| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 212/2021/00838/И |
| Дугаар | 212/МА2022/00008 |
| Огноо | 2022-01-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2022/00008
К.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00943 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч *** оршин суух, К.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/17 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн танилцуулснаар тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, К.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн үндэслэл:
1. К.Б нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б\21 дугаартай захирамжаар анх Баян-Өлгий аймгийн Ц сумын шинээр баригдсан Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр тус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б\06 дугаартай тушаалаар Ц сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс томилогдон ажиллаж байна.
2. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж К.Б-д удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн.
3. К.Б нь тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж, өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
4. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б\17 дугаартай захирамжаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч К.Б нь дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн тул үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
5. Ажил олгогчийн 2021 оны Б\17 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн, хууль бус эрхийн акт гэж үзэж байна. Захирамжийг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.
Хариуцагчийн тайлбар, татгалзал:
1. Нэхэмжлэгч К.Б-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр болсон. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг надад танилцуулсан.
2. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа эхлээд 8 хоноход Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн "Түр журам батлах тухай" А/292, А/525 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам"-ыг огт судлаагүй, ийм түр журам гарсан байсныг мэдээгүй байснаас гадна шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй. Коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан ямар ч судалгаагүй, онцгой нөхцөлд ажиллах үед багш, ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гаргах ёстой атлаа тушаал гаргаагүй, цэцэрлэгийн анги танхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж батлаагүй цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлж хүүхэд хүлээн авсан, цэцэрлэгийн багш, хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь мэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөтэй боловч түр тусгаарлах байранд байж болох хэрэгслүүдээс нэг ч юм байхгүй, шкафууд нь хоосон байсан, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.
3. Урьд өмнө Ц сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн хичээл, сургалт, үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдалд хяналт шалгалт хийхэд теле хичээлд 75 хүүхэд хамрагдах ёстой байснаас зөвхөн 25 хүүхэд хамрагдсан, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал, үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулаагүй, ажлын хэсэгт үзүүлж танилцуулах нэг ч баримт бичиггүй зэрэг зөрчил тогтоогдож байсан.
4. Тухайн үед Засаг даргаас цэцэрлэгийн эрхлэгчид сануулга өгч, эдгээр зөрчлийг арилгуулахыг даалгаж байсан гэдгийг дурдаж байна.
5. Иймд Засаг даргын зүгээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэж хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
6. Иймд нэхэмжлэгч К.Б-ийн “...ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн ...маргаан бүхий захирамж бодит байдалд нийцэхгүй, сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн... гэсэн үндэслэлээр Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулан тухай Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00943 дугаар шийдвэрээр:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.Б-ийн гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/17 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож,
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. Ц сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/204 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр болсон.
2. Ажлын хэсгээс хяналт-шалгалтын удирдамжийн дагуу хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт хяналт шалгалт явуулж, үр дүнг Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 27-28 өдөр танилцуулсан.
3. Хяналт шалгалтын үр дүнгээс үзвэл хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа эхлээд 8 хоноход Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн "Түр журам батлах тухай" А/292, А/525 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх тур журам''-ыг огт судлаагүй, ийм түр журам гарсан байсныг мэдээгүй байснаас гадна шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлоогүй, тухайн 2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй, Коронавируст халдварын тархалтын түвшингээс хамаарч цэцэрлэгийн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулахаар гаргасан ямар ч судалгаагүй, онцгой нөхцөлд ажиллах үед багш, ажилтны ажлын чиг үүрэг, харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг нарийвчлан тогтоож, эрхлэгчийн тушаал гарах ёстой атлаа тушаал гаргаагүй, цэцэрлэгийн анги танхимд халдваргүйжүүлэлтийн ажил хийх график гаргаагүй ба анги бүлгийн өдрийн дэглэмийг гаргаж батлаагүй цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлж хүүхэд хүлээн авсан, цэцэрлэгийн багш, хүүхэд сургалт үйл ажиллагааны үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн зовуурь мэдэгдсэн үед анхны тусламж үзүүлэх түр тусгаарлах өрөөтэй боловч түр тусгаарлах байранд байж болох хэрэгслүүдээс нэг ч юм байхгүй, шкафууд нь хоосон байсан, хүүхдийн хоолонд хэрэглэх материалыг шинжилгээнд хамруулаагүй, татан авах дэлгүүрүүдтэй гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.
4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00944 /гомдолд дурдсанаар/ дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
1. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шалгалтын удирдамж гарч, Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 3 өдөр шалгалт хийж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шалгалтын дүнг гаргасан.
2. Гэтэл сахилгын арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш сарын дотор арга хэмжээ авах ёстой. Зөрчлийг 2021 оны 9 дүгээр сарын 13-нд илрүүлсэн болохоор 10 дугаар сарын 13-аас өмнө арга хэмжээ авах ёстой.
3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
2. К.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Я.С-ийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл ногдуулах тухай ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/17 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар тус сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б-д “дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлэгдсэн” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 9 сарын 08-ны өдрийн №А/204 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар тус сумын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 11-ний өдрүүдэд сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 9 сарын 08-ны өдөр баталсан “Хяналт-Шалгалтын удирдамж” болон 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №04 дугаартай “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон.
5. Хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр “Хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ээр хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын бүрэн бүтэн байдал болон өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтэд гарсан алдаа дутагдлын талаар нэг бүрчлэн шалган тогтоосон ба сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/320 дугаар албан бичгээр ажлын хэсгийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хяналт шалгалтын дүнг хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлж, гарсан алдаа, дутагдлыг бүрэн арилгаж цаашдаа анхааран ажиллахыг даалгажээ.
6. Ажил олгогч хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б-ийн гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр хяналт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Ц сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/320 дугаар албан бичгээр нотлогдсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан бөгөөд Ц сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б-ийн гаргасан гэх зөрчлийг ажил олгогчоос илрүүлсэн өдрийг 2021 оны 9 дугаар сарын 09-ний өдрөөр тооцож, энэ өдрөөс сахилгын шийтгэл ногдуулах нэг сарын хугацааг тоолоход, ажил олгогч нь ажилтны гаргасан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 15 хоногоор хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ц сумын Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хяналт, шалгалтын дүнг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан учраас Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тухайн хяналт шалгалтын дүнтэй танилцсан, мэдсэн, тиймээс хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж тоолно” гэж тайлбарлаж, мөн өдрийн огноотой хурлын тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгч, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан, харин ажил олгогч мэдсэнээс хойш, эсхүл түүнд мэдэгдсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчлаагүй. Ажил олгогчийн өөрийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хяналт, шалгалтаа явуулж, тус шалгалтын дүнг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ц сумын Засаг даргад танилцуулсан, мэдэгдсэн гэх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь ажил олгогчийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотойгоос гадна хуульд зааснаар ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар ажил олгогч мэдсэн, эсхүл түүнд мэдэгдсэн өдрөөс биш, харин зөрчлийг илрүүлсэн өдрөөс эхэлж хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульчилжээ.
9. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2021/00943 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК