Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 92

 

 

2024     11        27                                             2024/ДШМ/92

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 06ы өдрийн 2024/ШЦТ/235 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******ид холбогдох эрүүгийн 2436002100198 тай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* ******* ******* *******ын Дагвадорж, 2004 оны 12 сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* ******* ******* тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/08 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, мөн тус шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/119 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг эдэлж байсан, РД:

 

2. Шүүгдэгч Шүүгдэгч ******* ******* *******ын Дагвадорж нь 2024 оны ******* сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* Бичигт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй дэлгүүрийн цонхыг эвдлэн орж 700000 төгрөг, хяналтын камер бичигч төхөөрөмж 1ш, Relx нэртэй тамхи 2ш, Dell маркийн компьютерийн дэлгэц 1ш зэргийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* *******ын Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ******* *******ын Дагвадоржид 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 4 cap 4 хоногийн хугацаагаар тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар 4/дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

4.6  Шүүгдэгч *******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

4.7  Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хохиролд 930000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хар өнгийн 1 хос 2 ширхэг гутлыг шүүгдэгч *******ид буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч З.Батзаяад хохирлыг төлж барагдуулсан.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3 дахь заалтыг *******ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх боломж байсан, хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан багасган шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/235 тай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон гэж дүгнэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хяналаа.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

3.Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдолдоо “...шүүгдэгч *******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч З.Батзаяад хохиролыг төлж барагдуулсан.Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3 дах заалтыг *******ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх боломж байсан, хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1.3 дах заалтыг хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан багасган шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

6. Шүүгдэгч ******* нь 2024 оны ******* сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* Бичигт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн цонхыг эвдлэн орж 700000 төгрөг, хяналтын камер бичигч төхөөрөмж 1 ш, Реlх нэртэй тамхи 2ш, dell маркийн компьютерын дэлгэц 1ш зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э:Батзаяа, гэрч Л.Орлом нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг(хх-14-15,21х), , гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-8х), хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл (хх-7-12х),эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд (хх-25-26х), Damno ХХК-ийн №ХВЦ-24-159 тай  эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт (хх-27-32х),   зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж бэхжүүлж авсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

7. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь мэдэгдэхгүй нууцаар авч, захиран зарцуулж ашиг олох гэсэн шууд санаатай, шунахайн сэдэлттэй байдаг.

Мөн хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилдэг.

8.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны ******* сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* Бичигт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй дэлгүүрийн цонхыг эвдэн орж, хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогджээ.

9.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан, нотлох баримтуудаар     хэргийн үйл баримт тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10.Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй бусад төлөх хохирол төлбөргүй хэдий ч өмнө удаа дараа өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шийтгэгдэж хорих ял эдэлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, түүнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 11.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан   төрөл хэмжээний дотор   оногдуулсан   үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 151(нэг зуун тавин нэг) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/235 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 151(нэг зуун тавин нэг) хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА