Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 


2024         11             20                               2024/ДШМ/36


Б.Б, Э.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Э.Э, Б.Б, 
Шүүгдэгч Э.Э-ы өмгөөлөгч Ж.М, 
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Э-ы өмгөөлөгч Ж.М, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.А нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2416000000204 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Т овогт Б.Б нь Монгол Улсын иргэн,  халх, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ............... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , хүргэн ах, эгч, ... зээ дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ................ сумын ............ баг ... - ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, ДЛ................ регистрийн дугаартай, 

Ж овогт Э.Э нь Монгол Улсын иргэн, халх, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн ............... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эмээ, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн .............. сумын ................ багийн ... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДК.............. регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь хамтран 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутаг дэвсгэр ............. гэх газар байрлах хохирогч С.Э-ын хаваржааны эд зүйлээ хадгалдаг амбаараас түүний өмчлөлийн 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээтэй “GО 8G-150” загварын ногоон өнгийн мотоциклыг авсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2416000000204 дугаартай хэргээс шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Т овогт Б.Б, Ж овогт Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  шүүгдэгч Б.Б-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар, Э.Э-д 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар, Э.Э-д 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э-ы өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Э.Э нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ...Ховд аймгийн .......... сумын айлын хашаанаас мотоцикл хулгайлан Говь-Алтай аймаг руу явж байх замдаа ........... сумын .......... баг ............ гэх газар байрлах хохирогч С.Э-ын амбаараас ногоон өнгийн мотоцикл хулгай хийж аймагт ирсэн байгаа. Энэ хүүхдүүдийн хувьд үргэлжилсэн үйлдлээр 1 өдөр 2 мотоцикл хулгай хийсэн байхад цагдаагийн газарт мэдүүлэг авахдаа Ховдын хэргийг Говь-Алтай аймагт ярихгүй гэдэг байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна гэж үзэж байна. Одоо Ховд аймагт дахиад хулгайн хэргээр яллагдагчаар татагдаад явж байгаа нөхцөл байдалтай байна. 
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э-ы үргэлжилсэн үйлдлийг нэгтгэн шалгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан байх бөгөөд өмгөөлөгч миний бие нь нэмэлтээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.
Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. 
Учир нь Б.Б, Э.Э нар нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгаас бусдын мотоциклийг хулгайлан авч замдаа 15-ны өдөр ........... сумаас мөн мотоцикл авсан байх бөгөөд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг авсан байхад энэ талаар огт шалгаагүй, мэдүүлэг өгсөн боловч энэ талаар тэмдэглэлгүйгээр Ховд аймгийн ......... сум руу мэдүүлэгт дурдсан мотоциклийн мэдээллийг явуулсан атлаа энэхүү үйлдлүүдийг нэгтгэж шалгах байтал манай аймаг танай аймгийг хүлээж чадахгүй гэсэн тайлбарыг өгч мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. /Ховд аймгийн ............ сумын хэсгийн төлөөлөгчөөс ийм тайлбарыг өгч байгаа болно./ 
Иймд үргэлжилсэн үйлдэлтэй хэргийг ийнхүү тусад нь шийдвэрлэж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал илтэд дордож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Холбогдсон хэргийн талаар: 

2.1. Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь хамтран 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумын .......... багийн нутаг дэвсгэр .......... гэх газар байрлах хохирогч С.Э-ын хаваржааны эд зүйлээ хадгалдаг амбаараас түүний өмчлөлийн 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээтэй “GО 8G-150” загварын ногоон өнгийн мотоциклыг авсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. 

3. Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь 2024 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ......... аймгаас бусдын улаан өнгийн мотоциклийг хулгайлсан талаар тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч а/х Х.Ж-д хэлсээр байтал Ховдын хэрэг тэндээ шалгагдана, энд яригдахгүй хэмээн үргэлжилсэн үйлдэл бүхий гэмт хэргийг тус тусад нь шалган эрх зүйн байдлыг дордууллаа гэх гомдлыг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргажээ. 

4. Хэргийн 48 дахь талд Х.У мэдүүлэхдээ... .............. баг ......... гэх газар нутагладаг. Манай хаваржааны хойд талд дугуйгүй хүрэн өнгийн Мустанг 150 маркийн мотоцикл байхыг харсан. 2024 оны 8 дугаар сарын 14-ний орой харанхуй болж байхад хаваржааны хойно байсан мотоцикл дээр 2 залуу 1 мотоциклтой ирсэн. Намайг түлхүүр авч очиход мотоциклийн хойд дугуйгаа тайлчихсан байсан. Хойд дугуй өгөөд энэ эвдэрсэн мотоциклийг аваарай гэсэн. Тэгэхээр нь би гэртээ ирж дугуй аваачиж өгөөд эвдэрсэн мотоциклийг нь ачаад явсан гэж мэдүүлжээ. 

5. Мөн гэрч Г.Д нь мэдүүлэхдээ Б.Б өмнө нь улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг-150 маркийн мотоциклтой, Э.Э улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг-150 маркийн мотоциклтой байсан. 2024 оны 07 сард .......... сумын 100 жилийн ойгоор Б.Б, Э.Э бид гурав мотоциклтой аймгаас .......... сумд очсон. Би нэг мотоциклийн хойно суугаад очсон. Ирэхдээ би машинтай ирсэн. Б.Б, Э.Э хоёр буцаад ........... сумаас аймагт ирж байх замдаа Э.Э-ы мотоцикл эвдрээд замдаа хаясан гэж Б.Б-ий мотоциклтой ирсэн. 2024 оны 08 дугаар сарын 13-14-ний үед Б.Б, Э.Э хоёр Б.Б-ий улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг-150 маркийн мотоциклтой яваад ирсэний дараа Б.Б ногоон өнгийн “GO 8G” маркийн, Э.Э улаан өнгийн, Даюун-200 маркийн мотоциклтой болсон байсан. Би Б.Б-ээс өөрийнхөө Мустанг-150 маркийн мотоциклийг асуугаагүй гэж мэдүүлсэн байна.

6. Шүүгдэгч нар нь уг Даюун 200 маркийн мотоциклийг тухайн үед Ховд аймгийн .......... сумаас хулгайлсан талаар мөрдөгчид хэлснээр уг мотоциклийг мөрдөгч хурааж авсан гэж тайлбарласан байна. 

7. Гэтэл шүүгдэгч Б.Б уг Даюун 200 маркийн мотоциклийг хаанаас, хэрхэн авсан талаар шалгаагүй байна. Дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна.

8. Шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, тус тусдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул эдгээр байдлыг мөрдөн байцаалтаар зайлшгүй тогтоох шаардлагатай.

9. Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад зөв хууль зүйн дүгнэлт хийсэн байх нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан шаардлагад нийцээгүй байна. 

10. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг буруутгаж буй нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

11. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэргийн үйл баримтыг нөхөн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож, прокуророор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А, Ж.М нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Э нарт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

                 ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                Ш.Б