Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 112

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

        Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

        Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

   Шүүгдэгч: Б.Б, Х.А, Г.Б, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Б.Б, Мээрэн овогт Х.А, Засгууд овогт Г.Б, Цорос овогт Б.С нарт холбогдох 1735001900043 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьютерийн програмимист мэргэжилтэй,  Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн нярав ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг Зүүн харз 1-31 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Их тугтан овогт Б.Б /регистрийн дугаар: ОБ90091310/.

     Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 13-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Мээрэн овогт Х.А /регистрийн дугаар: ОБ88051310/.

     Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг 5-4 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Засгууд овогт Г.Б /регистрийн дугаар: ОБ90012213/.

     Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ногоон алт төслийн зохицуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс-дөрвөд, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг Баруун гол хороололд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цорос овогт Б.С /регистрийн дугаар: ОБ90110914/.         

     Хэргийн товч утга: Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С нар нь 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын автомашин ашиглаж Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор шанага” ХХК-ны экскаватороос 1.266.000 /нэг сая хоёр зуун жаран зургаан мянга/-н төгрөгний үнэ бүхий 4 ширхэг аккумлятор, паяльник 1 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

    Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор шанага” ХХК-ны экскаватороос 2017 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг паяльник хулгайлагдсан үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 19-27-р тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16.00 үед Хотгор шанага уурхайн төв дээр хүнсээ гаргаж байтал экскаваторчин П.А ирээд “миний жолоодож байсан экскаваторын 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг паяльник хулгайд алдагдсан байна” гэж хэлэхээр нь САТ экскаватор дээр очиход хаалга цоож нь бүрэн байсан боловч багажинд байсан 4 ширхэг аккулятор, 1 ширхэг паяльник алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 85-86-р тал/, гэрч Г.М-ын “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бид нар компаний идэшний мал төхөөрч байтал экскаваторчин П.А экскаватороо асаахаар яваад удалгүй эргэж ирээд “4 ширхэг аккумлятор алга болсон байна” гэхээр нь уурхайн дарга Д.А, жолооч Ч.Б, П.А бид 4 экскаватор дээр очиход аккумлятор хийдэг хайрцаг нь хоосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 68-69-р тал/, гэрч Ч.Б-ын “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уурхайн дарга Д.А-гийн гэрт байтал 17 цагийн үед экскаваторчин П.А “САТ экскаваторын 4 ширхэг аккумлятор алга болсон байна” гэж ирж хэлсэн. Тэгээд Арслан, М, А бид 4 САТ экскаватор дээр ирэхэд 4 ширхэг аккумлятор нь байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 70-73-р тал/, гэрч П.А-ийн “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн үед экскаватороо асааж халаах гээд очоод асаах гэхэд хянах самбар дээр гэрэл асахгүй болохоор нь аккумлятороо шалгахад 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг паяльник алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 74-77-р тал/-ээр тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С нар үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 19-27-р тал/, шүүгдэгч Б.Бэс эд зүйл /хоёр ширхэг аккумлятор/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 35-36-р тал/, шүүгдэгч Х.А-аас эд зүйл /нэг ширхэг аккумлятор /хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 37-38-р тал/, шүүгдэгч Б.Сэс эд зүйл /нэг ширхэг аккумлятор/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 39-40-р тал/,

        хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-гийн “...бид нар экскаватор дээр ирээд ул мөр шалгахад 3-4 хүний гутлын мөр үүсэж баруун урд зүг рүү явсан байсан. 2 хүний мөр нь арзгар ултай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын мөр байсан. Бид нар мөрийг дагаад явж байтал 24 дугаартай нэг талын сэнж нь тасарсан түлхүүр газарт хэвтэж байсан. Экскаватороос ойролцоогоор 150 метр яваад аккумляторуудыг газарт тавьсан болов уу гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Мөрийг дагаж явахад экскаватороос 500 метр орчим зайд жижиг авто машины мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан. Авто машины мөр үүссэн газраас хүний гутлын мөрүүд алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 85-86-р тал/,

       гэрч Г.М-ын “...экскаватор дээр ирээд ул мөр шалгахад 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машины  мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан. Миний хувьд урьд нь энэ компанид ажиллаж байсан хүмүүсийг сэжиглэж байна. Учир нь аккумляторуудыг тайлахад хэцүү байдаг. Цоожинд эвдрэл гаргахгүйгээр кабин дотроос паяльник аваад буцааж хаасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 68-69-р тал/,

       гэрч Ч.Б-ын “...экскаватороос 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машины  мөр гараад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан. Манай компанид урьд нь ажиллаж байсан хүмүүсийг хулгай хийсэн байх гэж бодож байна. САТ-ын аккумляторуудыг тайлэ авахад их хэцүү байдаг юм. Ялангуяа цаад талын хоёр нь тайлахад хэцүү байдаг. САТ-ын 3-4 түлхүүр урьд нь гээгдээд олдоогүй. Тэр түлхүүрээр цоожийг онгойлгож кабин дотроос паяльник аваад буцааж хаасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 70-73-р тал/,

      гэрч П.А-ийн “ ...бид нар ул мөр шалгахад 20 орчим метрийн зайд  3-4 хүний баруун урд зүг рүү чиглэсэн  мөр илэрүүлсэн. 2 хүний мөр нь арзгар ултай гуталтай, 2 хүний мөр нь хээгүй цагаан ултай гутлын гэмээр мөр байсан.  Бид нар мөрийг дагаад явж байтал 150 метр орчим зайд 24 дугаартай нэг талдаа битүү гогцоотой,  нөгөө талыг нь металл таслагчаар тасалсан түлхүүр байсан.  Мөрийг үргэлжлүүлан дагахад түлхүүр байсан газраас ойролцоогоор 200 метр орчим яваад аккумляторуудыг газарт тавьж амарсан гэмээр жижиг дөрвөлжин 3 ширхэг мөр гарсан байсан. Тэр мөрнөөс цааш 150 метр орчим яваад жижиг авто машинд ачаад Бөхмөрөн сум руу чиглээд явсан байсан. Миний хувьд урьд нь энэ компанид ажиллаж байсан Бөхмөрөн суманд байгаа хүмүүсийг сэжиглэж байна. Цоожтой байсан кабинаас паяльник аваад буцааж хаасан байсан болохоор САТ аккумляторын түлхүүртэй хүн хулгай хийсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 74-77-р тал/,

    шүүгдэгч Б.С-ий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... бид дөрөв машинаа үлдээчихээд явганаар үнэг хөөж буцах замдаа экскаватортой тааралдахад А багажны таг нь онгорхой байна. 4 аккумляторыг нь авах уу? гэхэд бид нар зөвшөөрөөд 4 ширхэг аккумляторыг нь тайлж аваад хажууд нь байсан паяльникийг нь бас авсан. Бид дөрөв авсан 4 ширхэг аккумлятор болон паяльникаа тэврээд явж байтал А машин авч ирээд хулгайлсан зүйлээ ачаад Бөхмөрөн сум явсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Б-ий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...  А, С, Б бид дөрөв буудаж шархдуулсан үнэг бартаа ихтэй газар руу орчихоор нь машинаа үлдээчихээд явганаар хөөгөөд гүйцэж чадалгүй алдаад буцах замдаа Хотгор шанага ХХК-ий экскаватортой тааралдсан. А аккумляторын тагийг татахад онгойсон. Дотор нь 4 ширхэг аккумлятор болон 1 ширхэг паяльник байсныг ярилцаад авсан. Бид дөрөв авсан 4 ширхэг аккумлятор болон паяльникаа тэврээд явж байтал Б машин авч ирнэ гэж хэлээд яваад олохгүй ирэхэд нь А яваад машин авч ирээд хулгайлсан зүйлээ ачаад Бөхмөрөн сум руу явсан” гэх мэдүүлэг,

      шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...  А, С, Б бид дөрөв буудаж шархдуулсан үнэгээ хөөж яваад бартаа ихтэй газар руу орчихоор нь машинаа Бамбарын хэв гэдэг газар үлдээчихээд явганаар хөөж яваад алдчихаад буцах замдаа Хотгор шанага ХХК-ий экскаватортой тааралдсан. Бид нар экскаваторыг тойроод харж байтал А “аккумляторын таг нь онгорхой байна ш дээ. Хэдүүлээ эндээс аккумлятор авах уу” гэхэд би нар зөвшөөрч 4 ширхэг аккумлятор болон 1 ширхэг паяльник байсныг авсан. Бид дөрөв авсан 4 ширхэг аккумлятор болон паяльникаа тэврээд явж байгаад би “Наяз нь машин аваад ирье” гэж хэлээд тэвэрч явсан аккумлятороо газарт тавьчихаад явж машинаа хайсан боловч олж чадалгүй ирсэн. Намайг ирэхэд А яваад машин авя ирэхэд бид нар хулгайлсан аккумлятор болон паяльникаа ачаад шууд Бөхмөрөн сумын төв руу явсан...” гэх мэдүүлэг,

    шүүгдэгч Х.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...  Б, С, Б бид дөрөв буцах замдаа Хотгор шанага ХХК-ий экскаватортой тааралдсан. Би аккумляторын тагийг татахад онгойсон. Дотор нь 4 ширхэг аккумлятор болон 1 ширхэг паяльник байсан. Би нөгөө гуравт “Хэдүүлээ энэ аккумляторыг авах уу?” гэхэд бүгд зөвшөөрөөд 4 ширхэг аккумляторыг тайлж аваад мөн хажууд нь байсан паяльникийг би авсан. Бид дөрөв авсан 4 ширхэг аккумлятор болон 1 ширхэг паяльникаа тэврээд явж байтал Б машин авч ирнэ гэж хэлээд яваад олохгүй ирэхэд нь би яваад машин авч ирээд хулгайлсан аккумлятор болон паяьльникаа ачаад Бөхмөрөн сумын төвд очоод аккумлятороо нэг нэгээр нь авсан. Би паяльникийг бас авсан” гэх  мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “зураг №14 хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан авто машины зүүн хойд талын дугуйны мөр” гэсэн мөр нь хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан приус-11 загварын авто машины “Зүүн талын арын дугуй” гэж хаягласан дугуйны дардастай, “зураг №15 хэргийн газраас олдсон авто машины баруун хойл талын дугуйны мөр” гэсэн хаягтай мөр нь  хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан приус-11 загварын авто машины  “баруун арын дугуй” гэж хаягласан дугуйны дардастай хэлбэр дүрс, хээн зураглал, мөрний өргөн зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17/57 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

      Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч  Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нар нь хохирогч “Хотгор шанага” ХХК-ий өмчлөлийн САТ экскаваторын САТ загварын 100 амперийн 4 ширхэг аккумлятор, 2 литрийн багтаамжтай паяльник 1 ширхэгийг хууль бусаар, шөнийн цагаар нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

      Шүүгдэгч нарын хулгайлсан САТ экскаваторын САТ загварын 100 амперийн 4 ширхэг аккумлятор нь нэг бүрийн үнэ нь 310.000 төгрөг, нийт 1.240.000 төгрөг,  БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 литрийн багтаамжтай паяльник 26.000 төгрөг, нийтдээ 1.266.000 төгрөгийн үнэтэй болох нь “Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн УВ/01/172 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 105-р тал/-ээр тогтоогдсон байна.

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Миний үйлчлүүлэгч нар экскаватороос 4 ширхэг аккумлятор болон 1 ширхэг паяльник хулгайлж аваад ойролцоогоор 500 метр газар явж авто машин дээрээ очсон. Энэ хугацаанд хулгайлах гэмт хэрэг төгссөн учраас машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй учраас зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэж мэтгэлзсэнийг хүлээн авах боломжгүй байна.

     Учир нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр хулгайлах гэмт хэрэг төгсдөг. Шүүгдэгч нар Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хотгор шанага” ХХК-ны экскаватороос 2017 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг паяльникийг явганаар авч 500 метр /хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон/ газарт явах хугацаанд уг хулгайлсан эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бүрдээгүй бөгөөд авто машинаар тэвээрлэж, Бөхмөрөн сумын төвд өөрийн гэртээ авч очисноор хулгайлсан эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бүрдэж, гэмт хэрэг төгссөн байна.

      Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ түргэтгэх,  биеэр /явган/-ээр Бөхмөрөн сум хүртэл зөөх боломжгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхэд  07-99 УВХ улсын дугаартай Приус 11 загварын автомашин хэрэглэсэн байх тул тэднийг машин механизм ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

      Хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилсан байх тул прокуророос энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

        Иймд шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтын хувьд хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

      2. Шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

       Шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А “Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нар “Хотгор шанага” ХХК-д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэв.

      Шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдож байгаа боловч, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан  хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

       Шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 07-99 УВХ улсын дугаартай Тоёота Приус 11 загварын автомашиныг өмчлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Дарьжав /Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух /регитрийн дугаар ОБ96032301//-д буцаан олгож, түүний үнэ 4.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 1.025.000 төгрөгийг  гаргуулан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

      Хэргийн газраас олдож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн   26.2 см урт, 24 гэсэн бичвэртэй төмөр түлхүүрийг  шийтгэх тогтоол хүчин төглөдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Б-ээс хураагдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн САТ гэсэн бичвэртэй хар өнгийн хуванцар бариултай түлхүүрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д буцаан олгохоор шийдвэрлэв.

    Шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б, Б.С, Г.Б, Х.А нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

      1. Шүүгдэгч Их тугтан овогт Б.Б, Мээрэн овогт Хойчингийн А, Засгууд овогт Г.Б, Цорос овогт Б.С нарыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.А, Г.Б, Б.С нарт тус бүрт нь 1/нэг/ жил  хорих ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд  зааснаар Б.Б, Х.А, Г.Б, Б.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоёота приус 11 загварын 07-99 УВХ улсын дугаартай авто машиныг өмчлөгч Б.Д /ОБ96032301/-д буцаан олгож, түүний үнэ болох 4.100.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.2 см урт төмөр түлхүүрийг  устгаж, САТ гэсэн бичвэртэй хуванцар бариултай түлхүүрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад буцаан олгосугай.

      6. Шүүгдэгч  Б.Б, Х.А, Г.Б, Б.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.А, Г.Б, Б.С  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ