Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00015

 

Л.А-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2021/01021 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн *** багт оршин суудаг А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн *** багт үйл ажиллагаа явуулдаг Ө эмнэлэг, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт холбогдох,  

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 20632680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч “Ө” эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Нэхэмжлэгч Л.А  нь Баян-Өлгий аймгийн Ө эмнэлэгт 2011 оноос эхлэн үйлчлэгчээр олон жил ажиллаж байгаад Ө эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №Б/25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарсан.

2. Л.А  нэгэнт өндөр насны тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцсон 20632680 төгрөгийн буцалтгүй тусламж буюу нэг удаагийн тэтгэмжийг ажиллаж буй байгууллага Ө эмнэлэг хариуцан олгох журамтай.

3. Гэтэл өнгөрсөн хугацаанд ажил олгогчоос 20632680 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгохыг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл тэтгэмж аваагүй эдийн засгаар хохирч байна.

4. Ө эмнэлгийн ерөнхий эмч Д.С-с тус эмнэлэг нь орон нутгийн төрийн өмчит байгууллага, манайд ажиллаж буй ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох буцалтгүй тусламжийг аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга нар шийдвэрлэж өгөх ёстой, манайх хариуцахгүй гэж тайлбар өгсөн.

5. Л.А  төрөөс нэг удаа олгох буцалтгүй тэтгэмжээ олгож өгөх асуудлаар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, аймгийн засаг даргад хандахад уг тэтгэмжийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцах ёстой гэсэн хариу өгч байна. Л.А уг тэтгэмжийг олгож өгөх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хандахад уг асуудлаар Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирсэн. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн яамны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №2/254-2 дугаартай албан бичигт:..Эрүүл мэндийн яам нь тус сайдын төсвийн багцад харьяалагддаг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд бусад адилтгах төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад олгох тэтгэмжийн асуудлыг харьяалах яам, тамгын газар, орон нутгийн байгууллага төсвийн багцдаа шийдвэрлэдэг болно. С сувилал нь Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжилт авдаггүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг орон нутгийн өмчийн байгууллага тул тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн сайдын багцад тусган шийдвэрлэх боломжгүй юм. Харин орон нутаг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу олгогдох мөнгөн тэтгэмжийг өөрийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт батлуулан олгож, хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн хариу ирсэн.

6. Ө эмнэлэг нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан орон нутгийн өмчит байгууллага тул Л.А-ийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Баян-Өлгий аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, Ө эмнэлэг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.

7. Ө эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №Б/25 дугаартай тушаалаар Л.А  нь одоо өндөр насны тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар 20632680 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг авах эрх нь үүссэн. Гэтэл Баян-Өлгий аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, Ө эмнэлэг аль аль нь уг тэтгэмжийг олгохоос татгалзаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Ө” эмнэлгийн ерөнхий эмч Д.С-ийн тайлбар, татгалзал:

1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр захирамжаар С клиник сувилал болгон байгуулсан. Төсвийг нь улсын төсөвт орон тоо нормативын дагуу тусгаж, үйл ажиллагааны орлогоос давсан зарлагын төсвөөс санхүүжиж байхыг СЭЗҮ-ийн хэлтэс зөвшөөрсөн. Клиник сувилалд сувилуулсан даатгалтай иргэдийн эмчилгээний зардлыг ЭМС, Сангийн сайдын 1994 оны А/52/87 тоот тушаалын дагуу төлбөрийг даатгалын сангаас хийж байхыг аймгийн даатгалын захиралд үүрэг болгосугай гэсэн тушаалын дагуу анх аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь саатсан.

1997 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210 тоот захирамж, Засаг дарга С сувиллын газрыг нээж төсвийг зохих ёсоор олгож, өөрийн үйл ажиллагааны орлогоос давсан төсвөөс санхүүжиж байхыг ТСЭЗ-ийн бодлогын хэлтэсд зөвшөөрсүгэй. Сувилалд сувилуулсан иргэдийн эмчилгээний зардлыг ЭМ-ийн нийгмийн хамгааллын сайд сангийн сайдын а/107/91 тоот тушаалын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байхыг НД-ын хэлтсийн даргад даалгасугай гэсэн захирамж гарсан.

Улмаар 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн засаг даргын 257 тоот тушаалаар С клиник сувиллыг газрын 1999 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн татан буулгаж, мөн өдрөөс эхлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх 20 ортой Халамж эмнэлгийг байгуулсан байна. Эмнэлэгт эмчлүүлсэн даатгалтай иргэдийн эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас олгож байхыг НД-ын хэлтсийн даргад үүрэг болгов. Халамж эмнэлгийн ажиллах журмыг баталж үйл ажиллагаа санхүү балансыг тусгаарлан бие даасан байдалтай ажиллуулсан. Эмнэлгийн үйл ажиллагаа засвар тохижуулалтад шаардагдах хөрөнгийг жил жилийн төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авах гэсэн захирамж гарч байсан. ЭМГ-аас тодорхой хэмжээний төсөв авч байсныг Х.Р эмч хэлж байсан.

Улмаар 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг ЭМГ-ын даргын 40 дугаар тушаалын дагуу ЭМС-ын 2005 оны 203 тоот тушаал аймгийн Засаг даргын 2004 оны 407 тоот захирамжийг үндэслэн тушаах нь: Эмнэлэг үйлчилгээний харьяалал өөрчлөгдсөнтэй холбогдуулан халамж эмнэлгийн нэрийг 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Өлгий сумын С эмнэлэг нэртэй болгосугай гэж өөрчилсөн.

2004 онд аймгийн Засаг даргын 407 тоот тушаалаар Халамж эмнэлгийг ЭМГ-ын харьяалалд ажиллуулсугай гэсэн захирамжийн дагуу сумуудын ЭМ-ийн төвийн төсвөөс Халамж эмнэлэгт үйл ажиллагааны төсөв тавиулж ирсэн гэдгээ Х.Р эмч хэлсэн.

2. Манай эмнэлгээс тэтгэвэрт гарч байсан сувилагч Ш.Мадениет 2013 онд ерөнхий эмч Х.Р нар нь 2014 онд тэтгэврийн тэтгэмж болох 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэгдсэн эмнэлгийн ажилчдын бүртгэлд оруулж, ЭМГ-аар дамжин ЭМЯ-аас авч байсан байна.

3. Одоогийн байдлаар С эмнэлэг нь 38 ажилчинтай, улсын бүртгэлийн гэрчилгээ №270001037, регистрийн дугаар 9007318, магадлан итгэмжлэгдсэн №292/2018, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ №ЭУ10/02/13, 2012 оноос ЭМГ санхүүжилт олгохоо байсан.

4. ЭМЯ-аас С эмнэлэг нь ЭМЯ-ны багц байхгүй учраас төсөв болоод тэтгэврийн 5 жилийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн бичиг удаа дараа ирсэн байсан. Төсөв болоод тэтгэврийн тэтгэмжийг орон нутгаас шийдвэрлүүлэх ёстой гэсэн хариу өгөв.

5. 2018 онд манай эмнэлэг тусгай зөвшөөрлийн асуудалтай холбоотой 6 сартай тэнцэх хэмжээний эмчлүүлэгчийн ЭМД-ын сангаас авах санхүүжилтээ авч чадаагүй байсан ба энэ хугацааны үйл ажиллагаа тасалдсан үеийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдэж өгч байсан.

6. Улмаар 2018 онд тэтгэвэрт гарсан бага эмч М.З-н 19 сая төгрөг, С.Х-н тэтгэврийн тэтгэмж болох 19 сая төгрөгийг аймгийн өөрийн орлогын давсан хэсгээс олгосон.

7. Одоо манай эмнэлэгт тэтгэвэрт гарах 4 эмнэлгийн ажилтан маань тэтгэвэрт гарах өргөдлөө надад өгөөд байна. С эмнэлгийн төсөв байхгүй. Эмчилгээ хийлгэж гарсан эмчилгээний зардал болох эмчлүүлэгчийн хувьсах зардлыг 2021 оны 3 дугаар сар хүртэл хувийн эмнэлэгт ЭМД-ийн сангаас 1 хүнд олгох санхүүжилтийн адил хэмжээгээр олгож ирсэн ба 2021 оны 3 дугаар сараас хувийн болоод улсын эмнэлэгт 1 хүнд олгох хувьсах зардал ижил тэнцүү хэмжээтэй болсон ба хэвтэж эмчлүүлсэн даатгалтай иргэнд олгох зардлыг гүйцэтгэлээр авч байна.

8. Тэтгэвэрт гарах болсон сувилагч А.С нь бас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргасан байна.Тус комисс нь Аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргад тэтгэвэр тэтгэмжийг шийдэж өгөх тухай албан тоот ирүүлсэн байна.

9. Дүгнэж хэлэхэд: С эмнэлэг нь ЭМС-ын багц байхгүй. Иймээс тодорхой тогтсон төсөв байхгүй. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан орон нутгийн өмчит эмнэлэг. Манайд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт бүх шатны Засаг дарга Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах материаллаг бааз, хүн болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах, мөн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь хэсэгт харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлыг зохион байгуулах, 11.1.8 дахь хэсэгт харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

10. Иймээс аймгийн төвөөс С эмнэлгээс тэтгэвэрт гарах эмнэлгийн мэргэжилтэн болон ажилчдад олгох тэтгэврийн тэтгэмж болох 36 сартай тэнцэх хэмжээний төгрөгийг орон нутгаас шийдэж өгөх нь зүйтэй.

 

Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Н.Б-ы тайлбар, татгалзал:

1. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх, 8.5.2-т Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах гэж заасны дагуу төсвийн холбогдох төслийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж төлөөлөгчдийн олонхын саналаар баталдаг. 

2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60 .1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.1-д “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана”, мөн 5.4-д “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллага дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

3. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай эмнэлгүүдийн аль нэг ангилалд Ө эмнэлэг орохгүй байгаа болно.

4. Иймд Ө эмнэлэг нь орон нутгийн өмчид байгууллага мөн боловч тус эмнэлгийн төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталдаггүй учир тус эмнэлгийн тэтгэвэрт гарах ажилчдын нэг удаагийн буцаалтгүй тусламж олгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2021/01021 дүгээр шийдвэрээр:

1. Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө эмнэлгээс төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж 20632680 (хорин сая зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун наян) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 261113 (хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун арван гурван) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ө эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс холбогдох хууль тогтоомж, журмыг буруу тайлбарлан хэрэглэхээс гадна шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан тул эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.

2. “Ө” эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжилт авдаггүй, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага гэж тооцогддоггүй. Тус эмнэлэг нь эрүүл мэндийн яамнаас төсөв ч авдаггүй, орон нутгаас ч ямар нэгэн төсөв авдаггүй. Манай эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын багцад хамаардаггүй учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үзүүлсэн үйлчилгээнд ногдох санхүүжилт авдаг бөгөөд энэ нь ажилчдын цалин хөлс, үйл ажиллагааны зардлаас хэтрэхгүй. Ихэнх тохиолдолд өртэй ажилладаг.

3. Анхан шатны шүүхээс манай эмнэлгийг Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу төсвийг эрх бүхий байгууллагад уламжлан батлуулаагүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй.

4. Манай эмнэлгээс аймгийн Засаг даргад жил бүл төсвийн төслийг хүргүүлэн батлуулахыг хүсдэг боловч бидний төсвийг орхигдуулж баталж өгдөггүй. Орон нутгийн төсвийн төслийг Засаг дарга боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж батлуулах ёстой атлаа орон нутгийн өмчит С эмнэлгийг ямар ч төсөвгүй үлдээдэг. Тухайлбал 2021 онд тэтгэвэрт гаргах Л.А, А.С, М.А, Х.Г, Х.Ж нар нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас холбогдох тооцоог нь гаргаж, 2022 оны аймгийн төсвийг батлахдаа нэмж батлуулахаар хандсан боловч аймгийн ИТХ-аас баталж өгөөгүй.

5. Хамтран хариуцагч болох аймгийн ИТХ болон аймгийн Засаг дарга нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас эдгээр хүмүүс хохирч байгаа. Хэрэв манай эмнэлэгт төсвийг нь суулгаж өгсөн бол тэтгэмжийг олгоход бэлэн байгаа болно.

6. Манай Ө эмнэлэг нь Орон нутгийн өмчит эмнэлэг гэж явж байгаа боловч үүнтэй холбоотой ямар нэгэн холбогдох бичиг баримтгүй, тухайн эмнэлгийн ерөнхий эмч болж ажиллаж байгаа Д.С надтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ болон менежментийн гэрээ хийгээгүй, бидний боловсруулсан төсвийн төсөөллийг баталж өгөх байтугай авч хэлэлцдэггүй. Орон нутаг болон яамнаас төрөөс нэг ч төгрөгийн төсөв өгдөггүй атлаа төрийн өмчийн эмнэлэг хэмээн дүгнэж төлбөр гаргуулан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Хариуцагч биш Д.С намайг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд “Ө” эмнэлгийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд гэдэгт К.Р гэж байгаа. Тиймээс хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү. Эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. “Ө” эмнэлэг 1999 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан, төрийн орон нутгийн өмчит байгууллага.

2. Эрүүл мэндийн яаманд С.А гомдол гаргаж байсан. Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хариу бичигт тодорхой тайлбараа бичсэн байна. “Ө” эмнэлэг орон нутгийн өмчит гэдэгт маргахгүй. Төлөөлөх эрх зүйн хувьд дарга нь Д.С мөн. К.Р тэтгэвэрт гараад 10 гаруй жил болсон. С.Н өмгөөлөгч хариуцагч Д.С биш гэж одоо тэтгэвэрт гарсан К.Р-г хариуцагчаар татуулах гэж байгааг ойлгохгүй байна. Хэрэгт дундаас орж ирээд асуудлыг зөв ярих хэрэгтэй. Улсын бүртгэлд очиж гэрчилгээг зөвтгөж авах нь Д.С-ийн үүрэг. Хариуцагч биш бол эхэндээ нэхэмжлэлээ гардаж авангуут би хариуцагч биш гээд тайлбараа гаргах ёстой байсан. Д.С “Ө” эмнэлгийг итгэмжлэлгүйгээр оролцох дарга нь мөн.

3. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д тухайн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгоно гэж заасан. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаас Засаг дарга Д.Б-д ирүүлсэн албан бичиг байна.

4.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шударга гарсан гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

                1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” эмнэлгийн  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            2. Нэхэмжлэгч Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д нь “Ө” эмнэлэг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт холбогдуулан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 20,632,680 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            3. Баян-Өлгий аймгийн “Ө” эмнэлэг нь С клиник сувилал нэртэйгээр 1997 онд байгуулагдсан, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тахир дутуу болон нэн ядуу иргэдэд үйлчлэх “Халамж” эмнэлэг болон өөрчлөгдсөн, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тушаалаар “Халамж” нэрийг “С” эмнэлэг болгон өөрчилсөн, одоо ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж ажилладаг, төрийн байгууллага мөн байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            4. Нэхэмжлэгч Л.А  нь “Ө” эмнэлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж,  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Баян-Өлгий аймгийн “Ө” эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №Б/25 дугаартай Л.А-ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар, мөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон №А02280380 дугаартай Тэтгэврийн дэвтрийн бичилтээр тус тус нотлогджээ.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.” гэж, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.3-д “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдөл гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэж тус тус хуульчилсан байх тул  нэхэмжлэгч Л.А-ийн ажил олгогч буюу түүний ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан “Ө” эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 20,632,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.  

 

            6. Хариуцагч  “(1) анхан шатны шүүхээс манай эмнэлгийг Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу төсвийн эрх бүхий байгууллагад уламжлан батлуулаагүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй, (2) “Ө” эмнэлэг нь төрийн өмчит гэх боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримт бичиг байхгүй, (3) Д.С намайг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй” гэсэн 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

            (1)Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн 8.6.1-т зааснаар “Ө” эмнэлэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг өмнөх оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлэхээр хуульчилсан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт тогтоогдохгүй байх тул гомдлын энэ үндэслэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.

            (2) Хавтаст хэргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хуудаст авагдсан баримтуудаар “Ө” эмнэлэг нь төрийн болон орон нутгийн өмчит, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэдэг нь тогтоогдож байх тул гомдлын энэ үндэслэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.

            (3) Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.4 дэх хэсгийн 16.4.18-т зааснаар “Ө” эмнэлгийн ерөнхий эмч Д.С нь тус эмнэлгийн төсвийн шууд захирагч байх тул түүнийг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

            Иймээс давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2021/01021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Өлгий-С” эмнэлгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ