Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч А.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ц-д холбогдох эрүүгийн 1838003760200 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Ц-, Шүүгдэгч А.Ц- нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт хохирогч Р.Д-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч А.Ц- 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт хохирогч Р.Д-ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч А.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Үүр сумын ИТХ –ын болсон юм. Тэгээд би өдөр 11 цагийн үед Захиргаан дээр ирж Хурлын даргатай уулзаад хоол идэх гээд захиргаанаас гарч явахад Д- таараад Ц- чи дуугуй байж байгаад өмхий санаатай пизда байна лээ гэж хэлэхээр нь би тоогоогүй яваад өгсөн. Тэгээд ИТХ-д ороод сууж байхад миний ард суучихаад юм ярихаар яриулахгүй араас сэржим өргөөд байсан юм. Тэгээд би одоо боль гэсэн чинь үгэнд орохгүй хурлын даргыг иднэ ууна, би бөө хүн гэх зэрэг юм яриад хурал явуулахгүй, тэнд сууж байсан төлөөлөгч нарыг үг хэлүүлэхгүй байхаар нь босоод хоёр гараас нь барьж байгаад гаргаад захиргааны үүдэнд гаргаад явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Хохирогч Р.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Би сум хөгжүүлэх сангийн мөнгө авсан хүмүүсээс мөнгийг нь дараагийн төсөл бичсэн хүмүүст авч өгмөөр байна. Хугацаа хэтрүүлээд мөнгөө төлөөгүй яваа хүмүүсээр мөнгийг нь төлүүлмээр байна энэ хууль бус биз дээ гэхэд тэнд сууж байсан төлөөлөгч А.Ц- битгий олон юм яриад бай гэж эсэргүүцэж , шууд хэл амаар доромжлон ална шүү эндээс гар гэж хэлээд намайг сууж байхад 2 гарын бугуйгаас чанга базаж аваад хүч хэрэглэж хаалга руу чирсэн. ...” гэх мэдүүлэг /ххийн 16-17дүгээр хуудас/,

Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Ц- босоод 2 гараас нь бариад чирээд гарсан. Энэ хугацаанд Р.Д- буцаж орж ирээгүй харин үүдээр шагайгаад та нар намайг зодсон гэж хэлсэн ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Ю-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэр өдөр манай ээж Р.Д- 16 цагийн үед их айж цочирдсон байдалтай толгойн тус газраа цохиулсан, хоёр гарын булчин хэсгээр хөхөрсөн, баруун өвдөг хөхөрсөн байдалтай, нуруу нь бас хөхөрчихсөн орж ирээд намайг Ц- зодсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би эмнэлэг дээр өрөөндөө сууж байхад Д- орж ирээд намайг ... Ц- зодлоо гээд надад бичиг хийж өг гэхээр нь би өөрөө юу болсон юм бэ ... та надад харуул гэхэд өөрийнхөө биеийг үзүүлээд энэ хоёр гар хөхөрсөн гээд харуулахад баруун талын гарын булчин хэсэг дээр хөхөрсөн мөн хөл гар, нурууг үзэхэд улайж, хөхөрсөн юм харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Р.Д- хурал явуулахгүй төлөөлөгч нарыг яриулахгүй байгаад байсан тэгээд хурлын төлөөлөгч Ц- болиулаад үгийг нь таслаад чирээд гаргасан тэгээд Ц- буцаж орж ирээд сууж байхад хаалга онгойлгоод Ц- намайг зодлоо гээд хашхирч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаартай: 1.2 Р.Д-ын биед зүүн бугалага болон баруун өвдөгөнд цус хуралт, нуруунд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Р.Д-ын биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/, Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч А.Ц- нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт хохирогч Р.Д-ыг хурал хэвийн явуулсангүй гэх шалтгаанаар түүний гараас чирч гарган эрүүл мэндэд зүүн бугалага болон баруун өвдөгөнд цус хуралт, нуруунд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч А.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас 58.000, 22.530 төгрөгийн эм хэрэглэсэн гэх Б-ийн тодорхойлолт, 40.000 төгрөгийн замын зардлаар зорчсон гэх М.Б-ийн тодорхойлолт, 40.000 төгрөгийн замын зардлаар зорчсон гэх Б.Д-ын тодорхойлолт зэрэг нь тамга, тэмдэггүй, гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна./хх-ийн 10- 11, 59,62 дугаар хуудас/, Шүүх нотлох баримтын хэмжээнд: 312.200 төгрөгийн эм, эмчилгээний зарлагын баримтыг үнэлж, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв./хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн 1838003760200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Ц-гээс 312.000/ гурван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Р.Д-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 160.530/ нэг зуун жаран мянга таван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн 1838003760200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР