Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 


                                                Н.Б-д холбогдох
                                                   эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Н.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, Д.А нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Н.Б-д холбогдох эрүүгийн 2316002170037 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

З овогт Н.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .......... аймгийн ............ сумд төрсөн, ... настай, эмэгтэй, ...... боловсролтой, ............ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхийн хамт Улаанбаатар хот .............. дүүрэг ... -р хороо ...............    ...-р гудамж ... тоотод хаягийн бүртгэлтэй, одоо ............ аймаг ............ сумын ...-р байр ...-р хороолол ... байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ОЮ............... регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Н.Б-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “эм худалдах ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон”, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  З овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар  2 (хоёр) жил 3 (гурав)  сарын хугацаагаар хорих ял, 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 1 (нэг)  сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар  оногдуулсан 2 (хоёр) жил 3 (гурав)  сарын хугацаагаар хорих ял дээр 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг)  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 4 (дөрөв)  сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 4 (дөрөв) жил 4 (дөрөв)  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Б нь амь хохирогчийн оршуулгын зан үйлийн зардалд 8,800,000 (найман сая найман зуун мянга) төгрөг, бага насны хүүхдүүд болох Н.Э-г 18 (арван найм) насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 16,866,636 (арван зургаан сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин зургаа) төгрөг, Н.А-ын 18 (арван найм) насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 31,166,610 (гучин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун арав)  төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, бага насны хүүхдүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг металл халбага, 6 ширхэг эмийн хоосон капсулыг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж,  галакси вайде-4 /galaxy wide-4/ загварын гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-д олгож, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн ХААН банкны шилжүүлгийн 2 (хоёр) ширхэг баримт болон түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хуулбарлан тус тус хэрэгт хавсаргаж, амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүгдэгчид буцаан олгож, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Э.Г миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан Эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлд заасан хууль бусаар үр хөндөх гэмт хэргийг (2 дахь хэсэг) үйлдсэн гэж дүгнэлт хийж нэмж нэгтгэн 4 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүх нэг хүний амийг хоёр удаа. Хоёр өөр гэмт үйлдлээр хохироосон гэж үзэхээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан атал шүүх “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан” гэж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Н.Б нь мезопростол эмийг умай агшааж үр зулбаах үйлчлэлтэйг мэдсэн бөгөөд хохирогч болон шүүгдэгчийн хүсэл зорилго нь үр зулбуулах явдал байсан нь нотлогдсон. Уг зорилгод хүрэх гол арга зам нь умай агшааж үр зулбуулахад нөлөөлөх үйлчлэлтэй эм хэрэглэх ингэхдээ эмийн үнийг төлөх, худалдан авах, худалдах үйлдэл хийгдсэн нь нотлогдсон. Уг мезопростол эмийг хохирогч хэрэглэсний дараа шүүгдэгчтэй холбогдож өөрийн биеийн байдлыг мэдээлсэн, түүнд хариулт өгсөн үйлдэл нь хууль бус үр хөндөлт хийсэн идэвхтэй үйлдэл байсан гэж үзэх үндэсгүй юм. Эмийг уулгаад өөрөө бодит үзлэг хийж, биет байдлыг хянаж, сайн мэдэж зохих үйлчилгээ, үйлдэл хийгээгүй атал гар утасны чатаар /FB/ харилцсан үйлдлийг хууль бус үр хөндөлт хийсэн гэж үзсэн нь нотлох баримтыг хэт нэг талыг барьж буруу үнэлсэн гэж үзэх үндэстэй юм.
Иймд Н.Б-ын үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү. Н.Б нь гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгааг болон шүүхийн тогтоолоор тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.М, Д.А нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн аваад гомдол гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүх нь амь хохирогчийн бүтэн өнчин бага насны 2 хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.5-т зааснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгахаар журамласан бөгөөд 2.4-т шаардлагатай бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож болохоор шинжээч томилохоор тус тус журамласан байхад заавал Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар зэрэглэлийг заавал тогтоолгохоор хуульчилсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь бага насны 2 хүүхдийн тухайд эхийгээ алдсан сэтгэл санааны хохирол хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт зааснаар хэмжээг нь шүүх тогтоож болохоор хуульчилсан бөгөөд нарийвчилсан журмаар шаардлагатай тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор журамласан байна. 3-10 насны хүүхдүүдийн хувьд хор уршгийн зэрэглэлийг заавал тогтоолгохгүйгээр Иргэний хуульд зааснаар шүүх эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой юм. Иймээс шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж амь хохирогчийн бага насны бүтэн өнчин 2 хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Хэргийн үйл баримтын талаар:

4.1. Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “мизопростол” эмийг амь хохирогч С.Н-д 600,000 төгрөгөөр худалдан борлуулсан, мөн 2023 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 6 сартай жирэмсэн амь хохирогч С.Н-д хэрхэн хэрэглэх зааврыг фэйсбүүк /facebook/ нийгмийн сүлжээнд өөрийн ашигладаг “У.Б” хаягийн хувийн мессенжер болон гар утсаараа өгч хэрэглүүлсний улмаас хохирогч умайн хөндийгөөс цус алдаж нас барсан байна.

4.2. Энэ үйл баримт нь гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 12 минутад ............ баг ... - ... тоотод эмэгтэй хүн унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлагыг хажуу айлын А гэх хүн өгсөн. Дуудлагын дагуу очиж гэрт нь ороход гэр нь хүйтэн, нойлын суултуурт хар уут углаж түүний дотор их хэмжээний цус болон нөж, хулдаас дээр цус болон өтгөн, шингэн зүйл асгарсан, зүүн талын орон дээр ягаан халаадтай эмэгтэй хүн баруун тийш харж хэвтсэн байрлалтай байсан. Биед ил харагдах шарх сорви үгүй, бүх бие цонхигор цагаан, хэвлий хэсэг болон гар, өмд, хөнжил дэвсгэрийн даавуу нь цус болсон. Биед үзлэг хийхэд амин үзүүлэлт пульс болон даралт хэмжигдэхгүй, шуунд лугшилт тэмтрэгдэхгүй, зүрхний авиа сонсогдохгүй, хүүхэн хараа өргөссөн, бүх бие хөрж, хурууны үзүүрээс хөхөрч эхэлж нас барсан байдалтай байсан. Үзлэг хийж дуусчхаад эргэж харахад зуухан доогуур 6 ширхэг ууж дууссан мизопростол эмийн капсул байсан. Мизопростол эм нь зулбуулах, төрсний дараа цус тогтоохоор хэрэглэдэг. Энэ эм нь эмэгтэйчүүдийн эмчийн заавраар эмчийн хяналтад уудаг эм байгаа юм.” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас)

4.3. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай хадам эгч Н манай хоёрынх нэг хашаанд байдаг юм. Тэгээд манай охин тэднийд орох гэхэд хаалга нь цоожтой байхаар нь цохиход тэдний том охин Э хаалга нээж өгсөн гэсэн. Тэгсэн хоёр охин орж ирээд ээж сэрэхгүй байна татаад нүд нь нээлттэй байна гэхээр нь би тэднийд ороход зүүн талын орон дээрээ нүд нь хагас нээлттэй юм шиг байхаар нь очиж татаж үзэхэд бие нь хөрсөн байдалтай байсан тул шууд нэгдсэн эмнэлгийн 103 дуудлага өгсөн. Өглөө охин Э-аас юу болсон талаар асуухад “Ээж шөнө унтаж байхад унахаар нь би босож орон дээр нь гаргачихад газарт болсон цусыг нь цэвэрлэх гэхэд “ээж нь өглөө босоод цэвэрлэнэ. Чи унт” гэхээр нь унтаад өгсөн.” гэж хэлсэн. Манай хадам эгч 10 настай охин Э, 3 настай хүү А, төрсөн ах Ж нарын хамт амьдардаг байсан. Талийгаач 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр 19 цагийн үед манайд байж байгаад гэртээ орж унтлаа гээд гарсан 2 хүүхэд манайд тоглож байгаад 22 цагийн орчимд одоо цэцэрлэгтээ явна А-ыг орж унт гэхэд охин Э нь А цэцэрлэгт явахгүй ээж ажилдаа явахгүй чөлөө авсан гэж хэлээд гэр рүүгээ орсон юм. 2 хүүхдээ гэртээ ороход ээж нь унтаагүй байсан гэсэн. Өглөө гэрт нь ороход том хүний бие засдаг суултуур  дотор нэлээн цус болсон газарт цус болсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 86 дугаар хуудас)

4.4. Гэрч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “С.Н нь манай амаржих газраар үзүүлээгүй байсан. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын” нэгдүгээр хавсралтад 433 дугаартай 22.7 Окситоцин болон умайн булчин агшаах эмүүд мизопростол шахмал, 200 мкг эм байдаг. Мизопростол эм нь умайн булчинг агшаах зорилгоор болон жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт хожуу хугацааны зулбалтын үед Эрүүл мэндийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаартай тушаал Үр хөндөлтийг зохицуулах журмын дагуу хийдэг. Мизопростол эмийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт хэрэглэнэ. Тус эмийг эмчийн жороор болон жоргүйгээр олгохгүй, нийтийн үйлчилгээтэй эмийн санд худалдан борлуулахгүй гэж Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/197 дугаар тушаалын “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын” нэгдүгээр хавсралтад тусгагдсан байдаг. ...6 сартай жирэмсэн байсан байна...” гэх мэдүүлэг. (1-р хавтаст хэргийн 90 дүгээр хуудас)

4.5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, шинжээч эмч Т.А-ын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай “...Амь хохирогч С.Н-ийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй... Талийгаач С.Н нь 24-25 долоон долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд мизопростол эмийн шалтгаант цагаас өмнө ураг зулбаж, умайн хөндийгөөс цус алдаж нас барсан байна.” гэх агуулга бүхий дүгнэлт. (1-р хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас)

4.6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (1-р хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас)
4.7. Амь хохирогч С.Н-ийн гар утсанд үзлэг хийж шүүгдэгч, хохирогч нарын харилцан бичсэн мессежийг бэхжүүлэн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. (1-р хавтаст хэргийн 36-46 дугаар хуудас)
 
4.8. Амь хохирогч С.Н-аас шүүдэгч Н.Б-ын эзэмшлийн ХААН банк дахь 58............... дугаартай дансанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  “.......3” гэх утгаар 600,000 (зургаан зуун мянга) төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга. (1-р хавтаст хэргийн 148 дугаар хуудас)

4.9. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 217 дугаартай “...Н.Б /РД: ОЮ............... / нь ЭБ........... сери, 000........ дугаарын эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/207 дугаар тушаалаар 5 жилийн хугацаатай сунгуулсан байна.” гэх агуулга бүхий албан бичиг. (1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас)

4.10. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 229 дугаартай “...Н.Б /РД: ОЮ............... /-д эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон талаарх  мэдээлэл олдоогүй болно.” гэх агуулга бүхий албан бичиг (1-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

5.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол тус бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
5.2. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон бол онцгойлон хүндрүүлж зүйлчлэхээр заасан байна. 
5.3. Шүүгдэгч Н.Б нь хууль бусаар умайн булчин агшаах үйлчилгээтэй эм болох “мизопростол” эмийг С.Н-д худалдан борлуулж, тухайн эмийг хэрэглэх талаар заавар зөвлөмж өгч хэрэглүүлсний улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
5.4. Талийгаач С.Н нь 24-25 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд мизопростол эмийн үйлчлэлийн улмаас ураг зулбаж улмаар умайн хөндийгөөс цус алдаж нас барсан болох нь шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. (1-р хавтаст хэргийн 95-98 дугаар хуудас)
5.5. Тодруулбал талийгаачийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн худалдсан эмийн үйлчлэлтэй шууд шалтгаант холбоотой байна. 
5.6. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсгийн 13.19-т “эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах эм худалдах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулахаар заасан байхад шүүгдэгч Н.Б нь хүний амь насанд аюул учруулж болох эрсдэлтэйн улмаас, төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлгүйгээр худалдахыг хориглосон, үр зулбуулах үйлчилгээтэй эмийг худалдан борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан хууль бусаар эм худалдах гэмт хэргийн үндсэн шинж хангагдаж байна. 
5.7. Шүүгдэгчийн ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар  эм худалдан борлуулж, уг эмийн үйлчлэлийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн худалдан борлуулсан эмийн үйлчлэл нь шүүгдэгчийн үхлийн шалтгаан болсон байна. 
5.8. Шүүгдэгчийн жирэмслэлтийг таслах зориулалт бүхий эмийн үйлчлэлийн талаар болон хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгсөн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. 
5.9. Тиймээс шүүгдэгчийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүх шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг илүү хангаж байна.
5.10. Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаагүй байна. 
5.11. Шүүгдэгч нь амь хохирогчийн охин Н.Э-ийн 18 нас хүртлээ авах тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 16,866,636 (арван зургаан сая найман зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин зургаа)  төгрөг, хүү Н.А-ын 18 нас хүртлээ авах тэжээгчээ алдсаны тэтгэмжийн  31,166,610 (гучин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун арав) төгрөгийг төлсөн байна. 
5.12. Уг гэмт хэргийн улмаас хохирогч амь насаа алдсан байх бөгөөд амь хохирогчийн бага насны хоёр хүүхэд үлдсэн хууль ёсоор асран хамгаалах хүнгүй үлдсэн байх бөгөөд хохирогчийн гэр бүлийн гишүүн хоёр хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 
5.13. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 
         5.14. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш нийт 66 хоног цагдан хоригдсон байна.
5.15. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан нөхцөл байдлуудтай холбогдох өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

А. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогч нас барсан” гэмт хэргүүдийг гэсэн хэсгийг хасаж, “амь хохирсон” гэсний дараа “гэмт хэргийг” гэж нэмсүгэй.

Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял” гэснийг “20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хассугай.

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д мэдэгдсүгэй” гэж өөрчилсүгэй.

 Г. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 66 хоногийг торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн тооцож 990,000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцсугай” гэж өөрчилсүгэй. 

 Д. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг: “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-аас 198,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн гэр бүлийн гишүүд болох Н.Э, Н.А нарт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүгдэгчийг сулласугай. 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                 ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                Ц.О