Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 111

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

         Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Таван хар овогт С.П-д холбогдох 1835002090128 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 17-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багт оршин суух Таван хар овогт С.П. РД:ОЕ83051735.

     Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.П нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Д-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч С.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

      Шүүгдэгч С.П нь 2018 оны 5 дугаар сарын 31-нд Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Дгийн хэвлийн зүүн дээд талд хутгалж, 2.5 см хэмжээтэй, 2 см гүн шарх үүсгэжээ.

      Хохирогч Л.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тогтохбатын хамт согтуу явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 31-ний орой П-ийн гэрээс морьны ногтоо авахаар очихол П ганцаараа гэртээ согтуу унтаж байсан. Би гэрт нь өлгөөтэй байсан ногтыг авахаад гарахад П сэрж байсан бөгөөд мотоцикль дээрээ ирээд суутал араас ирээд нуруу хэсэг рүү хутгалахад нь би мотоциклио асаагаад явсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Гэрээс нь хүн хулгай хийгээд гарлаа гэж бодоод хутгалсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-7-р тал/,

      гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Л.Д-ийн хамт 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр адуунд яваад замдаа архи ууж яваад Д П-ийн гэрээс ногт авна гээд орой 22 цаг өнгөрөөд очсон. Би архи уусан болохоор нэлээд муудсан байсан. П-ийн гэрт очиход П гарнцаараа согтуу байсан. Гэрийн гадна Д ах Птэй муудалцар шиг болохоор нь гэрээс гараад ирэхэд Д ах “П намайг хутгалчихлаа” гэхээр нь би хувцасыг нь үзэхэд цус болоогүй байхаар нь тэндээс яваад манай дүү Баалайгийнд очиход дээл нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

     гэрч Ц.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Тогтохбат шөнө 01 цагийн үед согтуу орж ирээд хойморт унаад өгсөн. Нагац ах Д орж ирээд “П намайг хутгалчихлаа. Цус гараад байна” гэхээр нь харахад дээлнийхэн ар цус болсон байхаар нь хүү Баасанжавыг босгож гэрт нь хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

      гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Д шөнө 1 цагийн үед гэрт орж ирээд “Танай дүү П намайг хутгалчихлаа” гэхэрэ нь харахад дээл нь цус болсон байхаар нь эмэнэлэгт дуудлага өгсөн” /хх-ийн 12-р тал/, 

     гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 31-ний орой Баянгол багт Д хүнд хутгалуулсан гэсэн дуудлага ирсний дагуу очиход Д бага зэрэг согтолттой, 10-11-р хавирганы түвшинд 2.5 см зүсэгдсэн, 2 см гүнтэй шарх үүссэн байсан” /хх-ийн 13-р тал/, 

     шүүгдэгч С.П-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай саахалт айл болох Эрдэнэбат ахынд тэр нутагт байдаг айлын хүмүүс цуглаж цай ууж, хоол  идэх хоорондоо ганц нэг шил архи уусан. Би нэлээд согтуу нэг хүүхдээр гэртээ хүргүүлж ирээд унтаж байтал Д ах, Тогтохбат нар гэрт орж ирээд намайг сэрээсэн юм. Д ах ногтоо авмаар байна гэхээр нь ногт чинь энд байхгүй гэхэд гэр байсан миний ногтыг аваал гарахаар нь би айлгах санаатай хоолны шкаф дээрээс хутга аваад гарахад Д ах мотоцикль дээрээ суучихсан асаах гэж байхад нь араас нь очоод хатгахад хутга орчихсон байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.П хохирогч Л.Д-г хутгалсан болох нь тогтоогдож байна.

   Шүүгдэгч С.П нь хохирогч Л.Д-г хутгалсны улмаас түүний 10-11-р хавирганы түвшинд 2.5 см зүсэгдсэн, 2 см гүнтэй шарх үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р тал/-ээр тогтоогдсон байна.

    Иймд шүүгдэгч С.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч С.П нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

     2. Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч С.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Хохирогч  Л.Д нь “Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

      Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн цагаан иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Таван хар овогт С.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажтл хийлгэх ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

    4. Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ