| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04570/И |
| Дугаар | 191/ШШ2025/05191 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05191
2025 06 06 191/ШШ2025/05191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ... байранд байрлах, КЕВИКО ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Кевико" ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан утасгүй сүлжээ (Wi-Fi) болон шилэн кабелиар интрнетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг.
Хариуцагч Л.******* нь 2023 оны 03-р сарын 28-ны өдөр "TENTECH-4 үйлчилгээний № ТТ06507 тоот хэрэглэгчийн гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээгээр "Кевико" ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 37,500 (нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт) төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн.
Гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 108,600 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх мөн 7777-7778 лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно.
Нэхэмжлэгч нь "TENTECH-4 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээний дагуу төлөх Үүрэгтэй 2023 оны 09, 10 сарын төлбөр болох 108,600 төгрөг болон түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 464,000 төгрөг, нийт 575,100 төгрөгийг хариуцагч Л.*******гээс гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Л.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох "БЗД, 23-p хороо, 0 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул...." гэх үндэслэлээр хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 101/ШЗ2024/28490, тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******г эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч ******* нь Л.*******тэй 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүрэгт Л.*******г хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Л.******* нь Баянзүрх дүүрэг, 23 хороо, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.12-ны өдрийн 101/ШЗ2024/28490 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч болох Л.*******гийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Л.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.*******гийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* /утас/-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА