| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2236003290362 |
| Дугаар | 89 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 89
2024 11 27 2024/ДШМ/89
*******эд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******эд холбогдох эрүүгийн 2236003290362 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* *******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* ******* ******* Эрдэнийн Алтансүх /РД: /
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* хашаанд хохирогч тай "хутгаар гар зүссэн" гэх шалтгаанаар түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж биед тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүндэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас ы амь хохирч, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* овгийн Эрдэнийн Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн Эрдэнийн Алтансүхийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 8(найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 2436003290362 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүйг дурдаж,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, хэрэг, амь хохирогчийн саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд-1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссод даалгаж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.8 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөл нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүх *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь хохирогч *******ийн гарыг хутгалан гэмтэл учруулаад, дахин араас нь хутгаа шидээд, газар унасан хутгаа аваад ******* рүү дайрах үед нь 2-3 удаа цохиж хүнд гэмтэл учруулсан зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжтэй болох нь Улсын дээд шүүхийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.
Түүнчлэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд сэдэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ "хүнийг алах" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно.
5.2 Нөгөөтэйгүүр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, уг гэмтлийн улмаас цус эргэлтийн алдагдал үүсэж уушгины хатгалгаа, амьсгалын гачаалт хам шинжээр хүндэрч нас барсан нь Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн №550 тогтоолд "Хүнийг санаатай алах", "Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах" гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. Гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу "Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн" гэж үзнэ.
5.3 Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний 661 тогтоол тайлбаруудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэснээр зүйлчлэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас, анхнаас нь хүлээн зөвшөөрч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн зүйлгүй, бүтэн өнчин зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байхад дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хэрэг учрал болох цаг хугацаанд амь хохирогчийн довтолгоо дууссаны дараа амь хохирогчийн нүүр хэсэгт мөргөж, толгой хэсэгт гараараа хоёр удаа цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт гэмтлийг үүсгэсэн нь эргэлзээгүй тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн мөргөлт, цохилтын улмаас үүссэн гэмтлийн улмаас амь хохирогч эмчилгээ хийлгэх явцдаа нас барсан нь эргэлзээгүй тогтоогдсон. Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр байдаг. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой,боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг.
Нөгөө талаар шүүгдэгч нь хэрэг учралын үед амь хохирогчийг өөрөөсөө зайлуулах, түлхэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй, мөртлөө амь хохирогчийг мөргөж гараар цохисон үйлдэл нь өөрөө шууд санаатай үйлдэл бөгөөд үхлийн шалтгаант холбоотой болно. Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоол нь прокурорт гардуулсан хувьд зүйлчлэл зөв бичигдсэн, ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2336003290362 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* хашаанд хохирогч ыг “хутгаар гар зүссэн” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас иргэн ы амь хохирч, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх *******эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...Анхан шатны шүүх *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэснээр зүйлчлэгдэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас, анхнаас нь хүлээн зөвшөөрч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн зүйлгүй, бүтэн өнчин зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байхад дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. ” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан техникийн алдаа гэж үзэж байна гэж тайлбарлав.
6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.1 Шүүгдэгч *******эд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
6.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж хуульчилжээ.
6.3 Анхан шатны шүүх шүүгдэгч Баяуд ******* овгийн Эрдэнийн Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ******* овгийн Эрдэнийн Алтансүхийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүх хуралдаанд хэргийн оролцогч талуудад уншиж сонсгосон байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан агуулгаар бичигдсэн шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг нарт гардуулан өгсөн байна.
Харин хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
7.Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул хэргийн агуулгын талаар болон шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.
9.Хэдийгээр шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон боловч түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
10.Анхан шатны шүүхээр шүүгдэгч *******эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл шүүгдэгч ******* нь 79 (далан ес) хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд урд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 79 (далан ес) хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА