Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.М-д холбогдох эрүүгийн 1820001190075 тоот хэргийг 2018 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5-р хороонд оршин суух, хэрэг үйлдэх үедээ Г ХХК-ийн Г гэх хаяг рекламын газарт ажиллаж байсан, Б овогт П.М,   

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч П.М нь 2018 оны 05 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Т-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 05 сарын 18-ны өдөр найз П, Т бид 3 миний төрсөн өдрийг тэмдэглэж Т-н хаяг, реклам хийдэг “Г” ажлын байранд нь сууцгаасан. Бид 3 эхлээд нэг шил 0,75 л архи хувааж уугаад П түрүүлээд явсан. Тэгээд Т бид хоёр дахин 1 шил 0,75 л архи хувааж уугаад байж байтал Т гэдэг танил эмэгтэй дүү маань над руу залгаад “Эрээнд нэг ажил байна маргааш өдөр 12 цагаас хүмүүсээ авч явах гэж байна, яг одоо наашаа гарчих” гэхээр нь гарахаар шийдсэн. Тухайн үед өөрийнхөө гадаад паспортын хугацаа дууссаныг санаад сууж байсан чинь ажлынх нь өрөөний голд байдаг бор өнгийн модон ширээн дээр Т-н паспорт байхаар нь аваад харсан чинь надтай төстэй харагдсан. Тэгээд Т-г харахад унтаж байхаар нь паспортыг аваад 2018 оны 05 сарын 18-ны шөнө 1 цагийн үед Улаанбаатар хотоос замын унаанд сууж Замын-Үүдэд 2018 оны 05 сарын 19-ний өглөө ирсэн. Тэгээд хил рүү яваад хил дээр паспортаа шалгуулаад хүний паспорттай  явж байгааг маань мэдээд саатуулсан гэжээ. /хх-ийн 89-92/

- Шүүгдэгч П.М шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.

- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний гадаад паспорт ажил дээр байсан юм. 2018 оны 05 сарын 18-ны өдөр П, М бид гурав М ахын төрсөн өдрийг тэмдэглээд манай ажил дээр 2 шил 0,75 л архи уусан. П ах ууж байгаад гэр рүүгээ харихаар явсан. М ах бид хоёр үлдээд архи уусан. Тэгээд ажлын талаар ярьж байсан тэгж байгаад би тасарсан байсан. Өглөө нь сэрсэн чинь ганцаараа ажил дээрээ байсан. М ах байхгүй болсон байсан. Тэгээд буцаад унтаад өгсөн. Унтаж байгаад М-н эхнэр М эгч рүү утсаар ярьсан чинь М эгч намайг загнаад эхэлсэн “Мэдрэл муутай юм уу та нар М чиний гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан байна”  гэж надад хэлсэн. Тэр үед гаднаас Б.М ах орж ирээд надад “П.М чиний гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан байна” гэж хэлсэн. Би гайхаад зогсож байсан чинь Тагнуулаас над руу утсаар яриад энэ тухай бас хэлсэн гэжээ. /хх-ийн 82-84/      

- Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний нөхөр П.М 2018 оны 05 сарын 18-ны 23 цагийн үед над руу өөрийн дугаараас залгаад “би урагшаа явж ажил хийх гэж байна” гэж хэлсэн. Би тухайн үед хонхны баярын дээл оёод завгүй байсан учраас “аан за за” гээд өнгөрсөн. Маргааш нь 2018 оны 05 сарын 19-ний өдөр над руу утсаар залгаад “би хүний гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдчихсан байна” гэж над руу ярьсан гэжээ. /хх-ийн 87-89/

-Гэрч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 05 сарын 19-ний өдөр Замын-Үүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах чиглэлийн зааланд баримт бичгийн шалгагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад Б.Т гэх баримт бичигтэй залуу надад баримт бичгээ шалгуулахаар өгсөн. Түүний гадаад паспортыг авч паспорт дээрх зургийг тухайн зорчигчийн царайтай тулгалт хийж харахад ондоо царайтай байсан. Тэгээд түүнээс жил, болон ордыг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи үнэнээ хэлээ, ямар зорилгоор явж байгаа юм бэ, чиний бичиг баримт биш байна” гэхэд тэр эрэгтэй “миний өөрийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусчихсан юм. Тэгээд хамт ажилладаг найзынхаа гадаад паспортыг гуйгаад аваад явж байна. Урд яаралтай ажилтай байна, гялс гарчихаад ороод ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс “өөрийнхөө жинхэнэ нэр, регистрийн дугаарыг хэл, паспортын чинь хүчинтэй хугацаа дууссан эсэхийг харъя” гэхэд өөрийнхөө жинхэнэ регистрийг хэлсний дагуу шалгахад П.М гэх иргэний мэдээлэл гарч ирсэн. Тэгээд түүнтэй тулгалт хийхэд өөрийнх нь мэдээлэл байсан гэжээ. /хх-ийн 70-71/

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6/

- Хил зөрчихийг шалгасан тухай акт /хх-ийн 07/

- Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/

- Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25, 26/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-46/

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 47-54/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55/

- Шинжээчийн 3845, 3844 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 76-82/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 93-96/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 99/

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 101/

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/12 дугаартай тогтоол /хх-ийн 102/

- Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 108/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч П.М нь 2018 оны 05 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Б.Т-н гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Т-н “...Унтаж байгаад М-н эхнэр М эгч рүү утсаар ярьсан чинь М эгч намайг загнаад эхэлсэн “Мэдрэл муутай юм уу та нар М чиний гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан байна”  гэж надад хэлсэн. Тэр үед гаднаас Б.М ах орж ирээд надад “П.М чиний гадаад паспортаар хилээр гарах гэж байгаад баригдсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч И.Н-н “...Тухайн өдрийн 11 цаг өнгөрч байхад Б.Т гэх баримт бичигтэй залуу надад баримт бичгээ шалгуулахаар өгсөн. Түүний гадаад паспортыг авч паспорт дээрх зургийг тухайн зорчигчийн царайтай тулгалт хийж харахад ондоо царайтай байсан. Тэгээд түүнээс жил, болон ордыг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи үнэнээ хэлээ, ямар зорилгоор явж байгаа юм бэ, чиний бичиг баримт биш байна” гэхэд тэр эрэгтэй “миний өөрийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусчихсан юм. Тэгээд хамт ажилладаг найзынхаа гадаад паспортыг гуйгаад аваад явж байна. Урд яаралтай ажилтай байна, гялс гарчихаад ороод ирье” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг болон зөрчлийн хэрэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-46/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-54/, шинжээчийн 3845, 3844 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 76-82/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч П.М-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өрхийн орлого, түүний шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг харгалзан үзээд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ. 

Б.Т-н энгийн гадаад паспорт нь жинхэнэ, засвар ороогүй болох нь шинжээчийн 3845 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77/-ээр батлагдсан. Иймд цаашид эзэмшигч болох Б.Т нь ашиглах боломжтой бичиг баримт байх тул эзэмшигч Б.Т-д,  шүүгдэгч П.М-н гадаад паспорт нь энэ хэрэгт хамааралгүй байх тул буцаан П.М-д тус тус олгох нь зүйтэй. Эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн 2018 оны 05 сарын 19-ний өдрийн Замын-Үүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах талын теле камерын бичлэг бүхий СД-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г 1350 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 1.350.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн 2018 оны 05 сарын 19-ний өдрийн Замын-Үүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн гарах талын теле камерын бичлэг бүхий СД-ийг хавтаст хэрэгт хадгалж, энгийн гадаад паспортыг эзэмшигч Б.Т-д, гадаад паспортыг П.М-д  буцаан тус тус олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б