| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0143/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/157 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т-,
Шүүгдэгч Д.З- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-ад холбогдох эрүүгийн 1838001080158 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.З-
Шүүгдэгч Д.З- нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 128.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.З- нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүгдэгч Д.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "… 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би Сумын төв рүү аавын талын төрлийн ах болох П-нд хонины мах аваачиж өгөхөөр орсон... Би дэлгүүр дээр явганаар явж очоод хүн харагдахгүй байхаар нь дэлгүүрийн урд талын цонхыг хагалж гадна талын төмөр хамгаалалтын торыг гараараа татаж мултлаад дэлгүүрт цонхоор нь орсон. Би дэлгүүр дотор ороод шууд тогийг нь салгаж байгаад дэлгүүрийн лангуун дээрээс Альпан Голд нэртэй шоколад 9 ширхэг, Нипс нэртэй ууттай үрлэн чихэр 4 ширхэг, ууттай чавга 10 ширхэг, жижиг савалгаатай ногоон савтай ундаа 1 ширхгийг аваад дээлийнхээ өвөрт хийгээд дэлгүүрийн камерыг баруун талд байрлуулсан байхаар нь мулталж өвөртөө хийж аваад буцаад дэлгүүрийн цонхоор гараад мотоцикль дээрээ очиж ачиж аваад шууд гэрлүүлээ явсан. ... би авсан эд зүйлсээ булсан газраас нь гаргаж хохирогч Ш.Д-д өгсөн. Ш.Д- гэж хүн ямар нэг санал гомдолгүй гэсэн ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хохирогч Ш.Д- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 01 дугаар сарын 21-ний өглөө манай голын ард байдаг дэлгүүрийн худалдагч Батцэцэг над руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна, би цагдаа дуудлаа гэж хэлсэн. Би тухайн үед аймгийн төвд ажлаар ирсэн байсан болохоор Б-д хандан чи наад ажлаа зохицуулж алдсан зүйлүүдээ тодорхой гаргаарай гэж хэлсэн. Би тэгээд тэр оройдоо Рашаант суманд ирэхэд манай дэлгүүр лүү орсон хүнийг цагдаа нар илрүүлсэн байсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өглөө би дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн урд талын цонх хагарсан, гадна талын төмөр хамгаалалт нь эвдэрчихсэн байдалтай байхаар нь би манай дэлгүүрт хулгай орж гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. ... Хэсгийн төлөөлөгч тэр өдрөө манай нөхөртэй хамт манай дэлгүүрийн камерийг шүүхэд манай дэлгүүрт урд орой нь хамгийн сүүлд худалдаа хийсэн Рашаант сумын 5 дугаар багийн иргэн Д-ын хүү болох Бандиа гэж дууддаг залуу орсон нь бичлэг дээр үлдсэн байсан би тэгээд дэлгүүрийн бүх бараагаа ахиж тоолсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өглөө гэртээ байж байтал манай эхнэр Батцэцэг надруу утастаж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би өдөр нь очиж Рашаант сумын хэсгийн төлөөлөгчийн хамт дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзсэн юм. Тэгэхэд дэлгүүрийн урд цонхоор Рашаант сумын 5 дугаар багийн иргэн Даваанямын хүү Бандиа гэж дууддаг залуу цонхоор орж ирээд камерын утас салгаж байгаа дүрс харагдсан юм. ... Тэгээд намайг гаднаас дуудаж бид нар Д ахын өвөлжөөнөөс хойш нэг эзгүй малын хашааны гадаа очиж зогсоод хэсгийн төлөөлөгч нөгөө залууд хандан авсан зүйлээ булсан газраа ух гэж хэлэхэд нөгөө залуу хашааны ард цасан доороос 9 ширхэг шоколад, 3 шир нипс ширхэг, 4 уут чавга гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /25 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Д.З- нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 1280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ш.Д-, гэрч Б.Б-, С.А нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Д.З-ад үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Д.З- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт мал маллаж амьдардаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 128.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлын шинж, чанар, “хохирогч Ш.Д-:манай дэлгүүрийг хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол саналгүй” хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.З-ад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.З-ыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Д.З-ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.З-ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1838001080158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанзүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР