Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* НҮТББ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ө******* ХХК,

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26- ны өдрийн 27 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах газарт 20,000 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газар Газрын тухай хуульд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгч байгууллага тус төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан. Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлээр дуудлага худалдааны анхны үнэ болох 264,000,000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17- ны өдрийн А/180 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг шинэчлэн авсан. Нэхэмжлэгч байгууллага нь 2016 онд тус газрын зэргэлдээ байрлах 20,000 м.кв талбай бүхий газрыг нэмж авах хүсэлт гаргасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар тус газрыг нэхэмжлэгч байгууллагад 15 жилийн хугацаатай үйлчилгээний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгосон. Нэмж олгосон 20,000 м.кв газрын дуудлага худалдааны үнийн дүнг гэрээнд заасны дагуу төлсөн. Гэтэл гуравдагч этгээд "Ө*******" ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэг нь Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайлбал, шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан талуудын газар эзэмших эрхтэй холбоотой захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн "Ө*******" ХХК-д газар олгосон хэсэг, нэхэмжлэгч байгууллагад газар олгосон хэсгийг хариуцагч талаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч талд дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчаас тус шүүхийн заасан хугацаанд шинэ акт гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх шаардлагатай. Үүний дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамж хүчингүй болсон. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/180 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагад олгосон 20,000 м.кв талбай бүхий газар хүчин төгөлдөр хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/180 дугаар захирамжийн үйлчлэл сэргэсэн гэж ойлгож болно. Хэрэг маргааны гол үйл баримт гэж хэлж болно. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг даргад хандсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн "Х*******" НҮТББ, "Ө*******" ХХК-ийн төлөөллийг байлцуулан хамтарсан уулзалт зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр талуудыг ойлголцож нэгдсэн шийдвэрт хүрэх гэсэн агуулгаар гараагүй. Өнөөдрийн байдлаар "Ө*******" ХХК-д олгосон газрын хэмжээ тодорхойгүй байна. Монгол Улсын газрын мэдээллийн сан 2006 оноос эхлэн цахим хэлбэрээр бүртгэлийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед "Ө*******" ХХК-д эзэмшүүлсэн газрын тухай баримт газрын мэдээллийн сангаас гарч ирдэггүй. Улсын дээд шүүхийн тогтоол болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2.5 га газар эзэмшиж байсан байх гэж тайлбарласан байдаг. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын байршлын тухай тодруулахад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан гэж хариулсан. Гэтэл маргаан бүхий газрын байршил Хан- Уул дүүргийн 2 дугаар хороонд байрладаг. Харин "Ө*******" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 3 дугаар цахилгаан станцын хажуу талд байрлах Хан- Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын орон сууц барих зориулалттай газар олгосон. Байршил, зориулалт нь өөрчлөгдсөн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын орон сууцыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж дууссан болох нь тогтоогдсон. "Ө*******" ХХК-д тус зориулалтын дагуу газар олгох боломжгүй гэдэг байр суурьтай байна. Талууд нэмж олгосон 2 га газрыг хувааж авах зөвшилцөлд хүрсэн. Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага 0,9 га газар, "Ө*******" ХХК 1 га газар авахаар тохиролцож Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч байгууллагад 2015 онд олгосон газрын байршлыг өөрчилсөн. Дээрх 2023, 2024 онуудын захирамжаар талууд маргаагүй атал "Ө*******" ХХК-иас удаа дараа холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг дарга доод шатны албан тушаалтнууддаа мэдээлэл дутуу *******өн тул "Ө*******" ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Газрын эрхийн Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагад олгосон газар ямар нэгэн маргаангүй. "Ө*******" ХХК-ийн газартай давхцал үүсэх боломжгүй. Тус газрыг нэхэмжлэгч байгууллага төсөл сонгон шалгаруулалтад оролцож дуудлага худалдаагаар 264,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хавтаст хэрэгт авагдсан Газрын эрхийн Маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг харвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуульч уг асуудлыг хөндсөн байсан. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х*******" НҮТББ болон "Ө*******" ХХК-иас гаргасан өргөдөл, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Тус шүүхийн 2021 оны 469 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 565 дугаар магадлалаар талуудын эрхийг зөрчсөн гэж үзсэн. Талуудын гаргасан өргөдөл, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 03- ны өдөр "Х*******" НҮТББ болон "Ө*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад талууд тус газрыг хувааж авахаар харилцан тохиролцсон. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ахлуулсан баг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр талуудтай уулзалт зохион байгуулсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газартай холбоотой маргааныг шийдвэрлэх асуудлыг хариуцдаг гол байгууллага. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын өмнөөс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажилласан. Тус уулзалтаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга талуудын маргаан бүхий 3.9 га газрыг хувааж авах санал ирүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн. Хэрэв уг саналыг хүлээж авахгүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож тус газрыг сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбай болгох талаар мэдэгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч байгууллага болон "Ө*******" ХХК-ийн газрын байршил солих асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Г.Шт даалгаж байршлыг өөрчилсөн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/585 дугаар захирамж гарсан. Байршлыг өөрчилсөн болох нь кадастрын зургаар нотлогдоно. Нэхэмжлэгч байгууллага анх дуудлага худалдааны төлбөрийг төлсөн. Харин "Ө*******" ХХК дуудлага худалдааны төлбөрийг төлөөгүй тул буцаасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар "Х*******" НҮТББ-д 20,000 м.кв, "Ө*******" ХХК-д 19,082 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. "Ө*******" ХХК-д дуудлага худалдааны анхны үнийг төлөх шаардлага тавьсан. "Ө*******" ХХК 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.9 га газрын дуудлага худалдааны анхны үнийг төрийн санд байршуулсан байдаг. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар "Ө*******" ХХК-д 0.9 га, "Х*******" НҮТББ-д 1 га газрыг тус тус үйлчилгээний цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттайгаар эзэмшүүлсэн. Газрыг эзэмшүүлсэнтэй холбоотой хурлын шийдвэр байхгүй. Гуравдагч этгээд "Ө*******" ХХК-иас удаа дараа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол удаа дараа гаргасан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаар хурлаар харилцан тохиролцсон атал хууль бус захирамж гаргасан гэж гомдол гаргасан "Ө*******" ХХК-д 0.9 га газар олгосонтой холбоотойгоор сонсох ажиллагаа хийгдээгүй. Захирамж гарснаас хойш 5 сарын дараа "Ө*******" ХХК мэдсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тайлан, мэдүүлэг авсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/6329 дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Мэдэгдлийг хүргүүлсэн. Сонсох ажиллагаа хийгдэхээс өмнө нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тодруулга авсан. Миний бие нэхэмжлэгчид газар олгосон захирамж хүчингүй болж магадгүй талаар тайлбарласан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа сонсох ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, сонсох ажиллагаа хийгдсэн болох нь тогтоогдож байна. Дээрх сонсох ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 дугаар албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн. "Х*******" НҮТББ-иас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Газрын эрхийн Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байсан. Тус гомдлыг хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр дүгнэлтээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие тус Газрын эрхийн Маргаан таслах зөвлөлийн хуралд тайлбар, мэдүүлэг өгч байсан. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагаас ямар нэгэн төлөөлөл тус хуралд оролцоогүй. Улмаар Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргасан. Нийслэлийн Засаг даргаас гаргасан шийдвэр, захирамжууд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангасан болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

2.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт шүүхийн шийдвэрүүдийг зөрчиж "Ө*******" ХХК- ийн хувийн эрх, ашгийн төлөө үндэслэлгүй байдлаар гарсан. "Х*******" НҮТББ-ын хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Үүнийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилгын зориулалтаар "Ө*******" ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/128 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газрын талбайг нэмэгдүүлж 39,114 м.кв талбай бүхий газрыг олгосон. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 11 өдрийн А/180 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Тухайн хугацаанд "Ө*******" ХХК-иас Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорт тус тус хандсан. Газар давхцуулан олгосон болох нь тогтоогдсон. Уг мэдэгдэл хавтаст хэрэгт авагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр 08-ны өдрийн 226 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоол гарсан. Гурван шатны шүүхийн шийдвэрт газар давхацсан талаар дурдсан байдаг. Улсын дээд шүүхийн шийдвэрт талуудын маргааныг Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу хариуцагч талаас талуудын байлцуулан удаа дараа уулзалт зохион байгуулсан. "Ө*******" ХХК-ийн төлөөлөгч миний бие, "Улсын дээд шүүхийн шийдвэрийн биелэлтийн 6 сарын хугацаа өнгөрсөн тул Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрье" гэсэн саналыг гаргасан. Харин нэхэмжлэгч байгууллагаас "Таны саналыг хүлэн авч байна. Газар эзэмших эрхээ алдахгүйн тулд Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрье" гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Газрын хэмжээтэй холбоотой маргаан үргэлжилж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Г.Б талуудыг байлцуулан уулзалтыг зохион байгуулсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Б бүрэн эрхийнхээ хүрээнд талуудыг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. "Ө*******" ХХК-иас 1.9 га газрын кадастрын зургийг хийлгэж, нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг газрын мэргэжилтнээр баталгаажуулан холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 11 дүгээр хурлаар 78 хувийн саналаар маргааныг шийдвэрлэж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/585 дугаар захирамж гарсан. Гуравдагч этгээдээс дуудлага худалдааны төлбөрийг төлөөгүй тул 1.9 га газрыг олгоогүй. Дуудлага худалдааны анхны төлбөрийг үнэ болох 302,000,000 төгрөгийг төлсөн. Үүний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 29 дүгээр хурлаар газар олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тухайн жилдээ газрыг олгоогүй. 2024 оны 01 дүгээр сард Нийслэлийн Засаг даргад удаа дараа гомдол гаргасан. 2025 оны 05 дугаар сард гуравдагч этгээдэд 1 га, нэхэмжлэгч байгууллагад үлдэх газрыг олгосон талаар танилцуулсан. Хууль ёсны итгэл хүлээх зарчим зөрчигдсөн гуравдагч этгээдийн Нийслэлийн Засаг дарга залруулж захирамж гаргасан. Иймд шүүх нэхэмжлэгч байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Нэхэмжлэгч Х******* НҮТББ-иас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үйл баримтын тухайд:

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаар шийдвэрээр: нэхэмжлэгч Ө******* ХХК-иас гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны А/128 дугаар захирамжийн Х******* НҮТББ-д холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн Д.У*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гуравдагч этгээд Х******* НҮТББ-аас гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х******* НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 344 дүгээр магадлалаар: нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х******* НҮТББ-д холбогдох хэсгийн Ө******* ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, ... Д.У*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон гуравдагч этгээд Х******* НҮТББ-ын бие даасан шаардлага болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамж, 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн Ө******* ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х******* НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

7.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор: ...тухайн газрын давхцалыг 3.5 га газраас, эсхүл 2.5 га газраас тооцох эсэх нь эргэлзээтэй, ...маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар-т хамаардаггүй байсан, одоо хамаардаг болсон гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, ... түрүүлж үүссэн эрхийг хамгаалах зарчим-ыг шууд баримталж шийдвэрлэх нь эргэлзээтэй, иймээс илүү бодит нөхцөл байдалд тулгуурлан газар давхцалтай эсэх, давхцал-тай байвал түүний зааг хэмжээг тодорхойлж, маргаан бүхий актуудыг гаргаж байсан цаг хугацаанд тухайн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргын, аль эсвэл Нийслэлийн засаг даргын алиных нь эрхэд хамааралтай байсныг холбогдох хуульд нийцүүлэн захиргааны байгууллага алдаагаа өөрөө залруулах боломжтой...гэж дүгнэн, дээрх магадлалын 1 дэх заалтын Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х******* төрийн бус байгууллагад холбогдох хэсгийн Ө******* ХХК-ийн газартай давхцаж байгаа хэмжээгээр гэснийг гуравдагч этгээд Х******* төрийн бус байгууллагын гаргасан бие даасан шаардлагын Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х******* ТББ-д холбогдох хэсэг гэж, 3 болон 4 дэх заалтын ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн Х******* ТББ-д холбогдох хэсэг гэснийг ...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн Х******* ТББ-д холбогдох хэсэг гэж тус тус өөрчлөлт оруулж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

8.Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааг зохион байгуулж, тус албаны хуулийн мэргэжилтэн Т.Т******* болон Х******* НҮТББ болон Ө******* ХХК-ийн төлөөлөгчдийг оролцуулан хийсэн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн сонсох ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр[1] ...газрын маргааны асуудлаар зохих шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар болсон.

9.Хариуцагчаас шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинэ акт гаргаагүй тул нэхэмжлэгч Х******* НҮТББ-иас Нийслэлийн Засаг даргын Х******* НҮТББ-д дахин газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  дахин шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, Гуравдагч этгээд Ө******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргын шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн байна.

10.Уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2021/0469 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 565 дугаар магадлалаар нэхэмжлэгч Х******* НҮТББ нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

11.Гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23/03 дугаартай ... шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахтай холбогдуулж Х******* ТББ, Ө******* ХХК-ниудын сонсох ажиллагааны уулзалтын тэмдэглэлээр газрыг хуваан авахаар тохиролцсон тул манай компанид 19,082 мкв газрыг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгөх тухай актад талбайн хэмжээ 19,082 м.кв гэж, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн кадастрын зургаар 19,082 м.кв, Х******* НҮТББ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зургаар 20,000 м.кв гэж, Нийслэлийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэл[2]-ийн 34 дэх хэсэгт Х******* НҮТББ 20-р хороо, Үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэн зориулалтаар 20,000 м.кв, 35 дахь хэсэгт Ө******* ХХК-д 19,082 мкв газрыг тус тус эзэмшүүлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүдийн 77.8 хувийн саналаар зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

12.Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн төслийн хавсралтын болох Газар эзэмших эрх олгогдож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт-ын 140-д Х******* НҮТББ 20,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр санал хэсэгт дэмжих гэж, 141-д Ө******* ХХК-д 19,082 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр санал хэсэгт хасах, ДХАҮ бүрэн төлөх гэсэн санал тусгагджээ.

13.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Х******* НҮТББ-д 20,000 м.кв газрыг үйлчилгээтэй цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

14.Мөн зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэл[3]-ийн 32 дахь хэсэгт Ө******* ХХК-д 19,082 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн 88.89 хувийн саналаар зөвшөөрсөн.

15.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар Х******* НҮТББ-д 9,082 м.кв, Ө******* ХХК-д 10,011 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

16.Үүнтэй холбогдуулан гуравдагч этгээд Ө******* ХХК-иас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18/24 дугаар албан бичиг[4], 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаартай албан бичиг[5]-ээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна.

17.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдийн 03/6329 дугаартай албан бичгээр Х******* НҮТББ-д мэдэгдлийг хүргүүлжээ.

18.Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Х******* НҮТББ-иас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 24/13 дугаар албан бичгээр тайлбар, мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад ирүүлсэн байна.

19.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамж гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 11, 29 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/595 дугаар захирамжийн хавсралтын 79 дэх хэсэгт заасан Ө******* ХХК-ийн эзэмшлийн 10,000 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, 19,082 м.кв болгон өөрчилж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд Ө******* ХХК нь анх Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан тул Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж маргасан.

21.Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх; 21.2.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх; гэж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тухайлан заажээ.

22.Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 305 дугаар тогтоол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 469 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрын давхцалыг арилгах, бодит нөхцөл байдлыг тогтоож, шинэ акт гаргах-ыг хариуцагч Хан-Уул дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.

23.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.4-т зааснаар дүүргийн Засаг дарга нь зөвхөн эрх шилжүүлж авсан тохиолдолд уг асуудлаар шийдвэр гаргах бөгөөд шүүхийн шийдвэрээр тухайлан даалгасан, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хамаарах газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байна.

24.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, 2024 оны А/595 дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай маргаан бүхий 2025 оны А/576 дугаар захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6-д заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргах эрхгүй талаарх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

25.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч маргаан бүхий 2025 оны А/576 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргаж буй нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

26.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж, 27 дугаар зүйлийн 27.2.1-д ... мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, ... гэж тус тус заасан.

27.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/6329 дугаартай албан бичгээр[6] нэхэмжлэгч Х******* НҮТББ-д ... Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/595 дугаар захирамжаар 9082 м.кв газрыг Х******* НҮТББ-д эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сонсох ажиллагааны үр дүнг хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон ... захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, холбогдох баримтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү хэмээн мэдэгдсэн байна.

28.Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Х******* НҮТББ-иас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 24/13 дугаартай албан бичгээр[7] тайлбарыг хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

29.Үүнээс үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, тайлбар гаргах эрхийг нь бүрэн хангасан байх тул уг актыг сонсох ажиллагаа хийлгүйгээр гаргасан хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй юм.

30.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, захиргааны шинэ акт боловсруулах шатанд хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд сонсох ажиллагааг урьд нь зохион байгуулж, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын 2023 оны 11 дүгээр тэмдэглэлээр Х******* НҮТББ-д 20,000 м.кв, Ө******* ХХК-д 19,082 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, захирамжийн төсөлд тусгасан байна.

31.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн захирамжийн төслийн хавсралтад Х******* НҮТББ 20,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, харин Ө******* ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэлээр хасахаар тусгажээ.

32.Гуравдагч этгээд Ө******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газрын дуудлага худалдааны үнэ болох 302,269,968.00 төгрөгийг төлсөн баримт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4085 албан бичгээр газрын төлбөр төлсөн нь нотлогдож байна.

33.Мөн 2023 оны 10 дугаар сары 11-ний өдрийн Нийслэлийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 29 дүгээр хурлаарӨ******* ХХК-д 19,082 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг дахин хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн 88.89 хувийн саналаар зөвшөөрсөн байна.

34.Ийнхүү газар эзэмших эрх олгохоос хасах үндэслэл болж байсан нөхцөл байдал арилсан, гуравдагч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2024 оны А/595 дугаар захирамжийг гаргахдаа дээрх сонсох ажиллагаа болон зөвлөлийн шийдвэр, газрын төлбөр төлсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр талбайн хэмжээг өөрчилж Х******* НҮТББ-д 9,082 м.кв, Ө******* ХХК-д 10,011 м.кв газар олгохоор шийдвэрлэсэн байна.

35.Хариуцагч нь Зөвлөлийн хурлаас дэмжсэн талбайн хэмжээг өөрчилсөн шалтгаан, үндэслэлээ тухайн актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль ёсны байх зарчим, 4.2.5-д заасан захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.

36.Захиргааны байгууллага урьд гаргасан шийдвэрийнхээ энэхүү алдааг гомдлын дагуу хянан тогтоож, маргаан бүхий 2025 оны А/576 дугаар захирамжаар Ө******* ХХК-ийн газрын хэмжээг анх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс дэмжсэн хэмжээ буюу 19,082 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан алдаатай шийдвэрийг өөрөө залруулах эрх хэмжээний хүрээнд байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

37.Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд Ө******* ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлж, хариуцагч өөрийн гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бусад асуудлын тухайд:

38.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хариуцагч Нийслэлийн Засаг дарга солигдсон тул хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэл дуусгавар болсон гэх хүсэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.

39.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Н******* нь Х******* НҮТББ-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргыг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг Тамгын газрын хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн В.Б*******д 2 жилийн хугацаатай олгосон байна.

40.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дахь төлөөлөл дуусгавар болох үндэслэлүүдийг тухайлан заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй захиргааны байгууллагын удирдлага солигдсон гэх нөхцөл байдал нь тус зохицуулалтад хамаарахгүй болно.

41.Иймд шүүх тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан Х******* НҮТББ-иас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/576 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ