Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

 

 

 

 

 

 

   2024        11           20                                        2024/ДШМ/56

 

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор Г.Г ,

Хохирогч Л.Г  /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т ,

Шүүгдэгч Ч.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-ын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Б-д холбогдох 2440000040025 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Б-н илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

 

 

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн .........................................оршин суудаг  Н.Ц-ы гэрт бусадтай архи уух явцдаа Л.Г-тэй маргалдаж, улмаар гараараа түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.А-аас дэрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Б-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,965,229 төгрөг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 6,600,000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Л.Г-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 5,734,830  төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгож  шийдвэрлэжээ.

 

Хохирогч Л.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 16-14 тоотод оршин суудаг Н.Цогтсайханы гэрт Ч.Б  бусадтай архи уух явцдаа Л.Г-тэй маргалдаж, улмаар гараараа түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж, зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан шүүхээс 2 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүхээс хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын 3.965.229 / гурван сая, есен зуун жаран таван мянга, хоёр зуун хорин ес/ төгрөг. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас хохирогч Л.Г-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 6.600.000 /зургаан сая, зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Г-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

 

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхад эмчилгээний 3.965.229 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. 2023 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл эмчийн хяналтанд эмчилгээтэй байгаа. Мөрдөн байцаагчид нэмж эмчилгээний баримт өгөх гэтэл авахгүй гээд аваагүй. Яагаад нэмж баримт авахгүй байгааг ойлгоогүй. Уул нь эмчилгээний баримтаа өгөөрэй гэсний дагуу өгсөн боловч аваагүй. Мөрдөн байцаагчид өгөх гэсэн баримт одоо ч надад байна. Би эм тариа хэргэлдэггүй. Эрүүл саруул ажил хийдэг хүн байсан. Одоо байнга тархи толгой өвдөж, эм тариа эмчилгээ хийлгэх болсон. Мартах, унаж татах гээд асуудалтай учраас байнгын хүнтэй явдаг болсон. Өөрийнхөө утсыг буцааж авах гэсний төлөө Ч.Б-д зодуулан тархиндаа хүнд гэмтэл авч тархиндаа 2 ширхэг гуурстай болсондоо маш их гомдолтой байна.

Шинжээч Э.Б-ын "... Ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэгт тухайн хүний ердийн өөртөө үйлчлэх чадварыг хамааруулж ойлгоно. Л.Г  нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс ажилбарт орж дээрх цусан хураа авагдсан ба 2023 оны 12 сарын 23 болон 2023 оны 12 сарын 26-ны едрийн толгойн компьютер томографик шинжилгээг дүрс оношилгооны шинжээч эмчээр уншуулахад тархины дух чамархай, зулай хэсгийг хамарсан 0.9 см хүртэл зузаантай, холимог нягтралтай архаг субдурал цус хуралттай гэж дүгнэсэн тухайн үлдэц нь эмчилгээний үр дүнд өөрөө хэвийн эргэн шимэгдэх боломжтой мөн тархины эдэд өөр ямар нэгэн гэмтэл, няцрал байхгүй байсан тул цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй гэж дүгнэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 164 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 01 сарын 10- ны өдрийн 1321 дугаартай

1. Л.Г-н биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гасран гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 06 сарын 11- өдрийн 632 дугаартай

1.Л.Г-н сэтгэцэд 2023 оны 12 сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.

3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй..." /хх-ийн 176-179 дүгээр хуудас/ гэх дүгнэлтүүд хавтаст хэрэгт байгаа. Тархины гэмтлийн улмаас 2024 оны 04 сарын 03-ны өдөр эмч нарын зөвөлгөөнөөр оролцож, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан гэж групп тогтоолгосон.

Энэ гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж байнгын эмчилгээ хийлгэн эм тариа, эмнэлгийн үзлэг, замын зардал гэх мэт холбогдох зардлууд байнга гардаг болсон. Хэрэг шалгагдаж байхад гарсан баримтаа шүүхэд бүрэн өгч шийдвэрлүүлж чадаагүй. Цаашид эмчилгээ хийлгэх учраас гарсан зардлаа гэм буруутай этгээдээс тухай бүрт нь гаргуулан авах хүсэлт байгаа. Энэ байдлаа илэрхийлж шүүх хуралдаанд орох гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас болоод орж чадаагүй.

 Ч.Б  нь өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй. ба би өөрөөсөө мөнгө гаргаж, заримдаа хүнээс зээлж эмчилгээгээ хийлгэж байгаа. Надаас уучлалт гуйгаагүй. Хүний эрүүл мэндийг хохироосондоо гэмшихгүй байна гэж бодож байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болгохыг дурьдсан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-ын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “…шийтгэх тогтоолыг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

"Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хохирогч Л.Г-д учирсан хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарсан ба шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 6,600,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-аас гаргуулан хохирогч Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны тогтоолоор 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байхаар тогтоосон ба гэмт хэрэг нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байгаа тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хохирлын мөнгөн дүнг буруу тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” гэснийг зөрчсөн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хамаарч байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учруулсан хохирлыг 6.600.000 төгрөгөөр буруу тооцсон. 2023 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тогтоогдсон байх тул уг  хохирлыг 550.000 төгрөгөөр тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Хохирогч Л.Г-с гаргасан гомдлын хувьд цаашид гэмт хэргийн улмаас учрах хор уршиг, эмчилгээний зардлыг хохирогч өөрөө нотлох баримт бүрдүүлж иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нэмж оруулах үндэслэлтэй байна” гэв.

Хохирогч Л.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би эрүүл саруул байсан хүн. Гэтэл энэ хэргээс болж  байнгын эмчилгээтэй болж, толгойдоо 2 гуурс тавиулсан.  Сүүлд татаж унадаг болсон. Гомдохгүй байхын ч арга алга. Хөдөө гадаа ч явж чадахаа больсон. Өөр хэлэх зүйлгүй “ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлтэндээ: “Мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн хэлтсээс миний үйлчлүүлэгчийг ажил хөдөлмөр хийх боломжгүй аймгийн төв дээр байнга бүртгэдэг байсан юм байна лээ. Дараа нь 65 хоног цагдан хорьсон  байдаг. Энэ байдлаасаа болоод хохирол мөнгөө төлж  чадаагүй. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон.

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл 2024 оны 12 дугаар сард  үйлдэгдсэн энэ хэрэг дээр хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 660.000 төгрөгөөр бодож тооцсоноор хохирлын хэмжээ  өндөр тогтоогдсон байна. Иймд уг хохирлыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 550.000 төгрөг буюу зохицуулсан хэмжээнд нь багасгах тал дээр прокурортой санал нэг байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-ын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь  хуульд нийцсэн байна.

  

Шүүгдэгч Ч.Б  нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ................................. оршин суудаг  Н.Ц-ы гэрт бусадтай архи уух явцдаа Л.Г-тэй маргалдаж, улмаар гараараа түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж, нүүрэн тус газар өвдөглөж зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  гаргасан өргөдөл /1-р хх-ийн 7-р тал/,

 

- Хохирогч Л.Г-ийн “...Би ороод дүү утас хүргэж өгөхгүй яасан бэ гэхэд би чиний утсыг аваагүй, битгий дэмий юм яриад бай гэхээр нь би чиний аавтай чинь хамт ажиллаж байсан хүн шүү гэхэд тэр пизда чинь намайг 2 настай байхад хаяад явсан юм гээд намайг гараа зангидаад цохиж унагасан. Үүнээс хойш толгой  руу цохиж, өшиглөж байсан шиг санаж байна. Би ухаан алдсан байсан. Үүнээс хойш сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 137-141 дүгээр хуудас/,

 

- Гэрч Д.Ц-ын ...Би он сарыг сайн санахгүй байна, ........................................................нар нэг шил архи уугаад дуусаж байсан ба намайг ороод ердөө удаагүй 10-20 минут болж байхад Л.Г  Б  нар нэг гар утас ярьж байгаад муудалцсан. Бямбаа Н.Ц- баруун талын орон дээр Л.Г-г дарж унаад 2-3 удаа цохисон. Тэгээд   бид хоёр салгасан, удалгүй хэсэг хугацааны дараа мөн баруун талын орон дээр Л.Г  ахыг үсдэж арагш нь дарж байгаад нүүрэнд нь нэлээн хүчтэй 2 удаа өвдөглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

- Гэрч Н.Ц-ны “...2023 оны 12 сарын 05-ны өдөр ойролцоогоор 15-16 цагийн орчим болов уу ............ хамт гаднаас нэг шил архитай орж ирсэн, тэр хоёрыг хаана таараад орж ирсэнийг бол мэдэхгүй, аль аль нь халамцуу байсан. Ингээд Л.Г-н авчирсан 0.5 л  архийг хувааж ууцгаагаад дараа нь ямар ч байсан 1, 2 шил архи авч уусан. ., .,  хоёр гар утас яриад муудалцаад байсан ямар учиртай утас яриад байсан юм мэдэхгүй байна. Тэр хоёр манайд байхдаа гэрийн баруун талд байх орон дээр муудалцаад ноцолдоод Б нь Л.Г-ээ орон дээр дарж унаад гараараа толгой орчим руу нь 2-3 удаа цохихыг нь би харсан. Тэр үед би уурлаад та нар гарцгаа зүгээр ууж идэж чадахгүй байна уу гээд хөөгөөд гаргасан. Тэр манайхаас гараад гэрийн зүүн урд хэсэгт зодолдоод байх шиг байсан, би гарч хараагүй.” гэх мэдүүлэг   /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

- Гэрч Б.Ц-ын “...намайг тэднийд очиход Н.Ц ах гэртээ ганцаараа байсан бид хоёрыг суух байхад Л.Г  ах гаднаас халамцуу орж ирсэн тэгээд халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд би кантенейрын дэлгүүр орж 1 шил 0,75л Шар-Хараа архи нэг ундаатай хамт аваад Н.Ц  ахынд ирж уусан. Бид гурав архиа ууж байхад гаднаас Б халамцуу орж ирсэн. Бид ууж байсан архинаасаа Бямбаад өгсөн тэр үед Б , Л.Г нар нэг гар утас яриад л хэрэлдээд унасан, бид сайн учрыг нь олоогүй, тэгээд Н.Цогтсайхан баруун орон дээр ноцолдоод Б  Л.Г  ахын толгой рүү баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өвдөглөөд байсан, хоёулаа гар утас яриад хэрэлдээд байсан хэн нь хэнээсээ нэхсэнийг бол ойлгоогүй байж байгаад л хэрүүл болсон юм...” гэх мэдүүлэг   /хх-ийн 26-27, 143 хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1321 дугаартай шинжээчийн “1.Л.Г-ийн биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт   /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

 

         - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн “1 Г-ийн сэтгэцэд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. 4.Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт   /хх-ийн 176-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Ч.Б-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

     

 

  Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн  байна.     

      Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.Үүнд:

 

-  Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-н сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №632 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх ба анхан шатны шүүх  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Ч.Б-с  гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Харин гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн …сард “”550 000 төгрөг” байхаар тогтоосон байхад  шүүх “660 000 төгрөг”-өөр бодож  хохирлын мөнгөн дүнг буруу тооцон гаргуулсан алдааг  зөвтгөх шаардлагатай байна. Энэ талаар бичсэн  прокурорын  эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

-  Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэх ба  хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Иймд хохирогч Л.Г  нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй болгохыг шийтгэх тогтоолд тусгуулахаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иймд дээрх байдлаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурорын  бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Б-ын  шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын  шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

     - 6 дугаар заалтын 6.600.000 төгрөг” гэснийг 5.500.000 төгрөг” гэж өөрчилж,

     -  8 дугаар заалтад хохирогч Л.Г  нь  цаашид гарах гэмт хэргийн улмаас  учирсан эрүүл мэндийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн нэмэлт  заалт оруулж,

     -  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ын цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий прокурорын  бичсэн эсэргүүцэл, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж шийдвэрлэснийг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаад ойлгосон эсэхийг асуухад

 

 

 

 

                          

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                    ШҮҮГЧИД                                                  О.БААТАРСҮХ

 

                                                                                       Г.БОЛОРМАА