| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0154/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/160 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум д ундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Н.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 1838000000167 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.Б,
Шүүгдэгч Н.Б-нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 24-07 тоотод оршин суух иргэн Х.Ц- гэрээс тоос сорогч хулгайлж 250.000 хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Б-нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 24-07 тоотод оршин суух иргэн Х.Ц- гэрт нэвтрэн тоос сорогч хулгайлж 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Н.Б-мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 05 дугаар сарын 05-ны орчимд байх ... би С-ын байрны аваарын шатаар дээшээ өгсөж гараад байрных нь палкон дээр гараад хаалгаар нь цааш ороод гэрийнх нь үүдний харанхуй өрөөнд байсан ягаан өнгийн тоос сорогчийг авсан. Тэгээд буцаад гарсан чинь Б байхгүй болчихсон байхаар нь такси аваад Б- очсон. Тэгээд Б- таксины мөнгө аваад тоос сорогчийг Б-гийн хашаа руу авч орсон чинь Б- тийш нь тавьчих гээд хашааны буланд тавиулаад дээрээс гудсаар бүтээгээд орхисон. Түүнээс хойш би тэр тоос сорогчийг хараагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хохирогч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Миний хувьд гэрээсээ тоос сорогч хулгайд алдсан талаар 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад мэдсэн. ... Ингээд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай дүү С- танай гэрээс тоос сорогч алга болсон юм уу, миний таньдаг хүн авсан юм шиг байна, энэ утаснаас лавлаарай гээд 88481981 гэсэн дугаарыг миний fasebook хаягаар чатаар явуулсан байсан. … гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз Н.Б-найз охин М- хайж Б- бид хоёр хамт гадуур явж хэд хэдэн айлд очсон. Тэгээд М-г С-ынд байж магадгүй гээд очиход С-ын гэрт хүн байгаагүй. Би Б-ыг явъя наана чинь хүн байхгүй байна гэтэл би шатаар гараад үзье гээд гарсан. Н.Б-цонхон дээр нь гараад намайг таксийгаа солиод ир гэхээр би таксийгаа аваад шууд гэртээ ирсэн. Тэгээд удалгүй Н.Б-араас өөр нэг такситай ирсэн. Орж ирэхдээ таксины мөнгө байна уу гэсээр орж ирсэн. Би таксины мөнгө өгтөл чернилэн ягаан өнгийн тоос сорогч барьсан орж ирсэн. Н.Б-С-ын тоос торогчийг авчихлаа зурагтыг нь авах гэсэн чинь авч чадсангүй гэсээр ирсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-28 дугаар хуудас/,
Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны хэддүгээр сарын хэдний өдөр байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Намайг өөрийн найз Б-тай холбоо барихад Б- надад Б- танай эгчийн байранд байдаг гэр лүү тагтаар нь дамжиж ороод тоос сорогчийг нь хулгайлсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эгчид энэ талаар хэлээд манай эгч цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 31 дүгээр хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Н.Б-нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 24-07 тоотод оршин суух иргэн Х.Ц- гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч тоос сорогч хулгайлан 250.000 хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Х.Ц-, гэрч Б.Б-, Х.С- нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах яллах дүгнэлт, санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж, чанар, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ. Хохирогчийн нэхэмжлэл, эд зүйлс үнэлсэн тайланг үндэслэн шүүгдэгч Н.Б-аас 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ц-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,9,36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Н.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-аас 250.000 /хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ц- олгосугай.
6. Эрүүгийн 1838000000167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-ын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР