсэн.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ... арьс ширний үйл ажиллагааны тоног төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун хүйтэн уур, тоосжилт, химийн бодисын ууршилт зэргээс шалтгаалж бидний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэхэмжлэгч нарын үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байна ... гэж,

Гуравдагч этгээд нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, бусад хууль, түүнтэй холбогдох захиргааны хэм хэмжээний акт, дүрэм журмыг удаа дараа ноцтой зөрчиж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаад байна ... гэж,

Үүнийг нь хариуцагч нар болох төрийн гүйцэтгэх эрх мэдлийн захиргааны байгууллага төрийг төлөөлж тусгай эрх эдэлж, хууль, хэм хэмжээний актаар тусгайлан зохицуулсан шийдвэр гаргах үүрэгтэй байж, хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй ажлаа хийхгүй байгаа тул, даалгаад өгөөч, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн ... “даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин шүүх үндэслэх хэсэгтээ “... гэвч нэхэмжлэгч нар нь гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, эс үйлдэхүйтэй холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна ...” /Шүүхийн шийдвэрийн 13 дахь талд/ гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь “даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /3-р Хх-ийн 171 хуудас/

Мөн “... арьс шир боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээ үйлдвэрийн дуу чимээ, уур ихээр гардаг, химийн бодис ашигладаг гэж тайлбарлаж байх боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас уг үйлдвэрийн ашиглаж буй химийн бодисын ашиглалт, хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт, тоног төхөөрөмжийн дуу чимээ гаргаж буй уур усны байдалд хяналт шалгалт хийгээгүй тул ... даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан, тогтоогдож буй хууль бус эс үйлдэхүйтэй шууд холбоогүй шийдвэр болохоор байна ... “ /Шүүхийн шийдвэрийн 20-21-рт талд/ гэж үндэслэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р заалтаар олгогдсон “... Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ ...”, 16.2-т “... эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ...” гэсэн заалтыг харгалзаж үзэлгүйгээр, энэхүү заалтыг гүйцэтгэх, хангах, хэрэгжүүлэх захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүрэгт нь халдмааргүй байна, даалгахгүй гэж шийдсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлдээ орон сууцны хорооллын зориулалтаар төлөвлөгдсөн газарт аж ахуй, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн, гуравдагч этгээд нар эзэмшил бүхий газартаа зөвшөөрөлгүйгээр арьс шир боловсруулах үйлдвэр ажиллуулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж, гуравдагч этгээд нараас уг газар өмнө нь үйлдвэрийн бүсэд тооцогддог байсан нь нийтэд илэрхий үйл баримт, үйлдвэрийн бүсэд ирж орон сууц барьчхаад өмнө нь байсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг шаардах эрхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх “гуравдагч этгээд нар нь аж ахуйн болон үйлчилгээний зориулалтаар олгогдсон газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч ... гуравдагч этгээдээс тухайн газрыг өмнө ашиглаж байсан зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байгаа байдлыг “газрыг зориулалт бусаар ашигласан”, “газрыг бусдын эрүүл мэндэд харшаар ашиглаж байна” гэж дүгнэж болохгүй” гэх зэргээр удаа дараа маргааны үйл баримтын талаар өөр хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн төдийгүй хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Тухайлбал, шүүхийн дээрх дүгнэлтэд дурдсан “тухайн газрыг өмнө ашиглаж байсан зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж байгаа” гэдгийн өмнө ашиглаж байсан зориулалт нь юу болохыг тогтоосон зүйл байхгүй байна.

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргахдаа “тухайн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх олгоогүй байхад гуравдагч этгээд зориулалтыг нь зөрчиж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан (бусдад ашиглуулсан)”, эсвэл “хариуцагч гуравдагч этгээдэд уг орчны төлөвлөлтөд нийцэхгүй зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон” гэж маргаж байгаа аль нь болохыг тогтоох, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д заасан эрх, үүргийг зөрчсөн тохиолдолд хэн ямар шийдвэр гаргах зохицуулалттайг судалж, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн уялдаж байгааг тодруулах шаардлагатай байжээ.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ““ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

1. Гуравдагч этгээдээс (эсхүл эзэмшил газраа ашиглуулж буй этгээд) эзэмшиж буй газартаа арьс шир боловсруулах үйлдвэр ажиллуулах зөвшөөрөл авсан эсэх, ямар үндэслэлээр аж ахуй, үйлчилгээний зориулалтаар эзэмших газартаа бусдын үйлдвэр ажиллуулж байгаа, энэ байдал нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасантай хэрхэн нийцэж байгаа эсэх үйл баримтыг тодруулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, Л.Д уг газрыг эзэмшигчийн хувьд өөрөө зориулалтаар нь эзэмшиж байна уу, эсхүл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар бусдад ашиглуулж байгаа юу гэдгийг тогтоох хэрэгтэй байна.  

2. Анхан шатны шүүх “хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч нараас гаргасан “хөрш зэргэлдээ газар эзэмшигч Л.Д, Д.П нарыг газар эзэмших эрхийг цуцлах” тухай гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нийслэлийн Засаг даргад хандаж байгаагүй, эс үйлдэхүй тогтоогдохгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгч нар “гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй”-тэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна” гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрийн хог хаягдал, төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун хүйтэн уур, химийн бодис, тоосжилт, зэрэг нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн эсэхийг тогтоох хяналт шалгалт хийх чиг үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан байх тул хариуцагч төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч иргэдийн гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх үүрэгтэй байсан эсэх, энэ тухайд эс үйлдэхүй гаргасан эсэхийг тогтоох нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Л.Д-ын газар дээрх “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрийн хог хаягдал, төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун хүйтэн уур, химийн бодис тоосжилт нь үйлдвэрийн ойролцоо амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх талаар шинжээч томилж[1] тогтоолгох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар анхан шатны шүүхээс ““ИЭ” ХХК-ийн үйлдвэрийн гадаа зам дагуу “Хүхрийн давхар ислийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7 дахин их байгаа нь шинжээчийн дүгнэлтээр[2] тогтоогдсон нэхэмжлэгч нар арьс шир боловсруулах үйл ажиллагаа нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр маргасан нь үндэслэлтэй ч дээрх үйл баримт нь дан ганц гуравдагч этгээдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэлтэй эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүх нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тохиолдолд дээрх нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн (эсхүл түүний газрыг ашиглаж буй этгээдийн) үйл ажиллагаанаас хэр хэмжээгээр шалтгаалж байгаа талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхийн тулд шинжээч томилох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Л.Д-ын эзэмшил газар дээр байрлах Ш.О-ийн өмчлөлийн барилгад ажиллаж буй “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагаас тухайн арьс ширний үйлдвэрээс орчиндоо ялгаруулж буй үйлдвэрийн хог хаягдал, төхөөрөмжийн дуу чимээ, чичирхийлэл, долгион, халуун хүйтэн уур, химийн бодис тоосжилтын хэмжээг тогтоох замаар тодруулах шаардлагатай.  

Түүнчлэн, анхан шатны шүүх “ИЭ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан шаардлага, дүгнэлт, актууд нь хэргийн оролцогчдын одоо маргаж буй “ИЭ” ХХК-ийн арьс шир боловсруулах хуурай /гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаагаар/ үйлдвэрт хамааралгүй гэж дүгнэсэн боловч хэргийн оролцогчдын маргаж буй үйлдвэртэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, үнэлээгүй атлаа “... хуурай үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гуравдагч этгээд нар нь газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн болон эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр эзэмшиж буй газраа бусдын эрүүл мэндэд харшаар ашигласан” гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нарын маргаж буй үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байжээ.

Шүүх маргааны үйл баримт болсон дээрх үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг нотлох баримтыг цуглуулах, уг үйлдвэрийн үйл ажиллагаа нь ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг нотлох холбогдох баримтуудыг цуглуулж, үнэлж дүгнэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

 


[1] “ИЭ” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн орчны нөлөөллийн талаар шинжээч томилуулах хүсэлтийг шүүх өмнө нь шийдвэрлэж байгаагүй байна.

[2] Энэ дүгнэлт нь Л.Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дүгнэлт байна.