Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00791

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00791

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00701 дугаар шийдвэртэй,

Б-гийн нэхэмжлэлтэй

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар надаас 17,515,000 төгрөг гаргуулан “Ф ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б- надад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4-176/21886 тоот мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 46 дугаар гудамж ... тоот хаягт байрлах, 153 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 63,704,651 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн.

Харин төлбөр төлөгчийн зүгээс “Дамно” ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй байна. Үүнд хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга хэрэглээгүй. Зах зээлийн судалгааг бүрэн гүйцэт хийгээгүй. Үнэлгээ хийхдээ зах зээлийн, орлогын, өртгийн гэх мэт үнэлгээний хандлагыг ашигласан, хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглэсэн, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт аргачлалд нийцүүлсэн гэх мэтээр бичсэн байдаг. Харин бодит байдал дээрээ үнэгүй.мн сайтаас 2 зар оруулаад дундаж үнээр нь тооцож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний орон сууц болон газрыг үнэгүйдүүлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/08642 дугаар захирамжаар Б-гаас 17,500,000 төгрөгийг гаргуулж “Ф ББСБ” ХХК-д олгохоор, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойт 46 дугаар гудамжны 633а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 153 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу уг шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэн тус газарт ирүүлсэн. Дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч Б-гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хураан авч түүний хадгалалт хамгаалалтад үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд барьцаа хөрөнгийн эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр “Дамно” ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 63,704,651 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний тайланг шинжээчээс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч төлбөр авагч ”Ф” ББСБ ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4-176/21885, төлбөр төлөгч Б-д 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4-176/21886 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоосон ажиллгаа хуулийн дагуу явуулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ш21-20 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Дамно” ХХК-ийн гаргасан үнэлгээ бодит байдалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь би үнэгүй.мн сайтын хаягнаас үнэлгээг тооцсон болохыг тодорхой зааж өгсөн.

Түүнчлэн тухайн үнэлгээний талаар маргаж байхад нэхэмжлэгч маргаагүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б- хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/08642 дугаар захирамжаар Б-гаас 17,515,000 төгрөг гаргуулж “Ф ББСБ” ХХК‑д олгох, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Б-гийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 1 хороо, Толгойт 46 дугаар гудамжны 633а тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 153 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

3.б. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 2021 оны 09 дүгээр сарын 14‑ний өдөр битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 14‑ний өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.в. Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн санал авахад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар тохиролцоогүй байна. Улмаар төлбөр авагч “Ф ББСБ” ХХК нь шинжээч томилуулах 2021 оны 10 дугаар сарын 18‑ны өдрийн хүсэлтийг үндэслэж 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцжээ.

 

3.г. Шинжээч “Дамно” ХХК 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үнэлгээний тайлан гаргаж, хувийн сууц болон газрын зах зээлийн үнийг нийт 63,704,651 төгрөг гэж үнэлсэн, уг үнэлгээний талаарх мэдэгдлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Б-, төлбөр авагч “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус тус гардуулжээ. /хх 80-81/

 

4. Шинжээч нь хөрөнгөд үнэлгээ хийхдээ олон улсын болон Монгол Улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, өртөгийн болон жишиг үнийн, орлогын хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн орлогын хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд газар болон хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 63,704,651 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үнэлгээ хийх журамд нийцжээ. Тодруулбал, зах зээлийн хандлагын арга болох үнэгүй.мн сайтаас ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан нь дээрх хуулийг зөрчөөгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, үнэгүйдүүлсэн нь хууль зөрчсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/00701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД                                                   А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА

 

.